| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0723/З |
| Дугаар | 221/МА2026/0176 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0176
Ж.М-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.М
Хариуцагч Боловсролын зээлийн сан
Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0973 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0723/З
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэгч Ж.М нь Боловсролын зээлийн санд холбогдуулан “Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 973 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.9, 43 дугаар зүйлийн 43.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “...гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн “Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Нэхэмжлэгч нь 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээний 1.3-д заасан үүргээ зөрчиж гэрээ байгуулаагүй сургуульд буюу Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Ливерпүүл их сургуульд төгсөж ирсэн, мөн түүнчлэн гэрээнд заасан 2 жилийн хугацааг хэтрүүлж 3 жил суралцсан зэргээр гэрээний үүргээ зөрчсөн байтал анхан шатны шүүхээс зөвхөн захиалагч байгууллагаас ирүүлсэн албан тоотыг баримт болгон үндэслэсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал, шийдвэр гаргалгүйгээр сургалтын байгууллагыг дур мэдэн сольж гэрээний үүргээ зөрчсөн байгааг үнэлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
3.2 Ж.М нь гэрээний 3.4, 3.5-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс үүнийг Ж.М-ыг Б......... яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар тушаал, Э............ яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/** дүгээр тушаал, нэхэмжлэгчийн зөвхөн 2015, 2016 онд ажилласан талаарх тайлан ирүүлсэн баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр баримт нь нэхэмжлэгчийн зөвхөн төрийн байгууллагад ажилласан гэдгийг л харуулж байгаа болохоос Ж.М-ыг ажлын тайланг жил бүр ирүүлэх, үр бүтээлтэй ажиллах үүргээ биелүүлсэн гэдгийг нотлохгүй юм.
3.3 Гэрээг дүгнэж сургалтын зээлийн санхүүгийн тооцоог 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гарган танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд түүнд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийг чөлөөлөх боломжгүй буюу эргэн төлөх ёстой талаар танилцуулсан. Ж.М-т 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гарган танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй буюу гарын үсэг зураагүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гарган танилцуулсан өдрийг шаардах эрх үүссэн өдөр гэж үзэж байгаа тул Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
3.4 Б......... яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2007 оны 3/**** дугаар, 2009 оны 3/**** дугаар, яамны 2011 оны *** дугаартай албан бичгээс үзэхэд Ж.М нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр оюутан солилцооны хөтөлбөрөөр сургууль сольсон байсныг нь захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй тул захиалагч нь Ж.М-ыг АНУ-д суралцан төгссөн гэж үзсээр байсан болохыг харуулж байна. Нэхэмжлэгч нь ямар шалтгаанаар сургуулиа сольсон болох нь тодорхойгүй бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрөөр болон аливаа байдлаар анхны тушаал гарсан сургуульдаа суралцаагүй шалтгаан нь дээр дурдсан гэрээ болон журамд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд Ж.М-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.
4. Нэхэмжлэгч Ж.М хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Б.................. сайдын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар тушаалаар “...Ж.М-ыг Б......... яамны захиалгаар АНУ-ын ******* их сургуулийн магистрантурт бизнесийн удирдлагын чиглэлээр 2 жилийн хугацаагаар... 2007-2008 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах”-аар шийдвэрлэсэн.
4. Мөн сайдын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ** дүгээр тушаалын 2 дахь заалтаар “...*** дугаар тушаалын Ж.М-тай холбогдолтой хэсгийн “АНУ-ын ******* их сургуулийн” гэснийг “БНСУ-ын ****** их сургуулийн гэж” өөрчлөлт оруулсан байна.
5. Сургалтын төрийн сан, Б......... яам, Ж.М нар 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Ж.М нь БНСУ-ын ****** их сургуульд санхүүгийн мэргэжлээр 2 жил суралцах (1 жилд сургалтын төлбөр 8000 ам.доллар, тэтгэлэг 4000 ам.доллар), төгсөж ирээд Б............... яаманд 5-аас доошгүй жил ажиллах, 2007-2008 онд 12000 ам.доллар, 2008-2009 онд 12000 ам.доллар, нийт 24000 ам.долларын зээл олгох зэрэг нөхцөлүүдийг тохиролцсон байна.
6. Гэрээний үүргийн гүйцэтгэлд Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж-ийн нэр дээрх Б......... дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоот, 30 м2 бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт баталгаа болжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал, шийдвэр гаргалгүйгээр сургалтын байгууллагыг дур мэдэн сольж гэрээний үүргээ зөрчсөн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ******** их сургуульд суралцан төгсөж ирсэн, ...гэрээнд заасан 2 жилийн хугацааг хэтрүүлж 3 жил суралцсан, ...гэрээний 3.4, 3.5-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон...” гэх давж заалдах гомдол гаргасан.
8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Б......... яамны 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/**** дугаар “...Ж.М нь 2009 оны 09 дүгээр сараас эхлэн оюутан солилцооны хөтөлбөрөөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын *************** сургуульд элсэн суралцаж байгаа тул цаашид үргэлжлүүлэн суралцахад татгалзах зүйлгүй” гэх, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын зээлийн сангийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар “...Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Английн ************ их сургуульд суралцан шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан...” гэх албан бичгүүдээс үзэхэд хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгчийг сургуулиа өөрчилсөн талаар мэдсэн, Б......... яамнаас Боловсролын зээлийн санд энэ талаар мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.
9. Б......... яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Томилох, цол олгох тухай” *** дугаар тушаал, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Чөлөөлөх, шилжүүлэх, ээлжийн амралт эдлүүлэх, нэмэгдэл олгох тухай” Б/*** дугаар тушаал, Э............ яамны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/**** дугаар албан бичиг, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/** дүгээр тушаал зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Б......... яам болон Э............ яаманд нийтдээ 5 жил ажилласан байна.
10. Харин захиалагч Б......... яам нь гэрээний 3.1-д “Суралцагчийг төгсөж ирэхэд нь гэрээнд тохиролцсон ажлын байраар баталгаатай хангана” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийг тус яаманд 5 жил ажиллуулах гэрээний үүргээ биелүүлээгүй.
11. Мөн Э............ яамны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн в/*** дугаар, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн в/**** албан бичгүүдээр Ж.М нь 2013, 2014, 2015 онуудын ажлын тайланг Боловсролын зээлийн санд хүргүүлж байсан, Боловсролын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/**** дугаар албан бичгээр “...Бизнес ба удирдлага мэргэжлээр ******** дугаарын дипломтой төгссөнийг Бизнесийн удирдлага мэргэжлийн чиглэл, магистрын зэрэгтэй дүйцүүлсэн тухай мэдээлэл дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй” зэрэг үйл баримтууд тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
12. Нэхэмжлэгч Ж.М-аас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Зээл чөлөөлүүлэх тухай” хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд гаргасан бөгөөд тус яамны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10/** дүгээр албан бичгээр “...иргэн Ж.М-ын өргөдлийг судлан үзэж, холбогдох мэдээллийг ирүүлэх”-ээр Боловсролын зээлийн сангийн захирал Ж.А-д шилжүүлсэн, Боловсролын зээлийн сан “...2020 оны 12 дугаар сарын 21-нд иргэн Ж.М-т ******** тоот утсаар хариу мэдэгдсэн, ...зээлийн мэргэжилтэн О.С” гэх тэмдэглэл үйлдэн суралцагчийн хувийн хэрэгт хавсаргасан байна.
13. Энэ талаар анхан шатны шүүх “...өргөдлийг шийдвэрлээгүй Боловсролын зээлийн сангийн эс үйлдэхүйтэй маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж дүгнэн, “Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
14. Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр (огноотой) Боловсролын зээлийн санд зээл чөлөөлүүлэх хүсэлт гаргасан, уг хүсэлтийг Боловсролын зээлийн сан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан бөгөөд Ж.М-ын хүсэл зориг бол сургалтын гэрээг дүгнүүлэх, гэрээний үүрэг биелэгдсэн (зээлээс чөлөөлөх) эсэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргуулах зорилготой.
15. Гэтэл хариуцагч нь Ж.М-ын гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудад үндэслэн 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний биелэлтийг зохих журмын дагуу үнэлж, дүгнэх ажиллагаа хийгээгүй атлаа хариуцсан мэргэжилтнүүд “татгалзсан хариу”-г амаар өгсөн байх бөгөөд захиргааны байгууллагын “татгалзал” хууль бус болжээ.
16. Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Б.Г “...тухайн төрлийн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан тул хуулийн зөвлөх үйлчилгээний баг ажиллуулахаар төлөвлөж, таны өргөдлийг бүрэн шилжүүлэн шийдвэрлүүлнэ, ойрын хугацаанд яаманд шилжинэ гэж тайлбар өгсөн. 2012 оноос өмнөх гэрээтэй харилцагчдын өргөдөлд ерөнхийдөө ижил төрлийн тайлбар өгдөг байсан” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С “...2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ж.М надтай уулзаж байсан. Чөлөөлөх боломжгүй та гэрээний үүргээ зөрчсөн учир зээлээ төлөх үүрэгтэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр нэхэмжлэгчид “татгалзсан” хариуг амаар өгч, Зээлийн эргэн төлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Ц цахим системд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөдлийг хааж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
17. Түүнээс гадна Боловсролын зээлийн сан нь “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-ний биелэлтийг эцэслэн дүгнэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй мөртлөө Ж.М-ын санхүүгийн тооцоо (2025-04-10), Зээлийн эргэн төлөлтийн хуваарь (2025-04-16) гэх баримт үйлдэж, нэхэмжлэгчээс нийт 24000 ам.доллар төлөхийг шаардаж буй нь хууль бус.
18. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагааг нь дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж зааснаар захиргааны үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байхыг шаардана.
19. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ************** сургуулийг амжилттай төгсөж ирсэн, энэ талаар тухай бүр Боловсролын зээлийн санд мэдэгдэж байсан, төрийн албанд 5-аас дээш жил ажилласан байх гэрээний үүргээ зөрчөөгүй байхад захиргааны акт гаргахаас (гэрээ дүгнэх) үндэслэлгүйгээр “татгалзсан” хууль бус (аман) шийдвэр нь “хуульд үндэслэх” зарчимд нийцэхгүй байх бөгөөд энэхүү хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-г дүгнэж дуусгавар болгохыг Боловсролын зээлийн санд даалгах нь зүйтэй.
20. Харин шүүхээс “зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр гаргах”-ыг захиргааны байгууллагад шууд даалгах боломжгүй, учир нь захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс шууд оролцохгүй, хариуцагч нь гэрээний биелэлтийг дүгнэснээр зээлээс чөлөөлөх эсэх шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэн гаргах боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 973 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтэд Боловсролын зээлийн сангийн татгалзсан шийдвэр (аман) хууль бус болохыг тогтоож, “Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ”-г дүгнэж дуусгавар болгох, мөн зээлээс чөлөөлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг тус тус Боловсролын зээлийн санд даалгаж, үлдэх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА