Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, Цагаан тэмээт овогт Г.А/ /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00279/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Г.А нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Аминий бие 1964 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 8 нас хүртлээ эцэг, эхийн гар дээр өссөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1980 онд 8 дугаар анги төгссөн.  Сургуулиа төгсөөд 1980 оны 07 дугаар сард илгээлтээр мал аж ахуйд мал дээр гарсан. 

1980 оноос Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 03-нд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн иргэн Загдаагийн Цэрэннамжилтай гэр бүл болж тус нэгдлийнхээ Бургасан багт мал маллаж амьдарсан. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль заасны дагуу 1993 оны 3 дугаар сараас эхлэн хамрагдаж, нөхөн тооцуулсан.

Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.А  нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 485 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1981-1983 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1984-1992 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн Г.Агийн хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нээсэн Г.Агийн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, гэрч Д.Намнандоржийн “....Г.А нь Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Г.А нь 1983 онд манай 2 дугаар бригадын малчин Загдаагийн Цэрэннамжилтай гэр бүл болсон юм. Ингээд Г.А нь нэгдэл тартал нэгдлийн мал маллаж байсан. Хөдөлмөр нэгдэл нь 1990 онд тараад Хөдөлмөр ХК болсон бөгөөд Г.А нь тус компанид түрээсийн мал 2 жилийн хугацаанд малласан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганхүүгийн “....Г.А нь манай эхнэр Цэвэлсүрэнгээс нэг насны эгч юм. Г.А нь манай эхнэртэй хамт Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд хамт сурч байсан юм. Г.А нь 1980 онд 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин болж, эцэг эхийнхээ хамт мал малласан. Ингээд Г.А нь намайг цэргээс халагдаж ирсний дараа 1983 онд Загдаагийн Цэрэннамжилтай гэр бүл болж, хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад шилжиж ирээд нэгдлийн тэмээ, сувай үхэр, хонь мал маллаж байсан. Г.А нь 1990 онд Хөдөлмөр нэгдэл тарах хүртэл тасралтгүй мал маллаж байгаад үргэлжүүлээд Хөдөлмөр ХК-нд 1993 оны 3 дугаар сар хүртэл малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-16, 25-36, 38-49, 57-59, 60-63, 64 дүгээр тал/

Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Ганхүү, Д.Намнандорж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагаан тэмээт овогт Г.А//-гийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ