Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 280

 

С.Г-т холбогдох ял дүйцүүлэн

хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, ялтны өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 743 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар магадлалтай, С.Г-т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан С.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 617А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 дахь зааснаар 22 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа Х овогт С-ын Г.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 22 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.6, 2.11 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 17  жил 6 сар хорих ял болгон тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 743 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан С.Г-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан С.Г гаргасан гомдолдоо “...2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Г-ын санаачлагаар Б.Н, Т.Ч бид дөрөв дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцсон боловч уг хэргийг үйлдэх явцад хүний амь нас хохирсон бөгөөд энэхүү хэргийг таслан зогсоохыг оролдсон хэдий ч Н.Г-ын гүтгэлгээс болж ял шийтгүүлсэн. Хуулийн мэдлэггүй болон ар гэрийн гачигдлын улмаас давж заалдах гомдол гаргаж чадаагүй болно. Миний үйлдсэн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх байтал хүнийг алах гэмт хэргээр ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Онц хүнд гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд гадагшаа оргон зайлахаар явж байхад цаг алдалгүй хуулийн байгууллагад илчилж, гэмт этгээдүүдийг баривчлах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн, бусдыг эрхшээлдээ оруулсан этгээдүүдээс 5 жил хассан атлаа уг хэрэгт оролцоогүй надаас 4 жил 4 сар 27 хоног хасаж, ялгамжтай хандсан. Иймээс хэргийн бодит байдал болон үйлдсэн хэрэгт минь тохирсон, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж ял оногдуулах өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх С.Г-т оногдуулсан хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах тухай материалыг хянан хэлэлцэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгий аргаар” гэсэн зүйлчлэлийг орхигдуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсэгт заасан “уулгалан довтлох буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжээс хассан байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, энэ шинжийг хасч хуульчилсан нь хоригдол С.Г-т хэрхэн тусах, зүйлчлэл болон ялын хэмжээнд хэрхэн ашигтай нөлөөлөх байдлыг орхигдуулсан нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх баримтлаагүй, хэт хялбарчлан шийдвэрлэсэн гэж үзнэ. Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах хорих ялыг 12-20 жил гэж тогтоосон байхад С.Г-ын ялыг дүйцүүлэхдээ 20 жилийн хорих ялаас дүйцүүлэн тооцсон нь үндэслэлгүй байна.

Шүүх С.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээтэй дүйцэхүйц буюу 22 жил оногдуулж шийдвэрлэсэн байхад тухайн үед дээд хэмжээнээс доош татаж шийдвэрлэсэн 3 жил нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ буюу 20 жилээс хасагдаж 17 жилийн хорих ялтай дүйцүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

Дээрх байдлаар тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээнээс хасч оногдуулсан 3 жилийн хорих ялыг шууд хасч тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэх үндэслэл болох тул С.Г-т өмнөх хуулиар оногдуулсан 22 жилийн хорих ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 17 жилийн хорих ялтай дүйцэж байна. Өөрөөр хэлбэл С.Г-т шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг дүйцүүлэн хасах дээд хэмжээ нь 17 жил байх бөгөөд түүний биечлэн эдэлсэн ялыг гомдол гаргах үеийн байдлаар хасч тооцвол 14 жил болж байна. Хууль хэрэглээний хувьд шүүгдэгч С.Г-ын эдлэх ялыг дүйцүүлэн хасах дээд хэмжээ нь 14 жил болж байх ба үүнээс тооцож одоо биечлэн эдлэх ялыг өмгөөлөгч тооцсоноор 10 жил 6 сар болно гэж үзэж байна. Дээрх байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч С.Г-ын биечлэн эдлэх ялыг шинээр тогтоосон хэмжээнд дүйцүүлэн 10 жил 6 сарын хугацаагаар тогтоохоор өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх С.Г-т холбогдох оногдуулсан хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн тул шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод, дээд үндсэн хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжүүлдэг болно.

Анхан шатны шүүх ялтан С.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16-д зааснаар оногдуулсан 22 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.6, 2.11-д заасан ялтай дүйцүүлэн 17  жил 6 сар хорих ял болгон тогтоож, хуулийг зөв хэрэглэжээ.

Хэдийгээр ялтан С.Г-ын үйлдсэн хэргээс 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7-д заасан “уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн шинжийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар халсан нь ялтанд оногдуулсан хорих ялын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, уг багассан хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт болон эрх зүйн дүгнэлтийг өөрчлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул ялтан С.Г, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 743 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан С.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН