| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00527/И |
| Дугаар | 00427 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00427
| 2020 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00427 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, Баянхайрхан овогт Д-ийн Б- --ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00527/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь 1968 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. 52 настай. Ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1977 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаад 1985 оны 6 сарын 25-нд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлйин үйлдвэр бригадад туслах ажилтанаар ажиллаж байгаад 1989 оны 01 дүгээр сарын 01-нд нөхөр А.Бямбадоржтой гэр бүл болсон. Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй холбогдох баримт олдохгүй байгаа тул 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Д.Б- нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2019 оны 01 сарын 13-ны өдрийн 65 дугаартай албан бчигээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэр бригадын 1985-1989 оны 70 дугаар дансны хуулбар / х/х-ийн 4-9/
2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар / х/х-ийн 10/
3.Гэрч Д.Ганболд:... Би 1981 оноос нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтан, ачигч, тракторын жолооч зэрэг ажлыг хийж байлаа. Д.Б- 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтан хийж байсан. Надтай хамт ажиллаж байсан юм. Б-ын аавых нь нэрийг Дагдмаа гэдэг. Ээжийнх нь нэрийг Цэндхүү гэдэг байсан. 1989 онд нөхөр болох Бямбадоржтой хуримаа хийж байсан. Нөхөр нь нэгдлийн малчин байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
4.Гэрч Д.Нүрзээ:... Би 1979 оноос 1981 он хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн эдийн засагчаар, 19841-1989 он хүртэл нэгдлийн боловсон хүчин зэрэг ажлыг хийж байлаа. Д.Б- Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтанаар орж байсан. Тухайн үед би сургууль төгссөн хүүхдүүдийг үйлдвэр бригадад хувиарлаж байсны хувьд мэдэж байна. Б-ын аавых нь нэрийг Дагдмаа гэдэг. Ээжийнх нь нэрийг Цэндхүү гэдэг байсан. Нөхрийнх нь нэрийг Бямбадорж гэдэг. Д.Б- нь 1985 оны 6 сараас 1989 оны 12 дугар сарыг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтанаар ажиллаж байсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баянхайрхан овогт Д-ийн Б- --ыг 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ