Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

2020               4               2                                              2020/ДШМ/405 

 

 

Д.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Д.Бад холбогдох эрүүгийн 1902000160046 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д.Б, 1992 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Метрополис” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид агент ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 27-13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УЗ92040550/;

Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймгийн НАХТ-т саатуулагдан шалгагдаж, шүүхээс 1 жилийн хорих ял, 2000 юанийн торгуулиар шийтгүүлж байсан,

Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Испани Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта 9 тетрагидроканнабинол”ын агууламж бүхий 10 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта 9 тетрагидроканнабинол”ын агууламжтай 20 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, “МОМА” буюу четилендиоксиметамфетамин-ны агууламж бүхий “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт 5 ширхэг бодис, ЛСД буюу LSD/LYSERGIDE/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт 3 ширхэг бодисыг тус тус олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх, хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Д.Бад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, прокуророос яллагдагч Д.Быг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Испани улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 10 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 20 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, “МОМА” буюу четилендиоксиметамфетамин-ны агууламж бүхий “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт 5 ширхэг бодис, ЛСД буюу LSD/LYSERGIDE/  гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт 3 ширхэг бодисыг тус тус олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлсэн боловч дээрх мансууруулах төрлийн бодисыг яаж олж, Монгол улсын хилээр нэвтрүүлснийг шалгаж тогтоогоогүй. Энэ нь тухайн гэмт хэрэг гарсан байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэгт бүлэглэж болон хамжигчаар оролцсон этгээд байгаа эсэхийг шалгах, мансууруулах бодисыг яаж олж авсан, хэн Монгол улс руу шуудан илгээмжээр илгээснийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Энэ ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн, гадаад улсуудтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэн хийж гүйцэтгэж, хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэж анхан шатны шүүх дүгнэв. Үүнээс гадна яллагдагчийн хувийн байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй.

Тухайлбал Д.Бын энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх дэлгэрэнгүй лавлагааг зохих журмын дагуу авч хэрэгт хавсаргаагүй, мөн яллах дүгнэлтэд түүнийг Бүгд Найрамдан Хятад Ард улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн НАХТ-т саатуулагдан шалгагдаж, шүүхээс 1 жилийн хорих ял, 2000 юанийн торгуулийн ял шийтгүүлж байсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Дээрх байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай. Энэ нь Эрүүгийн хуульд заасан яллагдагчийн гэм буруугийн хэлбэр, түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэж байна. Прокуророос яллагдагч Д.Бын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Испани улсаас, 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг нотолсон, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “дээрх мансууруулах төрлийн бодисыг яаж олж, Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг шалгаж тогтоогоогүй. Энэ нь тухайн гэмт хэрэг гарсан байдлыг хангалттай шалгаж нотолж тогтоогоогүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэгт бүлэглэж болон хамжигчаар оролцсон этгээд байгаа эсэхийг шалгах, мансууруулах бодисыг яаж олж авсан, хэн Монгол улс руу шуудан илгээмжээр илгээснийг зайлшгүй тогтоох шаардлагатай.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдал нийцээгүйн дээр хамтран оролцсон этгээд байгаа эсэхийг олж тогтоох гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Д.Б нь өөрийн нэр дээр нээлгэсэн шуудангийн хайрцгийн хаягаар /Post office-498 P.o.box-568 13381 Ulaanbaatar Mongolia/ олон улсын шуудан илгээмж ашиглан 2 удаагийн үйлдлээр Испани, Герман улсаас хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад илгээмж илгээсэн этгээдийг тогтоох боломжтой эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн явуулсан ба шуудан илгээмж явуулсан улс, хотыг тогтоохоос, илгээгч өөрөө нэр хаягаа үнэн зөв, тодорхой бичиж ирүүлээгүй тохиолдолд илгээгчийг тогтоох боломжгүй болох нь нотлогдсон.

 

Түүнчлэн яллагдагчийн хувийн байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй. Тухайлбал, Д.Бын энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдсон талаарх дэлгэрэнгүй лавлагааг зохих журмын дагуу авч хэрэгт хавсаргаагүй, мөн яллах дүгнэлтэд түүнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн НАХТ-т саатуулагдан шалгагдаж, шүүхээс 1 жилийн хорих ял, 2000 юанийн торгуулиар шийтгүүлж байсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Дээрх байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай. Энэ нь Эрүүгийн хуульд заасан яллагдагчийн гэм буруугийн хэлбэр, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд яллагдагчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор иргэний бүртгэл мэдээллийн болон ял шийтгэгдсэн эсэх лавлагааг холбогдох газраас гаргуулан, гэрчээр гэр бүлийн гишүүд болох эх, найз эмэгтэй зэрэг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулсан.

 

Түүнчлэн, хувийн байдлыг шалгах явцад яллагдагч Д.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн НАХТ-т саатуулагдан шалгагдаж, шүүхээс 1 жилийн хорих ял, 2000 юанийн торгуулиар шийтгүүлж байсан болох нь Гадаад харилцааны яамны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10/497 дугаартай албан бичгээр /1хх 97/ нотлогдсон. Гэтэл шүүхээс дээрх хувийн байдал тогтоосон нэмэлт нотлох баримт болох хэрэгт нэгэнт авагдсан, яллагдагч Д.Бын Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдсэн дээрх гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, гадаад улсад ял шийтгэгдсэн баримтыг гаргуулах шаардлагатай гэж дүгнэсэн “Шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэх” хуульд заасан хүрээ, хязгаарыг ноцтой зөрчсөний зэрэгцээ БНХАУ-д шүүхээс гэм буруутайд тооцогдсон байх, ял шийтгүүлсэн эсэх нь Д.Бын энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой зүйл биш гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсанаар гадаад улсад ял шийтгүүлсэн нь хувийн байдал болон хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм бол ямар үндэслэлээр яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт биеийн байцаалтад дурдаж бичсэн юм бэ. Энэ нь Д.Быг муугаар харагдуулах гэж байгаа юм шиг харагдаж байна. Хэрэв биеийн байцаалт хэсэгт ял шийтгэлийн асуудлыг бичих гэж байгаа бол Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймгийн шүүхээс гадаад хэргийн яамаар дамжуулан шийтгэх тогтоолыг болон түүний албан ёсны орчуулгыг авах хэрэгтэй. Үүнд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн Оросын холбооны улстай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй. Тухайн бодисууд нь Оросын холбооны улсаар дамжиж ирсэн. Мөн олон улсын хар тамхитай тэмцэх конвенц зэргээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Шинжлэн судлуулж буй нотлох баримтууд нь ямар учиртай вэ гэхээр өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьж байж гэрчүүдээс мэдүүлэг авахуулсан юм. Хэргийн материалтай танилцахад Алдуул гэх хүний хэрэг дээр авсан гэрчийн мэдүүлгүүд байгаа. Үүнтэй холбогдуулж удаа дараа прокурорт хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Хүсэлтийг хангаагүй хэрнээ хэрэг шүүхэд ирэхэд тухайн гэрчийн мэдүүлгүүд дээр засвар орсон байсан. Хэргийн материал танилцуулсны дараа тухайн мэдүүлгүүд дээр дараад Алдуул гэх хэсгийг нь дараад Буянбат гэж зассан байсан. Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаагүй. Гэтэл “тухайн бодисыг ямар үндэслэлээр Буянбатад гардуулж өгсөн бэ” гэх зэргээр Алдуул гэх хүний хэрэг дээр авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг энэхүү хэрэгт оруулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны зарчимд нийцээгүй, ноцтой зөрчил юм. Мөн яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд энэ хэрэг хаана үйлдэгдсэнийг тогтоогоогүй. Монгол улс 46 хилийн боомттой.  Эдгээрээс аль хэлийн боомтоор нь уг бодисыг оруулж ирсэн гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Үүнийг тогтоосноор шүүхийн харъяалал яригдах ёстой. Тэгэхээр прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэгийн 1.5 дахь заалтад “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэж заасан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал энэхүү хэрэгт тогтоогдож байна. 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орж энэхүү үйлдлийг гэмт хэрэгт тооцохоо больсон. Яллах дүгнэлт одоо Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдсэн. Гэтэл энэ нь гэмт хэрэгт тооцогдохоо больсон байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт нь 2020 оны 2 дугаар сарын 23-наас хойш үйлдэгдсэн үйлдэлд яригдана. Мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зөвхөн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буцаан хэрэглэх зохицуулалтад үйлчлэхгүй гэж заасан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа биш, гэмт хэрэг мөн эсэх асуудал дээр яригдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ...” гэв.

 

 Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийн талаар шалгавал зохих байдлууд бүрэн шалгагдсан. Шүүгчийн захирамжинд заасан үндэслэлээр хэргийг буцаах шаардлагагүй. Иймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гарч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шиидвэрлүүлж, цагаатгах ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэпжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгчийн захирмажинд “... Д.Бын энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх дэлгэрэнгүй лавлагааг зохих журмын дагуу авч хэрэгт хавсаргаагүй, мөн яллах дүгнэлтэд түүнийг Бүгд Найрамдан Хятад Ард улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн НАХТ-т саатуулагдан шалгагдаж, шүүхээс 1 жилийн хорих ял, 2000 юанийн торгуулийн шийтгүүлж байсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. ... гэж үзжээ.

 

Хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд / нэгдүгээр хавтас/ Гадаад харилцааны яамна

ас авсан 10/497 дугаартай албан бичгээр яллагдагч Б.Буянбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шалгагдаж шүүхээс 1 жилийн хорих ял авч, 2000 юанаар торгуулсан талаар баримт байх бөгөөд шаардлагатай бол шүүх энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах боломжтой.

 

Харин шүүх Гадаад харилцааны яамны албан бичигт байгаа “ӨМӨЗО, НАХТ” зэрэг товчилсон үгнүүдийг албан ёсоор тодруулж, шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй байдлаар тусгах шаардлагатай.

 

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд шаардлагатай оролцогчдыг оролцуулан  хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагч Д.Бын өмгөөлөгч Ц.Амарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлж буй яллагдагчаас мэдүүлэг авахдаа нэрийг өөрчлөн зассан талаарх асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулах боломжтой гэж үзэв.

 

Иймд прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Бад холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ