Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 27

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч С.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Сугарын Нарантуяад холбогдох эрүүгийн 201615000340 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл-1 ганцаараа амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05-р сарын 07-өдрийн №66 тоот захирамжаар 380 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял авсныг Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06-р сарын 19-ний өдрийн 06-р захирамжаар Эрүүгийн хуулийн 50.3-р хэсэгт зааснаар өөрчлөн  39 хоног баривчлах ялаар шийтгэгдэж  2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Харчин овгийн Сугарын Нарантуяа. РД: ЙЛ84072315,

Шүүгдэгч С.Нарантуяа нь 2016 оны 11 дүгээр сарын 10-дын үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутагт байрлах иргэн Ш.Шаравдоржийн гэрээс 1 ширхэг алтан бөгж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Нарантуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 11 дүгээр сард найз Ш.Шаравдоржийнд дүүтэй нь хамт малыг нь маллаж байсан.  Дүү нь төв яваад 2 хоносон. Тухайн үед саахалт айл найр хийсэн. Тэнд очиж жаахан архи уусан байсан. Би урд өдөр нь утсаар ярьсан чинь эмээгийн бие тааруу байгаа гэж байсан. Тэгээд аймаг явмаар санагдаад  Ш.Шаравдоржийн авдрын цоожийг татсан чинь цоож нь онгойсон. Тэгээд авдар дотроос нь алтан бөгжийг нь аваад явж байсан чинь мотоциклийн бензин дууссан. Тэгээд замын унаанд суугаад Өвөрхангай аймагт ирж хоноод маргааш нь Э.Баяртогтох гэж хүний ломбарданд алтан бөгжийг нь 100.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд би Өвөрхангай аймгийн Сант сум явна гэж байгаад чадаагүй аймагт архи уусан” гэв.

Хохирогч Ш.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би он, cap өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр шиг л санагдаж байна. Манай хүргэн Билэгсайхан намайг Улаанбаатар хотод байхад утсаар залгаад танай малыг харж байсан С.Нарантуяа энэ аймгийн төв дээр согтуу явж байна шүү дээ. Танай малыг хэн харж байгаа юм бэ? гэхээр нь юу яриад байгаа юм бэ? наадах чинь хөдөө л байх ёстой доо гэж хэлсэн чинь Билэгсайхан яг мөн байсан надтай мэндлээд явлаа гэж хэлсэн. Тэгээд л би хотоос шууд гараад Өвөрхангайд ирээд зах дээр явж байгаад С.Нарантуяатай таараад чи чинь яадаг хүн бэ? би чамд мал хариулах хөлсийг нь өгөх гэж л байсан шүү дээ чи яагаад мал хаяаад явж байгаа юм бэ? чоно нохойд орвол яана гэсэн чинь Сантад манай эмээгийн бие муу байна гээд уйлаад би хуучин мотоциклиор чинь аймаг руу явж байсан чинь эвдэрчихээр нь хөдөө зам дээр орхичихсон шүү гэхээр нь за чи тэгвэл эмээ рүүгээ яв даа гээд би зардлын 10.000 мянган төгрөг өгөөд явуулсан. Тухайн өдөр би мал руугаа явж чадаагүй аймагт хоносон. Тэгтэл маргааш нь манай дүү Ш.Цэдэнтогтох над руу залгаад С.Нарантуяа авдрыг чинь онгойлгоод таны алтан бөгжийг аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдөр нь С.Нарантуяаг захаар хайгаад олоогүй. Тэгээд би зах дээр хайж байгаад захын ломбарданд миний бөгжийг С.Нарантуяа 100.000 мянган төгрөгөөр тавьсан байсныг мэдсэн. Би яаж мэдсэн юм бэ? гэхээр би өөрийнхөө бөгжийг харсан. Мөн С.Нарантуяа миний бөгжийг ломбарданд тавихдаа зургаа авахуулсан байсан. Тэгээд С.Нарантуяатай ээжийнх нь утсаар холбогдож чи найзынхаа бөгжийг яагаад авч байгаа юм бэ? гэсэн чинь би аваагүй гээд байхаар нь Сант сумын цагдаад бөгжөө хулгайд алдсан талаар мэдэгдсэн. ... Би бөгжөө олчихсон болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би яг, он, cap өдрийг нь сайн санахгүй байна. Хагас сайн өдөр байсан шиг санагдаж байна. Намайг ажил дээрээ байж байтал  хүрэн дээлтэй  залуу ирээд зардлын мөнгөгүй болчихлоо  нэг бөгж зарах гэсэн юм гээд цулгуй алтан бөгж гаргаад ирэхээр нь чи бичиг баримтаа гаргаад ир гэсэн чинь миний бичиг баримт байхгүй гэхээр нь би тэгвэл авахгүй гэсэн чинь ахаа би зардлын мөнгөгүй болчихоод хэцүү байна. Та ядаж 100.000 мянган төгрөгөнд авчихалдаа гэхээр нь би тухайн залуугийн зургийг нь тавьсан бөгжтэй нь хамт аваад 100.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд удаагүй байтал Сант сумын цагдаа Бээжин уг бөгж тавьсан залууг дагуулж ирээд бөгжийг надаас аваад явсан. Надад гомдол байхгүй. Харин бөгжнийхөө 100.000 мянган төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр  хуудас/,

Гэрч Ш.Цэдэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би он, сарыг, сайн санахгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үе шиг санагдаж байна. Тухайн

үед би Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Цохиот” гэх газар Ш.Шаравдорж /Шийрэв гэж
дууддаг/ ахын найз С.Нарантуяатай хамт гэр сахиж байсан. Тухайн үед би
аймаг орох яаралтай ажилтай болоод С.Нарантуяа ахыг гэр сахиж байгаарай би
аймаг явах ажилтай боллоо гэсэн чинь за гэж хэлсэн. Тухайн үед аймаг
явж чадалгүй Хайрхандулаан сумын төв дээр 2 хоноод байж байтал манай
саахалтын Мөнхөө гэх хүн над руу залгаад танай гэрийг сахиж байсан хүн байхгүй
болчихлоо. Мал чинь хариулгагүй байна гэхээр нь сумын төвөөс шууд гэртээ
давхиад иртэл С.Нарантуяа байхгүй байсан. Намайг очиход С.Нарантуяа гэрийн
гадна байсан муу мотоциклиор явж байгаад орхисон болов уу гэмээр хөдөө
хаячихсан байсан. Гэхдээ би С.Нарантуяаг гэрээс бөгж хулгайлсан гэж огт
бодоогүй. Малдаа явж ирчихээд гэртээ ортол авдрын цоожны цүү газар хэвтэхээр
нь аваад цоожинд нь хийх гэхэд сул байхаар авдрыг онгойлгоод үзтэл авдрыг ухаж
эмх замбараагүй болгосон байхаар нь дотор нь байсан эд зүйлээ бүртгээд үзтэл
ахын алтан бөгж байхгүй байсан. Тэгээд л С.Нарантуяаг аваад явчихаж гэж
мэдсэн. ...Бөгжийг С.Нарантуяа ганцаараа л хулгайлсан байх. Тухайн үед
манай гэрт ганцаараа байсан болохоор тэгж бодож байгаа юм. Тэрнээс бол
хүнтэй хамт хулгайлаагүй байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүгсэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн 11/73 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Нарантуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-36, 59-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Нарантуягийн ял шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Нарантуяаг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 30-34 дүгээр хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч С.Нарантуяа нь 2016 оны 11 дүгээр сарын 10-дын үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутагт байрлах иргэн Ш.Шаравдоржийн гэрээс 1 ширхэг алтан бөгж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Шаравдоржийн “... Тухайн өдөр би мал руугаа явж чадаагүй аймагт хоносон. Тэгтэл маргааш нь манай дүү Ш.Цэдэнтогтох над руу залгаад С.Нарантуяа авдрыг чинь онгойлгоод таны алтан бөгжийг аваад явчихсан байна гэж хэлсэн. ... Тэгээд би зах дээр хайж байгаад захын ломбарданд миний бөгжийг С.Нарантуяа 100.000 мянган төгрөгөөр тавьсан байсныг мэдсэн. ... С.Нарантуяа миний бөгжийг ломбарданд тавихдаа зургаа авхуулсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/, иргэний нэхэмжлэгч Э.Баяртогтохын “...Та ядаж 100.000 мянган төгрөгөнд авчихалдаа гэхээр нь би тухайн залуугийн зургийг нь тавьсан бөгжтэй нь хамт аваад 100.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд удаагүй байтал Сант сумын цагдаа Бээжин уг бөгж тавьсан залууг дагуулж ирээд бөгжийг надаас аваад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Ш.Цэдэнтогтохын  “...Малдаа явж ирчихээд гэртээ ортол авдрын цоожны цүү газар хэвтэхээр нь аваад цоожинд нь хийх гэхэд сул байхаар авдрыг онгойлгоод үзтэл авдрыг ухаж эмх замбараагүй болгосон байхаар нь дотор нь байсан эд зүйлээ бүртгээд үзтэл ахын алтан бөгж байхгүй байсан. Тэгээд л С.Нарантуяаг аваад явчихаж гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, Эрүүгийн хэрэг үүгсэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн 11/73 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/, Шүүгдэгч С.Нарантуяагийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч С.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.Нарантуяагийн AR 7351913 серийн дугаартай 1000  төгрөгийн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Нарантуяа нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Э.Баяртогтох нь шүүгдэгчээс 100.000  төгрөгийг нэхэмжилж байгаа ба шүүгдэгч С.Нарантуяагаас 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Баяртогтоход олгуулахыг тус тус дурьдав.

Шүүгдэгч С.Нарантуяа нь урьд нь Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05-р сарын 07-өдрийн №66 тоот захирамжаар 380 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял авсныг Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06-р сарын 19-ний өдрийн 06-р захирамжаар Эрүүгийн хуулийн 50.3-р хэсэгт зааснаар өөрчлөн  39 хоног баривчлах ялаар шийтгэгдэж  2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т хамрагдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж  ялтай байх хугацаа нь дууссан байх тул шүүгдэгч С.Нарантуяаг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Нарантуяа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овгийн Сугарын Нарантуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Харчин овгийн Сугарын Нарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч С.Нарантуяа нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч С.Нарантуяагийн AR 7351913 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Нарантуяагаас 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Баяртогтоход олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч  иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нарантуяад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР