Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 28

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, Б.Батсайхан, П.Өлзийбаяр,

Шүүгдэгч Ц.Энхбаатар, Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай Д.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрээн овогт Цогнамжилын Энхбаатар, Заныхан овогт Бямба-Очирын Батсайхан, Зана овогт Доржширэмийн Соронзонболд, Боржигон овогт Батдоржийн Дэлгэрдалай нарт холбогдох эрүүгийн 201615000290 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын Худаг урт-4 дүгээр багийн “Чулуун онгоцот” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Эрээн овогт Цогнамжилын Энхбаатар. /РД:ВВ89051714/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Богд суманд 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын Худаг урт-4 дүгээр багийн  “Дунд ангалын хар овоо” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 169 дугаар магадлалаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Батсайханд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн, Заныхан овогт Бямба-Очирын Батсайхан. /РД:В388112811/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын Худаг урт-4 дүгээр багийн  “Бэлх” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Зана овгийн Доржширэмийн Соронзонболд. /РД:ВЮ91051735/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах-3 дугаар баг, 22 дугаар гудамж 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 169 дугаар магадлалаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Дэлгэрдалайд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Батдоржийн Дэлгэрдалай. /РД:ВЭ86111057/,

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ашиглан 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 08-ны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ханхар" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Санжидхоролын эзэмшлийн хүрэн тарлан, сартай хүрэн, улаан, час улаан, улаан ягаан халзан зүсмийн 5 тооны үхэр хулгайлж 5600000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Б.Батсайхан, Д.Соронзонболд нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ашиглан 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шорвог” гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Сүхбаатарын эзэмшлийн хар, хүрэн тарлан, хүрэн зүсмийн 3 тооны үхэр хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батсайхан нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр

Ц.Энхбаатар, Б.Дэлгэрдалай нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр
өнгийн Портер маркийн авто машин ашиглан 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 08-
ны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт
байрлах "Ханхар" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Санжидхоролын эзэмшлийн
хүрэн тарлан, сартай хүрэн, улаан, час улаан, улаан ягаан халзан зүсмийн 5 тооны
үхэр хулгайлж 5600000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Ц.Энхбаатар, Д.Соронзонболд нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ашиглан 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шорвог" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Сүхбаатарын эзэмшлийн хар, хүрэн тарлан, хүрэн зүсмийн 3 тооны үхэр хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Соронзонболд нь Ц.Энхбаатар, Б.Батсайхан нартай бүлэглэн
15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн авто машин ашиглан
2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн
Нарийнтээл сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шорвог" гэх газар
малын бэлчээрээс иргэн Д.Сүхбаатарын эзэмшлийн хар, хүрэн тарлан, хүрэн
зүсмийн 3 тооны үхэр хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Дэлгэрдалай нь ялтай байх хугацаандаа буюу давтан

үйлдлээр Ц.Энхбаатар, Б.Батсайхан нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай
цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ашиглан 2016 оны 07 дугаар сарын 01
ээс 08-ны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 02 дугаар багийн нутаг
дэвсгэрт байрлах "Ханхар" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Санжидхоролын
эзэмшлийн хүрэн тарлан, сартай хүрэн, улаан, час улаан, улаан ягаан халзан
зүсмийн 5 тооны үхэр хулгайлж 5600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт
хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Дэлгэрдалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ц.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Д.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтд өгсөн: “...Миний бие 2016 оны10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд "Шорвог" гэх газар байх булаг дээр манай алдагдсан 3 үхэр ус уугаад байж байсан. Түүнээс хойш 18 цагийн орчим "Таацын гол" уруудаад үхрүүд дээрээ очиход манай алга болдог 3 үхэр нэг тугалтай үхэр алга болсон байсан. Тухайн үед манай ахын бие муу байсан болохоор үхрүүдээ нэг их анзаарахгүй ахындаа очоод хонь, ямааг нь ялгаж өгсөн. Ингээд гэртээ ирсэн, маргааш өглөө нь ахындаа очсон. Энэ үед Таацын гол дээр манай үхрүүд бэлчиж байсан боловч алдагдсан гурван эр үхэр болон тугалтай үнээ байхгүй байсан. Тухайн үед мөн л нэг их тоолгүй ахындаа очиж хонь, ямааг нь тэмдэглэж өгөөд хүнд өгөх хонь ямааг нь тууж гэртээ авч ирсэн. Ингээд 12 цагийн орчим Готго гэх газар байсан айлын үхэр дээр очиход тугалтай үнээ нь байсан ба гурван эр үхэр нь байхгүй байсан. Тугалтай үнээгээ "Шорвог" гэх газар тууж ирээд Палам гэх хамаатныдаа очиж утсаар нь эхнэртэйгээ ярьсан. Үүний дараа үхрээ ганцаараа хайж яваад 14 цагийн орчим "Шорвог" гэх газар ирээд "Орой өтөг" гэх хаваржааны баруун талын толгойнооос хүний болон машин мотоциклийн мөр олсон. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нийт 3 тооны эр үхэр байсан. Хар зүсмийн 4 настай хязаалан, зүүн чих нь "саж" имтэй, баруун чих урдаасаа догол имтэй. Хүрэн тарлан зүсмийн үхэр нь хүрэн зүсмийн үхэртэй нас, им нь ижил болно. Би хар үхрээ 1000000, хүрэн тарлан үхрээ 1000000, хүрэн үхрээ 1000000, нийт 3000000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэмж хэлэх зүйл алга. Харин гомдолтой байна. Алдагдсан үхрүүдээ олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 49-50 хуудас/,

 

Хохирогч Д.Санжидхоролын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний ээж Цэрэнпагам Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг 2 дугаар баг, “Эхэн ус” гэх газарт мал маллаж амьдардаг өндөр настай ганц бие хүн байдаг. Ээжийн малыг Н.Батбаяр гэх хүн эхнэр, хүүхдийнхээ хамтаар хариулж маллаад одоо нэг жил гаран болж байна. Манай ээж Цэрэнпагам одоо 70 гарчихсан хөгшин байдаг учраас хохирогчоор мэдүүлэг өгөх боломжгүй тэгээд ч уг нядлагдсан үхрүүд нь миний нэр дээр байдаг манай үхрүүд байгаа юм. Би өөрөө Нарийнтээл сумын 2 дугаар баг Баянтээгт дэлгүүр ажиллуулаад төвд байдаг. Харин манай мал ээжийн малтай хамт хөдөө байдаг юм. Тэгтэл 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай эгч Амаржаргал тухайн үед ээжтэй хамт хөдөө мал дээр байсан юм. Амаржаргал эгч манайд ирээд би өчигдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үхрүүдээ өөрийн биеэр үдээс хойш услаад гаргатал өнөөдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 02-нд 5 үхэр дутуу байна гэж ирж хэлэхээр нь би за олдох байлгүй дээ. Нэг газраас гараад ирэх байлгүй гээд тухайн үедээ өнгөрсөн. Уг алга болсон гэх 5 үхэр нь бүгд манай үхэр байсан. Тэгээд тэрнээс хойш 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш идэвхитэй хайгаад олдоогүй. Тэгээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орой 19 цагийн орчимд манай дүү Отгонжаргал над руу яриад манай саахалтын хүүхэд Жамбалдаш нь Ханхар гэх газар чоно идчихсэн үхрийн толгой байна гэж хэлэхээр нь би яваад очтол тэнд манай 5 үхрийн толгойг булчихсан байх шиг байна гэж хэлээд тэр үед л би манай үхрийг нядлаад толгойг нь булчихсан байсан гэдгийг мэдсэн. Хүмбэгэр босоо эвэртэй, хүрэн тарлан үхэр, хүмбэгэр босоо эвэртэй сартай хүрэн үхэр, хүмбэгэр босоо эвэртэй оодон сүүлтэй улаан үхэр, хүмбэгэр босоо эвэртэй улаан үхэрнүүд нь бүгд л нас гүйцээд хоёр жил болж байгаа үхэрнүүд байсан. Харин үлдсэн нэг үхэр нь нүүр нь далий халзан /цагаан/. Энэ жил нас гүйцэж байгаа соёолон үхэр байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай эгч Амаржаргал болон ээжийн малчин Н.Батбаяр нар үхрээ услахад уг үхэр нь бүрэн бүтэн байсан. Уг үхэрнүүд бол тамгагүй. Зөвхөн зүүн талын чихэндээ хөрөө имтэй үхэрнүүд байсан. Уг нь бүгд л ээмэгтэй үхэрнүүд байсан. Би төвд байдаг болохоор тэр болгон хөдөө очоод байдаггүй. Сүүлд өнгөрсөн намар идшээ хийх гэж үхрүүд дээрээ очиход бүгд л ээмэгтэй байсан. Манай үхэрнүүд эвэр нь улаан будгаар будагдсан үхэрнүүд байсан. Би нас гүйцсэн дөрвөн үхрээ 1500000 төгрөгөөр, энэ жил нас гүйцэх үхрээ 1200000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Гомдолтой байна. Хулгайчийг олж хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 53 хуудас/,

Гэрч Н.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Цэрэнпагам гэдэг хөгшний малыг маллаад одоо жил гаран болж байна. Цэрэнпагам хөгшин одоо 70-н нас гарч яваа. Гэртээ ганцаараа, манайхтай айл саахалт байдаг. Хүүхдүүд нь ирж очдог. Одоо манайх Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн 2 дугаар баг Эхэн ус гэх газар нутаглаж байна. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Цэрэнпагам хөгшний үхэрнүүдийг би түүний охин Амаржаргалын хамтаар услахад үхэрнүүд бүрэн байсан. Тэгээд маргааш нь үхэрнүүд услах гэтэл 5 эр үхэр дутуу байсан. Тэгэхээр нь би тухайн үед энүүхэн ойролцоо л салчихсан байх оройхон худаг дээр хүрээд ирэх байх гэж бодоод тэр өдөр өнгөрсөн. Тэгээд маргааш нь нөгөө таван үхэр худаг дээр ирэхгүй болохоор ойр хавиар хайгаад сураг чимээ гараагүй. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс идэвхитэй алга болсон үхэрнүүдийг эрж хайсан. Тэгтэл огт сураг гараагүй. Ингээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын Батсуурийн хүү Жамбалдаш нь уг алга болсон үхэрнүүдээс нэг үхрийн толгойг нь Ханхар гэх газарт байхыг нь олсон байсан. Тэгээд би Цэрэнпагам хөгшний охин Отгонжаргалтай нөгөө газарт яваад очтол тэр газарт алга болсон үхэрнүүдийн толгойг булчихсан байсан. Тэгтэл Отгонжаргал нь тэр даруйдаа цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаа нар ирж тэр газарт нь үзлэг хийчихээд явсан. Уг үхэрнүүд бүгдээрээ ямар ч байсан Цэрэнпагам хөгшний үхэрнүүд байсан. Сүүлд сонсохнээ Цэрэнпагам хөгшний охин Санжидхоролын үхэрнүүд гэж дуулдсан. Хүрэн тарлан үхэр, сартай хүрэн үхэр, оодон сүүлтэй улаан үхэр, час улаан үхэр уг үхэрнүүд нь бүгд л нас гүйцээд хоёроос гурван жил болчихсон эр үхэрүүд байсан. Уг үхэрнүүд нь бүгд хүмбэгэр босоо эвэртэй, эвэр дээр нь улаан өнгийн будаг түрхчихсэн үхэрнүүд байсан. Харин үлдсэн ганц үхэр нь нүүр нь муруй халзан, энэ жил гүйцэж бүдүүрч байгаа улаан ягаан, халзан үхэр байсан. Бас л эвэр нь хүмбэгэр босоо эвэртэй үхэр байсан. Уг үхэрнүүд бол тамгагүй. Зөвхөн буруу талын чихэндээ ухам хөрөө имтэй үхэрнүүд байсан. Уг үхэрнүүд ээмэгтэй байсан боловч зарим үхэрнийх нь ээмэгнүүд нь ойччихсон байсан. Хүрэн тарлан үхэр нь нуруун дээгүүрээ тарлан, бусад хэсгээрээ хүрэн үхэр байсан. Тус үхэр нядлагдсан газар нь манай гэрээс 3-4 орчим км зайтай байдаг...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 54-55 хуудас/,

 

Гэрч Д.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний ээж Цэрэнпагам Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг 2 дугаар баг, “Эхэн ус” гэх газарт мал маллаж амьдардаг. Одоо 70-н нас гарч яваа настай хүн. Гэртээ ганцаараа байдаг. Батбаяр гэх малчныхтайгаа айл саахалт байдаг. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр малчин Батбаяр болон ээж Цэрэнпагам нар над руу манай үхэрнээс 5 тооны эр үхэр өнгөрсөн шөнө алга болчихлоо гэж хэлж мэдэгдсэн. Тэгэхээр нь би ойролцоо хавиар эрж л байдаа хүрээд ирэх байлгүй дээ гэж хэлсэн. Түүнээс хойш үхэрнүүдээ эрээд олоогүй. Тэгтэл 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын Батсуурийн хүүхэд Жамбалдаш нь манайхаас ойролцоо Ханхар гэх газарт нэг үхрийн толгой байна. Танай үхрийн толгой байна, чоно идчихсэн юм шиг байна гэж хэлэхээр нь би хөдөө очоод нөгөө газарт очоод үзтэл манай алга болсон 5 үхрийн нэг үхрийнх нь толгой байсан. Ойр хавиар үмхий үнэртээд ялаа бужигнаад байхаар нь хартал манай таван үхрийн толгойг газар ухаад булчихсан юм шиг байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Цагдаа нар тэр оройдоо ирж хэргийн газар үзлэг хийчихээд явсан. Уг нядлагдсан үхэрнүүд нь манай эгч Санжидхоролын үхэрнүүд байсан. Ямар ч байсан дөрвөн үхэр нь нас гүйцчихсэн, нэг нь энэ жил нас гүйцэх үхэр байсан. Уг үхэрнүүдийн эврийг улаан будгаар будсан байсан. Яг нарийн содон шинж тэмдгийг нь малчин Батбаяр ах сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 56 хуудас/,

 

Гэрч Т.Чимэддуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хэргийн талаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим манай нөхөр надад хэлсэн. Нийт 3 тооны үхэр алдагдсан. Хүрэн зүсмийн, хар зүсмийн, хүрэн тарлан зүсмийн бүгд 4 настай шүдлэн, хязаалан эр үхэр байсан. Манайхаас өмнө нь мал алдагдаж байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч Г.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Энхбаатарыг бол танина. Батсайхан гэдэг хүнийг танихгүй, зүгээр зүс харж байсан. Энхбаатар нь манай хадам ээж Чулуунбатын эгчийнх нь хүүхэд байгаа юм. Би өөрөө танилцаад удаагүй болохоор бас сайн бол танихгүй. Улаанбаатар хотод бол нэг их мах оруулж ирж байгаагүй. Надад 2 удаа л мах оруулж ирж зараад өгөөч гэж байсан. Эхнийх нь 2016 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ны өдөр гэж санаж байна. 5 үхрийн бүтэн мах байсан. Арьс ширтэйгээ махаа хаа, гуяар нь ангилсан байдалтай 5 хэсэг 5 үхрийн мах байсан. Тэрийг нь би Хархорин захын мах авдаг ченж Баригин гэх хүнд 1 кг-г 3800 төгрөгөөр бөөндөж бүгдийг нь тэр хүнд өгсөн. Арьс ширийг нь бол мэдэхгүй байна. Ингэхэд 3000000 гаран төгрөг болсон байх. Тэгээд зараад л мөнгийг нь Энхбаатарт өгчихсөн. Надад тэр мөнгөнөөсөө 20000 төгрөг л өгсөн. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэж санаж байна. Хархорин зах дээр байж байтал миний утас руу залгаад 3 үхэртэй ирж байна шүү зараад өгөөрэй гэсэн. Тэгээд тэр өдрөө 15 цаг болж байхад Хархорин зах дээр уулзаад Нараа гэх 34-р лангуун дээр суудаг ченжид 1 үхрийн махыг нь өгөөд 1 бүтэн махаа Баяраа гэх 30-р лангуунд суудаг махны ченжид, 1 бүтэн махыг нь Цэцэглэн гэдэг 33-р лангуун дээр суудаг ченж хүнд өгөөд 1 кг-г 3000-3200 төгрөгөөр бодож өгөөд нийт 1500000 гаруй төгрөг болоод Энхбаатар ах мөнгөө аваад Энхбаатар, Батсайхан, өөр нэг танихгүй хүнтэй хамт манайд очоод цай унд уучихаад надад 40000 төгрөг өгчихөөд явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад өнөөдөр л уулзаж байна. Надад өөрөө хэлэхдээ өөрийнхөө малаас л алаад оруулж ирж байгаа гэж хэлдэг байсан. Би хулгайн мах гэдгийг нь мэдээгүй. Надад яг ямар учиртай гэдгээ бол хэлээгүй. Сүүлийн 3 үхэр оруулж ирэхдээ өвлийнхөө бэлтгэлийг хийх гэж байна гэж хэлж байсан. Эхний 5 үхрээ алчихаад арьстай нь ачиж ирээд Эмээлт дээр янзлуулаад авчирч байсан. Яг хаана янзлуулдаг талаар мэдэхгүй байна. Янзлуулаад манай гэрт тэр өдрийнхөө 16 цагт авчирч ирээд муудчих байх гээд Сонсголонгийн тэнд байдаг нэг зооринд аваачиж хийгээд маргааш өглөө нь зарчихсан юм. Эхний малаа оруулж ирэхдээ хоёулаа хамт явж байсан. Би тэр хамт явж байсан хүнийг нь мэдэхгүй юм байна лээ. Машин нь цэнхэр өнгийн ачаагаа өндөрлөсөн Портер маркийн өөрийнх нь машин байсан. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Сүүлийн 3 үхрийн махаа оруулж ирэхдээ 3-уулаа явж байсан. Нэг нь лав Батсайхан гэдэг залуу байсан. Нөгөөдөх нь 165 см орчим өндөртэй бордуу царайтай, туранхай биетэй залуу байсан. Бас өөрийнхөө Портер машинтайгаа явж байсан. Надад өөрөө хэлэхдээ өөрийнхөө малнаас гаргаж ирлээ гэж хэлдэг бөгөөд би яагаад сэжиглээгүй гэхээр манай хадам ээж надад хэлэхдээ тэднийх мал сайтай айлын ганц хүүхэд гэж хэлж байсан болохоор нь сэжиглээгүй юм. Сүүлийн 3 үхрийн махны гарал үүслийн гэрчилгээг Тунгаа гэх хүнд үзүүлж байсан. Тунгаа нь манай Хархорин захын мэргэжлийн хяналтын байцаагч байгаа юм. Эхний оруулж ирсэн махны гэрчилгээгээ Баргиа гэх хүнд махтайгаа хамт өгсөн. Эхний 5 мах нь шинээрээ /арьснаасаа салаагүй/ цэвэрхэн байсан. Тэгж хийсэн махыг арьсан дээр нь нядалсан байх боломжгүй. Эмээлт дээр л янзалсан байх. Сүүлийн 3 үхрийн мах нь царцсан байдалтай 5 хэсэг /сээр хаа, дан хаа, нуруутай гуя, дан гуя өвчүү/ хуваагаад цэвэрхэн хийсэн байсан. Надад хэлэхдээ гэртээ хийгээд царцаагаад янзлаад аваад ирлээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 65-66 хуудас/,

Гэрч Б.Мядагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай түүхий эд авах цэгт 2016 оны 10 дугаар сарын 02-ны 23 цагийн орчим цэнхэр өнгийн тэвш нь будаггүй төмөр өндөрлөгөөтэй Портер машинтай хоёр залуу 3 ширхэг үхрийн шир тушаасан. Өөр бол ямар нэгэн арьс, шир тухайн шөнө тушаагаагүй. 30 орчим насны хоёулаа ногоон хүрэн өнгийн дээлтэй, туранхайвтар, 175 см орчим өндөртэй, шар төрхтэй залуучууд байсан. Хүрэн өнгийн шир, хар өнгийн шир, хүрэн билүү хар тарлан зүсмийн гуруулаа нас бие гүйцсэн ижил насны үхрийн шир байсан. "үхрийн шир өгье" гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Нэг ширийг нь 15000 төгрөгөөр, нийлээд 45000 төгрөгөөр худалдаж авсан. Манайх камергүй. Тухайн 3 ширийг Эмээлтэд ченжид зарчихсан. Одоо бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 67-68 хуудас/,

Гэрч Баярбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дөлгөөнөө нь 2016 оны 07 дугаар сарын эхээр гурван залуутай 5 үхрийн мах 1 кг-ийг нь 4000 төгрөгөөр бодож авсан. Нийт 2000000 гаруй төгрөг болсон. Уг 5 үхрийн махыг Ханын материалд байх Дөлгөөнөөгийн хашаанд Портер дээр байхаар нь аваад Моносын зүүн талд байх түрээсийн зооринд байлгаж байгаад маргааш өглөө 6 цагт махаа авсан. Дөлгөөнөө надад хэлэхдээ манай хадам ах байгаа юм. Та нэг аргалаад зараад өгчихөөч л гэж хэлсэн. Өвөрхангайн Нарийнтээл сумаас гэрээсээ өөрийнхөө үхрийг нядалж авч ирсэн гэж хэлсэн. Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн үед байсан би машиндаа хийчихсэн байж байгаад хаячихсан байна лээ. 30 орчим насны, туранхайвтар 175 см орчим өндөр, нэг нь дээлтэй байсан, нөгөө хоёр нь цамцтай байсан ба сайн санахгүй байна. Надад Дөлгөөнөө 2016 оны 10 дугаар сарын 02-нд гурван үхрийн мах хөдөөнөөс ирж байгаа. Манай хадам ах авч ирж байгаа та авах уу? гэж асуухаар нь би аваад ир би үзээд авъя гэж хэлсэн. Тэгээд надад заралгүй өөр хүнд зарчихсан байсан. Цэнхэр өнгийн тэвш нь төмөр өндөрлөгөөтэй Портер машин байсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Би өмнө нь тэд нараас мах авч байгаагүй. Анх удаа 2016 оны 07 дугаар сард л 5 үхрийн мах авсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 69-70 хуудас/,

Гэрч Г.Цогзолмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дөлгөөнөө нь нэг залуутай тухайн өдөр 15 цагийн орчим 03-16 гэсэн бичигтэй Баянхонгор аймгийн Өлзийт сумын кодтой 0009219 гэсэн гэрчилгээний дугаартай Соронзонболд гэж хүн нийт 3 үхрийн 320 кг махны гарал үүслийн гэрчилгээ өгсөн. Надад гарал үүслийн гэрчилгээ байгаа, бүртгэдэг дэвтэр бол байхгүй. Та нар авч болно. Би гаргаж өгч байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 71 хуудас/,

Гэрч Т.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед "Дөлгөөнөө" гэж манай мах зөөдөг залуу "Хадам ээж гурван үхрийн мах явуулсан авах уу, би найр хийх гэж байгаа" гэж хэлэхээр нь би авъя гэсэн. Ингээд мах нь 15 цагийн орчим цэнхэр өнгийн тэвш нь өндөрлөсөн портер машинтай хоёр залуугийн хамт 3 үхрийн мах авч ирсэн. Би 140 кг жинтэй махыг нь 1 кг нь 3000 төгрөгөөр авсан. Нийт 420000 төгрөг болсон. Портерт тэвшний өндөрлөгөө нь цэвэрхэн төмрөөр хийсэн байсан. Санахгүй байна, гарал үүслийн гэрчилгээг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 72-73 хуудас/,

Гэрч С.Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр 16 цагийн орчим манайд мах зөөдөг Дөлгөөнөө гэгч нь хоёр залуугийн хамт ирээд нэг үхрийн 180 кг мах 1 кг махыг нь 3200 төгрөгөөр нийт 576000 төгрөгөөр надад зарсан. Хүүхдийн дайх үргээх гээд мөнгөгүй болчихсон Булганы үхэр байгаа юм. Манай хадам талын хүмүүс байгаа юм. Гэхдээ нөгөө хоёр залуу руу заасан. Гарал үүслийн гэрчилгээний талаар яриагүй. 175 см орчим, туранхай, шардуу төрхтэй, хувцас нь нэг нь бор ноосон цамцтай, нөгөөдөхийг нь анзаараагүй. Учир нь би Дөлгөөнтэй харьцаж, тооцоо хийсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Max авч ирсэн машин нь цэнхэр өнгийн тэвш нь будаггүй, төмөр өндөрлөгөөтэй Портер машин байсан. Номерыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 74-75 хуудас/,

Гэрч Ш.Цэцэглэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Яг тухайн цагт манай зөөгч Дөлгөөнөө хоёр залуугийн хамт ирсэн. Нэг үхрийн 160 гаруй килограмм мах нэг хилийг нь 3200 төгрөгөөр зарсан. Өндөрлөгөөтэй цэнхэр өнгийн Портер машин байсан. Тухайн хүмүүсийн хувцсыг нь анзаараагүй, туранхайвтар 30 орчим насны 175 см орчим өндөр залуус байсан. Надад манай хадмын талын мах, үсний найр, хүүхэд угаах гэж байгаа юм гэж хэлж надад зарсан. Надад манай мах зөөдөг Дөлгөөнөө л тэгж хэлсэн. Нөгөө хоёртой нь харьцаагүй. Гарал үүслийн гэрчилгээ байгаагүй, шир нь байгаагүй. Торон судалтай зүйлээр бүтээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 76-77 хуудас/,

Гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Батсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад Баянхонгор явсан.  Ингэхдээ Энхбаатартай цуг “Портер” машинтай нь явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хотод ирчихлээ гэж ярьж байсан. Тэр хооронд юу болсон талаар бол би мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчим Энхбаатарын “Портер” дээр 20 орчим шуудай хивэг ачиж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 78 хуудас/,

Гэрч Ц.Цогнамжилын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү Энхбаатар нь зүүн айлын Батсайхантай хамт өөрийнхөө “Портер” машинтай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай өвөлжөөн дээрээс аргал ачаад маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Батсайханы хамт Баянхонгор аймаг руу “Собо” гэдэг Энхбаатар өөрийнхөө найзынд аргал буулгачихаад Баянхонгорын төвөөс нэг үл таних айлаас гэр ачаад явсан гэж манай бэр хэлсэн. Улаанбаатар хот руу Батсайхантай хамт явсан гэж хэлсэн. Өөр бол надад мэдэх зүйл алга. Надтай холбогдоогүй. Эхнэртээ л энэ тухайгаа хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 79 хуудас/,

Гэрч М.Будалхаяны мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай нөхөр Ц.Энхбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны 16 цагийн орчим манай өвөлжөөнөөс Батсайхантай хамт өөрийнхөө машинтай аргал ачиж ирээд гэртээ хоночихоод маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний 15 цагийн орчим Батсайхантай нөгөө ачсан аргалаа аваад Баянхонгор аймгийн төв рүү "Собо" гэх найзындаа аргал аваачиж өгчихөөд тэр өдрөө 18 цагийн орчим над руу ярихдаа би одоо гялаантай /Батсайхан/ хамт гэр ачаад явлаа гэж ярьсан. Тэрний дараа 2016 оны 10 дугаар сарын 02-ны 12 цагийн орчим над руу 83138484 тоот утсаар яриад би хот руу орж явна гэж хэлээд тасалсан. 2016 оны 10 дугаар сарын 03-нд өөрийнхөө утаснаас яриад би одоо хивэг, тэжээл ачих гээд явж байна гээд тасалсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Нарийнтээл дөхөж явна гэж хэлсэн. Үүнээс хойш утсаар яриагүй байж байгаад өнгөрдөг шөнө 03 цагийн үед гэртээ ирж хоносон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 88-89 хуудас/,

Гэрч Н.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын эхээр байх, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Дэлгэрдалай танихгүй хоёр залуутай Улаанбаатар хотод Эмээлтээс нааш миний ажилладаг "Хан богд Кашмер" ХХК-ийн хашаанд таван тооны үхэртэй ирсэн. Хамт ирсэн залуучуудыг нь танихгүй. Үхэртэй ч гэж дээ толгой нь байхгүй нядалсан үхрүүд байсан. Оролдоогүй юм чинь үхэртэй л гэж хэлнэ биз дээ. Тэгэхээр нь би ямар сонин юм бэ гэж бодож л байсан. Тэгээд манай тэр хашаанд оруулаад хуулсан. Хуулж аваад бүх мах, ширээ аваад явсан. Тийм л юм болсон... Дэлгэрдалайгийн тэр авчирсан таван үхрийн нэг нь тарлан зүстэй, бусад нь бараан зүстэй үхрүүд байсан. Би одоо сайн санахгүй байна. Бодвол Баянхонгор сумынх юм чинь Баянхонгороос л авчраа биз. Дэлгэрдалайд үхэр байхгүй. Би асуусан. Толгой тархигүй юм байх даа, та нар болж байгаа юм уу гэж асуусан. Тэгсэн чинь Дэлгэрдалай болноо болно гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 91-92 хуудас/,

Гэрч А.Билэгсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 01-нйи өдөр Бэлх гэх газар би хадам аавындаа байсан чинь Энхбаатар, Батсайхан хоёр ирсэн. Тэгээд манай нөхөр Соронзонболдтой хадам аавынхаас аргал ачиж тэвшээ дүүргэсэн. Учир нь манайд аргалын өгцөө Энхбаатар өгөх байсан юм. Тэр өглөө ирэхдээ аргалаа ачаад ирсэн. Нэгэнт аймаг явах гэж байгаа юм чинь гээд аавынхаас аргал нэмж авсан нь тэр юм. Тэгээд аргалаа ачаад Энхбаатар, Батсайхан хоёртой манай нөхөр хүүхэд бид гурав хамт Баянхонгор аймаг явж Баянхонгор сумын төвд Амьчуулд 4-9-31 тоотод манай хашаанд аргалаа буулгасан. Тэгээд Энхбаатар, Батсайхан хоёр төв аймаг явах гэж байгаа гээд яваад өгсөн. Бид гурав гэртээ үлдсэн. Хөдөөнөөс аймгийн төв рүү гэрлүүгээ явж байхад 14 цаг өнгөрч байна гэсэн. Тэгэхээр 15 цаг өнгөрөөгөөд гэртээ ирж аргал буулгасан байх. Тэгэхэд нэг их удаагүй. Аргал буулгаж өгчихөөд Энхбаатар, Батсайхан хоёр нэг цаг шахуу болчихоод ганц ганц аяга цай уугаад шууд яваад өгсөн. Энхбаатарын Портер маркийн, цэнхэр өнгөтэй машинаар манайд аргал буулгасан. Би улсын дугаарыг нь мэдэхгүй. Би тэвш рүү нь өнгийж хараагүй. Тухайн үед би нөхрөөсөө асууж байсан. Соронзонболд надад хивэг авчрах гэж байгаа гэсэн гэж л хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 94-95 хуудас/,

Гэрч М.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байх би ажлаа тараад явж байгаад Баянхонгор аймгийн Амьчуул хороололд орой 20 цагийн үед Гилаан, Энхбаатар хоёртой тааралдсан. Тэгээд мэнд ус мэдээд ойрд тааралдаагүй болохоор ганц хоёр юм уух уу гэж би хэлсэн. Тэгсэн чинь тэгье гэсэн. Тэгэхээр нь бид нар мөнгөө нийлүүлээд 0.5 граммтай “Улаанбаатар” нэртэй архи нэгийг авсан. Бас 0.5 граммтай 1 ширхэг, 1.5 литрийн 2 ширхэг “Сэнгүүр” пиво аваад бид гурав манайд очиж уусан. Би Энхбаатар, Батсайхан хоёроос урьд нь мал, мах авч байгаагүй. Тэр хоёр надад хөдөө гэр рүүгээ ингэсгээд явах гэж байгаа гэж хэлж байсан. Манайхаас 22 цаг өнгрөөд 23 цаг дөхүүлээд явсан. Надтай таарахдаа цэнхэр өнгийн “Портер” маркийн машинтай явж байсан. Улсын дугаарыг нь би анзаараагүй. Хэнийх нь машин юм бүү мэд, Энхбаатар уначихсан явж байсан. Хөдөөнөөс ямар ажлаар орж ирсэн талаар би асуугаагүй, мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96 хуудас/,

Гэрч А.Мягмарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн “Чулуун онгоцот” гэх газар зусдаг малчин Цогнамжилын Энхбаатар хөдөөнөөс өөрийн биеэр над дээр ирж би өөрийн мал сүргээс 2 тооны үхэр төхөөрч борлуулна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь тэдний мал эрүүл, өмнө нь өвчин гарч байгаагүй, тарилга туулгалтанд ордог болохоор би ямар ч асуудалгүй гэж бодоод нүдээр үзэлгүй мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн. Итгэлцлийн үүднээс л харж үзэлгүй бичээд өгчихсөн юм. Тэр үед Баянхонгор аймагт борлуулна, үнэ багатай байвал Улаанбаатар явж борлуулна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “чи Улаанбаатар явбал наад мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээн дээрээ багийн Засаг дарга, улсын байцаагч, цагдаагийн байгууллагаар хянуулж гарын үсэг зуруулж яваарай гэж хэлсэн. Тухайн үед Энхбаатар ганцаараа орж ирж бичиг хийлгэж авсан. ...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тэр Соронзонболд гэдэг чинь нэг үхрийн мах дээр мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ авсан байна. Би яг Соронзонболд гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгоод надад үлддэг хувь дээр Соронзонболд 2016.09.29-ний өдөр авсан нь харагдаж байна. Баянхонгор аймагт л борлуулсан байх. Соронзонболд хэнтэй орж мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ авсныг сайн санахгүй байна. Энхбаатартай хамт явж байсан болов уу гэж санагдаад байна. Би идэш хоолны цагаар олноор ачиж байгаа тохиолдолд заавал нүдээр харж байж мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг бичиж өгдөг. Ганц юман дээр бол ард иргэдэд итгэлцлийн журмаар харалгүй хийж өгдөг тохиолдол байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97 хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Энхбаатарын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн орчим Батсайханы хамт "Дунд ангал" гэх өөрийнхөө өвөлжөөн дээрээс өөрийн эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машин дээр аргал ачаад гэртээ ирээд хоол унд уучихаад Батсайханыг гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчим босоод цай ундаа уугаад хонь малаа усалчихаад 10 цагийн орчим Батсайханыг очиж аваад манай гэрээс зүүн тийш 10 км яваад байдаг "Бэлгэх" гэх газар 12 цаг өнгөрч байхад очоод Портер дээрээ нэмж аргал ачаад Бэлгэхээс Соронзонболд гэж найзыгаа эхнэр хүүхэдтэй нь аавынхаас нь аваад 14 цагийн орчимд хөдлөөд Баянхонгор аймгийн төв дээр 16 цагийн үед ирсэн. Ингээд аргалаа Баянхонгор аймгийн "Амчуул" гэх газар Соронзонболдын гэрт буулгачихаад гэрт нь орж аяга цай уучихаад 17 цагийн орчим гараад "9 эрдэнэ" гэх төв захын зүүн талд байдаг дугуй засварын газар очоод өөрийнхөө запас дугуйнд олгой тавиулчихаад уг дугуй засварын газраас урагш байх Баян бүрд нэртэй шатахуун түгээх газраас түлш авчихаад 18 цагийн орчим Нарийнтээл сум руу төв замаараа явж байгаад "Сэнжит" гэх газраар төв замаараа салаад Баянтээг ороод тэр чигээрээ баруун зүгт Баянтээгээс 15 орчим км яваад голын сайр гараад баахан үхэрнүүд байхаар нь орой 22 цагийн орчим жалганд хөөж оруулаад тэндээ Батсайхан /Гялаан/ Соронзонболд, бид гурав 3 тооны үхрийг нь нэг нэг олсоор оосорлож аваад хөлдөж унагаад гурвууланг нь хутгаар нугаслаад арьсыг нь хуулаад эхлээд өвчүүг нь аваад гэдэс дотрыг нь гаргаад газар тавиад, дараа нь нүх ухаж булсан. Хаа, гуяыг нь сүвээтэй нэгийг нь ууцтай нь салгаад гурван үхрийн махаа арьс ширтэй нь өөрийн эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тэвш нь өндөрлөсөн Портер машин дээр ачаад үхрийн гурван толгойг нь гэдэс дотор булсан газраасаа хойд зүгт 70 орчим метр газар булсан. Гэдэс дотрыг нь булахдаа шийрнүүдийг нь хамт булсан. Тэгээд шөнийн 03 цагийн орчим тэндээсээ хөдлөөд голын сайраар хойшоо гараад Баянтээг явдаг зам руу нийлээд явсан. Тэгээд анх ирсэн замаараа засмал замдаа нийлээд Улаанбаатар явсан. Замдаа Сансар дээр зогсоод гурвуулаа хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд цаашаагаа гүвээ даваад хоёр километр орчим яваад Батсайхан замын урд тал руу машины баруун талын цонхоор үхэр нядалсан хоёр цагаан иштэй хутгыг хаясан. Ингээд явсаар байгаад 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Хархорин зах дээр ирээд манай хүргэн Дөлгөөнийг дуудсан. Өмнө нь Дөлгөөнтэй утсаар яриад ах нь 3 үхрийн мах алаад оруулж ирж байна,  зараад өгөөч гээд ярьчихсан  байсан юм. Ингээд Хархорин дээрээс Дөлгөөнөө тосож аваад намайг дагуулаад махны хэсэг рүү ороод 30, 33, 34 дүгээр лангуун дээр очоод 3 үхрээ нэг нэгээр нь зарсан. Ингэхдээ би нэг их зүйл яриагүй. Дөлгөөнөө л зарж өгсөн ба том 2 үхрийг нь нэг килограммыг нь 3000 төгрөгөөр, жижиг үхрийг нь нэг килограммыг нь 2900 төгрөгөөр зарсан. Гурван үхрийн мах нийлээд 500 орчим клограмм болсон ба нийт 1514000 төгрөг болсон. Махаа зарчихаад бид гурав гурвалжингийн тойргийн зүүн талд байх түүхий эд авах цэгт хүрэн, хүрэн тарлан, хар зүсмийн 3 үхрийн ширийг 45000 төгрөгөөр нэг 40 орчим насны эгчид зарсан. Батсайхан бид хоёр ярьж байгаад Соронзонболдод аргал аваачиж өгөхдөө хэлтэл Соронзонболд зөвшөөрөөд бид гурав хулгай хийсэн. Зүгээр замаасаа аваад явчихъя гэж бодоод л авсан. Яг анх тооцоолж аваагүй. Бид гурав хоёр хүрзээр ээлжлээд ухсан, эрээн өнгийн гялгар бүтээлгээр хучсан. Тэдгээр зүйлс одоо машины ачаан дээр байгаа. Би 2016 оны 07 дугаар сарын эхээр Дэлгэрдалай, Батсайхан нарын хамт Өвөрхангай аймгийн Баянтээгийн хойд тал руу үхрийн бэлчээр дээрээс 5 тооны үхэр нядалсан. Өөр бол надад үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 175-176 хуудас/

Шүүгдэгч Ц.Энхбаатарын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтанд сэжигтнээр дахин өгсөн “...Би уг гэмт хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 22 цагийн орчим өөрийн найз Батсайхан /Гялаан/, Дэлгэрдалай нарын хамт өөрийн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машиныг ашиглан үйлдсэн. Уг 5 үхрийг "Ханхар" гэх газар 30 шахуу үхэрнээс ялгаад бэлчээрт нь цагаан мяндсан татлагаар тус бүрийг нь хөлийг боож унагаад нугасалж алсан. Би 5 үхрийг бүгдийг нь нугасалж алахад Б.Батсайхан тавууланг нь шүүслэх буюу цусыг нь юүлж гаргасан. Дэлгэрдалай гэдэс, дотор, толгой, шийрийг нь булах нүх ухсан. Ингээд 5 үхрээ арьснаас нь салгалгүй шууд хот руу 03 цагийн орчимд аваад явсан ба замдаа Батсайханыг гэрт нь үлдээгээд Дэлгэрдалай бид хоёр явсан. Тэгээд шууд хотод 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим ирээд Сонсголонгийн ойролцоо Моносын баруун талд байх "Ханбогд" төвийн зүүн талын хашаанд оруулж янзлаад би Дөлгөөнтэй утсаар яриад ах нь хэдэн үхэр гэрээсээ нядлаад ирлээ, мөнгөний хэрэг гараад байна зараад өг гэж хэлсэн. Тэгээд Дөлгөөнөөг очиж аваад "Баярбаатар буюу Барви" гэх ченжтэй уулзаад тухайн өдрөө Барви ах худалдаж аваагүй бөгөөд Сонсголонгийн тэнд нэг агуулахад авчирч хийгээд маргааш өглөө нь 06 цагийн орчим Барви гэх ченжид нэг килограммыг нь 4000 төгрөгөөр нийт 600 орчим килограмм болж 2400000 орчим мянган төгрөг болсон. Ингээд тэндээс агуулахаас гараад Эмээлт дээр 5 үхрийн ширээ нэгийг нь 10000 төгрөгөөр нийт 50000 төгрөгөөр зарсан. Сүүлийн 3 үхэр хулгайлахад ашигласан 2 хүрзний богино иштэй хүрзээр ухсан. Би 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Д.Соронзонболд, Б.Батсайхан нарын хамт Өвөрхангай аймгийн 2 дугаар баг "Шорвог” гэх газраас 3 тооны эр үхрийг бэлчээр дээр нядлаад хулгайлсан. Өөр бол надад үйлдсэн хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 178-179 хуудас/,

Шүүгдэгч Б.Батсайханы мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 30-ны орой Ц.Энхбаатар манайд ирээд хоёулаа аргал ачаад ирье гэж хэлэхээр нь Энхбаатарын өвөлжөөн дээрээс машин дээр аргал ачаад ирсэн. Тэгээд Энхбаатар намайг мотоцикльтойгоо гэрт хүргэж өгсөн. Ингээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний 10 цагийн орчим Энхбаатар намайг гэрээс ирж аваад манай гэрээс зүүн тийш 10 орчим км яваад байдаг "Бэлгэх" гэх газар 12 цаг өнгөрч байхад очоод Портер дээрээ нэмж аргал ачаад “Бэлгэх”-ээс Соронзонболд гэж найзыгаа эхнэр хүүхэдтэй нь аавынхаас нь аваад Баянхонгор аймгийн төв дээр 16 цагийн  үед  ирсэн.  Ингээд аргалаа  Баянхонгор  сумын  "Амьчуул"  гэх газар Соронзонболдын гэрт нь буулгачихаад гэрт нь орж аяга цай уучихаад 17 цагийн орчим гараад "9 эрдэнэ" гэх төв захын зүүн талд байдаг дугуй засварын газраас урагш байх Баянбүрд нэртэй колонкоос түлш авчихаад 18 цагийн орчим Нарийнтээл сум руу төв замаараа явж байгаад "Сэнжид" гэх газраар салаад "Баянтээг" ороод тэр чигээрээ баруун зүгт Баянтээгээс 15 орчим километр яваад голын сайр гараад баахан үхэрнүүд байхаар нь орой 22 цагийн орчим жалганд хөөж оруулаад тэндээ Ц.Энхбаатар, Соронзонболд, бид гурав 3 тооны эр үхрийг нэг нэгээр олсоор оосорлож аваад хөлдөж унагаад гурвууланг нь хутгаар нугаслаад арьсыг нь хуулаад, эхлээд өвчүүг нь аваад гэдэс дотрыг нь гаргаад газар тавиад дараа нь нүх ухаж булсан. Махаа салгахдаа хаа, сүвээтэй нь нэг хааг нь дангаар нь, нэгийг нь хүзүү сээртэй нь, нэг гуяыг нь сүвээтэй нь, нэгийг нь ууцтай нь салгаад гурван үхрийн махаа арьс ширтэй нь Энхбаатарын 15-36 БНХ улсын дугаартай тэвш нь өндөрлөсөн Портер машин дээр ачаад үхрийн гурван толгойг нь гэдэс дотор булсан газраасаа хойд зүгт 70 орчим метр газар хуучин алтны нүх ухсан газар булсан. Гэдэс дотрыг нь булахдаа шийрнүүдийг хамт булсан. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Хархорин зах дээр иртэл Энхбаатар өөрийн дүү гэх Дөлгөөнөө гэгчтэй утсаар яриад өөрийн үхрээ оруулж байна, ах нь гарал үүсэлтэй гэж хэлсэн. Ингээд Хархорин дээрээс Дөлгөөнөө тосож аваад Энхбаатарыг дагуулаад махны хэсэг рүү ороод том хоёр үхрийг нэг килограммыг нь 3000 төгрөгөөр, жижиг үхрийг нь нэг килограммыг нь 2900 төгрөгөөр зараад ирлээ л гэж хэлсэн. Нийт 1500000 төгрөг орчим болсон гэж хэлж ирсэн. Махаа зарчихаад бид гурав Гурвалжингийн тойргийн зүүн талд байх түүхий эд авах цэгт хүрэн, хүрэн тарлан, хар зүсмийн 3 үхрийн ширийг нийт 45000 төгрөгөөр нэг 40 орчим насны эгчид зарсан. Тэгээд тэндээсээ би 21 цагийн орчим Драгон төв дээр буугаад 3 давхар улаан тоосгон буудалд орж хоночихоод маргааш өглөө нь 09 цагийн орчим Энхбаатар, Соронзонболд 2 ирээд намайг дайрч аваад “Сутай” зах ороод Энхбаатар хойд 4 дугуйг шинээр солиулсан. Тэндээсээ Сонголонгийн призер гараад Энхбаатар бид хоёр 50 шуудай хивэг худалдаж аваад 15 цагийн орчим Баянхонгор руу бид гурав хөдөлсөн. Замаараа Дэлгэрэх-2 дэлгүүрээс ус ундаа, мөн шатахуун түгээхээс шатахуун аваад Баянхонгорт үүрийн 04 цагийн орчим ирээд Энхбаатарын хадмынд нь хоноод маргааш өглөө нь 12 цагийн үед босоод цай хоол идчихээд “Дурсамж” гэх гэрэл зургийн төв дээр ирээд Энхбаатар кузов дээрээ номер захиалсан. Ингээд 15 цагт ирж ав гэсэн. Тэгэхээр нь Скайтелийн төв ороод утсандаа дугаар аваад буцаж “Дурсамж” ороод хийлгэсэн машины номероо авсан. Тэгээд Соронзонболдын гэрт очиж хоол идчихээд дараа Амьчуулын тойргийн зүүн талд байх дэлгүүр орж 10 лааз “Сэнгүр” нэртэй пиво Энхбаатар аваад 5-3 тоотод байх Соронзонболдын найз Нямдаваагийн гэрт Энхбаатар бид хоёр очсон ба Соронзонболд гэртээ үлдсэн. Ингээд бид 3 нөгөө пиво хувааж уучихаад 23 цаг өнгөрч байхад төв хаан банкны АТМ-ээс Энхбаатар мөнгө аваад 4-2 тоотод байх дэлгүүрээс 2 литрийн 2 сав орос пиво, нэг 0.5 литрийн цагаан архи, нэг 2.0 литрийн кола аваад буцаад Нямдаваагийнд очоод нөгөө пивоныхоо нэгийг нь уучихаад Батсайхан бид хоёр 01 цагийн орчим Өлзийт сум руу гэр рүүгээ явсан. Ингээд би гэртээ хүргүүлээд орж унтсан. Тэр үед цаг 03 цаг өнгөрч байсан. Өмнө нь Дэлгэрдалай бид гурав 5 тооны үхэр хулгайлсан байсан. Тэгээд л болох юм шиг санагдаад л тэгээд хулгай хийсэн. Бид гурав хоёр хүрзээр ээлжлээд ухсан, эрээн өнгийн гялгар бүтээлгээр хучсан. Тэдгээр зүйлс одоо машины ачаан дээр байгаа. Хутгаар нядалсан. Тэр хутга бол байхгүй хаясан. Би 2016 оны 07 дугаар сарын эхээр Дэлгэрдалай, Энхбаатар нарын хамт Өвөрхангай аймгийн Баянтээгээс бэлчээр дээрээс нь 5 тооны үхэр хулгайлсан. Өөр бол надад үйлдсэн хэрэг байхгүй. Ямар ч байсан нэг үхэр нь хүрэн тарлан үхэр байсан. Бүгд эр, соёолон, хязаалан үхэрнүүд байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 181-182 хуудас/,

Шүүгдэгч Б.Батсайханы 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Анх урьд хулгайлсан 5 үхэр дээрээ Дэлгэрдалай Энхбаатарт санал болгосон байдаг. Саяын 3 үхэр дээр бол Энхбаатар бид хоёр ярилцаад Энхбаатар надад гарал үүсэл хийлгэсэн, асуудал байхгүй гэж хэлээд дараа нь бид хоёр Соронзонболдод хэлтэл зөвшөөрөөд бид гурав хулгай хийсэн. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 199 хуудас/,

Шүүгдэгч Д.Соронзонболдын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 01-ний 13 цагийн орчим Бэлхэд гэртээ байж байхад Энхбаатар, Батсайхан 2 аргал ачаад манайд ирсэн. Ингээд нэмж манай өвөлжөөн дээрээс аргал ачаад Баянхонгор аймгийн төв дээр 13 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд аргалаа Баянхонгор сумын 4-р баг "Амьчуул" 8-31 тоотод байх манай гэрт буулгасан. Ингээд манай гэрт орж аяга цай уучихаад 17 цагийн орчим гараад "9 эрдэнэ" гэх төв захын зүүн талд байдаг дугуй засварын гзар очоод Энхбаатар машины запас дугуйнд олгой тавиулчихаад уг засварын газраас урагш байх Баянбүрд нэртэй колонкоос түлш авчихаад 18 цагийн орчим Нарийнтээл сум руу төв засмал замаараа явж байгаад "Сэнжит" гэх газраар салаад "Баянтээг" ороод тэр чигээрээ баруун зүгт Баянтээгээс 15 орчим километр яваад голын сайр гараад баахан үхэрнүүд байхаар нь орой 23 цагийн орчим жалганд хөөж оруулаад тэндээ Ц.Энхбаатар, Батсайхан бид гурав гурван тооны эр үхрийг нэг нэгээр нь олсоор оосорлож аваад хөлдөж унагаад гурвууланг нь хутгаар нугаслаад арьсыг нь хуулаад эхлээд өвчүүг нь аваад гэдэс дотрыг нь гаргаад газар тавиад /дараа нь нүх ухаж булсан/ махаа салгахдаа хаа, гуяар салгаад, нэг хааг нь дангаар нь, нэгийг нь хүзүү сээртэй нь, нэг гуяыг нь сүвээтэй нь, нэгийг нь ууцтай нь салгаад гурван үхрийн махаа арьс ширтэй нь Энхбаатарын 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тэвш нь өндөрлөсөн Портер машин дээр ачаад үхрийн гурван толгойг гэдэс дотор булсан газраасаа хойд зүгт 70 орчим тетр газар хуучин алтны нүх ухсан газар булсан. Гэдэс дотрын булахдаа шийрнүүдийг нь хамт булсан. Тэгээд 02 цаг өнгөрч байхад тэндээсээ хөдлөөд голын сайраар хойшоо гараад Баянтээг явдаг замаар явж байгаад анх ирсэн замаараа засмал замдаа нийлээд Улаанбаатар явсан. Замдаа Сансар дээр зогсоод гурвуулаа хоол идчихээд хөдөлсөн. Тэр үед Батсайхан сансар өнгөрөөд 3-5 км яваад үхэр нядалсан 2 хутганы жижиг цагаан иштэй хутгийг нь замын урд тал руу хаясан. Ингээд явсаар байгаад 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Хархорин зах дээр иртэл Энхбаатар өөрийн дүү гэх Дөлгөөнөө гэгчтэй утсаар яриад өөрийн үхрээ оруулж байна гарал үүсэлтэй гэж хэлсэн. Ингээд Хархорин дээрээс Дөлгөөнөө тосож аваад Энхбаатар бид хоёрыг дагуулаад махны хэсэг рүү ороод махаа хиллэсэн. Ингээд би гараад явчихсан ба Энхбаатар, Дөлгөөнөө хоёр л наймаа хийсэн. Удалгүй Энхбаатар, Дөлгөөнөө хоёр гарч ирээд нийт 500 орчим килограмм жин татаж 1500000 төгрөг орчим болсон гэж хэлсэн. Махаа зарчихаад бид гурав Гурвалжингийн тойргийн зүүн талд байх түүхий эд авах цэгт хүрэн, хүрэн тарлан, хар зүсмийн гурван үхрийн ширийг нэгийг нь 15000 төгрөгөөр нийт 45000 төгрөгөөр нэг 30 нэлээн гарсан эгчид зарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 184-185 хуудас/,

Шүүгдэгч Б.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би хувиараа төмөр хийцийн үйлдвэрийн газартай. 2016 оны 07 дугаар сарын эхээр Энхбаатар бид хоёр манай ажлын хашаанд машины багаж доторлогоонд гагнуур хийж байх үедээ Энхбаатараас үхэр хулгайлах уу гэж асуутал Энхбаатар “би хоёр, гурав хоногоос хүрээд ирье” гэж хэлээд хөдөө явсан. Ингээд 3-4 хоногийн дараа Энхбаатар манайд хүрч ирээд нөгөө ажилдаа явах уу, би мах авах хүнтэй ярьчихлаа /үхэр хулгайлах/ гэсэн. Тэгэхээр нь би урьд нь ял шийтгэл эдэлж байсан баригдвал яах вэ гэж хэлсэн. Тэгтэл Энхбаатар асуудал байхгүй. Арыг нь би даана гэсэн. Тэгээд бид хоёр ярьж байгаад Батсайханы гэрт очоод Батсайханд энэ тухайгаа хэлэхэд зөвшөөрөөд тухайн өдрөө 17 цагийн орчим Нарийнтээл сумын төв ороод дэлгүүрээс Энхбаатар 10 метр олс худалдаж авсан. Тэгээд Баянтээгийн уурхай ортол үхэр мал байхгүй байсан. Ингээд 21 цагийн орчим буцаад ирсэн замаараа Нарийнтээл сум руу явж байтал Баянтээгээс Нарийнтээл явах замд 10 гаруй километрийн зайд бэлчээртээ 20 гаруй үхэр байсан. Тэгээд замын сайрын хажуу талд машинаа тавьчихаад дээсээ 2 хувааж бугуйл хийгээд 5 үхэр барьж аваад хөлийг нь тушаад унагаасан ба Энхбаатар 5 үхрийг бүгдийг нь хутгаар нугасалж алсан. Тэр хооронд би газар 3-4 нүх ухаж дууссан. Батсайхан, Энхбаатар хоёр үхрээ гэдэс, толгой шийрийг нь аваад миний ухсан нүхэнд хийж булсан. Ингээд махаа Энхбаатарын 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машинд арьстай нь өвчилгүй тэр чигт нь ачаад 23 цагийн орчим тэндээсээ хөдлөөд тухайн үед гол үертэй байсан болохоор Нарийнтээл сумаар дайраад Батсайханыг гэрт нь хүргэж өгөөд 00:30 минутын үед Батсайханыхаас Энхбаатар бид хоёр хөдлөөд Улаанбаатар хот руу махаа ачаад явсан. Ингээд 03 цаг өнгөрч байхад Энхбаатарын хамаатан гэх дарга хочтой, 20 гаран настай нэг залуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс суугаад бид Улаанбаатар хотод өглөө 10 цагийн орчимд орсон. Тэгээд замдаа Энхбаатар надаас үхэрнүүдээ яаж зохицуулах вэ гэж асуухаар нь би манай нэг ахынх скаладтай, тэнд очье гэж хэлээд ахаасаа асуутал манай скаладанд хятадууд ирчихсэн ноолуур авч байгаа, сүүдэрт нь буулгавал буулга гэхээр нь очиж үхэрнүүдээ нядлаад шууд буцаагаад ачсан. Тэр хашаа БГД-ийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн зүүн талын хашаа байсан. Тэгтэл Энхбаатар Дөлгөөнөө гэх дүү рүүгээ яриад би ирчихлээ, хаана очих вэ гэж асуутал манайд хүрээд ир гэсэн. Тэгээд ханын материалд очиж Дөлгөөнөөг аваад таньдаг ченжийн гэрт очсон. Нэрийг нь сайн санахгүй байна, тэр ченж мах үзчихээд нойтон мах байна, маргааш хатахаар нь үзье гэж хэлээд Моносын уулзварын тэнд нэг складанд махаа буулгасан. Ингээд маргааш өглөө нь 06 цагийн үед махан дээрээ очиж зарахаар болоод 640 гаруй килограмм мах болсон ба нэг килограммыг нь 3800 төгрөгөөр бодож зарсан. Нийт 2460000 төгрөг болсон гэж Энхбаатар надад хэлсэн. Тэндээсээ гараад Дөлгөөнөөг гэрт нь буулгачихаад Энхбаатартай хамт явж байсан залуу техникийн зах орж юм үзнэ гэхээр нь техникийн зах орчихоод Нарантуул зах орж Баянхонгорын төв орох дэлгүүрийн дайвар ачаа ачаад 17 цагийн орчим шууд Баянхонгор руу явсан. Ингээд маргааш өглөө нь 10 цагийн орчим Баянхонгор орж ачаагаа буулгачихаад Баянхонгороос зүүн хойш 50 км яваад Шаргалжуутын рашааны наадамд очсон. Тэгтэл тэнд Батсайхантай уулзаад би Энхбаатараар гэртээ хүргүүлээд Энхбаатар гэр рүүгээ явсан. ...Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Миний санаж байгаагаар 2 үхэр нь улаан зүсмийн 2 нь хар, нэг үхэр нь хүрэн тарлан үхэр байсан. Бүгд эр үхэрнүүд байсан. Хот руу ороод хуучин 22 дугаар товчооны цаана жижиг ганц түүхий эд авах цэг байсан. Замынхаа хойд талд байсан. Хохирлоо бол төлнө. Мөнгө төгрөгөөр дутаж байсны улмаас хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 187-188 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаартай криминалистикийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг хэлбэрийн 2 ширхэг гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэн ирүүлсэн гутлын улны мөр Ц.Энхбаатараас хураан авч ирүүлсэн гутлын улны мөртэй тохирч байна..” гэх дүгнэлт /1 хх-ийн 123-124/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 251 дугаартай криминалистикийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг хэлбэрийн 2 ширхэг тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэн ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр тэвштэй хэрэгслийн даацын дугайны мөрүүд байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ц.Энхбаатарын 15-36 БНХ дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөртэй шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг хэлбэрийн тээврийн хэрэгслийн мөр нь мотоциклийн явагч хэсгийн мөр байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 132-133/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 7-8/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 10-22/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 34-39/,

Хохирогч Д.Сүхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлт /1хх-ийн 46 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх “Ц.Энхбаатарын эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай, цэнхэр өнгийн Портер маркийн автомашиныг битүүмжилж Ц.Энхбаатарт хариуцуулан хүлээлгэн өгөхөөр тогтов” гэсэн /1хх-ийн 40-41/, “Б.Батсайханы эзэмшлийн NOKIA-1680 маркийн гар утсыг битүүмжилж Б.Батсайханд хариуцуулан хүлээлгэн өгөхөөр тогтов” гэсэн /2хх-ийн 217-218/, “Д.Соронзонболдын эзэмшлийн хар өнгийн нүүртэй, ар хэсэг нь цэнхэр өнгийн тагтай, NOKIA гэсэн бичиглэлийг цагаанаар бичсэн, NOKIA-X2 маркийн товчлууртай гар утсыг битүүмжилж Д.Соронзонболдод хариуцуулан хүлээлгэн өгөхөөр тогтов” гэсэн /2хх-ийн 226-227/, “Б.Дэлгэрдалайн эзэмшлийн хар өнгийн, нүүр талын дээд хэсэгт NOKIA гэсэн бичиглэлийг цагаанаар бичсэн, NOKIA-105 маркийн товчлууртай гар утсыг битүүмжилж Б.Дэлгэрдалайд хариуцуулан хүлээлгэн өгөхөөр тогтов” гэсэн /2хх-ийн 235-236/ тогтоол, тэмдэглэл

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/40 тоот үнэлгээний “Д.Сүхбаатарын хүрэн зүсмийн, эр, 4 настай, гуна үхэр 1 ширхэг 1000000 төгрөг, хүрэн тарлан зүсмийн эр, 4 настай, гуна үхэр 1 ширхэг 1000000 төгрөг, хар зүсмийн, эр, 4 настай, гуна үхэр 1 ширхэг 1000000, нийт 3000000 төгрөгөөр тогтоов” гэсэн тайлан /1хх-ийн 102-103/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/28 тоот үнэлгээний “Ц.Энхбаатарын эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай, “Hyundai Porter 0” маркийн автомашины өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 5000000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн тайлан /1хх-ийн 113-114 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ийн 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/45 тоот үнэлгээний “Д.Санжидхоролын эзэмшлийн хязаалан, эр үхэр 1 ширхэг 800000 төгрөг, нас гүйцсэн, эр үхэр 4 ширхэг 4800000 төгрөг, нийт 5600000 төгрөгөөр тогтов” гэсэн тайлан /1хх-ийн 147-148/,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 62/а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 216-219/,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 169 дугаартай магадлал /3хх 34-37/,

Шүүгдэгч Ц.Энхбаатарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 204/, ял шалгуулах хуудас /1хх-ийн 208/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 212/, 15-36 БНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 214/,

Шүүгдэгч Д.Соронзонболдын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 205/, ял шалгуулах хуудас /1хх-ийн 209/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 213/,

Шүүгдэгч Б.Дэлгэрдалайн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 206/, ял шалгуулах хуудас /1хх-ийн 210/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 215/, Өвөрхангай аймгийн автотээврийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/241 дугаартай албан бичиг /1хх-ийн 217/,

Шүүгдэгч Б.Батсайханы хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 207/, ял шалгуулах хуудас /1хх-ийн 211/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 214/, Б.Батсайхан, Ж.Энхнаран нарын гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /3хх-ийн 31/, хүү Б.Сайнбаяр, охин Б.Сайнбилэг нарын төрсний гэрчилгээний хуулбар /3хх-ийн 32-33/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолтууд,

Хохирогч Д.Сүхбаатарын шүүхэд ирүүлсэн: “...Б.Батсайхан, Ц.Энхбаатар, Д.Соронзонболд нараас хохиролд 3000000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр хийж өгнө үү...”,

Хохирогч Д.Санжидхоролын шүүхэд ирүүлсэн: “...Б.Батсайхан, Ц.Энхбаатар, Б.Дэлгэрдалай, нараас хохиролд 5600000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр хийж өгнө үү...” гэсэн хүсэлтүүд,

Хохирол төлсөн баримт /1хх-ийн 45, 3хх-ийн 39-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Энхбаатар нь Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашин хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг "Ханхар" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Санжидхоролын эзэмшлийн хүрэн тарлан, сартай хүрэн, улаан, час улаан, улаан ягаан халзан зүсмийн 5 тооны үхэр хулгайлж 5600000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн давтан үйлдлээр Б.Батсайхан, Д.Соронзонболд нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай,  цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашин хэрэглэн 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг "Шорвог” гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Сүхбаатарын эзэмшлийн хар, хүрэн тарлан, хүрэн зүсмийн 3 тооны үхэр хулгайлж 3000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Батсайхан нь Ц.Энхбаатар, Б.Дэлгэрдалай нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг "Ханхар" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Санжидхоролын эзэмшлийн хүрэн тарлан, сартай хүрэн, улаан, час улаан, улаан ягаан халзан зүсмийн 5 тооны үхэр хулгайлж 5600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Ц.Энхбаатар, Д.Соронзонболд нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашин хэрэглэн 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг "Шорвог" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Сүхбаатарын эзэмшлийн хар, хүрэн тарлан, хүрэн зүсмийн 3 тооны үхэр хулгайлж 3000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Соронзонболд нь Ц.Энхбаатар, Б.Батсайхан нартай бүлэглэн

15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин хэрэглэн
2016 оны 10 дугаар сарын 01-ээс 2016 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шорвог" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Сүхбаатарын эзэмшлийн хар, хүрэн тарлан, хүрэн зүсмийн 3 тооны үхэр хулгайлж 3000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Дэлгэрдалай нь Ц.Энхбаатар, Б.Батсайхан нартай бүлэглэн 15-36 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг "Ханхар" гэх газар малын бэлчээрээс иргэн Д.Санжидхоролын эзэмшлийн хүрэн тарлан, сартай хүрэн, улаан, час улаан, улаан ягаан халзанзүсмийн 5 тооны үхэр хулгайлж 5600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь

хохирогч Д.Сүхбаатарын “...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд "Шорвог" гэх газар байх булаг дээр манай алдагдсан 3 үхэр ус уугаад байж байсан. Түүнээс хойш 18 цагийн орчим "Таацын гол" уруудаад үхрүүд дээрээ очиход манай алга болдог 3 үхэр, нэг тугалтай үхэр алга болсон байсан. Үхрээ ганцаараа хайж яваад 14 цагийн орчим "Шорвог" гэх газар ирээд "Орой өтөг" гэх хаваржааны баруун талын толгойнооос хүний болон машин мотоциклийн мөр олсон...” /1хх-49-50/,

хохирогч Д.Санжидхоролын “...Амаржаргал эгч манайд ирээд 2016 оны 07 дугаар сарын 02-нд 5 үхэр дутуу байна гэсэн. …Тэгээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орой 19 цагийн орчимд манай дүү Отгонжаргал над руу яриад манай саахалтын хүүхэд Жамбалдаш нь Ханхар гэх газар чоно идчихсэн үхрийн толгой байна гэж хэлэхээр нь би яваад очтол тэнд манай 5 үхрийн толгойг булчихсан байх шиг байна гэсэн...” /1хх-53/,

гэрч Н.Батбаярын “...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Цэрэнпагам хөгшний үхэрнүүдийг би түүний охин Амаржаргалын хамтаар услахад үхэрнүүд бүрэн байсан. Тэгээд маргааш нь үхэрнүүд услах гэтэл 5 эр үхэр дутуу байсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын Батсуурийн хүү Жамбалдаш нь уг алга болсон үхэрнүүдээс нэг үхрийн толгойг нь Ханхар гэх газарт байхыг нь олсон байсан. Тэгээд би Цэрэнпагам хөгшний охин Отгонжаргалтай нөгөө газарт яваад очтол тэр газарт алга болсон үхэрнүүдийн толгойг булчихсан байсан...” /1хх 54-55/,

 гэрч Д.Отгонжаргалын “...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр малчин Батбаяр болон ээж Цэрэнпагам нар над руу манай үхэрнээс 5 тооны эр үхэр өнгөрсөн шөнө алга болчихлоо гэж хэлж мэдэгдсэн. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын Батсуурийн хүүхэд Жамбалдаш нь манайхаас ойролцоо Ханхар гэх газарт нэг үхрийн толгой байна. Танай үхрийн толгой байна, чоно идчихсэн юм шиг байна гэж хэлэхээр нь би хөдөө очоод нөгөө газарт очоод үзтэл манай алга болсон 5 үхрийн нэг үхрийнх нь толгой байсан. Ойр хавиар үмхий үнэртээд ялаа бужигнаад байхаар нь хартал манай таван үхрийн толгойг газар ухаад булчихсан юм шиг байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн...” /1хх 56/,

гэрч Т.Чимэддуламын “...Би хэргийн талаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим манай нөхөр надад хэлсэн. Нийт 3 тооны үхэр алдагдсан. Хүрэн зүсмийн, хар зүсмийн, хүрэн тарлан зүсмийн бүгд 4 настай шүдлэн, хязаалан эр үхэр байсан...” /1-p хх-ийн 57-58/,

гэрч Г.Дөлгөөний “...2016 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ны өдөр гэж санаж байна. 5 үхрийн бүтэн мах байсан. Арьс ширтэйгээ махаа хаа, гуяар нь ангилсан байдалтай 5 хэсэг 5 үхрийн мах байсан. Тэрийг нь би Хархорин захын мах авдаг ченж Баригин гэх хүнд 1 кг-г 3800 төгрөгөөр бөөндөж бүгдийг нь тэр хүнд өгсөн. Арьс ширийг нь бол мэдэхгүй байна. Ингэхэд 3000000 гаран төгрөг болсон байх. Тэгээд зараад л мөнгийг нь Энхбаатарт өгчихсөн. Надад тэр мөнгөнөөсөө 20000 төгрөг л өгсөн. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэж санаж байна. Хархорин зах дээр байж байтал миний утас руу залгаад 3 үхэртэй ирж байна шүү зараад өгөөрэй гэсэн. Тэгээд тэр өдрөө 15 цаг болж байхад Хархорин зах дээр уулзаад Нараа гэх 34-р лангуун дээр суудаг ченжид 1 үхрийн махыг нь өгөөд 1 бүтэн махаа Баяраа гэх 30-р лангуунд суудаг махны ченжид, 1 бүтэн махыг нь Цэцэглэн гэдэг 33-р лангуун дээр суудаг ченж хүнд өгөөд 1 кг-г 3000-3200 төгрөгөөр бодож өгөөд нийт 1500000 гаруй төгрөг болоод Энхбаатар ах мөнгөө аваад Энхбаатар, Батсайхан, өөр нэг танихгүй хүнтэй хамт манайд очоод цай унд уучихаад надад 40000 төгрөг өгчихөөд явсан. Надад өөрөө хэлэхдээ өөрийнхөө малаас л алаад оруулж ирж байгаа гэж хэлдэг байсан. Би хулгайн мах гэдгийг нь мэдээгүй. Надад яг ямар учиртай гэдгээ бол хэлээгүй. Би яагаад сэжиглээгүй гэхээр манай хадам ээж надад хэлэхдээ тэднийх мал сайтай айлын ганц хүүхэд гэж хэлж байсан болохоор нь сэжиглээгүй юм...” /1хх 65-66/,

гэрч Б.Мядагийн “...Манай түүхий эд авах цэгт 2016 оны 10 дугаар сарын 02-ны 23 цагийн орчим цэнхэр өнгийн тэвш нь будаггүй төмөр өндөрлөгөөтэй портер машинтай хоёр залуу 3 ширхэг үхрийн шир тушаасан. Өөр бол ямар нэгэн арьс, шир тухайн шөнө тушаагаагүй. 30 орчим насны хоёулаа ногоон хүрэн өнгийн дээлтэй, туранхайвтар, 175 см орчим өндөртэй, шар төрхтэй залуучууд байсан. Хүрэн өнгийн шир, хар өнгийн шир, хүрэн билүү хар тарлан зүсмийн гуруулаа нас бие гүйцсэн ижил насны үхрийн шир байсан. "үхрийн шир өгье" гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Нэг ширийг нь 15000 төгрөгөөр, нийлээд 45000 төгрөгөөр худалдаж авсан. Манайх камергүй. Тухайн 3 ширийг эмээлтэд ченжид зарчихсан. Одоо бол байхгүй...” /1хх 67-68/,

гэрч Баярбаатарын “...Дөлгөөнөө нь 2016 оны 07 дугаар сарын эхээр гурван залуутай ирж 5 үхрийн мах 1 кг-ийг нь 4000 төгрөгөөр бодож авсан. Нийт 2000000 гаруй төгрөг болсон. Дөлгөөнөө надад хэлэхдээ манай хадам ах байгаа юм. Та нэг аргалаад зараад өгчихөөч л гэж хэлсэн. Өвөрхангайн Нарийнтээл сумаас гэрээсээ өөрийнхөө үхрийг нядалж авч ирсэн гэж хэлсэн. Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн үед байсан би машиндаа хийчихсэн байж байгаад хаячихсан байна лээ. Мөн 2016 оны 10 дугаар сарын 02-нд гурван үхрийн мах хөдөөнөөс ирж байгаа. Манай хадам ах авч ирж байгаа та авах уу? гэж асуухаар нь би аваад ир, үзээд авъя гэж хэлсэн. Тэгээд надад заралгүй өөр хүнд зарчихсан байсан. Цэнхэр өнгийн тэвш нь төмөр өндөрлөгөөтэй портер машин байсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Анх удаа 2016 оны 07 дугаар сард л 5 үхрийн мах авсан...” /1хх- 69-70 /,

гэрч Г.Цогзолмаагийн “...Дөлгөөнөө нь нэг залуутай тухайн өдөр 15 цагийн орчим 03-16 гэсэн бичигтэй Баянхонгор аймгийн Өлзийт сумын 0009219 гэсэн кодтой гэрчилгээний дугаартай Соронзонболд гэж хүн нийт 3 үхрийн 320кг махны гарал үүслийн гэрчилгээ өгсөн. Надад гарал үүслийн гэрчилгээ байгаа, бүртгэдэг дэвтэр бол байхгүй. Та нар авч болно. Би гаргаж өгч байгаа юм...” /1хх-71/,

 гэрч Т.Наранцэцэгийн “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед "Дөлгөөнөө" гэж манай мах зөөдөг залуу "Хадам ээж гурван үхрийн мах явуулсан авах уу би найр хийх гэж байгаа" гэж хэлэхээр нь нь би авъя гэсэн. Ингээд мах нь 15 цагийн орчим цэнхэр өнгийн тэвш нь өндөрлөсөн портер машинтай хоёр залуугийн хамт 3 үхрийн мах авчирч ирсэн. Би 140 кг жинтэй махыг нь нэг кг-г нь 3000 төгрөгөөр авсан. Нийт 420000 төгрөг болсон...” /1хх-72-73/,

гэрч С.Баяраагийн “...Тухайн өдөр 16 цагийн орчим манайд мах зөөдөг Дөлгөөнөө гэгч нь хоёр залуугийн хамт ирээд нэг үхрийн 180 кг мах нэг кг махыг нь 3200 төгрөгөөр нийт 576000 төгрөгөөр надад зарсан. Max авч ирсэн машин нь цэнхэр өнгийн тэвш нь будаггүй, төмөр өндөрлөгөөтэй портер машин байсан. Номерыг нь хараагүй...” /1хх-74-75/,

гэрч Ш.Цэцэглэнгийн “...Яг тухайн цагт манай зөөгч Дөлгөөнөө хоёр залуугийн хамт ирсэн. Нэг үхрийн 160 гаруй килограмм мах нэг хилийг нь 3200 төгрөгөөр зарсан. Өндөрлөгөөтэй цэнхэр өнгийн портер машин байсан. Гарал үүслийн гэрчилгээ байгаагүй, шир нь байгаагүй. Торон судалтай зүйлээр бүтээсэн байсан...” /1хх-76-77/,

 гэрч Б.Батнасангийн “...Б.Батсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад Баянхонгор явсан. Ингэхдээ Энхбаатартай цуг “Портер” машинтай нь явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хотод ирчихлээ гэж ярьж байсан. Тэр хооронд юу болсон талаар бол би мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчим Энхбаатарын “Портер” дээр 20 орчим шуудай хивэг ачиж ирсэн...” /1хх-78/,

гэрч Ц.Цогнамжилын “...Миний хүү Энхбаатар нь зүүн айлын Батсайхантай хамт өөрийнхөө “Портер” машинтай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай өвөлжөөн дээрээс аргал ачаад маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Батсайханы хамт Баянхонгор аймаг руу “Собо” гэдэг Энхбаатар өөрийнхөө найзынд аргал буулгачихаад Баянхонгорын төвөөс нэг үл таних айлаас гэр ачаад Улаанбаатар хот руу Батсайхантай хамт явсан явсан гэж манай бэр хэлсэн...” /1хх-79/,

гэрч М.Будалхаяны “...Манай нөхөр Ц.Энхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний 15 цагийн орчим Батсайхантай нөгөө ачсан аргалаа аваад Баянхонгор аймгийн төв рүү "Собо" гэх найзындаа аргал аваачиж өгчихөөд тэр өдрөө 18 цагийн орчим над руу ярихдаа би одоо гялаантай /Батсайхан/ хамт гэр ачаад явлаа гэж ярьсан. Тэрний дараа 2016 оны 10 дугаар сарын 02-ны 12 цагийн орчим над руу 83138484 тоот утсаар яриад би хот руу орж явна гэж хэлээд тасалсан. 2016 оны 10 дугаар сарын 03-нд өөрийнхөө утаснаас яриад би одоо хивэг, тэжээл ачих гээд явж байна гээд тасалсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Нарийнтээл дөхөж явна гэж хэлсэн. Үүнээс хойш утсаар яриагүй байж байгаад өнгөрдөг шөнө 03 цагийн үед гэртээ ирж хоносон...” /1хх-88-89/,

гэрч Н.Мөнхбатын “...2016 оны 07 дугаар сарын эхээр байх, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Дэлгэрдалай танихгүй хоёр залуутай Улаанбаатар хотод Эмээлтээс нааш миний ажилладаг "Хан богд Кашмир" ХХК-ийн хашаанд таван тооны үхэртэй ирсэн. Хамт ирсэн залуучуудыг нь танихгүй. Үхэртэй ч гэж дээ толгой нь байхгүй нядалсан үхрүүд байсан. Тэгээд манай хашаанд оруулаад хуулсан. Хуулж аваад бүх мах, ширээ аваад явсан...” /1хх-91-92/,

гэрч А.Билэгсайханы “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Бэлх гэх газар би хадам аавындаа байсан чинь Энхбаатар, Батсайхан хоёр ирсэн. Тэгээд манай нөхөр Соронзонболдтой хадам аавынхаас аргал ачиж тэвшээ дүүргэсэн. Энхбаатар, Батсайхан хоёр Төв аймаг явах гэж байгаа гээд яваад өгсөн. Энхбаатарын Портер маркийн, цэнхэр өнгөтэй машинаар манайд аргал буулгасан. Би улсын дугаарыг нь мэдэхгүй. Тухайн үед би нөхрөөсөө асуухад Соронзонболд надад хивэг авчрах гэж байгаа гэсэн гэж л хэлсэн...” /1хх 94-95/ гэсэн мэдүүлгүүд,

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-16/,

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-22/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаартай криминалистикийн шинжээчийн: “...Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэн ирүүлсэн гутлын улны мөр Ц.Энхбаатараас хураан авч ирүүлсэн гутлын улны мөртэй тохирч байна..” гэсэн дүгнэлт /1хх-123-124/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 251 дугаартай криминалистикийн шинжээчийн: “... Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэн ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр тэвштэй хэрэгслийн даацын дугуйны мөрүүд байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ц.Энхбаатарын 15-36 БНХ дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөртэй шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр тохирч байна...” гэсэн дүгнэлт /1хх-132-133/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-39/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 7-8/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх 40-41, 2хх-ийн 217-218, 226-227, 235-236/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ийн үнэлгээний тайлангууд, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ц.Энхбаатар, Б.Дэлгэрдалай, Б.Батсайхан, Д.Соронзонболд нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Соронзонболдыг бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Энхбаатар, Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн “шүүгдэгч Б.Батсайхан нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 62/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байгаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 00 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бүх хүнд хамаарна гэсэн ерөнхий ойлголттой байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй энэ хуулийг 1 удаа хэрэглэхээр тайлбарласан байгаа. Иймд шүүгдэгч Б.Батсайханы ялтай байдал арилсан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуульд заасан ял оногдуулж түүний хувийн байдлыг  харгалзан үзэж оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр “Миний үйлчлүүлэгч Б.Батсайхан нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээдрүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасан байгаа. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байгаа нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан гэмт хэрэгт хамаарагдахгүй байгаа тул хэрэгсэхгүй болсон гэж үзэж байгаа. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүгдэгч Б.Батсайханыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хойшлуулж өгнө үү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан “Миний үйлчлүүлэгч  Б.Дэлгэрдалайн ялтай байдал арилаагүй байна гэж байгаатай санал нийлэхгүй байна. Шүүгдэгч Б.Дэлгэрдалайн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлд заасан ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, 6 дугаар зүйлд заасан зарим хугацааг хэрэгсэхгүй болгох тухай, мөн хуулийн 3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан үндэслэлүүдэд алинд ч хамаарахгүй байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасан. Мөн шүүгдэгч Б.Дэлгэрдалайн ялтай байдал нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэрэгсэхгүй болсон гэж үзэж байгаа тул ялтай байдал арилсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Дэлгэрдалайд хуульд заасан хорих ялын доод хэмжээ оногдуулж оногдуулсан ялыг тэнсэх боломжтой” гэж тус тус тайлбарлаж байгаа боловч Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 62/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрдалайн хувьд ногдох хөрөнгнөөс 400000 төгрөг хурааж, 06 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Батсайханы хувьд ногдох хөрөнгнөөс 200000 төгрөг хурааж, 06 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн бөгөөд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 169 дугаар магадлалаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Дэлгэрдалай, Б.Батсайхан нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар шүүгдэгч Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нарын ялтай байдал арилаагүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулахаар хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нарыг дахин Өршөөлийн тухай хуульд хамруулах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.Батсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт “эхнэр Ж.Энхнаран нь салаад явсан. Би 2 хүүхдийн хамт амьдардаг” гэж мэдүүлж байгаа боловч Б.Батсайхан, Ж.Энхнаран нар нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан Б.Батсайхан, Ж.Энхнаран нарын гэр бүл болсныг бүртгэсэн ¹0063083-29 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлгээр  тогтоогдсон, Б.Батсайхан, Ж.Энхнаран нар нь гэр бүлээ цуцлуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Б.Батсайханы эхнэр Ж.Энхнаран нь 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Сайнбаяр, 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Сайнбилэг нарыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б.Сайнбаяр, Б.Сайнбилэг нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргад даалгах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Батсайханы өмгөөлөгч А.Адъяасүрэн, П.Өлзийбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Б.Батсайхан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг тул хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан хорих  ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг,

Мөн шүүгдэгч Б.Дэлгэрдалай, Б.Батсайхан нар нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 62/а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 169 дугаартай магадлалын хуулбар, ял шалгах хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, П.Өлзийбаяр, Б.Батсайхан нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Б.Дэлгэрдалай, Б.Батсайхан нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул хуульд заасан хорих ялын доод хэмжээ оногдуулж,  Б.Дэлгэрдалайд оногдуулсан ялыг тэнсэж, Б.Батсайханд оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Соронзонболд, Ц.Энхбаатар нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний хувийн байдал болон ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж баривчлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Батсайхан, Ц.Энхбаатар, Д.Соронзонболд нар нь хохирогч Д.Сүхбаатарт 3000000 төгрөг, шүүгдэгч Б.Батсайхан, Ц.Энхбаатар, Б.Дэлгэрдалай нар нь хохирогч Д.Санжидхоролд 5600000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Энхбаатарын эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашиныг хурааж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Энхбаатар, Б.Дэлгэрдалай, Б.Батсайхан, Ц.Энхбаатар нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч Б.Батсайханы эзэмшлийн NOKIA-1680 маркийн гар утсыг, шүүгдэгч Д.Соронзонболдын эзэмшлийн NOKIA-X2 маркийн гар утсыг, шүүгдэгч Б.Дэлгэрдалайн эзэмшлийн NOKIA-105 маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, шүүгдэгч Ц.Энхбаатарын эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн машиныг тус тус битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зана овгийн Доржширэмийн Соронзонболдыг бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эрээн овогт Цогнамжилын Энхбаатар, Заныхан овогт Бямба-Очирын Батсайхан, Боржигон овогт Батдоржийн Дэлгэрдалай нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Соронзонболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Дэлгэрдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Энхбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Соронзонболдод оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан 4 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг, шүүгдэгч Б.Дэлгэрдалайд оногдуулсан 3 сар 20 хоногийн хугацаагаар  баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Батсайхан, Ц.Энхбаатар, Д.Соронзонболд нар нь хохирогч Д.Сүхбаатарт 3000000 төгрөг, шүүгдэгч Б.Батсайхан, Ц.Энхбаатар, Б.Дэлгэрдалай нар нь хохирогч Д.Санжидхоролд 5600000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Энхбаатарын эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар Батсайханы Сайнбаяр, охин Батсайханы Сайнбилэг нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргад даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Батсайханы эзэмшлийн NOKIA-1680 маркийн гар утсыг, шүүгдэгч Д.Соронзонболдын эзэмшлийн хар өнгийн NOKIA-X2 маркийн гар утсыг, шүүгдэгч Б.Дэлгэрдалайн эзэмшлийн хар өнгийн  NOKIA -105 маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн,  шүүгдэгч Ц.Энхбаатарын эзэмшлийн 15-36 БНХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер”  маркийн машиныг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.Энхбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Соронзонболдод оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч Ц.Энхбаатарыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Соронзонболдыг 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.Энхбаатар, Д.Соронзонболд нарт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Батсайхан, Б.Дэлгэрдалай нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ц.Энхбаатар, Д.Соронзонболд нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦЭЦЭГЭЭ