Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0877

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0877

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар А.Өгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: А.Ө /РД:************/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: С.У /РД:********/

Гуравдагч этгээд: Н.А /РД:**********/

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, *******,******* 700 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамжийн С.У, Б.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Я.Б, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Н.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Ө, түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ: ...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Алтангэрэлийн Ө миний бие 2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Жанжин уулын өвөрт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар олгосон эрхийн хүрээнд 0,7 га газар эзэмшихээр дүүргийн газрын албанд удаа дараа хандахад Иргэдийн хурлаар газар эзэмшүүлэх нэгдсэн төлөвлөгөөг батлуулж төлөвлөгөө батлагдсаны дараа 2019 оноос нэгдсэн журмаар газар эзэмшүүлнэ тэр үед та наад газраа эзэмших талаар хүсэлтээ өгч болно гэдэг тайлбарыг удаа дараа өгч намайг төөрөгдүүлсэн байна.

Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн газрын албанаас дээрх газар нь иргэн Б.Г, С.У нарын эзэмшлийн газарт хашаа барьсан байна хашаагаа чөлөөл гэсэн утга бүхий газрын албаны дарга ******* гарын үсэг бүхий шаардах хуудас ирсэн нь иргэн миний гайхшралыг төрүүлсэн.

Ингээд миний бие Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг дарга болон орлогч дарга нарт хандаж өргөдөл гаргасан боловч энэ асуудлыг шийдсэн хариу өгөөгүй шүүхэд ханд гэдэг тайлбарыг өгсөн.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох, гэсэн атлаа яагаад хуулиар олгосон эрхээ эдэлж газраа эзэмшиж авах гэсэн иргэн миний хүсэлтийг хүлээж авахгүй удаа дараа хүсэлтийг буцааж 2019 оноос нэгдсэн байдлаар эзэмшүүлнэ гэсэн атлаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг давуу байдал олгож, Б.Г, С.У нарт эзэмшүүлсэн болох нь шударга бус, иргэдийн тэгш байх эрхийг алдагдуулсан, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, *******,*******700 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамжийн С.У, Б.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа А.Өгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаартай захирамжийн С.У, Б.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлдээ ...2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Жанжин уулын өвөрт газар эзэмшихээр дүүргийн Газрын албанд удаа дараа хандаж байсан..." гэжээ.

Нэхэмжлэгч А.Ө нь анх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн *******,*******,******* нарын хамт дүүргийн Засаг даргад хандан тус дүүргийн 21 дүгээр хороонд газар эзэмшихээр хүсэлт гаргасан ба өргөдөлдөө ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Газрын албанаас дээрх газар нь иргэн Б.Г, С.У нарын эзэмшлийн газарт хашаа барьсан байна, хашаагаа чөлөөл гэсэн утга бүхий газрын албаны дарга Д.Бат-Ундрахын гарын үсэг бүхий шаардах хуудас ирсэн... гэж бичсэн байдаг.

Иргэдээс гаргасан өргөдлийг хянаж үзээд дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/1367 дугаартай албан бичгээр ...Өргөдөл гаргасан нэр бүхий иргэд нь газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй атлаа иргэн Б.Г, С.У нарын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаж, бусдын газар эзэмших, ашиглах эрхэд халдсан тул дүүргийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүргүүлсэн тул өргөдлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна... гэсэн хариуг хүргүүлсэн

Нэхэмжлэгч А.Ө нь дүүргийн Засаг даргын хариуг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргад тухайн асуудлаар өргөдөл гаргасан байдаг бөгөөд өргөдөл, гомдлыг судалж үзээд Нийслэлийн Газрын албаны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02-04/367 дугаартай албан бичгээр өргөдлийг хариуг хүргүүлсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргаас иргэн А.Өгийн хүсэлтийг хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхболомжгүй гэсэн хариуг өгсөн ба энэ нь дээд шатны захиргааны байгууллагын албан ёсны хариу болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт ...дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг.

Дүүргийн Засаг даргын дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Газрын албаны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02-04/367 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч А.Өд өргөдлийн хариуг хүргүүлсэн ба тухайн хариуг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор буюу 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Газрын албанаас хүргүүлсэн хүсэлтийн хариуг хүлээн авсны дараа 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болон 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Б-д  хандан мөн асуудлаар өргөдөл гаргасан байдаг.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ. хэмээн заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч А.Ө нь дүүргийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Засаг дарга болон шүүхэд хандаж асуудлаа шийдүүлэх эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч А.Ө нь Нийслэлийн Засаг даргад гаргасан өргөдлийн хариуг албан бичгээр авсан атлаа дахин Нийслэлийн Засаг даргын орлогчид мөн асуудлаар удаа дараа хандсан нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0484 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Батдэлгэр, Б.Цогзол, Ш.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийн Ц.Янжмаа, С.У, Б.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх маргааны үед нэхэмжлэгч А.Ө нь хэргийн оролцогчоор татагдан оролцоогүй ба захиргааны хэргийн материалд гуравдагч этгээд Б.Г, С.У нар нь өөрсдийн эзэмшлийн газарт 2013 онд төмөр хашаа барьсан талаарх үйл баримтыг тусгасан газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд авагдсан байдаг.

Мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2012 оноос хойших өргөдөл, бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч А.Өлзиимаагаас тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу гуравдагч этгээд нарын газарт газар эзэмшихээр хүсэлт гаргаж байсан өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй ба тухайн газарт 2012 оноос хойш амьдарч байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар иргэн Б.Гд тус дүүргийн 21 дүгээр хорооны Жамсран уулын өвөр******* хаягт 700 м.кв талбай бүхий газрыг, иргэн С.Уд тус дүүргийн 21 дүгээр хорооны ******* хаягт 700 м.кв талбай бүхий газрыг тус тус иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.8 дахь хэсэгт энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Ө нь хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд С.У шүүхэд болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч А.Ө нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдаж байгаа үндэслэл нь худал болохыг нотлуулах үүднээс /хэргийн индекс ************ материалыг татуулж хуудас 69-103 хуудсыг нотлох баримтаар хавсаргаж өгнө ************ дугаартай хэргийн материалыг бүхэлд нь нотлох баримтаар татаж өгнө үү.

Уг этгээд нь бидний эзэмшдэг газарт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57.3 дэх заалтуудыг зөрчиж бусдын эд хөрөнгөнд халдсан байсан. Бид газрын албанд хүсэлт гаргаж түүний дагуу газрын алба болох Баянзүрх дүүргийн газрын албаны хороо хариуцсан байцаагч шаардах хуудас хүргүүлсэн боловч уг этгээдүүд маргаан үүсгэж Баянзүрх дүүргийн 2 дугаар хэсгийн цагдаа нарыг 2-3 удаа дуудлага өгч маргаан үүсгээд хэлтэс дээр очиж учраа олцгоо хэлтэсрүү очих гээд явах замд нь Ө гэх этгээд замаасаа зугтаагаад очихгүй алга болдог.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллага болон Газрын албаныхан болохоор та үзүүлж бичиг баримт нь танд байгаа болохоор та өөрийн эзэмшлийн газартаа санаа зовох зүйлгүй гэсэн.

Миний бие С.У нь 2016 онд биеийн байдлын улмаас өөрөө бие дааж гадуур харилцаанд орох боломжгүй хүнд хагалгаанд орж асаргаанд байсан. Одоо нярай хүүхдээ хардаг.

А.Ө гэх этгээд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр орших газрыг нийт 6 хүнд эзэмшүүлсэн байна. Үүнээс зөвхөн миний болон миний бурхан болсон эмээгийн газрыг булаан дээрэмдэх гэж байгаа нь ядарсан бие муу хэрүүл маргаан хийж явж чадахгүй дээрэмдэхэд амар гэж бодсон байна.

Бид хууль журмын дагуу холбогдох байгууллагад газар хүссэн хүсэлтээ гаргаж кадастрын зураг хийлгэж, газрын эргэлтийн цэгийг тогтоолгон газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан

Уг газарт нийт 35 сая төгрөгийн өртөгтэй хашаа болон газрын ажил хийсэн.

Нэхэмжлэгч А.Ө нь миний авах гэж байсан амьдарч байсан гээд байгаа газар дээр Удвал, Гүнсэн нар газар эзэмших эрхийн гэрчилгээ гэнэт гаргуулж авсан гэсэн байсан. Гэрчилгээ гэдэг зүйлийг нөхөж буюу үндэслэлгүй гаргадаг зүйл биш. Энэ мэтчилэн нэхэмжлэл нь үйл ойлгогдох, тодорхой үндэслэлгүй зүйл байна.

Уг этгээдийн хууль зөрчиж бусдын эд хөрөнгөнд дур мэдэж халдаж бусдын үнэт цаг хугацааг хумсалж, бусдын эрхийг зөрчиж сэтгэл санааны эд хөрөнгийг луйвардахаар санаархаж байна гэж бид үзэж байна.

Иймд уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж асуудалд бодитой хандаж бидний хууль ёсны газар эзэмшигч мөн гэдгийг баталсан шүүхийн шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. . гэжээ.

Гуравдагч этгээд Н.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Ө гэх иргэн Нийслэл дэх захиргааны хэргийн анх шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан /нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдсан өгүүлбэр нь үндэслэлгүй болох нь тодорхой байна. Учир нь иргэн А.Ө 2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 21-р хорооны Жанжин уулын өвөрт гэх газарт хэзээнээс аль хэсэгт нь газар хүсэж өргөдөл болон, хүсэлт өгөж байсан нь тодорхойгүй байна/

Төлөөлүүлэгч Н. А болон төлөөлөгч С.У нарын хууль ёсны эрх хөндөгдөж байна гэж үзэж дараах тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс гаргаж байна

Дээр дурдасан этгээдийн ямар субьектив эрх зөрчигдсөн гэдэг нь нэхэмжлэлээс харагдахгүй байна. Уг этгээд нь газрын тухай хуулийн 27.4, 57.3 дах заалтуудыг зөрчин дур мэдэн уг газарт байсан хашааг нь буулгаж хашаа барьсан. А. Ө нь 2012 оноос хойш газар хүссэн өргөдөл гаргаж байсан гэх боловч тухайн өргөдөл, хүсэлт Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн эсэх нь тодорхойгүй. Уг газар дээр 2013 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд /уг газартай холбоотой маргаан болон шүүх хурал жил гаран үргэлжилж байхад иргэн А. Ө гэх этгээд нь 2012 оноос эхлэн газар хөөцөлдөж байсан нь худал болж байна./

Иргэн С.У болон эзэмших эрх өв залгамжлагдсан Н.А нарын Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан эрхийн дагуу Баянзүрх дүүргийн 21-р хорооны Жанжин уулын өвөрт 10-3607 тоот 0,07 га газрыг миний эмээ болох Батжаргалын Гүнсэнгийн өв залгамжлагч Н.Аийн Баянзүрх дүүргийн 21-р хорооны Жанжин уулын өвөрт 10-3*** тоот 0,07 га газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа. Иймд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 608 тоот шийдвэрийг нотлох баримтаар оруулах хүсэлтэй байна.

С.Уын эрүүл мэндийн байдал шалтгаалж өөрийн эзэмшлийн газартаа амьдарч чадахгүй түүнд анхаарал хандуулах боломжгүй байх үед бидний хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газарт маань А.Ө нь хэл ам хийж булаацалдах болсон.

Бид хууль журмын дагуу холбогдох байгууллагад газар хүссэн хүсэлтээ гаргаж, кадастрын зураг хийлгэж, газрын эргэлтийн цэгийг тогтоолгож, газрын төлбөрөө төлж хууль журмын дагуу албан ёсоор эзэмшиж байгаа бидний эрхийг зөрчиж, сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулаад зогсохгүй худал түүх зохиож, бусдыг луйвардахыг санаархаж байна гэж үзэж байна. Бид уг газартаа тог цахилгаан байхгүй байх үед дуудлагаар хувиараа гагнуур хийдэг, хөлсний хүмүүсээр хашаагаа тогтоолгож шүрүүпдэх ажлын хөлс хоол унааны зардлыг тусдаа төлсөн. 2013 оны 10 сарын 02 өдөр \хашааны төмрийн бэлдэц нь зургаан сая төгрөгний өртөгтэй\ хатгасан. 2018 оны 9,10 саруудад газар шорооны болон суурь тэгшлэх нягтаршуулах болон суурийн цутгалтын ажил хийлгэж дунджаар гучин найман сая төгрөгийн хөрөнгө оруулсан.

Иймд уг асуудлыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэж, асуудалд бодиттой хандаж бидний хууль ёсны газар эзэмшигч мөн гэдгийг баталсан шүүхийн шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

А.Ө нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, *******,******* 700 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамжийн С.У, Б.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 573 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөрт С.У, Б.Г нарт тус бүр 700 м.кв хэмжээтэй газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Хэрэгт цугларсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 573 дугаар захирамжийн хувийн хэрэгт гуравдагч этгээд С.У, Б.Г нарын газар эзэмшихийг хүссэн өргөдөл, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг болон бусад баримтдууд авагдсан байна.

Дээрх С.У, Б.Г нарын газар эзэмшихийг хүссэн өргөдлүүд дээр он, сар, өдөр тэмдэглэгдээгүй байх боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийнх байх тул С.У, Б.Г нар нь газар эзэмшихийг хүссэн өргөдлөө тухайн үед гаргаж байсан гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтоос үзэхэд гуравдагч этгээдүүдийг 2011 онд өргөдөл гаргаагүй гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд, гуравдагч С.У, Б.Г нарын өргөдөл нь он, сар, өдөргүй тул тус өргөдлүүдийг 2011 онд гаргаж байсан гэж үзэхгүй, хуулийн шаардлага хангахгүй өргөдлүүд гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамж, С.У, Б.Г нарын газар эзэмшихийг хүссэн өргөдөл, хорооны Засаг даргын тодорхойлолт, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээс үзэхэд гуравдагч этгээд С.У, Б.Г нар нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт гаргаж 2011 оны 573 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон нь нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... А.Ө миний бие 2012 оноос эхлэн ... газар эзэмшихээр дүүргийн газрын албанд удаа дараа хандахад ... гэж бичсэн байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч 2011 оны 573 дугаар захирамжаас цаг хугацааны хувьд хойш газар эзэмших хүсэл зоригоо илэрхийлж байсан нь тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч А.Ө нь дүүргийн Газрын албанд хандан өргөдөл, хүсэлт гаргаж байсан болох нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар нь Баянзүрх дүүргийн тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь иргэдэд эзэмшүүлж болох газрыг дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах санал өгөх, батлах нь иргэний биш дүүргийн Засаг даргын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг тул захиргааны байгууллага хууль хэрэгжүүлээгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамжийг шүүхээс хүчингүй болгох боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийн хавсралтын 655, 660 хэсгийг буюу С.У, Б.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А.Өгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ