Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/868

 

 

 

 

 

 

 

 

    2023           11           08                             2023/ШЦТ/868   

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Онон,      

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н  М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***  дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, хүнс үйлдвэрлэлийн технологийн мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б-н  М- /РД:*****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М-  нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Г.Л-г Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн хажууд байхад нь “Тоёота приус-20”  маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 4.012.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Л-н өгсөн: “...Анх надад тухайн машиныг зарахдаа хүний машин гэж хэлээгүй. Миний машин банк бус байгууллагад барьцаанд байгаа гэж хэлсэн. Машины урд хайрцагт хүний юм байхаар нь энэ ямар учиртай юм бэ гэж асуухад наад хүн чинь надтай тооцоотой хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтаа нэр дээр шилжүүл гэхээр 50.000, 100.000 төгрөг шилжүүл гээд нэхээд байдаг байсан... М- надад 300.000 төгрөг өгсөнийг санахгүй байна. Яллах дүгнэлтэд дурдсан 4.012.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Л-н хохирогчоор өгсөн:

“...2020 оны 8 дугаар сард эхнэр бид хоёр хямд үнэтэй машин хайж байгаа талаараа найз М хэлсэн юм. Гэтэл М надад манай ажлын нэг ах машин зарна гэсэн, жаахан хийх юмтай, хуучин машин байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн машин зарах хүн буюу М-тай уулзаж уг машиныг нь 4.300.000 төгрөгөөр авахаар болсон. М- надад уг машин банк бусд байгаа, одоо 2.400.000 төгрөг өгчих, үлдсэн мөнгийг нь сард 316.000 төгрөгөөр дөрвөн сар төлөөд чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Тухайн үед М- барилгын ажил хийдэг гэж байсан. Би тухайн өдөр нь М-ын эхнэрийн данс гэх ***  дугаарын дансанд 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөн эхнэрийнх нь данс руу есөн удаагийн гүйлгээгээр их багаар нь хамаагүй “ХААН” банк болон “ХАС” банкны цэсээр дамжуулан мөнгө шилжүүлсээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 50.000 төгрөг тооцоо дуусгав” гэх утгатай шилжүүлэн өгч нийт 4.300.000 төгрөг өгсөн. Тэгээд намайг машинаа нэр дээрээ шилжүүлмээр байна гэхэд би хөдөө ажилтай байна хот ороод нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэж байгаад дараа нь банк бусаас хүн ирээд уулзаж байна, мөнгө хэрэг гараад байна гэж хэлэх болсон. Тухайн үед нь таны машин гэсэн биз дээ гээд асуухад зүгээр ээ, асуудалгүй, минийх байлгүй яах юм бэ гэж хэлэх болсон. Тэгээд янз бүрийн шалтгаан хэлж ярьж байгаад одоог хүргэсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын дундуур намайг гэртээ байхад нэг дугаараас залгаад өөрийгөө “Тайгын булаг” ХХК-ийн хуулийн зөвлөх байна, энэ машин манайхаас барьцаагаа төлөөгүй алга болсон машин тул бид өөрийн байгууллагын өмчийг хураан авлаа гэх зүйл хэлсэн. Тухайн өдөр би машин зарсан хүн болох М-ын дугаар руу залгахад битгий өгөөрэй, ах нь хөдөө байна, 4 дэх өдөр очно гэж хэлсэн. Тэгээд би машин аваад явчихлаа гэж хэлсэн чинь би орой унаа олоод яваад очъё гэсэн боловч чимээгүй алга болсон тул би цагдаад гомдол мэдээлэл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32, 49 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ө-н гэрчээр өгсөн:

“...Би анх 2018 онд дүү Ш-н найз гэх М-тай танилцсан. Тухайн үед 13 дугаар хороолол, Натурын ойролцоо 256 дугаар цэцэрлэгт харуул хийж байсан. М- надаас ***  улсын дугаартай “Приус 20” автомашиныг хөдөө явчихаад ирье гэж гуйж авдаг байсан. Нэг өдөр М- намайг автомашинаа зарах уу гэж асуусан. Би уг автомашиныг 2017 онд Шархадны ойролцоо байх автомашины худалдааны захаас 7.200.000 төгрөгөөр хуучин автомашины ченжээс авсан. Уг машинаа авснаас хойш 1 жилийн дараа байх “Сайн ломбард”-д 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би зээлийн гэрээний дагуу сард 280.000 төгрөг төлж байсан шиг санагдаж байна. Зээлийн төлөлтөө хийсээр байгаад 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн байсан. М- намайг автомашинаа зарчих гэх үед нь банк бус дээр барьцаанд тавьсан, одоо 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, чи миний автомашиныг 4.500.000 төгрөгөөр ав, эхлээд 2.500.000 төгрөг бэлнээр өгөөд 2.000.000 төгрөгийг банк бус руу хийгээд миний автомашиныг ав гэж хэлсэн. Тэгэхэд М- надад бэлэн байгаа нь 500.000 төгрөг байна одоохондоо 500.000 төгрөгөө өгөөд үлдсэн мөнгийг нь ажил хийж дуусгаад төлнө гэж хэлэхээ нь би зөвшөөрөөд 500.000 төгрөгийг нь аваад машинаа өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш М- хэсэг алга болчихсон. Тэгэхээр нь би М-аас мөнгөө нэхсээр байгаад 2019 оны 9 сард 700.000 төгрөгийг бэлнээр авсан. М- “Сайн ломбард”-д нэг ч удаа төлөлт хийгээгүй байсан тул ломбарднаас над руу бүтэн жил залгаж төлөлт хийхийг шаардсан.

М- залгахад утсаа авахгүй, сүүлдээ утасны дугаараа сольчихсон байсан. 2021 онд байсан байх “Сайн ломбард”-аас над руу залгаад таны автомашиныг хураагаад зогсоолд тавьчихлаа, төлбөрөө төлөөд машинаа ав гэж хэлэхээр нь очиж машинаа хараад төлөлтийг нь асуухад 2.900.000 төгрөг төлж байж автомашинаа ав гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй тул зах дээр хамт ажилладаг О-с машин авах уу гэж асуухад зөвшөөрөөд нийт 4.000.000 төгрөгөөр авахаар болоод “Сайн ломбард”-д 2.900.000 төгрөг төлсөн. 1.100.000 төгрөгийг нь би бэлнээр авсан. Тэгээд автомашинаа авахдаа “Сайн ломбард”-аас нэрээ шилжүүлэхдээ Оюун-Эрдэний нэр дээр шилжүүлж өгнө үү гэх хүсэлт буюу албан бичиг аваад О-д өгсөн. Гэтэл уг өдрийн орой нь М- миний утас руу залгаад та автомашинаа аваад зарчихсан юм уу, хэрвээ зарчихсан бол би танд өгсөн 1.200.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлсэн... Би  М- руу 500.000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-57 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.У-н гэрчээр өгсөн:

“...Манай нөхөр бусдад приус маркийн тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан талаар мэдэхгүй байна. М- урьд нь өр төлбөрийн асуудалтай байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дансыг нь хаасан байсан. Тэр үед миний дансыг манай нөхөр М- ашигладаг байсан. 2022 оноос шүүхийн шийдвэрт өр төлбөрөө төлж дуусгаад данс нь нээгдээд миний дансыг ашиглахаа больсон. 2021 онд миний дансанд орж ирж байсан мөнгийг би М-ын ажлын хөлс цалин гэж ойлгож байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас,

 

М.У-н “ХААН” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 62-63, 64-135 дугаар хуудас/,

 

Г.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн “ХААН”, “ХАС” банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 140-148 дугаар хуудас/,

 

Г.Л, Б.М- нарын хоорондоо харилцсан фэйсбүүк чатын хуулбар /хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би Л гэх залууд ***  улсын дугаартэй “Приус-20” загварын автомашиныг 4.500.000 төгрөг билүү 5.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд Би Л- гэх залуугаас 2.400.000 төгрөгийг дансаар авсан. Үлдсэн мөнгө банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаанд байгаа тул зээлийн мөнгөн дүнг над руу шилжүүлээд аваарай гэж хэлсэн. Тэгээд би Л-эс эхнэр М.У-н “ХААН” банкны ***  тоот дансаар нийт 1.500.000 төгрөг шилжүүлж авсан. Уг мөнгөнөөс би 1 удаа 369.000 төгрөгийг банк бусын данс руу шилжүүлсэн. Үлдсэн бүх мөнгийг  би өөртөө зарцуулсан... Уг автомашиныг би Өсөхбаяр гэх хүнээс 4.500.000 төгрөгөөр авахаар тохирсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 216 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 214 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэргийн үйл баримт болон  цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.М- үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М- залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Үлдэгдэл хохиролыг  2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө. Хэрэв шүүх Б.М-д хорих ял оногдуулахаар бол түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

 

Хохирогч Г.Л- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...4.012.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс шүүгдэгч 100.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн. Мөн 2.512.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж тохиролцсон...” гэсэн тул шүүгдэгч Б.М-аас нийт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Л-д олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н  М-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-аас нийт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Л-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Б.М- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОДОНЧИМЭГ