| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00522/И |
| Дугаар | 00426 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00426
| 2020 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00426 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, Дайргат овогт О-ын Ц- --ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00522/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ц- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Ц- нь 1969 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульд ороод 1985 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд 1985 оны 6 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадад ажилтанаар ажилласан. Миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд 1985 оны 6 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадад ажилтанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ц- нь 1977 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульд орж суралцаад 1985 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд 1985 оны 6 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадад ажилтанаар ажилласан. О.Ц-ын ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа түүнийг 1985 оны 6 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадад ажилтанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь О.Ц- нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадад ажилтанаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 1993 дугаартай албан бчигээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр, Овоот бригадын 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар / х/х-ийн 5-9/
2.1987 оны гэрэл зураг / х/х-ийн 10/
3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар / х/х-ийн 11/
3.Гэрч З.Пүрэвсүрэн:... Би 1983 оны 6 сард Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг төгсөөд санхүү эдийн засгийн техниккумд элсэн орж суралцаад 1985 оны 7 сард төгссөн сургуулиа төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд тооцооны нягтлангаар нэгдэл тартал ажилласан. О.Ц- нь Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд сургуулиас гараад Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтанаар ажиллаж байсан. Янз бүрийн ажил хйиж байсан. О.Ц-ын эцгийнх нь нэрийг Тангадын О- гэдэг байсан, ээжийнх нь нэрийг Жадамбын Сүрэн гэдэг. О.Ц- нь ах дүү зургуулаа. Айлын 3 дахь хүүхэд дээрээ 2 ахтай байсан. О.Ц-ын аав нь нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан. Ээж нь сургуулийн үйлчлэгч хийж байсан. .. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Нэхэмжлэгч О.Ц- нь 1985 оны 6 сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Ц- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дайргат овогт О-ын Ц- --ыг 1986 оны 01 дүгэр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадад ажилтанаар ажиллаж байсан байдал байдлыг тогтоож, 1985 оны 6 сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч О.Ц- улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ