Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, Шагз овогт Э.М/ /-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00299/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Э.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би 1968 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн бүрэн дунд сургуулийг 1984 онд 8 дугаар анги, Манхан сумын 10 жилийн бүрэн дунд сургуулийг 1986 онд 10 дугаар ангийг тус тус төгссөн. Бүрэн дунд боловсролтой.

Сургуулиа төгсөөд Мөнххайрхан сумын Борт багт эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Н.Бүүвэйбаатартай гэр бүл болж Мөнххайрхан сумын Мөнх-Оргил компанид гэр бүлийн хамт 1994 он хүртэл мал маллаж амьдарсан.

Үүнээс хойш өдий хүртэл мал маллаж энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Н нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 290 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнхайрхан Оч нэгдлийн Борт бригадын 1986-1993 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 1976-1984 оны 8а ангийн төгсөгчдийн монтаж, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.Нт олгосон Гэрчилгээ, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Э.Нт гэрчилгээ, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, гэрч В.Гэрэлчулууны “....Манайх Э.Нын аав Эрхэмбаярынхтай Ховд аймгийн Мөнххайрхан сумын 2 дугаар бригадад хамт нутаглаж амьдардаг байсан. Э.Н нь 1968 онд Эрхэмбаярын ууган охин болж төрсөн. Э.Н нь 1986 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Э.Н нь сургуулиа төгсөөд эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад нэгдлийн мал маллаж байсан. Э.Н нь 1991 онд Норсүрэнгийн Бүүвэйбаатартай гэр бүл болж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Мөн манай Оч нэгдэл нь 1992 онд тарж Мөнх-Оргил ХК болсон ба тус компанид мөн Э.Н нь нөхрийнхөө хамт 1995 он хүртэл мал малласан....” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаартай “Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1992 оны 2 сарын 20-нд “Мөнх-Оргил” ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн ба татан буугдсан бүртгэл хийгдээгүй байна” гэх бичвэртэй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-14, 20, 22-23, 33, 34-35, 41 дүгээр тал/

Э.Н нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1609000304 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19 дүгээр тал/

            Хавтаст хэргийн 15-18 дугаар хуудсанд авагдсан иргэн В.Гэрэлчулуун, Ц.Юмжав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн 1984, 1985 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Э.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шагз овогт Э.Н/-ын Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЖАРГАЛ