Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2026/0189

 

 

 

 

 

 

 

  2026         03           17                                    221/МА2026/0189

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын газрын татварын улсын байцаагч П.О, Д.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын газрын татварын улсын байцаагч П.О, Д.Х нарын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн НА-24230000119 дугаартай актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0077 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч П.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0439/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын газрын татварын улсын байцаагч П.О, Д.Х нарын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн НА-24230000119 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0077 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.6.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Манай зүгээс 2 үндэслэлээр маргаж байгаа. 1 дүгээрт татварын алба болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдагдсан үйл ажиллагаа явуулаагүй буюу орлого олоогүй болохоор нэмэгдсэн өртгийн албан татвараа хасаж тайлагнасан нь өөрөө үндэслэлгүй гээд байгаатай маргаж байгаа. Яагаад гэвэл шүүхийн болон татварын албанаас хэлж байгаа орлого олоогүй байх гэдэг энэ үндэслэл нь өөрөө хуульд заасан үйл ажиллагаа явуулсан гэх тодорхойлолттой зөрж байгаагаас гадна манай зүгээс хэргийн материалд тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулсан буюу тухайн тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирсэн, түүнийг санхүүжүүлэхтэй холбоотой банкнаас зээл авсан зэрэг холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. 2 дугаарт татварын албанаас энэ нь танай дээр ямар нэгэн нэмэлт төлбөр бий болгохгүй, системээрээ энэ акт нь өөрөө ингэж 252 сая төгрөг төлсүгэй, төлөөгүй бол торгоно гэдгээр гарна гээд амаар тайлбарлаад байгаа юм. Гэтэл бидэнд ирсэн акт тавьсан баримт болон сүүлд ирсэн торгууль ногдуулах тухай албан бичиг дээр манайд тухайн төлбөрийг бичгээр бичигдчихсэн байгаа албан бичгийн дагуу давхар татвар төлөх, торгууль ногдуулж байгаа ийм эрсдэл бий болгоод байгаа учраас манайх энэ актын бичигдсэн байдал, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 3 дугаарт нөхөн ногдуулалтын акт тавьсан Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан акт тавих үндэслэлүүд бий бол болоогүй учраас энэ акт нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзээд давж заалдах гомдлыг гаргаж байгаа” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Баянзүрх дүүргийн Татварын газрын татварын улсын байцаагч П.О, Д.Х нар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24231003098 тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн НА-24230000119 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2,528,220,513.35 төгрөгийн зөрчилд 252,822,051.34 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, нийт 252,822,051.34 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар “Г” ХХК нь 2019 онд албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаа эрхлээгүй атал нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2,528,220,513.35 төгрөгийн худалдан авалт тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр акт тавьсан байна.

3.1. Дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан “Г” ХХК-ийн гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тогтоолоор маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн НА-24230000119 дугаартай нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байх бөгөөд мөн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн байх ба барилгын материалын худалдаа, худалдааны зуучлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, худалдаа, зуучлал, түрээс, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд 426,837,875.45 төгрөгийн дотоодын худалдан авалт, 2,101,383,092 төгрөгийн импортын худалдан авалттай гэж тайлагнажээ.

4.1. Улмаар 2,528,220,513.35 төгрөгийн худалдан авалтад ногдох 252,822,051.34 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах зардлаар тусгасан байна.

4.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” мөн хуулийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдах авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-т “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заасан.

4.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, тайлант хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод ногдуулсан албан татвараас уг орлогод хамааралтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг хасах тооцохоор байх боловч “Г” ХХК нь тайлант хугацаанд буюу 2019 онд татвар ногдох үйл ажиллагаа эрхлээгүй байх тул хасагдах зардалд хамаарахгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

4.4. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд бүгд дээрх хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлж, тайлант хугацаанд хамааралтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг хасч нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнаж байгаа бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК нь мөн адил хуулийн шаардлага биелүүлэх нь Татварын ерөнхий хуульд заасан зайлшгүй байх, шударга байх зарчимд нийцэх тул нэхэмжлэгчийн “... нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр худалдан авсан бараа бүтээгдэхүүн дээр дахин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нөхцөл байдал бий болгож байна” гэх тайлбар үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, татвар ногдох орлого олоогүй гэсэн үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт тавьсан нь хуулийн үндэслэлд хамаарахгүй байхад шүүхээс үүнд дүгнэлт өгөөгүй” гэжээ.

5.1. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт … үйлдэх бөгөөд …”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж тус тус заасан.

5.3. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 24231003098 тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байх ба тус компани татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүйн улмаас зөрчил гаргасанд нөхөн ногдуулалтын акт тогтоосон байх тул маргаан бүхий акт формаль шаардлагыг хангасан байна.

5.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ