Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00428

 

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00428

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, Батынхан овогт Д-ийн Б- --ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00493/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1968 оны 5 сарын 15-ны өдөр төрсөн, 52 настай. Миний бие 1976 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн орсон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас гарсан. Сургуулиасаа гараад эцэг, эхийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг Д-ийнхээ хамтаар малчнаар ажилласан. Эцэг Дэчээ нь нэгдплийн тэмээчин хүн байсан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Д.Б- нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 267 дугаартай албан бчигээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар / х/х-ийн 6-10/

2.1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр/ х/х-ийн 13-24/

3.Гэрч Д.Гарий:... Би цэргийн алба хааж ирснээсээ хойш Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад бригадын даргаар нэгдэл тартал ажилласан. Одоо би 82 настай хүн . Залуу хүн шиг он, сар, өдрийг тодорхой хэлж чадахгүй байна. Б- нь манай нэгдлийн тэмээчин Д-ийн охин байгаа юм. Б- нь сургуульд сураагүй. Сурсан ч 1 юмуу 2 дугаар ангиасаа гарсан санагдаж байна. Их ноомой тиймэрхүү хүүхэд байсан. Бараг багаасаа л эцэг, эхийн хамт нэгдлийн мал малласан хүүхэд байгаа юм. .. гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Нэхэмжлэгч Д.Б- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болно.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Батынхан овогт Д-ийн Б- --ийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58  дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-  улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Х.ОТГОНЖАРГАЛ