| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0139/З |
| Дугаар | 221/МА2026/0149 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0149
Ж.Цын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0048 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Б.Зын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.Ц
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, тус газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б
Хариуцагч Б.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0139/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0048 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3.3, 15 дугаар зүйлийн 6, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “... Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Дөрвийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Цаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 32/00012 дугаар актын хавсралт-1 Ж.Цад холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд олгогдох байсан тэтгэвэр болох 4,589,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Б.З шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалтаар иргэн Ж.Цын 1995 оны 1-6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож, тэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй буюу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жил нь 10 жилийн болзол хангахгүй болох нь тогтоогдож байсан тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах” гэж заасныг зөрчиж хууль тогтоомжид заасан нөхцөл хангаагүй иргэнд тэтгэвэр тогтоож олгосон нь тогтоогдож байсан. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 32/00012 дугаартай "Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" актаар нэр бүхий тэтгэвэр авагч нарт төлбөр тогтоож, иргэн Ж.Цын тэтгэврийг зогсоож, илүү авсан 12,7 сая төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэн ажилласан. Түүнчлэн иргэн Ж.Ц нь улсын ахлах байцаагчийн акттай холбогдуулан тус газарт хандаж гомдол гаргасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны А/117 дугаар тушаалаар байгуулагдсан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тогтоосон акт, албан шаардлагыг өөрчлөх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн ирүүлсэн өргөдөл гомдол болон өндөр насны тэтгэвэр тогтоосон холбогдох баримт бичгийг дахин хянаж үзээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нар акт тогтоосон нь хууль тогтоомжид нийцэж байгаа талаар дүгнэлт гаргасан.
2.2. Мөн иргэн Ж.Ц нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй талаар Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт гомдол гаргаж тус газар нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/00065 дугаартай улсын байцаагчийн "Хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай" акт тогтоож түүний 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын шимтгэлийг тус аймгийн Холбооны газраар нөхөн төлүүлсэн. Гэтэл энэхүү актаар иргэн Ж.Цын 1995 оны 01 дүгээр сараас 03 дугаар саруудад түүний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны, 1995 оны 04 дүгээр сараас 06 дугаар саруудад хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-д заасан заалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байсан учир хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцогдох ёстой гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг хэвээр хадгалж, хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлдөг тул зөвхөн түүний нийт ажилласан жилд оруулан тооцдог.
2.3. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалтад “Жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд ажилласан хугацаанд даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асарсан, сул зогссон, ажил олгогчийн захиалгаар суралцсан, цэргийн алба хаасан, хууль бусаар ажлаас халагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа зэргийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд оруулахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Цын хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцож хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, олгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.4. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д даатгуулагч нь “ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ болон энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлсөн эсэхэд хяналт тавих” эрхтэй, мөн хуулийн 33.2.1-д “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлого тодорхойлох болон шимтгэл төлсөн хугацааг тооцох, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авахад шаардлагатай баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан зөрчлийг зөвхөн Нийгмийн даатгалын газрыг буруутгах нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн Ж.Цын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн явцад тэрээр 1989 оноос 1990 оны хооронд Эрдэнэт хотын Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацаагаа Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдээлэх замаар тус аймгийн Завханмандал сумын Холбооны салбарт залгагчаар ажилласан жилээ үндэслэлгүйгээр тогтоолгосон байх магадлалтай бөгөөд түүний сургуульд суралцсан хугацааны нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд тэрээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жилийн болзлыг мөн хангахгүй байна.
2.5. Шүүх тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл”, 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл”-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0048 дугаартай шүүхийн шийдвэрээр тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Б.З миний бие Нийгмийн даатгалын хяналтын улсын ахлах байцаагийн хувьд улсын байцаагчийн акт бичсэн бөгөөд тус байгууллагаас гарсан тохиолдолд байцаагчийн эрх хүчингүй болдог. Төрийн хяналт шалгалтын чиг үүргийг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн тул тэмдэгтийн хураамж төлөх үндэслэлгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ж.Цаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч нарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 32/00012 дугаар актын хавсралт-1 Ж.Цад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд олгогдох байсан тэтгэвэр болох 4,589,000 төгрөгийг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “ ... Завхан аймгийн холбооны газрын даргын 1993.04.21-ний өдрийн 36 дугаар тушаалаар надад 1993.03.23-ны өдрөөс 1995.03.03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах 2 жилийн тэтгэмжтэй чөлөө олгож байсан. Энэ хугацаанд миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан учир ажилласан жилд тооцогдох ёстой. Гэтэл хүүхэд асрах чөлөөтэй байсан дээрх хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жилд тооцохгүй байгаа нь үндэслэлгүй” гэж тодорхойлж,
2.2. Хариуцагчаас “... Ж.Цын 1995 оны 01-03 дугаар саруудад хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны, 1994 оны 4-6 дугаар саруудад хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчил илэрснийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2024.12.13-ны өдрийн 09/00065 дугаар актын хүрээнд Завхан аймгийн Холбооны газраар нөхөн төлүүлсэн нь маргаан бүхий актаас нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй. ... ажил олгогч хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны ажилтны ажлын байрыг хэвээр хадгалж, хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлдөг тул зөвхөн түүний нийт ажилласан жилд оруулан тооцдог ...” гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “...Хэдийгээр хариуцагч нарыг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт хяналт шалгалт хийх үед нэхэмжлэгч Ж.Ц нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн болзол шаардлагыг хангаагүй байсан боловч Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/00065 дугаар акт, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 311/ШШ2025/00501 дүгээр шийдвэрээр зөрчлийг арилгасан, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар нь 2022 онд нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хянан шийдвэрлэх үедээ нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн байгааг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн үйлдэлд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтын тухайд;
4.1. Нэхэмжлэгч Ж.Ц нь 197* оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй.
4.2. Завхан аймгийн Холбооны газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн залгагчаар томилж, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар 1993.03.23-ны өдрөөс 1995.03.03-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар тэтгэмжтэй чөлөө олгож, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн Завхан аймгийн салбарын захирлын 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
4.3. Түүнийг Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2022/00332 дугаар шийдвэрээр 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Завханмандал сумын Холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосон.
4.4. Ийнхүү нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон.
5. Маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 32/00012 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасныг зөрчиж, ажилласан жилийн болзол хангаагүй байхад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зөрчил илэрсэн гэж үзэж, тэтгэвэр олголтыг зогсоож, илүү олгогдсон 12,778,096 төгрөгийг нэхэмжлэгчээр буцаан төлүүлж санг хохиролгүй болгохыг үүрэг болгосон байна.
5.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан байх бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/242 дугаар албан бичгээр “ ... Ж.Цын хүүхдээ асрах чөлөөтэй болон хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй ...” гэх чиглэлийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн.
5.2. Улмаар Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/00065 дугаар актаар 1995.01-03 дугаар саруудад хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны, мөн оны 04-06 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын нийгмийн даатгалын шимтгэл, алданги болох нийт 25,440 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994/-ийн 4 дүгээр зүйлийн 3-д “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 3/-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралт “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсний 5-д “улс, хот хоорондын телефон станцын залгагч (2000 оноос өмнө ажиллагсдад хамаарна)” гэж,
7. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 10 дугаар зүйлийн 10.9-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9.4-т “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заажээ.
8. Хуулийн дээрх зохицуулалтаар ажил олгогч нь ажилтанд олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн зөв тодорхойлж тайлагнах, энэ үйл ажиллагаа нь хуульд нийцсэн буюу даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн эсэхэд нийгмийн даатгалын улсын байцаагч хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх, ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу төрийн хяналт шалгалтыг явуулах учиртай. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн зарчим, нийтлэг шаардлага энэ тохиолдолд нэгэн адил хамаарна.
9. Гэтэл Ж.Цын хувьд энэ хэсгийн 4-д дурдсан үйл баримтын хүрээнд бусад бичгийн баримтуудтай харьцуулан шалгах, холбогдох этгээдүүдээс тайлбар авах ажиллагааг төрийн хяналт шалгалтын явцад хэрэгжүүлээгүй буюу шийдвэр гаргахад ач холбогдолтой, шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байх бөгөөд тэрээр нийт хэдэн жил ажилласан болох үүнээс хэдий хугацаа нь хүнд нөхцөлд хамаарч байгаа эсэх, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг хөдөлмөрийн аль нөхцөлд хамааруулж тооцсон эсэхийг тогтоогоогүй, хэрэгт авагдсан баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байгаа энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.
9.1. Тодруулбал, Завхан аймгийн холбооны газрын даргын 1993 оны 36 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 2 жилийн тэтгэмжтэй чөлөө олгосон боловч 1995.01-03 дугаар саруудад хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны, мөн оны 04-06 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсныг тэтгэвэр тогтоож, олгох үедээ шалган тогтоогоогүй атлаа уг маргаан бүхий акт гарсны дараа Завхан аймгийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/00065 дугаар актын дагуу нөхөн төлүүлсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоох үеийн ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа нь Завхан аймгийн холбооны газарт хариуцуулан дээрх актыг тогтоож улмаар нөхөн төлүүлснээс шалтгаалан зөрүүтэй нөхцөл байдал бий болсон,
9.2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 00332 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Цыг 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завханмандал сумын холбооны газарт залгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосон атал энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “...1989-1990 оны хооронд Орхон аймгийн Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн дунд сургуульд суралцаж байсан нь холбогдох архивын баримтаар тогтоогдсон...” гэж маргасан боловч энэ асуудлыг шалгаж тогтоох талаар холбогдох ажиллагаа хийгээгүй,
9.3. Нийгмийн даатгалын байгууллага нь 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоож олгохдоо түүний хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жилд оруулан тооцсон атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.9-д “Жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд ажилласан хугацаанд даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асарсан, сул зогссон, ажил олгогчийн захиалгаар суралцсан, цэргийн алба хаасан, хууль бусаар ажлаас халагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа зэргийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд оруулахгүй” гэж заасныг зөрчсөн агуулгаар тайлбарлаж байгаа нь тус тус ойлгомжгүй байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
11. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хуульд заасан нөхцөл болзлыг хангамагц өндөр насны тэтгэвэр авах эрхтэй бөгөөд энэхүү магадлалын 9-д заасан ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг баримтлан хийж гүйцэтгэсний үндсэн дээр нэхэмжлэгчийн энгийн болон хүнд нөхцөлд ажилласан жил, шимтгэл төлсөн хугацааг тус тус эцэслэн тогтоож, түүнд тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үеэс эхлэн түүний тэтгэврийг шинэчлэн тогтоож улмаар тэтгэврийн зөрүү, актын тооцооллыг нарийвчлан гаргах нь зүйтэй байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана...” гэж зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа өмнө олгогдож байсан тэтгэвэр, шинэчлэн тогтоох тэтгэврийн зөрүү болон тэтгэвэр авах эрх үүсэх хугацааг нарийвчлан тооцсоноор маргаан бүхий актаар тогтоосон 12,788,096 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх эсвэл нэхэмжлэгчид 4,589,000 төгрөгийг олгох эсэх асуудал шийдвэрлэгдэхээр байгааг анхаарах нь зүйтэй.
13. Хариуцагч нь шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 он/ хууль, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Б.З, Х.Х нарын үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 32/00012 дугаар актын хавсралт-1 Ж.Цад холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч шийдвэр гаргахдаа энэхүү магадлалын хянавал хэсгийн 9, 11, 12-д заасан ажиллагааг хийх шаардлагатай болохыг дурдсугай.” гэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Б.З, Х.Х нарын үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 32/00012 дугаар актын хавсралт-1 Ж.Цад холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 3 дахь заалтыг тогтоох хэсэгт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА