Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00463

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00463

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 03-30 тоотод оршин суух, Баргад овогт Ш-ийн А- -ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00603/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ш.А- оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.А- нь 1970 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. 1986 онд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуй дээр гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад эцэг, эхийн хамт нэгдлийн бог мал маллаж байсан. Би 1991 онд хүнтэй сууж Ховд аймгийн Мөст сум руу шилжсэн юм. Би 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Ш.А- нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах нотлох баримтанд үндэслэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 648 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын 3 дугаар бригадын 1989 оны 70 дугаар дансны хуулбар / хх-ийн 6 дугаар тал/

2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар / хх-ийн 8 дугаар тал /

3.Гэрч З.Т.Гэрэлмаа:... 1988 онд Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн Мөст сумын соёлын төвд 1994 он хүртэл ажиллаж байсан. Ш.А- нь 1986 онд Ховд аймгийн Цэцэг сумын 8 жилийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх 3 дугаар бригадад малчнаар ажилласан. 1991 он хүртэл малчнаар ажилласан. Манай аав Цэцэг сумын хүн. Манай аав, ээж хоёр Ш.А-ы эцэг, эх хоёр нэг нутаг усанд айл саахалт байсан болохоор Ш.А-ыг малчин байсан гэдгийг мэдэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баргад овогт Ш-ийн А- -ыг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.А- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Х.ОТГОНЖАРГАЛ