Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, Хиргис овогт Г.М/ /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00301/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Г.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1966 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид 1974 онд элсэн орж суралцаад 1982 онд 8 дугаар ангиа төгссөн. 1984 онд Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Ховд аймгийн Мянгад сумын Ахуйн үйлчилгээний  төвийн хүүхдийн хувцасны бригадад 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орж ажиллаж байгаад 3 сарын оёдолчний курст 1985 оны 11 дүгээр сард суралцаад 1986 оны эхээр төгсөж ирээд үргэлжүүлэн Мянгад сумын Ахуйн үйлчилгээний төвдөө ажилласан. 1990 онд Батбаяртай гэр бүл болоод хөдөө гарч мал малласан. Ажиллаж байх хугацаандаа бригадын ахлагч болон байгууллагын аварга болж байсан. Миний ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.М нь Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 990 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Гонгоржавын Мийн 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1896 дугаартай оёдолчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Буянхишигийн “....Г.М нь 1984 оны намар Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд анх орж, хүүхдийн хувцасны бригадад ажиллаж байсан. Г.М нь оёдолчноор ажиллаж байгаад дараа нь бригадынхаа ахлагч болсон. Ингээд Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээ 1990 онд тарах хүртэл тасралтгүй ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч О.Цэцэгжаргалын “....Г.М нь надтай хамт 1983 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Г.М нь Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад эцэг эхийн хамт амьдарч байгаад 1984 оны 10, 11 дүгээр сарын үед манай Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орсон. Г.М нь 1991 онд Ховд аймгийн Мянгад сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв тарахад байгаагүй. Г.М нь 1989 оны үед гэр бүл болоод ажпаасаа гарсан....” гэх мэдүүлэг,  гэрч Г.Мийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00534 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 9, 19-21, 22-24, 30-32 дугаар тал/

Г.М нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-1992 он, 1995-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1611000700 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 8 дугаар тал/

            Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Буянхишиг, О.Цэцэгжаргал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Г.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хиргис овогт Г.М//-ийн Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЖАРГАЛ