Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00414

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00414

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 К- банкны байранд байрлах, К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /2556375/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Нарангийн 16 дугаар гудамж, 19 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Таргад овогт Б-ийн Б-

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Нарангийн 16 дугаар гудамж, 19 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Залаар овогт Ц-ийн Б- нарт холбогдох үндсэн зээл 8,709,103.88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,683,907.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,045,978.76 төгрөг, нотариатын хөлс 17,000 төгрөг нийт 16,455,990.10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00248/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, хариуцагч Б.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Б.Б- нь К- банктай 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ-2015/049 дугаартай Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж 14,000,000.00 (Арван дөрвөн сая) төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатайгаар цалингийн зээл авсан. К- банк 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Б-гийн 2033006756 дугаартай харилцах данс руу 14,000,000.00 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. К- банктай 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр №БГ-2015/049 дугаартай барьцааны гэрээний үүрэгт улсын бүртгэлийн Ү-1617003619 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот , 130 м.кв талбайтай, хувийн сууц, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 8414700203 нэгж талбарын дугаартай, 1,623.1 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, №84-13763 дугаартай Барьцаалбар үйлдэгдсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлээс 5,290,896.12 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 3,879,180.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 41,366.62 төгрөг, бүгд 9,211,443.50 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь заалтыг үндэслэн К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа өгч зээл төлөхийг шаардсан боловч үр дүн гаргаагүй, зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрийг барагдуулаагүй тул дараах шаардлагыг гаргаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон болно. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 8,709,103.88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,683,907.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,045,978.76 төгрөг, нотариатын хөлс 17,000 төгрөг нийт 16,455,990.10 төгрөгийг гаргуулж, Зээлийн гэрээний №ЗГ-2015/049 дугаартай гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны №БГ2015/033тоот гэрээний барьцааны хөрөнгө болох Ц.Б-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003619 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот, 130 м.кв талбайтай, хувийн сууц; Ц.Б-ын өмчлөлийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 8414700203 нэгж талбарын дугаартай, 1,623.1 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие К- банкны Ховд салбараас 2013 онд 13,000,000 төгрөгийн зээл авсан. Сүүлд хүү Ц.Б-ын хашаа байшинг барьцаалж 1 сая төгрөгийг нэмж авсан. Зээлээр авсан мөнгөө төлсөөр байгаад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 6,526,478 төгрөг үлдсэн байсан. Миний хүү Ц.Б- нь 2015 онд осолд орж улмаар хавдрын улмаас Улаанбаатар хотод өөд болсон. Миний бие хүүгээ алдаад сэтгэл санааны хүнд хэцүү байдалд орсон төдийгүй, өвчин зовлонтой хэцүү байсан тул банкныхаа зээлийг төлж чадахгүй, хүүг нь төлж байсан. Гэтэл банк дампуурч тухайн үедээ мэдэгдэл хийгээгүй байж өнөөдрийг хүртэл хүү тооцож нэмсээр 10 сая төгрөгийн хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд банкны зээлийн үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Б-, Ц.Б- нарт холбогдуулан үндсэн зээл 8,709,103.88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,683,907.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,045,978.76 төгрөг, нотариатын хөлс 17,000 төгрөг нийт 16,455,990.10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Б- нь шүүх хуралдаанд ....Үндсэн зээлийн үлдэгдэл 8,709,103.88 төгрөг, нотариатын хөлс 17,000 төгрөг, нийт 8,726,103 төгрөгийг төлнө. банк тухайн үедээ мэдэгдэл хийгээгүй байж өнөөдрийг хүртэл хүү тооцож нэмсээр 10 сая төгрөгийн хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргав.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

К- банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, К- банк ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, К- банкан дахь Банкны эрх хүлээн авагчийг үйл ажиллагааны хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай тогтоосон, М.Адилбишийг К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 6 сарын хугацаатай томилсон болох нь болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-11 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Иймээс К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Б.Б- нь К- банкны Ховд салбараас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр № ЗГ-2015/049 дугаартай зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн зориулалтаар 14,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэйгээр, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1617003619 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот , 130 м.кв талбайтай, хувийн сууц, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 8414700203 нэгж талбарын дугаартай, 1,623.1 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалан авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр № ЗГ-2015/049 дугаартай зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ц.Б-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003619 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот, 130 м.кв талбайтай, хувийн сууц; Ц.Б-ын өмчлөлийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 8414700203 нэгж талбарын дугаартай, 1,623.1 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээнүүдийг барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан болох нь зохигчийн тайлбараар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 14,000,000 төгрөг авч 9,211,443.50 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 521,943 төгрөгийн эргэн төлөлт хийж, улмаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 18 сар 18 хоногийн хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр № ЗГ-2015/049 дугаартай зээлийн гэрээний 8.3.2-т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт /1/)-н дагуу төлөөгүй бол, 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ зэрэг нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардахаар заасан байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ.

К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх зээлийн хүү 6,683,907.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,045,978.76 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 18 сар 18 хоногийн хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад банк нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардаагүй буруутай, зээлдэгч талын эрх ашгийг илт хохироосон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх гэрээний талуудын хэн аль нь эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлээгүй байгаа байдал, хариуцлага зэрэг дээрх нөхцөл байдлыг үндэслэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2015/049 тоот Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэн Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1 дүгээр хавсралтад заасан аргачлал, Зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол-оос бодож, зээлийн хүүнд 2,853,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд дээрх аргачлал болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар ...үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн гэрээний 2.3-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тус тус заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцож 570,798,2 төгрөгийг, мөн гэрээний 6.2-т заасныг үндэслэн нотариатын зардал 17,000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Б-гаас гаргуулах нь зүйтэй байна

2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БГ-2015/049 тоот байгуулсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийг өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагджээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх ёстой.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ба үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах зөвшөөрөл олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байх тул барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь барьцааны №БГ2015/033тоот гэрээний барьцааны хөрөнгө болох Ц.Б-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003619 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот, 130 м.кв талбайтай, хувийн сууц; Ц.Б-ын өмчлөлийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 8414700203 нэгж талбарын дугаартай, 1,623.1 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг шүүх хуралдаанд хариуцагч Б.Б- маргаагүй болно.

Хариуцагч Ц.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 126/002788 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Ц.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-гаас үндсэн зээл 8,709,103.88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2,853,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 570,798,2 төгрөг, нотариатын хөлс 17,000 төгрөг нийт 12,150,893.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,305,097.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны №БГ2015/033тоот гэрээний барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-1617003619 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот, 130 м.кв талбайтай, хувийн сууц; Ц.Б-ын өмчлөлийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 8414700203 нэгж талбарын дугаартай, 1,623.1 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б-гаас 12,150,893.08 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 209,364 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасны баримтлан хариуцагч Б.Б-гаас үндсэн зээл 8,709,103.88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2,853,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 570,798,2 төгрөг, нотариатын хөлс 17,000 төгрөг нийт 12,150,893.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,305,097.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. нэхэмжлэгч К- банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, Ц.Б- нарт холбогдох үндсэн зээл 8,709,103.88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,683,907.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,045,978.76 төгрөг, нотариатын хөлс 17,000 төгрөг нийт 16,455,990.10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны №БГ2015/033тоот гэрээний барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-1617003619 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот, 130 м.кв талбайтай, хувийн сууц; Ц.Б-ын өмчлөлийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, нарангийн 16 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 8414700203 нэгж талбарын дугаартай, 1,623.1 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар хангахыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 209,364 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ