Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2018/0018/З |
Дугаар | 123/ШШ2018/0041 |
Огноо | 2018-12-20 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 123/ШШ2018/0041
2018 оны 12 сарын 20 өдөр Дугаар Төв аймаг
123/ШШ2018/0041
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Мөнх Агит ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Жсумын Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Жсумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Мөнх Агит ХХК-ний захирал Ц.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МАХХК, захирал Ц.Цэдэндамба шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын даамал Л.Золзаяатай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх 23 тоот гэрээг байгуулан ажиллаж байна. МАХХК-ийн 49 хувийг хувьцааг өмчилдөг Г.Болормаа бид Агьтийн хөндийд 1996 оноос 22 дахь жилдээ хамтран газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж байна. Бид Тогтвортой ургацын шинэ технологи-ийг газар эзэмшүүлэх гэрээнд тусган... энэ ажлын эхний үе шат 2016, 2017 онд явагдсан. Г.Болормаа 2016 онд гэрээ ёсоор 1026 га-д бүгдэд нь тариалахаас хазайх, тариалалтыг хувьдаа хийх, компанийн эзэмшил газарт санаархах хандлага гаргасан. Миний бие 2016 оны тариалалтыг 1026 га талбайд бүгдэд нь тогтвортой ургацын шинэ технологиор хийх ажлыг хамтран гүйцэтгэхээр Энсада ХХК-тай тохироод байсан. Г.Болормаа 2016 оны 5 сарын 09-ний өдөр 36 га талбайд тариалалт хийж эхэлсэн... 345 га, 73 га, 117 га, 11 га талбайд улаан буудай, төмс, тосны ургамал тариалсан... өндөр ургац авсан...ургацын орлогоос компанидаа хувь хүртээгээгүй бүгдийг хувьдаа авсан. МАХХК 2017 оны тариалалтыг Цул итгэл ХХК-тай хамтран 1026 га талбайд бүгдэд нь шинэ технологиор тариалалт хийхээр гэрээ байгуулж, 5 сарын 15-аар талбайд гарахаар бэлтгэж байсан. Гэтэл Г.Болормаа 2017 оны 4 сарын 20-ны өдрөөс манай компанийн 345 га талбайд эрчимтэй тариалалт хийж эхэлсэн. Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Болормааг МАХХК-ний эзэмшил газар дээр тариалалт явуулахгүй байхыг даалгах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 02-ны өдрийн 15/ШЗ2017/01427 дугаар захирамжаар 85 га, 22 га, 73 га талбайд тариалангийн ажил явуулахгүй байхыг Г.Болормаад даалгасан. Г.Болормаагийн өмгөөлөгч Баттогтох 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргасан. Г.Болормаа МАХХК-ний 49%-ийн хувьцааг хууль ёсоор эзэмшдэг бөгөөд тариалалт хийж дууссаны дараа уг захирамж гарсан байна гэсэн. Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор, анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарны 02-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэж МАХХК-ийн 2017 оны тариалалт шүүхийн тогтоолоор баталгаажсан. ... Г.Болормаа 345 га-ийн 180 га хэсэг, 36 га, 73 га, 22 га, 85 га талбайн тариалалтыг эрчимтэй аргаар явуулсан. 73 га, 117 га, 36 га талбайд 2016, 2017 онд сэлгэн тариалж 2 жил дараалан ургац авсан. ...манай тариалангийн газар дээр 2016, 2017 онд Хонгор буудай ХХК тариалалт хийсэн, манайхыг тариалалт хийлгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай 2 жил тариалаагүй нь хувьцаа эзэмшигч бид 2-ын маргаантай холбоотой. Бүх хийсэн тариалалтаа өөртөө авсан нь намайг хохироосон. ...Г.Болормаа өөрийнхөө хөрөнгөөр тариалалт хийсэн, манай компани тариалалтад хөрөнгө гаргаагүй... Тогтвортой ургацын шинэ технологиор 1026 га газарт бүгдэд нь тариалалт хийх боломжтой, бага хэмжээний газарт тариалалт хийх боломжгүй байдаг....2016 онд 100 га газарт тариалалт хийсэн мэдээ өгсөн, 2017 онд тариалалт, уриншийн мэдээ өгөөгүй.... Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2015 онд 29 сая төгрөгийн үрийн буудай авсан, Г.Болормаа тариалалт хийлгээгүй учраас Угтаалд хүний газар дээр тарьсан... Тариалан эрхлэлтийг дэмжих санд гэрчилгээгээ өгсөн.. ...Засаг даргын захирамжид газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан тариалалтад тохирдоггүй Газрын тухай хуулийн ерөнхий заалт мөн. Тариалалтыг 2-оос доошгүй жилд 1 л удаа хийдэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт зааснаар 2-оос дээш жил тариалалт хийгээгүй бол гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Газрын төлбөрөө бүрэн төлсөн. ...МАХХК нь өөрийн эзэмшлийн 593 га талбайдаа шинэ техник, дэвшилтэт технологи ашиглах зориулалт болон агрономич Г.Болормаагийн идэвх зүтгэлээр 2 жил дараалан тариалалт явуулсан, Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Жсумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: МАХХК-д тус сумын Засаг даргын 2007 оны 2 сарын 20-ны өдрийн А/36 дугаар захирамжаар 3-р багийн Агьтийн хөндийд үр тарианы зориулалтаар 146/345 га, 150/22 га, 151/36 га, 149/117 га, 154/73 га, нийт 593 га газрыг эзэмшүүлсэн, 2016 оны 2 сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн гэрээний 4.2-д жил бүр тогтвортой ургацын шинэ технологийн дагуу тариалалт явуулах шинэ үүргийг хүлээсэн боловч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2016, 2017 онуудад тариалалт хийгээгүй нь гэрээг дүгнэсэн акт болон газар дээр нь очиж үзсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. ...Нэхэмжлэлд МАХХК-ийн 49 хувийг эзэмшигч Г.Болормаа 2 жил дараалан дээрх газарт тариалалт явуулсан гэх боловч тус иргэн нь МАХХК-ийн нэрээр биш өөр компанийн нэрээр зарим газарт тариалалт явуулсан байдаг. Түүнээс бус нэхэмжлэгчийн бичсэнээр МАкомпанийн байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлж, тогтвортой ургацын шинэ технологийн дагуу тариалалт явуулаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Жсумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/36 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Агьтын хөндийд байршилтай 146/345 га (146 дугаартай талбайн 345 га), 151/36 га (151 дугаартай талбайн 36 га), 153/22 га (153 дугаартай талбайн 22 га), 154/73 га (154 дугаартай талбайн 73 га), 149/117 га газар (149 дугаартай талбайн 117 га), ... нийт 1254 га газрыг МАХХК-д үр тариа тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж[1][1], уг шийдвэрийг үндэслэн 0109230 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон[2][2], газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр[3][3] байгуулжээ.
Жсумын Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А/165 дугаар захирамж[4][4] гарган, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 0109230 дугаартай гэрчилгээний 593 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компанийн 49 хувийн хувьцааг өмчилдөг Г.Болормаа 2016 онд...36 га, 345 га, 73 га, 117 га, 11 га талбайд улаан буудай, төмс, тосны ургамал тариалсан ...ургацын орлогоос компанид хувь хүртээгээгүй...2017 оны 4 сарын 20-ны өдрөөс 345 га талбайд тариалалт хийж эхэлсэн,...миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргасан...шүүхийн 2017 оны 5 сарын 02-ны өдрийн 1427 дугаар захирамжаар 85 га, 22 га, 73 га талбайд тариалангийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Г.Болормаад даалгасан... 593 га талбайд Г.Болормаагийн идэвх зүтгэлээр 2 жил дараалан тариалалт явуулсан...газрын төлбөрөө бүрэн төлсөн... манай тариалангийн газар дээр 2016, 2017 онд Хонгор буудай ХХК тариалалт хийсэн, манайхыг тариалалт хийлгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай 2 жил тариалаагүй нь хувьцаа эзэмшигч бид 2-ын маргаантай холбоотой... гэж тайлбарласан байна.
Хариуцагч Т.Цолмонгэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч талд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаж, хавтаст хэрэгтэй танилцуулсан болохыг дурдаж байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 0109230 дугаартай гэрчилгээний Агьтын хөндийд байршилтай 146/345 га, 153/22 га, 151/36 га, 149/117 га, 154/73 га газар, нийт 593 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
1. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч, Жсумын газрын даамал Золзаяа нарын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр[5][5] байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээ-1026 га, газрын төлбөрийн хэмжээ нэгжийн үнэ 1158 төгрөг, бүгд 1188108 төгрөг, 2-р улиралд, улирал бүрийн эхэнд ...тоот дансанд шилжүүлэх гэж зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 07/602 тоот албан бичигт МАХХК ...2017.04.21-нд 3693413 төгрөгийг төлж...газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна[6][6] гэснээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн байх тул маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэлээ.
2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд:
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.2 дахь хэсгүүдэд зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үүргийг биелүүлэх, тариалангийн газар эзэмшигч нь Тариалангийн тухай хуулийн /2016 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт зааснаар таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй байна.
Жсумын 2016 оны ургац хураалтын мэдээнд Мөнх Агит ХХК тарьсан талбай-100 га гэж тэмдэглэсэн, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 572 тоот шинжээчийн дүгнэлтэд МАХХК-ийн 146/345 га газарт... 2016-2017 онуудад тариалалт болон уринш хийгдээгүй...151/36 га газарт өнгөрсөн жил тариалалт хийсэн, энэ жил тариалалт хийгдээгүй байдалтай, 153/22 га талбайн 10 орчим га талбайд төмс тарьсан, 149/117 га талбайн 100 орчим га талбайд улаан буудай тарьсан, 154/73 га талбайн 40 орчим га талбайд рапс тарьсан ... гэсэн, Жсумын Засаг даргын 2018 оны А/089 тоот захирамжаар байгуулагдсан газар эзэмшигчийн гэрээг дүгнэх ажлын хэсгийн 2018 оны 4 сарын 11-ний өдрийн тэмдэглэлд[7][7] МАХХК-ийн захирал Ц.Цэдэндамба ... Хонгор буудай ХХК тариалалт хийлгээгүй... 2016, 2017 онд тариалалт хийгээгүй ...бүх техник тоног төхөөрөмжөө зарсан... гэж тайлбарласныг тэмдэглэсэн байх ба Хонгор буудай ХХК-ийн захирал Г.Болормаагийн шүүхэд өгсөн ...бүх талбайд тариалалт хийгээгүй, ... 85 га талбайд төмс, овьёос, 146/345 га талбайн 45 га газарт нь улаан буудай өөрийн хөрөнгөөр тариалж байсан...22 га талбайд нь гадны хүмүүс тариалалт хийж байсан... гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн ...2016, 2017 онд Хонгор буудай ХХК тариалалт хийсэн, ...Болормаа өөрийнхөө хөрөнгөөр тариалалт хийсэн, манай компани хөрөнгө гаргаагүй...2016 онд 100 га газарт тариалалт хийсэн мэдээ өгсөн, 2017 онд тариалалт, уриншийн мэдээ өгөөгүй... хэмээх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газруудад өөрийн хөрөнгөөрөө тариалалтын үйл ажиллагаа явуулаагүй, Хонгор буудай ХХК-ийн хийсэн тариалалтыг өөрөө тариалсан мэтээр мэдээлсэн болох нь тогтоогдож байх тул түүний 593 га талбайд Г.Болормаагийн идэвх зүтгэлээр 2 жил дараалан тариалалт явуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгчээс Хонгор буудай ХХК тариалалт хийлгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар тариалангийн газраа ашиглах боломжгүй байсан гэсэн тайлбар гаргасан ч энэ талаар Тариалангийн тухай хуулийн 20.2.2-т заасан журмаар сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдээгүй, үүнийг нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх боловч 22, 73 дугаар талбайд тариалангийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Г.Болормаад даалгах хүсэлтийг шүүхэд, үйл ажиллагааг нь зогсоолгох хүсэлтийг Жсумын Засаг даргад 2017 оны 4, 5 дугаар саруудад тус тус гаргаж, бусдын хууль бус эзэмшлээс тариалангийн газраа хамгаалж байсан, үүнээс өөр нэхэмжлэл, хүсэлт гаргаж байгаагүй нь Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 02-ны өдрийн 151/ШЗ2017/01427 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар МАХХК-ийн эзэмшлийн Жсумын Агьтийн хөндий гэх газарт тариалангийн 85, 22, 73 дугаар талбайд тариалангийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Г.Болормаад даалгаж[8][8] шийдвэрлэснээс /85 дугаар талбай нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй/ гадна тус шүүхийн 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 151/ШШ2017/0724 дугаар шийдвэр, 2018 оны 7 сарын 24-ний өдрийн 151/ШШ2018/00791 дугаар шийдвэр, тухайн шүүхийн Иргэн 2014 бүртгэлийн программд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 2016 онд маргаан бүхий 593 га газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй, 2017 онд 154/73 га, 153/22 га /нийт 95 га/ газруудад хүндэтгэн үзэх шалтгаанаар тариалалтын үйл ажиллагаа явуулаагүй, бусад 146/345 га, 151/36 га, 149/117 га / нийт 498 га/ газруудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдож байх тул түүнийг маргаан бүхий 593 га газрын 498 га газрыг нь 2 жил дараалан ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж зааснаар Төв аймгийн Жсумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт заасан 153/22 га, 154/73 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжийн 146/345 га, 151/36 га, 149/117 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 186.214.551 төгрөгийн өртэй бөгөөд уг өрийг 2016 онд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн 0109230 дугаар гэрчилгээтэй Жсумын нутагт байрлах 1254 га талбайг барьцаанд өгөхийг зөвшөөрч, гэрчилгээг эх хувиар нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тус санд хүлээлгэн өгсөн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6 дахь хэсэгт хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасантай нийцээгүй байх боловч Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мөнх Агит ХХК-иас Жсумын Засаг даргад хандан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд барьцаалсан тэмдэглэл хийлгээгүй, нэхэмжлэгч энэ талаар маргаагүйгээс гадна хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ч, маргаан бүхий захиргааны актад энэ үндэслэлийг заагаагүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалсан гэх үйлдэлд дүгнэлт өгөөгүй, мөн тухайн маргааны улмаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй гэж үзэн уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэснийг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт зус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч МАХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Төв аймгийн Жсумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийн 153/22 га, 154/73 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус захирамжийн 146/345 га, 151/36 га, 149/117 га газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН