Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00436

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2020/00436

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Ховд сумын Цагаан-Эрэг багт оршин суух, Най- овогт А-ийн А- --ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00529/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч А.А- оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -ай аав, ээж малчин хүмүүс би сургуульд сурч байгаад 2 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Сургуулиас гараад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилласан бөгөөд одооч гэсэн мал маллан амьдарч байна ...гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  А.А- нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 229 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр бригадын 1986-1990 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 4-9 дүгээр тал/,

2.Монгол улсын батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1422 тоот албан бичиг /хх-ийн 12 дугаар тал/

3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар / хх-ийн 13 дугаар тал /

4.Цэргийн алба хаах хугацаанд авсан мэргэжлийн №112/87 дугаартай үнэмлэхний хуулбар /хх-ийн 19/

5. Гэрч М.Хүрэлбаатар:... Би 1970 онд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд гишүүнээр элсэж малчин болж байсан. 1973 онд цэрэгт яваад 1976 онд ирсэн. Цэргээс ирээд тус сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бриагдад малчнаар 1990 он хүртэл ажилласан. А.А- нь -ай сумын хүн байгаа юм. А-ы аав нь малчин хүн байсан. А.А-тай 1986 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. А.А- 1986 оны хавар цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажилласан. 1990 оныг дуустал малчин байсан хүн. А- нь одоо ч гэсэн малчин хүн. А.А-ы аавынх нь нэрийг Ахмад гэдэг. Ээжийнх нь нэрийг мэдэхгүй. Ахмадынх 1984 онд Баян-Өлгий аймгаас шилжиж ирж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

5. Гэрч А.Авлай:... Би 1978 онд нэгдэлд малчнаар орж ажиллаж байгаад 1982-1985 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бргадад малчнаар нэгдэл тартал ажилласан. А.А- нь 1986 оны хавар цэргээс ирж байсан. Цэргээс ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. А.А- нь 2017 онд Сумын аварга малчин болж байсан. А.А-ы аавынх нь нэрийг Ахмад гэдэг. Ээжийнх нь нэрийг Даметхаан гэдэг. А-ы эцэг, эх нь малчин хүмүүс байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Най- овогт А-ийн А- /ПВ65050417/-ыг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.А-ы нь  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Х.ОТГОНЖАРГАЛ