Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 406

 

2020.4.2                                                     ДУГААР-                                    төсөл 

 

 

П.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ш.Хосбаяр,

хохирогч Т.Түвшинжаргал,

хохирогч Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Баднайсүрэн,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 946 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, хохирогч Д.Мөнхбат, Т.Түвшинжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч П.Ат холбогдох эрүүгийн 201725021414 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Улаан жамсран овгийн П.А, 1975 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 51а байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧЛ75042974/;

 

П.А нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын хувьсгалт намын төв байрны үүдэнд хохирогч Т.Түвшинжаргалыг бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёота Хайландер маркийн 05-99 УБИ улсын дугаартай автомашиныг хуурч  шилжүүлэн залилж 30.000.000 төгрөгийн,

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Аса” циркийн автомашины дулаан зогсоол дээр иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Лексус Жи Эс-450 Эйч маркийн 36-31 УНО улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж, хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн залилж 23.000.000 төгрөгийн, нийт 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилж 53.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  П.Ааас 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхбатад олгож, нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг  2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруутай гэдгээ ухамсарлан ойлгож байгаа. Би настай эх, 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг хүн юм. Миний ар гэрийн байдал болон хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Г.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.Түвшинжаргалын хохирлыг бүрэн хэмжээгээр барагдуулсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баянсэлэнгэ /1хх 34, 218/, хохирогч Т.Түвшинжаргал нарын /2хх 73/ мэдүүлгүүдээр тогтоогдсон. Хохирогч Д.Мөнхбатын өмчлөлийн Lexux GS450 маркийн автомашины үнэлгээг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 23.000.000 төгрөгөөр /1хх 46/, машиныг буцаан өгөх үеийн үнэлгээг /2018 оны 11 дүгээр сард/ 17.000.000 төгрөгөөр /1хх 46/ тус тус үнэлж, шүүх зөрүү болон бусад хохиролд 7.000.000 төгрөгийг П.Ааас гаргуулан Д.Мөнхбатад олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан. П.А нь өндөр настай эх, 2 хүүхдийн хамт амьдардаг, ганц бие эцэг болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогддог. П.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “...“Иргэний хуулийн 497 дугаар зуйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Ааас 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхбатад олгож, нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй” болгосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг зөрчиж, талуудын хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан гэрээгээр тохиролцож, нотариатоор гэрчлүүлсэн гэрээний нөхцөлд үндэслэлгүйгээр халдаж шийдвэр гаргасан. Учир нь, машины үнэлгээг талууд зах зээлийн ханшаар харилцан тохиролцож, машин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч М.Алтанцэцэгээр баталгаажуулсан. Ийнхүү нотариатчийн хөндлөнгийн байр сууринаас баталгаажуулсан гэрээнд халдаж, гэрээний эрх чөлөөт байдлын хүрээнд харилцан тохиролцож тогтоогдсон байсан машины үнэлгээг 10.000.000 төгрөгөөр бууруулж хохирогч намайг гэмт хэргийн улмаас хохирсон дээр минь дахин нэмж хохироолоо. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн зорилго нь “гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд нь сэргээнэ” гэж заасан байдаг боловч 2016 оноос хойш шинэ машинаа бусдад залилуулж хохирсон атлаа дахин зах зээлийн ханшнаас, гэрээгээр тохиролцсоноос багаар тогтоолгосон нь гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээгдэх нь биш улам ч дахин хохирсон нөхцөлд орлоо. Шүүгдэгч нь анхнаасаа намайг залилан мэхлээгүй байсан тохиолдолд миний бие машинаа тухайн үеийн зах зээлийн ханшаар тохиролцож, өөр бусад этгээдэд хангалттай худалдан борлуулах боломж байсан. Анх худалдах үеийн шинэ машины үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшинд тулгуурлан талууд тохиролцож, нотариатчаар баталгаажуулсан байгаа нөхцөл байдал нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдох шаардлагагүй нөхцөл байдал байсан бөгөөд хохирлын асуудал дээр оролцогчдын маргаантай байдлыг харгалзан “тухайн хохирлын асуудлыг иргэний журмаар жич  нэхэмжлэх эрхийг нь үлдээж болох тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Т.Түвшинжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг шалгагдах хугацаанд Д.Ангараг нь нийт хохирлоос 8.000.000 төгрөгийг дансаар, хэрэг шүүхэд шилжих үед гомдолгүй гээд бичээд өгөөч, хохирлыг төлнө гэж дахин дахин хуурч, зөвхөн өөрийнхөө эрх ашгийн үүднээс бичүүлж авсан болохыг мэдсэн. П.Ат холбогдох хэрэг шүүхийн хэлэлцүүлгээр орох үед миний хохирлын асуудал шийдэгдээгүй үлдсэн тул гомдолтой байна. Найз нөхөд байсан хүн хохирлыг нь төлнө гэж гуйж бичүүлж авчихаад эцэст нь машинаа бэлэглэсэн мэтээр хэлээд сууж байгаад үнэхээр харамсалтай байна. Бидний хувьд хүнд зүгээр машин бэлэглэх эдийн засгийн боломжтой улс биш. Өнөөдрийг хүртэл хохирлыг төлчих болов уу гэж итгэж найдаж хүлээсэн. Биднийг эхнээс нь хуурч мэхлэн найз нөхөд гэдгээр асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх гэж арга заль хэрэглэж байсан энэ хүний дээрх үйлдлийг шүүх хянан хэлэлцэж, бидний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Хэргийн мөн чанар нь бусдыг залилан эд хөрөнгийг нь авчихаад, хэдхэн төгрөг өгч хуурч мэхлэн, гомдол саналгүй гэж бичүүлэн хэргээс мултрах гэсэн явуургүй залилангийн шинжтэй арга хэрэглэж байна. Бид 45.000.000 төгрөгөөр худалдан авсан машинаа П.Ат залилуулж түүнээс 8.000.000 төгрөг л авч, эцэст нь хохирон, найз нөхдийн итгэл эвдэн, хуурч мэхэлсэн хүн ял завших нөхцөл үүсэж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Баднайсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хохирогч Д.Мөнхбатын давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хохирогч Д.Мөнхбат нь шийтгэх тогтоолын 5 дахь заалт иргэний нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс залилах гэмт хэргийн хохирлын хэмжээг тооцохдоо 23.000.000 төгрөгөөр тооцож, 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг шийтгэх тогтоолын 8 дахь талд “хохирлыг 23.000.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна” гэж дүгнэлт хийсэн. Гэхдээ яагаад үндэслэлтэй байна гэдэг дээр тайлбар хийгээгүй. Харин хохирогч давж заалдах гомдол гаргахдаа “шүүх хохирогч болон шүүгдэгчийн хоорондын тохиролцоог харгалзаж үзэх ёстой байсан” гэж үзсэн. Учир нь, тухайн үедээ уг машиныг 2 талын хүсэл зориг нэгдэж, зах зээлийн ханшаар буюу 33.000.000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Мөн хохирогчийн хэлж байгаагаар “би тухайн үед 33.000.000 төгрөгөөр зарагдаж байсан машиныг П.Ат шилжүүлсэн” гэдэг. Анхан шатны шүүх хуралдаанд мөн “би өөр 2 хүнд энэ машиныг 33.000.000 төгрөгөөр зарах боломжтой байсан шүү дээ” гэж хэлдэг. Иймээс хохирогч, шүүгдэгч нарын зах зээлийн ханшаар тохиролцсон тохиролцоог баримталж залилах гэмт хэргийн хохирлын хэмжээг тооцох ёстой байсан. Гэрээ хийгээд, нотариатаар баталгаажуулчихсан дахин нотлох шаардлагагүй байхад анхан шатны шүүх хохирогчийг дахин хохироож байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан. Энэ нь “гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээнэ” гэсэн заалт. Өнөөдрийн байдлаар энэ заалт биелэгдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа, шүүхийн шатанд 1 удаа үнэлгээ хийгдэж, нийт 3 удаагийн үнэлгээ хийгдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос “хохирогч Д.Мөнхбатад тээврийн хэрэгслийг биет байдлаар нь буцаан олгосон тул төлөх төлбөргүй. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээе” гэж санал гаргасан. Харин өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо эдэлгээ болон шүүгдэгчид машиныг шилжүүлсэн байх хугацааны ханшийн зөрүү, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг шүүхээс тогтоохоор заасан. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо 23.000.000 төгрөгөөр тогтоосон. Мөн 2018 онд машиныг буцааж өгөх үеийн ханшийг хасаж, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг  хохирогч Д.Мөнхбатад олгохоор шийдвэрлэсэн. Харин шийтгэх тогтоолд 7.000.000 төгрөг гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа байна. Хохирогч Д.Мөнхбат нь 4.000.000 төгрөг болон 3.000.000 төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнд төлөх төлбөргүй. Харин хор уршиг болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Хохирогч Т.Түвшинжаргалын хувьд, энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдож 8.000.000 төгрөг хүлээж авсан. Үлдсэн 22.000.000 төгрөгийг нэхэмжлэнэ гэж байгаа тул мөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 22.000.000 сая төгрөгийг нь гаргуулах саналтай байна. Харин шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокуророос шүүгдэгч П.Аийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Аса” циркийн автомашины дулаан зогсоол дээр иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Лексүс Жи Эс-450 Эйч маркийн 36-31 УНО улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж, хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн залилж Д.Мөнхбатад 23.000.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, шүүдэгч П.А, хохирогч Д.Мөнхбат нар нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1 хх 99/” байгуулж, уг гэрээний үндсэн дээр хохирогч Д.Мөнхбатын өмчлөлийн Лексүс Жи Эс-450 Эйч маркийн 36-31 УНО улсын дугаартай автомашиныг худалдан авсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Мөнхбатын “...Манай найз Батсайхан урагшаа адуу гаргах болоод мэргэжлийн хяналтын газраар бичиг баримт бүрдүүлж байсан. Тэр бичиг баримтан дээр нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга П.А гарын үсэг зурдаг юм байна лээ. Тэгээд найз гуйгаад байхаар нь П.Атай уулзсан чинь “Би Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга хийдэг юм. Автомашин авч унах гэсэн юм. 1 сарын хугацаанд мөнгийг нь өгнө” гээд тухайн үед миний 33.000.000 төгрөгөөр зарж байсан Лексус Жи Эс-450 маркийн автомашиныг гэрээ байгуулаад зээлээр авсан. П.А нь тухайн үед “1 сарын дараа мөнгө бүтвэл мөнгийг чинь өгнө. Бүтэхгүй бол барилгын материал арматур төмөр өгнө” гээд миний машиныг аваад явсан. Одоог хүртэл мөнгийг өгөөгүй байгаа. Хэрэг анх шүүхэд ирэхийн өмнө миний машиныг надад авчирч өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” / 2хх 120-103/ гэх,

гэрч Б.Батсайханы “...Оргил бид хоёрын хөөцөлдөж байсан ажил мэргэжлийн хяналтын дэд дарга П.Ааар гарын үсэг зуруулаад бүтсэн юм. Тэгтэл П.А нь “зээлээр аваад уначих автомашин байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь Оргил бид хоёр манай найз Д.Мөнхбат машин зардаг юм. Би ч гэсэн зээлээр машин авчихсан байгаа. Уулзуулаад өгье. Та хоёр ярьж тохиролцоод зээлээр аваад дараа нь мөнгийг нь өгчихгүй юу гээд П.Аийг Д.Мөнхбаттай уулзуулсан. П.А, Д.Мөнхбат хоёр ярьж тохиролцоод Лексус маркийн суудлын автомашин авахаар болж, гэрээ байгуулаад машин авсан юм. Тэгсэн П.А нь одоог болтол Д.Мөнхбатад мөнгийг нь өгөөгүй байгаа юм шиг байна. ...”/2хх 161/ гэх,

шүүгдэгч П.Аийн яллагдагчаар өгсөн “...2016 оны 5, 6 дугаар сарын үед би Мөнхбат гэх хүнээс суудлын 36-31 УНО улсын дугаартай Лексус Жи Эс-450 эйч маркийн автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж авсан. Тэгээд ямар ч байсан хугацаанд нь 33.000.000 төгрөгийг өгч чадаагүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан учир Тамираа гэх нэртэй залууд 19.000. 000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /1хх 108/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх  бөгөөд П.Аийн Д.Мөнхбатаас машин авсан үйлдэл нь  гэрээний дагуу шилжигдсэн Иргэний эрх зүйн харилцаагаар шийдвэрлэгдэх хэрэг байжээ.

Д.Мөнхбатын хувьд машиныг худалдсан үнэ болох 33 000 000 төгрөгийг авах санаа зорилготой байсан бөгөөд уг асуудлаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байна.

Иргэний хуулийн худалдан авах гэрээний зохицуулалтийн худалдсан эд зүйлийн үнийг авах, эсхүл уг эд зүйлийг буцааг авах зохицуулалтыг мөн машины гэрчилгээ П.Ат шилжүүлээгүйгээс П.Ат захиран зарцуулах эрх үүсээгүй бөгөөд улмаар Д.Мөнхбат нь машинаа буцаан авсан талаар   

Иймээс П.Аийн Д.Мөнхбатаас Лексус Жи Эс-450 Эйч маркийн 36-31 УНО улсын дугаартай автомашиныг  авсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов.”

П.Мөнхбат нь гэм    

 

 Дээрх үйлдэл хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгч П.Аийн бусдад учруулсан хохирлын хэмжээ болох  53 000 000 төгрөгийн их хэмжээний хохирол нь 30 000 000  төгрөг буюу үлэмж хэмжээ рүү орсон тул прокуророос П.Аийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 болгох хууль зүйн үндэслэл бий болж байна.

 

 Харин шүүгдэгч П.А нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын хувьсгалт намын төв байрны үүдэнд хохирогч Т.Түвшинжаргалаас Тоёота Хайландер маркийн 05-99 УБИ улсын дугаартай автомашиныг хуурч, бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилж, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

хохирогч Т.Түвшинжаргалын “...Би 2014 оны 11 дүгээр сард 05-99 УНИ улсын дугаартай Тоёота Хайландер машиныг 43.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх машинаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол ардын хувьсгалт намын төв байрны үүдэн дээрээс эхнэр З.Баянсэлэнгэтэй хамт ажилладаг Ангараг гэдэг залууд 40.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод Ангарагт итгээд өгч явуулсан. Ангараг нь сураггүй байж байгаад 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр над руу яриад “Батхүү гэж манай найз байгаа юм. Машиныхаа нэрийг шилжүүлчих. Мөнгийг нь найдвартай өгнө“ гэсэн. Би дахин итгээд Батхүү гэдэг хүнд машиныхаа нэрийг шилжүүлсэн боловч одоо хүртэл сураггүй байна. Би Батхүү гэдэг хүнийг танихгүй. Ангараг нь тухайн үед “Хөгшин нь бүгдийг нь зохицуулна” гэсэн. Энэ үед Ангараг нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга байсан учир баталгаатай гэж итгэсэн болохоор Батхүү гэдэг хүнтэй ярих шаардлага байгаагүй. Би Батхүү гэдэг хүнтэй худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд энэ гэрээ нь хуулийн дагуу явагдсан. Ангараг нь машинаа зарчих гэсэн болохоор би эхнэр Баянсэлэнгэтэй ярилцаж шийдвэр гаргасан. Би Ангарагт машин өгсөн, авсан талаар ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Би Ангарагт машинаа 40.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд Батхүү гэдэг хүнтэй тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг хийхдээ 25.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах асуудлыг тусгасан нь нотариатын мөнгийг багаар бодуулахын тулд хийсэн. Тэгээд Ангараг нь мөнгө өгсөн асуудал байхгүй, худлаа яриад алга болсон. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /1хх 30-31/,

 

гэрч З.Баянсэлэнгийн “...П.А нь надад “Хөдөө гадаа намын ажлаар явах шаардлага байна. Машингүй болчихлоо. Машиныг чинь найз нь авъя. Мөнгө төгрөгийг чинь зохицуулаад өгье” гэж ярьж байсан учир би өөрийн унаж байсан 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машинаа П.Ат өгсөн. Учир нь П.А нь надтай олон жил нэг намд ажилласан. Миний итгэлийг даасан хүн учир би итгээд өгсөн. Тэгэхдээ тухайн үед би нэрийг нь шилжүүлж амжихгүй яваад байсан. Манай нөхрийн нэр дээр байсан учраас зав болохгүй байсан. Тэгээд сүүлд нь П.Аийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга байх үед нь машиныхаа мөнгийг нэхэж байсан бөгөөд тэр үед П.А нь “болно” гэж хэлээд аргацаагаад байдаг байсан. Тэгээд нэг өдөр П.А нь над руу утасдаад  “Машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих. Найз нь болохоо байчихлаа” гэж хэлэхээр нь би нөхөр Түвшинжаргал руу яриад “П.А машиныхаа нэрийг шилжүүлчих гээд байна. Бид хоёрыг П.А нь тэгж хуурахгүй байх аа. Нэрээ шилжүүлчихээд дараа нь мөнгөө олж авъя” гэж хэлсэн. Тэр үед Ангараг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй, өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан талаар манай нөхөр Түвшинжаргал нь 2016 оны 8 дугаар сарын үед надад хэлсэн. Тэгээд нөхөр Түвшинжаргал бид хоёр утасдах үед Ангараг “найз нь цагдаа дээр шалгуулаад хэцүү байна” гэж ярьж байсан. Тэгж байснаа утас нь холбогдохгүй алга болоод байсан. Тэгээд сүүлд нь би ээжтэйгээ явж байгаад П.Атай таарсан чинь Ангараг нь надад “Дансаа өгөөч. Мөнгөө шилжүүлнэ” гээд дансны дугаараа өгөхөд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. П.А машиныг өөр хүний нэр дээр шилжүүлэх гэж байгаа талаар хэлээгүй. Би Ангарагтай 2011 оноос 2016 оны 6 дугаар сар хүртэл бие биедээ ойр ажиллаж байсан. ...” /1хх 33/,

 

гэрч Ц.Хойлогдоржийн “...П.Атай найзлаад 6-7 жил болж байна. Ангараг надаас 20.000.000 гаруй төгрөг зээлсэн юм. Тэгээд Ангараг надад 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машиныг унаад явж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиных нь гэрчилгээг харсан чинь Түвшинжаргал гэдэг хүний нэр дээр байсан. Би энэ юун хүн юм бэ гэхэд Ангараг нь Түвшинжаргал гэж Баянсэлэнгийн нөхөр байгаа юм аа, бид хоёр нэг намд олон жил ажилласан. Би Баянсэлэнгээс уг машиныг худалдаж авсан, асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр машиныг унаж хэрэглэж байсан юм. Тэгээд Ангараг нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөх хугацаа болоход чамд наад машин чинь таалагдаж байна уу, таалагдаж байвал зээлсэн мөнгөнийхөө оронд авах уу гэхээр нь нэрийг нь яах юм бэ, өөр хүний нэр дээр байна, асуудалгүй бол би авъя гэж хэлсэн. Тэгэхэд Ангараг асуудалгүй би худалдаж авсан гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би уг машиныг Батхүүд зарсан. Нэрээ шилжүүлье гэхэд Ангараг тэгье, тэгье асуудалгүй гээд удалгүй Түвшинжаргал гэдэг хүн ирээд би тэр машиныг найз Батхүү гэдэг хүний нэр рүү шилжүүлж авсан. Надад Ангараг нь уг машиныг Баянсэлэнгээс худалдаж авсан, асуудалгүй гэж хэлсэн. Тэгсэн Батхүү уг машиныг хэл амтай юм байна гээд авахгүй, буцаая гээд би мөнгийг нь өгөөд машинаа эргүүлж авсан. Тэгээд би өөрөө мөнгөө гаргаж авахын тулд 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машиныг өөр хүнд зарсан. Одоо хэн гэдэг хүн унадаг болохыг мэдэхгүй. ...” /1хх 45-46/,

 

гэрч Батхүүгийн “...Тэгээд эхнэр бид 2 уг Хойлогдоржийн ярьсан автомашиныг очиж үзээд таалагдсан тул худалдаж авахаар болсон. Ингээд би Тоёота Harrier маркийн автомашинаа 15.000.000 төгрөгөөр бодоод дээрээс нь нэмж 15.000.000 төгрөгийг Хойлогдоржид өгч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр "Ar Mongol" travel-ийн байранд байрлах нотариат дээр гэрээ хэлцэл хийсэн. Энэ нь хэргийн материалд байгаа. Уг хэлцэл хийсэн өдрөө эхнэр бид 2 Хойлогдоржоос 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашиныг нь аваад явсан. Ингээд энэ өдрөөс хойш 10-аад хоногийн дараа Хойлогдорж над руу залгаад “За машины чинь нэрийг шилжүүлж өгье” гэж дуудсан. Тэгээд эхнэр бид 2 Хойлогдоржтой уулзаад бид 3 хороололд байрлах нотариат дээр очсон. Хойлогдорж хүн рүү залгаж дуудсан. Тэгээд удалгүй уг 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер автомашины эзэмшигч гээд залуу ирээд ямар ч илүү дутуу зүйл ярилгүй машиныхаа нэрийг надад шилжүүлж өгчихөөд яваад өгсөн. Ингээд үүнээс хойш нэг жил гаран чимээгүй байж байтал намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Ингэж л би анх уг машиныг эд хөрөнгийн маргаантай гэдгийг мэдсэн. Тухайн үедээ тайлбар өгч, холбогдох материалуудыг гаргаж өгсөн. Тэгээд үүнээс хойш 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Фэйсбүүк мессенжерээр Баянсэлэнгэ гэж хүн над руу холбогдож "Би машинаа авъя. Одоог хүртэл мөнгөө авч чадсангүй. Чи Ангарагтайгаа учраа ол” гэх зүйл бичсэн. Би түүнд “Би Ангараг гэх хүнийг чинь танихгүй. Би мөнгө өгсөн хүнтэйгээ учраа ольё” гэж хариу бичсэн. Тэгээд Баянсэлэнгэ Сүхбаатарын Цагдаа дээр хамт очъё гэсэн боловч над руу яриагүй. Ингээд би Хойлогдорж руу яриад “Чиний наад машины асуудал хэрээс хэтэрлээ. Чи миний мөнгийг гаргаж өгөөд энэ машинаа ав" гэж хэлэхэд Хойлогдорж надад “За тэгье. Би чамайг хохиролгүй болгож өгье. Одоо өгөх мөнгө алга. Найз нь их санаа зовж байна. Чи над руу машинаа шилжүүлээд өгчих. Би наадуултай чинь өөрөө учраа ольё “ гэж хэлсэн. Би 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр нэрээ шилжүүлж өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны дотор хохирлыг барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ хийж мөнгөө гаргуулж авсан. ...” /1хх 39-40/,

 

гэрч Г.Шийлэгдамбын “...Яг он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Нилээд хэдэн жилийн өмнө Баянсэлэнгэ, Ангараг хоёр Монгол Ардын Хувьсгалт намын байранд миний өрөөнд байх, тэгж санаж байна. Яг сайн санахгүй байна. Ямар ч байсан над дээр ирээд бид гурав уулзсан. Тэгэхэд Баянсэлэнгэ “Би шинэ машин авсан“ гээд бид нар гарч машиныг нь хараад би шинэ машиныг нь мялааж баяр хүргээд 100 доллар өгсөн. Тэр үед Баянсэлэнгэ “Би хуучин машинаа Ангарагтаа өгч байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь би Ангарагт “Тэгвэл би ч гэсэн чамайг машинтай байхад мялаах ёстой юм биш үү “ гээд наргиад бид нар инээлдээд өнгөрч байсан. /1хх 43/,

 

Шүүгдэгч П.Аийн яллагдагчаар өгсөн: “...Баянсэлэнгэ бид 2 анх 2012 онд танилцаж байсан. ...2015 оны хавар Баянсэлэнгэ шинэ машин аваад надад хуучин 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашинаа Засгийн газрын ордны хашаан дотор өгсөн юм. Анх машинаа надад өгөхдөө Баянсэлэнгэ зарж байгаа гэж хэлж өгөөгүй. Зүгээр л найз нөхдийн журмаар өгсөн. Одоо тэгээд Баянсэлэнгэ эргэж буцаад байгаа юм чинь мөнгийг нь төлж барагдуулна. Мөн би өөрийн найз Хойлогдоржид 30.000.000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд мөнгийг нь гаргаж өгөх боломжгүй болчихоод “Энэ машиныг унаж бай. Мөнгийг нь зохицуулна” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 2 дугаар сард Хойлогдорж “Мөнгө зээлсэн асуудал чинь хэтэрлээ. Яаралтай мөнгөний хэрэг байна. Энэ машиныг зарж мөнгөө гаргаж авъя” гэхээр нь би “Тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд би Баянсэлэнгэтэй нэр шилжүүлэх асуудлаар ярихад нөхөр Түвшинжаргалтай ярьчих гэсэн. Ингээд би Хойлогдоржид Түвшинжаргалын утсыг өгсөн. Ингээд Хойлогдорж бид хоёрын тооцоо дууссан. Түвшинжаргал гомдол гаргасан байна. Уг машиныг Баянсэлэнгэ надад бэлэглэсэн. Би хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд зэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Аийг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн зүйлчлэл хөнгөрөн өөрчлөгдөж байгаа тул  шүүгдэгчийн үйлдсэн  хэрэг,  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед хохирогч Т.Түвшинжаргал нь “...хохирол болох 30.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй...” гэх баримтыг бичгээр гаргасныг  /2хх 73/  үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч П.А нь хохирогч Т.Түвшинжаргалд хохирол төлбөргүй гэж дүгнэжээ .

 Гэвч хохирогч Т.Түвшинжаргал  давж заалдах шатны шүүхэд “ ...хохирлын мөнгө 8 000 000 төгрөг авсан, үлдэх мөнгийг гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь нэхэмжлэх зүйлгүй гэж бичиж өгсөн тул үлдэгдэл мөнгийг шүүгдэгч П.Ааас   гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын үндэслэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар, хохирогч Т.Түвшинжаргалын “машины үнийг гаргуулах” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих  өөрчлөлтүүдийг оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 946 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас П.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн,

 

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  П.Ааас 22 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Түвшинжаргалд олгосугай” гэсэн тус тус заалтуудыг нэмж оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Улаанжамсран овогт П.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Улаанжамсран овогт П.Аийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж, 

 

тогтоох хэсгийн 2 дэх заалтад “...Шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг  хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй,

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ