| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00511/И |
| Дугаар | 00432 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 00432
| 2020 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2020/00432 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, Буурлынхан овогт Э-ийн С- --ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-25 тоотод оршин суух, Сартуул овогт Н-ын С- --д холбогдох 2,181,000 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00511/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.С- миний бие нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкнаас 3,000,000 төгрөгийн малчны зээлийг 1,8 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатайгаар мал худалдаж авах зорилготой авсан. 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б.С-тай тааралдаад 30 ширхэг төрдөг эм ямааг худалдаж авахаар тохиролцоод 1,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Б.С-тай итгэлцлийн үүднээс ямар нэгэн нотариатын гэрээ байгуулаагүй бөгөөд аман гэрээ байгуулж тохиролцон мөнгийг бэлнээр өгсөн учраас түүнийг нотолсон бичгийн нотлох баримт байхгүй. Харин мөнгийг хүлээлгэж өгч байхад иргэн Х.Чулуунбаатар, Д.Оюунцэцэг нар хамт байсан. Иймээс Н.С-аас банкинд төлөх хүү 381,000 төгрөг, үндсэн мөнгө 1,800,000 төгрөг, нийт 2,181,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.С- нь Э.С-аас 2019 оны 08 сарын 03-ны өдөр 1,800,000 төгрөг авсан нь үнэн. Хүү нь нэмэгдэж 2,181,000 төгрөгийг Э.С-т өгнө. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.С- нь Н.С-т холбогдуулан 2,181,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.С- нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,181,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Э.С-ын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,846 төгрөгийн тал хувь болох 24,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 24,923 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.С-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,923 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С-т олгохоор тогтов.
Хариуцагч Н.С- нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.С-ын нэхэмжлэлтэй, Н.С-т холбогдох 2,181,000 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцачг нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,846 төгрөгийн тал хувь болох 24,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 24,923 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.С-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,923 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.С- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ