Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Үйлдвэрийн районы 1-5 тоотод оршин суух, Хорхон овогт Б.Д/ /-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-36 тоотод оршин суух, Боржигон овогт Н.И/ /-т холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 153/2019/00656/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Н.И нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд Политехник коллежид оюутан байхдаа Н.Итой танилцсан. Би 2014 онд цэрэгт татагдаад 2015 халагдаж ирсэн. Бид хоёр холбоогүй байж байгаад 2016 оноос дахин ярьж эхэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.Амгаланбаатар төрсөн. Хүүхдээ төрсний дараа 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Би ажил хийх гээд Говь-Алтай аймгийн Алтайн хүдэр руу 2017 оны 5 сард яваад 2 жил гарантай ажилласан. Бид хоёр хүүхэд төрснөөс хойш хамт амьдарсан асуудал байхгүй. Тус тусдаа эцэг, эхийнхээ гэрт амьдарсан. 2019 оны 7 сард намайг ажлаа хийж байхад Н.И гэрлэлтээ цуцлуулмаар байна, би өөр хүнтэй гэрлэх гэж байгаа гэж хэлсэн. Би 2019 оны 11 сард Ховд аймагт ирсэн. Гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна....Хариуцагч өөр хүнтэй гэр бүл болсон гэрлэх гэж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа....Бид хоёр 2016-2017 онд хамт амьдарсан....2017 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарсан.... Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй....гэв.

Хариуцагч Н.И тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2013 оны 7 сарын 05-ны өдөр танилцсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад Б.Д цэргээс ирээд дахин уулзаж эхэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр би Д.Амгаланбаатар гэдэг хүүхэд төрүүлсэн. Бид хоёр 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.  Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны үеэр өөр хүнтэй болчихлоо хоёулаа гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлсэн. Б.Д 2019 оны 11 сард ирсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Би хүү Д.Амгаланбаатарыг өөрийнхөө асрамжид авна....Би өөр хүнтэй суух гэж байгаа. Би 2020 оны 6 сарын эхээр хурим найраа хийх гэж байгаа....Хааяа нэг ярьдаг байсан. Би хөдөө байсан болохоор нэг их ярьдаггүй байсан.... Хүү маань одоо 3 настай. Миний асрамжид эрүүл саруул бойжиж байгаа....Ирэх намраас цэцэрлэгт оруулна....Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй....Би өөр хүнтэй гэр бүл болох гэж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулна....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь Н.Ит холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2013 оны 7 дугаар сард танилцаж, 2017 оны  3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 8401000051 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.Амгаланбаатар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4, 5 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Н.И нар нь ажлын шаардлагаар 2017 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Н.И нь гэр бүлийн харьцаанаас гардуур амьдралтай болсон, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхэд зохигч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Амгаланбаатарыг хүүхдэд тавих эхийн халамжийг харгалзан хүүхдийг эх Н.Иын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Амгаланбаатарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Б.Дын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Даас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Н.И нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Иоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгохоор тогтлоо.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг, зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Хорхон овогт Б.Д//, Боржигон овогт Н.И/ / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Амгаланбаатарыг эх Н.Иын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Б.Дт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч Н.Ит тус тус даалгасугай.

4.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Иоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ