Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00429

 

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00429

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                   

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, Тавинаахан овогт Д-ийн М- -ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00493/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.М- оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М- миний бие нь 1965 онд төрсөн. 1980 онд Ховд аймгийн Манхан сумын найман жилийн сургуулийн долдугаар ангийг төгсөөд миний төрсөн ах Д.Галтбаатар нь цэргийн албанд татагдсан тул эцэг, эхийнхээ хамт мал маллахаар сургуулиасаа гараад, эцэг, эхдээ туслан мал маллаж байгаад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, Ардын армийн 137 дугаар ангид цэргийн алба хаагаад, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаад, мөн оныхоо 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд тус нэгдэлдээ мөн малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл тарж Баясгалант амьдрал ХК болоход мөн мал маллан амьдарч байсан. Миний бие нь одоо хүртэл Ховд аймгийн Манхан суманд мал маллан амьдарч байна.

Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан ба хүсэлтийнхээ шаардлагыг 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо.

Учир нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.3-д даатгуулагч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор малчнаар ажиллаж байсан байдлыг тодорхойлно гэж заасны дагуу 1991-1994 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлыг багийн Засаг дарга тогтоох ба 1990 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох эрх байхгүй учраас шүүхээр 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч зарим онд ажиллаж байсан талаар нотолсон баримт дутуу, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд Д.М- намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Д.М-ыг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах нотлох баримтанд үндэслэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1270 дугаартай албан бчигээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын 1981-1984, 1987-1989 онуудын 70 дугаар дансын хуулбар / х/х-ийн 6-13/

2.1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр авсан Баярын бичиг / х/х-ийн 19/

3.1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр/ х/х-ийн 32-33/

4.1982 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон №259752 дугаартай МХЗЭ-ийн бат илэрхийлэх / х/х-ийн 34-40/

5.Гэрч Х.Эрдэнэ:... Д.М- нь Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд эцгийнхээ туслах малчнаар ажиллаж байсан. Цэргээс ирээд нэгдэлдээ 1990 оныг дуустал малчнаар ажилласан нь үнэн. Тухайн үед 16 нас хүрээд нэгдэлд гишүүнээр элсүүлдэг байсан. / х/х-ийн 51-52/

Гэрч: Б.Наранцогт:...Д.М- нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд эцгийнхээ туслах малчнаар ажиллаж байсан. Намайг 1983 онд цэргийн адбанд татагдахад Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг цэргээс халагдаж ирэхэд цэрэгт явсан байсан ба 1 жилйин дараа цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Одоо хүртэл мал маллаж амьдарч байна ... гэх мэдүүлэг / х/х-ийн 54-55/

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тавинаахан овогт Д-ийн М- -г Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Х.ОТГОНЖАРГАЛ