Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, Хулан цувдаг овогт Б.Э  /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00278/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн 8 жилийн I дунд сургуульд 1977 онд 1 дүгээр ангид орж 1985 онд 8 дугаар анги төгссөн. Ингээд Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн орж 1988 онд төгсөөд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуваарилагдан ирж нэгдсэн 5 дугаар бригадад нормчиноор ажилласан.

Ингээд би 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Барилга угсралтын трест нь Түлхүүр хувыцаат компани болж өөрчлөгдөхөд би өөрийн хүсэлтээр хувиараа хөдөлмөр эрхлэх болсон.

Одоо өндөр ансны тэтгэвэрт гарах болоход ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Би уг нь барилга угсралтын трестэд 1994 он хүртэл ажилласан боловч ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд 1990-2000 он хамрагдсан тул шүүхээр 1989 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгоно.

Иймд намайг Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 5 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 5 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э нь Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 5 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчиноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай “ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай “Компанийн ажиллагчаас халах тухай” тушаалын хуулбар, гэрч С.Нямсүрэнгийн “....Б.Э нь Баян-Өлгий аймгийн техник мэргэжлийн сургуульд засал чимэглэлчнээр суралцаад 1988 онд төгсөж ирсэн гээд Ховд аймгийн Барилга трестийн нэгдсэн 5 дугаар бригад буюу манай аав Сандуйжавын бригадад засал чимэглэлчнээр ажиллаж байсан юм. Ингээд би дараа нь 1989 онд тус бригадад ажилд нормчиноор ажилд орсон. Б.Э нь 1994 онд цомхтголд орох хүртэл манай бригадад тасралтгүй засал чимэглэлчнээр ажилласан. Тухайн үед би Б.Эгийн дагалдангаар нь хийдэг байсан болохоор сайн мэдэж байгаа юм. Одоо ч гэсн бид хамтарч ажилладаг....” гэх мэдүүлэг, гэрч Б.Сүхбаатарын “....Намайг 1989 оны 10 дугаар сар цэргээс халагдаад ирэхэд Б.Э нь Ховд аймгийн Барилга трестийн нэгдсэн 5 дугаар бригадад засал чимэглэлчнээр ажиллаж байсан. Б.Э нь мөн л 1993 онд Ховд аймгийн Барилга трест тарах хүртэл тасралтгүй засал чимэглэлчнээр ажилласан....Бид Ховд аймгийн Барилга трестийн нэгдсэн 5 дугаар бригадад ажиллаж байсан нь үнэн. Одоогийн спортын ордон, 75-ын баарнуудыг бид барьж байсан юм. Би Б.Этэй 1989 оноос хойш хамт Ховд аймгийн Барилга трест тартал хамт ажилласан нь үнэн....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 20-21, 22-23 дугаар тал/

Б.Э нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1616000647 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12 дугаар тал/

            Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Сүхбаатар, С.Нямсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хулан цувдаг овогт Б.Э / /-ийн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 5 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЖАРГАЛ