| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00303/И |
| Дугаар | /00294 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар /00294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 3 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, Парз овогт Б.Г/ /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00303/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би 1968 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 8 нас хүртэл эцэг эхийн гар дээр өссөн. 1977 онд Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаад 1984 онд Ховд аймгийн Мөст сумын 8 дугаар анги төгссөн. Мөн 1986 онд Ховд аймгийн Мөст сумын 10 дугаар анги төгссөн. Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1986 онд илгээлтийн эзнээр гарсан.
Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл 1990 онд Туяа компани болсон бөгөөд уг компанид ээж, 2 ах, дүүгийн хамт хонь хариулдаг байсан. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу бүтэн хамрагдсан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байгаа тул намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Г нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1000 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадын 1986-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, гэрч Ч.Баянзулын “....Б.Г нь 1986 онд 10 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар томилогдож ирсэн. Ингээд ээж Баадай, ах Олзвой нарын хамтаар 1988 он хүртэл нэгдлийн мал малласан. Б.Г нь 1988 онд Донхорын Мягмартай гэр бүл болж, 1990 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад үхэрчин, саальчнаар ажилласан. 1990 оноос эхлээд нэгдэл тарсан....” гэх мэдүүлэг, гэрч Д.Лхагваагийн “....Б.Г нь 1986 онд 10 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад томилогдож ирсэн. Б.Гийн ээж Баадай нь тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Б.Г нь Мягмартай гэр бүл болсон бөгөөд хэдэн он хуримаа хийснийг би мэдэхгүй байна. Б.Г нь гэр бүл болсноос хойш Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-10, 25-27, 29-31, 32-34 дүгээр тал/
Нэхэмжлэгч Б.Г нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600002451 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Парз овогт Б.Г/ /-ийн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ