Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1312

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

  2023         10          23                                  2023/ШЦТ/1312

                                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар Ван ургийн овогт Г-ийн Мт холбогдох эрүүгийн 2306 00000 2667 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улс, 1998 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Н” ХХК-ийн техникийн ажилтан гэх, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, *********** тоотод оршин суух хаягтай, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн Баатар Ван ургийн овогт Г-ийн М /РД:*******/,

 

 Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Г.М нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу ********************* тоотод Бүгд Найрамдах Турк улсын иргэн хохирогч К А-ын өмчлөлийн Редми нөүт 12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 931,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хөдөөнөөс ирээд удаагүй байсан. Тэр өдөр мөнгөний хэрэг гарсан тул хохирогчийн хувцсыг нь ухах үедээ утсыг авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.М нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 65 тоотод Бүгд Найрамдах Турк улсын иргэн хохирогч К А-н өмчлөлийн Редми нөүт 12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 931,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-5 дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Бүгд Найрамдах Турк улсын иргэн К Аын өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 19-65 тоот байрнаас миний саяхан авсан Редми ноте 12 про плас гар утас алга болсон. Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Турк улс руу явна, энд ямар нэгэн байдлаар шүүх хуралд оролцож амжихгүй, тухайн байрлаж байсан байр гэсэн. Би гар утсаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнхөө Чимадоманд хийчихсэн байна. Чимадоны амсар нь дэлгээтэй байж байсан. Тэр өрөөний түлхүүр нэг нь ресейпшнд байдаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-23-1567 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-39 дэх тал/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Г.Мын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч өөрийн гэм бурууг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хавтас хэрэгт авагдсан аль нэг баримтын талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” бол хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд тооцохоор,

мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор тус тус хуульчилсан байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаарх тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой гэж Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолоор тайлбарласан бол

Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай тогтоолд “...Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ...” гэж тус тус тайлбарлажээ.

Тухайн гэмт хэрэг гарсан гэх Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байр, 65 тоот нь Сити Рийл Стимейт ХХК гэх нэрээр гадаадын зочдыг байрлуулахаар засаж тохижуулсан зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хэргийн материалд авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул “Зочид буудал” гэж үзэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хэргийн  оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр хэргийн үйл баримтыг дүгнэвэл: Шүүгдэгч Г.М нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 дүгээр байрны 65 тоотоос буюу үйл ажиллагаа явуулдаг орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Бүгд Найрамдах Турк улсын иргэн К Аын эзэмшлийн 931,000 төгрөгийн үнэ бүхий “Редми нөүт 10” загварын гар утсыг авч гарсан байна.

Мөн шүүгдэгч Г.Мын “...ажлын байран дээрээ байж байгаад дээшээ юм угаах гээд ресепшнээс цэвэрлэгч нарын өрөөний түлхүүр болон 65 тоот өрөөний түлхүүр авч гараад тус тоот өрөөнд байсан чимоданыг ухаад утас хулгайлсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Г.М нь өрөөний түлхүүрийг авч, засвар үйлчилгээ хийх зорилгоор өрөөнд орсон бөгөөд харин бусдын орон байрны халдашгүй дархан байдалд “...түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах...” байдлаар халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн тухайн өрөө  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “....Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах...” гэх тодорхойлолтуудын аль алинд нь хамаарахгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэж “...Хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгох бол хүн түр амьдрах зориулалттайгаар барьсан урц, майхан, түр амьдарч буй зуслангийн байр, зочид буудал,  эмчилгээ, сувилгаа, хийлгэж буй эмнэлэг, амралт сувиллын газар нь орон байранд хамаарахгүй...” гэж, 

Мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулах гэдэгт “...Эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, тээшний хэсэг, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамруулан ойлгоно...” гэж тус тус тайлбарласан байна.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл шүүгдэгч Г.М нь хэдийгээр бусдын өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ч зочид буудлын өрөө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэх тодорхойлолтод хамаарахгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хууль тогтоогч хуулийг тайлбар хийж хуульчлахдаа “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан орчин нөхцөлийн хувьд уг шинж хангагдаагүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл зочид буудал нь хүн түр амрах үндсэн зориулалттайгаас гадна шүүгдэгч Г.М нь засвар үйлчилгээ хийх зорилгоор өрөөний түлхүүрийг авч орсон. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэж өрөөнд байсан чимадоныг онгойлгон гар утсыг хулгайлахдаа буудлын өрөөнд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгох, эсхүл  багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх зэрэг аргаар өрөөнд нэвтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангагдаагүй гэж шүүх  үзлээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Мын үйлдлийг хүн байнга амьдрах эсхүл үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах зэргийн аль шинжид хамааруулж байгаа вэ гэдгээ тодорхой дурдаагүй байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Г.Мыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 65 тоот өрөөг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хууль бусаар нэвтэрсэн...” талаар дурдсан байх бөгөөд харин шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан аль шинжид нь хамаарч байгаа талаар дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Г.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.М нь хохирогчид гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 25 дахь тал/

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй.

Шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад

 

Шүүгдэгч Г.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Баатар Ван ургийн овогт Гийн Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЭЭЖИН