| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00495/И |
| Дугаар | 00391 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00391
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот байрны 2-48 айлын орон сууцны 5 тоотод оршин суух, Газарч овогт Н-ын Э- -ийн хүсэлттэй,
Ховд-Эрдэм дээд сургуулийг 2001 оноос 2005 онд суралцаж нягтлан бодогч бакалавр зэрэгтэй төгссөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 153/2020/00495/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Газарч овогт Н-ын Э- миний бие нь 1976 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Миний бие нь 1994 онд Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дунд сургуулиа төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2001 онд Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Ховд-Эрдэм дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангид элсэн орж 4 жил суралцаад 2005 онд Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр төгссөн. Н.Э- миний бие нь нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшээд 2005-2016 он хүртэл Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, 2016 оноос одоог хүртэл Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газарт Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Миний бие нь 2017-2018 оны хичээлийн жилд Ховд их сургуулийн Эрх зүйн ангид элсэн орж түргэвчилсэн сургалтаар 2020 оны 06 сард улсын шалгалтуудаа амжилттай өгч, эрх зүйн мэргэжлээр Бакалаврын диплом олгох болоход Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас миний 2005 онд Ховд-Эрдэм дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн D 200511666 дугаар бүхий 0152 бүртгэлийн дугаартай дипломыг мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн үндэслэлээр Ховд их сургуулийн эрх зүйн мэргэжлийн диплом олгогдохгүй байх нөхцөл бий болоод байна. Ер нь 2005 онд болон бусад жилүүдэд Ховд-Эрдэм дээд сургууль төгсөгчдийн бүртгэл яамны Мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байгаа юм байна. Одоо Ховд-Эрдэм дээд сургууль нь татан буугдаж үйл ажиллагаа нь бүрэн зогссон учраас БСШУСЯ-ны архивт хадгалагдаж байсан тус сургуультай холбоотой бичиг баримтууд архив, албан бичиг хөтлөлтийн журамд зааснаар устгалд орсон юм байна. Мөн Ховд-Эрдэм дээд сургуулийн тамга тэмдэг нь хураагдсан байгаа юм байна.
Монгол улсын БСШУ-ны Сайдын 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаар тушаалаар Ховд-Эрдэм дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Иймд Газарч овогт Н-ын Э- /РД: ПВ 76072102/ намайг Ховд- Эрдэм дээд сургуульд 2001 оноос 2005 онд суралцаж, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э- нь 2001-2005 онд Ховд-Эрдэм дээд сургуульд суралцаж нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн D 200511666 дугаар бүхий 0152 бүртгэлийн дугаартай дипломтой төгссөн болохыг тогтоолохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ховд их сургуулийн төгсөлт 2020 оны 6 сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, ром диплом гардуулах үйл ажиллагаа болох гэж байх тул үүнээс өмнө шүүх хуралдаанаар шийдвэрлүүлмээр байна. Энэ үйл баримтыг шийдвэрлэхгүй бол Н.Э- нь цаашид төрийн албанд ажиллах боломжгүй болох гээд байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Ховд-Эрдэм дээд сургуулийг 2001 оноос 2005 онд суралцаж нягтлан бодогч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Гэрч Д.Нямлхагвын 2000 оны 5 сард Ховд аймагт Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн Ховд дахь салбар сургууль байгуулагдсан. Ховд-Эрдэм дээд сургуулийн үүсгэн байгуулагч, захирлаар 2011 он буюу Ховд-Эрдэм дээд сургууль татан буугдах хүртэл ажилласан. Н.Э- нь Ховд-Эрдэм дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид 2001 онд элсэн орж 2005 онд төгссөн. Төгсөгчдийн дипломын хуулбар болон мэдээллийг Боловсрол,соёл шинжлэх ухааны яам руу цаасан хэлбэрээр явуулдаг. Төгсөгчдийн мэдээллийн санг Боловсролын яам шивж оруулдаг. Манай сургууль оруулахгүй. Төгсөгчдийн мэдээлэл явуулж байгаад дараачийн элсэлтийн эрхийг авдаг. Мэдээлэл явуулахгүй бол элсэлт авах эрх өгдөггүй. Манай сургуулийн үйл ажиллагаа 2011 оны 8 сар хүртэл хэвийн явагдаж байсан. Н.Э- нь Ховд-Эрдэм дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид сурч төгссөн нь үнэн гэх мэдүүлэг,
2. Гэрч Х.Володяагийн Би 2001онд Ховд-Эрдэм дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэн орж 2005 онд төгссөн. Н.Э- бид хоёр Ховд-Эрдэм дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид 2001-2005 онуудад хамт сурч төгссөн. Нэг ангийн хоёр байгаа юм. 2005 онд Ховд-Эрдэм сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг 30 гаран хүүхэд төгсөж байсан. 2005 онд төгссөн бид нарын мэдээлэл нь тухайн үед боловролын яамны мэдээллийн санд ороогүй юм байлаа. Ховд-Эрдэм дээд сургуулийн захирал болохоор бид нарын мэдээллийг яам руу явуулсан гэж хэлсэн тэгсэн мөртлөө бид нарын мэдээлэл яамны мэдээллийн санд ороогүй гээд байдаг. Би 2016 онд төрийн албаны шалгалтанд ороод тэнцсэн. Тэгээд ажилд орох болоод диплом шалгахад миний мэдээлэл боловсролын яамны мэдээллийн сангаас гарч ирээгүй юм. Би мэдээллийн санд байхгүй гэсэн бичгийг боловсролын яамнаас авч байгаад ажилд орж байсан гэх мэдүүлэг, Хэргийн 12 дугаар хуудсанд байгаа ромбо, диплом гардуулах үеийн зураг дээр урд талын эгнээний баруун талаас 4 дэх нь би / зураг дээр заав/ байна. Хойд талын эгнээний баруун талаас 3 дахь хүн нь Н.Э- / зураг дээр заав/ байна...гэх мэдүүлэг,
3.Шүүх хуралдаанд гэрч Б.Гантулгын Би Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг 2001 онд төгссөн. 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Ховд-Эрдэм дээд сургуульд багшаар томилогдож ирж байсан. Ховд-Эрдэм дээд сургуульд 2004 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл үндсэн багш болон тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2004 оны 9 сарын 16-наас эхлэн Ховд аймгийн прокурорын газарт прокуророор ажилд орсон учраас Ховд-Эрдэм дээд сургуульд цагийн багшаар 2009 оныг дуустал ажилласан. Ховд-Эрдэм дээд сургууль нь хууль, эрх зүй, эдийн засаг, аялал жуулчлал гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлддэг байсан. Эдийн засаг нь дотроо банк санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг гэсэн ангиудтай байсан. Би Ховд-Эрдэм дээд сургуульд хичээл зааж байсан. Н.Э-ийг таньж байна. /х/х-ийн 13, 14 хуудас / Н.Э- нь Ховд-Эрдэм дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг төгссөн. Ховд-Эрдэм дээд сургуулийг төгссөн хүмүүсийн диплом яагаад мэдээллийн санд бүртгэгдээгүй байдгийг би мэдэхгүй. Тухайн үед миний ажил үүрэг нь тэнхимийн эрхлэгч байсан. ... Намайг ажиллаж байхад зарим багш нарын нийгмийн даатгал төлөгдөөгүй гээд маргаан гарч байсан. Миний мэдэхийн Баатарзориг гэж хүн 2001 онд Ховд-Эрдэм дээд сургуулийг хууль, эрх зүйн ангийг төгссөн юм. Тэгээд хуульчийн сонгон шалгаруулалтанд орох гэтэл бүртгэл мэдээллийн санд ороогүй байна гээд явж байсан асуудал байгаа. Энэ сургуулийг төгсөөд төрийн албанд ажлаа хийгээд явж байгаа хүн зөндөө байгаа. Тэгэхээр энэ сургуулийг төгссөн хүн болгоны диплом мэдээллийн санд ороогүй гэж үзэж болохгүй техникийн алдаа байсан юм болов уу... Э- нь Ховд-Эрдэм дээд сургуулийг төгссөн нь үнэн гэх мэдүүлэг,
4. Гэрч Б.Гантулгын: Ховд-Эрдэм дээд сургуулийг 2004 онд онц дүнтэй төгсөөд Ховд-Эрдэм дээд сургуульд зардал, санхүүгийн хичээл орж байсан. Э- нь манай доод курсийн оюутан байсан. Би Э-ийн ангид хичээл орж байсан. 2008 оноос эхлэн их дээд сургуулийн дипломуудыг мэдээллийн санд оруулж эхэлсэн юм билээ. Миний мэдэхийн эхлээд төрийн их дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломуудыг мэдээллийн санд бүртгэж эхэлсэн юм билээ. Дараа нь хувийн сургуулиудыг бүртгэж эхэлсэн гэж сонссон. Тэгэхдээ л орхигдуулсан юм болов уу гэж бодлоо. Ховд-Эрдэм дээд сургуулийг Н.Э- нь 2001-2005 онд суралцаж төгссөн нь үнэн гэх мэдүүлэг, . /хх-ийн 5-10, 26-45 дугаар тал/
5. Ховд Эрдэм дээд сургуулийн 2005 оны төгсөгчдийн төгсөлтийн фото зургууд / хх-ийн 12-15 дугаар тал/,
6. Ховд Эрдэм дээд сургуулинй D200511666 дугаартай, 0152 бүртгэлийн дугаартай бакалаврын диплом,
7. Ховд Их сургуулийн 2020 оны 06 сарын 09-ны өдрийн 1/98 тоот албан бичиг,
8. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2005 оны төгсөлтийн арга хэмжээний бичлэг бүхий си ди,
9. Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 03/571 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч нь 2001-2005 онд Ховд Эрдэм дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсөж D200511666 дугаартай диплом авсан болох нь тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 8, 39 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Газарч овогт Н-ын Э- -ийг Ховд-Эрдэм дээд сургуулийг 2001 оноос 2005 онд суралцаж нягтлан бодогч мэргэлжрээр, бакалавр зэрэгтэй төгсөж D200511666 дугаартай, 0152 бүртгэлийн дугаартай диплом авсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Э- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ