| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00507/И |
| Дугаар | 00462 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00462
| 2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00462 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт оршин суух, Боржигон овогт Б-ын Т- -ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153/2020/00507/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1964 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1981 онд 8 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Налайх дүүргийн түлш эрчим хүчний газрын техник мэргэжлийн дунд сургуульд суралцсан. 1984 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ой модны аж үйлдвэрийн яамны барилга модон эдлэлийн шалны цехэд суурь машинчаар, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тус барилгын модон эдлэлийн үйлдвэр нь Цонх ХК болж өөрчлөгдсөн бөгөөд уг компанид үргэлжлүүлэн суурь машинчаар ажилласан.1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Тахь ХК-д оёдолчиноор ажилласан. 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1997 оны 02 дугаар 01-ний өдрийг хүртэл нийслэлийн засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн газарт үйлчлэгчээр, 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан .
Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн он буруу бичигдсэн, мөн овог нэр нь миний төрсөн аав Б- биш миний өсгөсөн аав Цэрэндоржоор овоглогдсон байгаа юм. Мөн тухайн үед ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 076185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож, 1984 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ой модны аж үйлдвэрийн яамны барилга модон эдлэлийн шалны цехэд суурь машинчаар, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тус барилгын модон эдлэлийн үйлдвэр нь Цонх ХК -д суурь машинчаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Тахь ХК-д оёдолчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т-ыг 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 076185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож, 1984 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ой модны аж үйлдвэрийн яамны барилга модон эдлэлийн шалны цехэд суурь машинчаар, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тус барилгын модон эдлэлийн үйлдвэр нь Цонх ХК -д суурь машинчаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Тахь ХК-д оёдолчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б.Т- нь 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 076185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болох, 1984 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ой модны аж үйлдвэрийн яамны барилга модон эдлэлийн шалны цехэд суурь машинчаар, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тус барилгын модон эдлэлийн үйлдвэр нь Цонх ХК -д суурь машинчаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Тахь ХК-д оёдолчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 169 дугаартай Хүнд үйлдвэрийн яамны харъяа барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар хавсралтын хамт / хх-ийн 12-13 дугаар тал/
2.1989 оны 04 дүгээр сарын 19-ий өдрийн хөнгөн үйлдвэрийн яамны харъяа барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 115 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар хавсралтын хамт /хх-ийн14-15 дугаар тал/
3.Ой модны аж үйлдвэрийн яам барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 138 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 16 дугаар тал/
4. 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар тушаалын хавсралтын хуулбар /хх-ийн 17 дугар тал/
2.1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон №076185 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 23-46 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс 140,400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Б-ын Т- / ЧЛ64080406/-ыг 1984 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ой модны аж үйлдвэрийн яамны Барилгын модон эдлэлийн шалны цехэд суурь машинчаар, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Цонх ХК -д суурь машинчаар, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Тахь ХК-д оёдолчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Боржигон овогт Б-ын Т- / ЧЛ64080406/-ыг 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 076185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 58 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод төлөхийг үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ