| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00508/И |
| Дугаар | 0413 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 0413
| 2020 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00413 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 05-01 тоотод оршин суух, Олхонод овогт Т-ийн А- -ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153/2020/00508/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Т.А- оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1964 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1973 онд нэгдүгээр ангид элсэн суралцаад Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр 10 жилийн 10 дугаар ангийг 1983 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Чандмань сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Асрагчаар ажиллаж байгаад 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт шилжин ирж 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумаас аймаг руу шилжин нэгдүгээр яслид ажилласан. 1995 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэгдүгээр ясли татан буугдаж хоёрдугаар цэцэрлэг болсон. Тухайн үед хоёрдугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл нэгдүгээр яслид ажилд орсон тушаал олдохгүй байгаа, хөдөлмөрийн дэвтэр дээр ажил орсон тухай бичилт хийгдсэн байгаа боловч цаасан хэлбэрээр тушаал нь олдохгүй байгаа учир шүүхэд хандсан. 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн нэгдүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Ц.А- нь 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн 1 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдал нь дараах бичгийн баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1.1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2.Эрүүл мэндийн төвөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн гэрчилгээ,
3.Гэрч Х.Буянзогсохын ... Би Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын харъяа 1 дүгээр яслийн тогоочоор 1977 оноос 1995 он хүртэл ажилласан. 1995 онд 2 дугаар цэцэрлэг болж өөрчлөгдсөн ба би тогоочоор 2007 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Т.А- нь 1989 оны зун манай яслид асрагчаар ажилд орж байсан. Ховд аймгийн Чандмань сумын эмнэлэгт ажиллаж байгаад манайд шилжиж ирж ажилд орж байсан. Тухайн үед 1 дүгээр ясли нь эрүүл мэндийн газрын харъяа байсан тул эмнэлэгээсээ шууд ирж ажилд орж ажилласан. 1995 онд 2 дугаар цэцэрлэг болоход Т.А- нь туслах багшаар ажиллаж байсан. Одоог хүртэл 2 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа. Т.А- нь байгуллагын аварга болж байсан. Хариуцсан анги нь удаа дараа цэвэрч анги болж байсан...гэх мэдүүлэг
4.Гэрч Г.Оюунцэцэгийн ... Би 1984 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын харъяа 3 дугаар яслид асрагч, туслах тогоочоор ажиллаж байсан. 1990 онд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын харъяа 1,3 дугаар ясли нэгдээд 1 дүгээр ясли болсон. Тэнд би асрагчаар ажиллаж байсан. 1995 онд 2 дугаар цэцэрлэг болж өөрчлөгдсөн ба би одоог хүртэл туслах багшаар ажиллаж байна. 1990 оны өвөл Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын харъяа 1,3 дугаар ясли нэгдэхэд Т.А- 1 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан юм билээ. Т.А- нь 1990 оноос 1995 он хүртэл Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын харъяа 1 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байна. Т.А- нь 2014 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдэг авч байсан. Боловсролын тэргүүний ажилтан бас болж байсан...гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.А- нь 1995 оны 1 сараас улс даяар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсонтой холбогдуулж 1995 оны 1 сараас 1995 оны 8 сарын 14 хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонод овогт Т-ийн А- -ийг 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн 1 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.А- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ