| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00568/И |
| Дугаар | 00461 |
| Огноо | 2020-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00461
| 2020 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2020/00461 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-49 тоотод оршин суух, Бортнууд овогт Б-ийн Б- --ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00568/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1966 онд төрсөн. Миний бие НИК хувьцаат компаний Ховд аймаг дахь нефть хангамжийн баазад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн харуулаар ажиллаж байгаад шатахуун түгээх станцуудыг шинээр нүүлгэн шилжүүлж эхэлсэн учраас НИК хувьцаат компаний Ховд аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тушаалаар сав тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар түр томилогдон ажиллаж эхэлсэн ба 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тушаалаар жинхлэн томилогдсон. Сав тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчингаар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан ба тус газарт автын засварчин хэрэгтэй байсан учраас автын засварчин болсон. Тэтгэвэрт гарах гэсэн боловч 2006 онд анх томилогдсон тушаал дээр сав тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчингаар гэж бичилгүйгээр завсарчингаар гэж томилсон байна. 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай түр тушаал нь байгаа мөртлөө 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тушаал олдохгүй байгаа юм. Иймд миний бие хуульд заасан эрхээ эдэлж тэтгэвэрт гарч чадахгүй байгаа тул НИК хувьцаат компаний Ховд аймаг дахь нефть хангамжийн салбарт 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сав тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчингаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б.Б- нь 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл НИК хувьцаат компанийн Ховд аймаг дахь нефть хангамжийн салбарт сав тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн №0155495 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр авсан уул уурхайн яамны жуух бичгийн нотариараар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 19 дүгээр тал/,
3 .Мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20 дугаар тал/
4. Ажлын байр дээрээ авахуулсан зургууд / хх-ийн 21-23 дугаар тал /
5. НИК хувьцаат компанийн Ховд аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21 тоот тушаалыг нотариатаар баталгаажуулсан хуулбар/хх-ийн 24 дүгээр тал /
6. Гэрч Т.Төртогтох:... 1986 оны 7 сарын 18-ны өдөр Ховд нефть хангамжийн баазад цахилгаан техникчээр ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 1996 оноос хойш сав тоног төхөөрөмжийн механикийн ажлыг хийж байна. 2004 он хүртэл нефть хангамжийн баазын нэшил өөрчлөгдөж Ник ХХК болсон юм.Б.Б- нь НИК ПЕТРОВИС ХХК-ийн Ховд салбарт 2006 оны 06 сард сав тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б.Б-ийн ажил шатахуун хадгалдаг савыг цэвэрлэдэг, шатахууны савын шугам хоолойд засвар үйлчилгээ хийнэ. Түгээгүүрийн нассос цэвэрлэнэ. Ерөнхийдөө байнга шатахуунтай харьцаж ажилладаг хүн байгаа юм. Б.Б-ийн ажил нь хортой нөхцөлд ордог бөгөөд байгууллагаас ажиллаж байгаа үед нь сүү өгдөг, рашаан сувилалд жилд 1 удаа явуулах зэрэг арга хэмжээ авдаг.Б.Б- нь сүүлийн 2 жил автын завсарчин хийж байгаа ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/
7. Гэрч Б.Амгалантуяа:... Би 1996 онд НИК Ховд нефть баазад түгээгчээр ажилд орж 2008 он хүртэл ажилласан. 2008 оны 6 сараас 2010 оны 12 дугаар сар хүртэл аж ахуйн няраваар, 2010 оны 12 дугаар сараас одоог хүртэл хүний нөөцийн ажилтанаар ажиллаж байна. Б.Б- нь НИК Ховд баазад харуулаар ажилд орсон. 2006 онд НИК ПЕТРОВИС ХХК-ийн Ховд салбарт сав тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж ажиллаж байгаад автын засварчин болсон. Одоог хүртэл ажиллаж байна. Б.Б- нь сав тоног төхөөрөмжийн засварчин гэдэг нь шатахууны сав болон түүнтэй холбоотой эд ангиудад засвар үйлчилгээ хийх, сав цэвэрлэх, савны шугам хоолой солих зэрэг ажлуудыг хийдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бортнууд овогт Б-ийн Б- --ийг 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл НИК хувьцаат компанийн Ховд аймаг дахь нефть хангамжийн салбарт сав тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ