| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00521/И |
| Дугаар | 00464 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00464
| 2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00464 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, Цагаан бичээс авгас овогт Д-ын Д- --ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00521/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1983 оны 06 дугаар сарын 25-нд МУИС-ийг төлөвлөгч, эдийн засагч мэргэжлээр төгсөж 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэнээр анх ажилд орж 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ой агнуурын аж ахуйд агнуур зүйчээр, 1987 оны 12 дугаар сарын 07-ноос 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл улсын банкны Ховд аймаг дахь банкны конторт үйлдвэр худалдааны эдийн засагчаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл улсын банкны Ховд аймаг дахь банкны конторт үйлдвэр худалдааны эдийн засагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь тамга тэмдэг дарагдаагүй учраас нийгмийн даатгалын хэлтсээс шүүхийн шийдвэр гаргуулж, баталгаажуулж ир гэсэн шаардлага тавьсан. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн зохих шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Д.Д- нь Ховд аймаг дахь банкны конторт үйлдвэр худалдааны эдийн засагчаар 1987 оны 12 сарын 07-ны өдрөөс 1992 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан байдаг юм. Ховд аймаг дахь банкны конторт үйлдвэр худалдааны эдийн засагчийн үүрэгт ажлаас 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр чөлөөлсөн тушаал нь тамга тэмдэг дарагдаагүй учраас шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан юм гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Д.Д- нь Ховд аймаг дахь банкны конторт үйлдвэр худалдааны эдийн засагчаар 1987 оны 12 сарын 07-ны өдрөөс 1992 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 1370 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг дахь Монгол банкны захирлын 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 60, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалуудын хуулбарууд / хх-ийн 4-6 дугаар тал/
2.1985 онд олгосон №140457 дугаартай хөдөлмөрийн дэвтрйиг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / хх-ийн 7-8 дугаар тал /
3.1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон эдийн засагчийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 13 дугаар тал/,
4. Талархал /хх-ийн 16 дугаар тал/
5.Баярын бичиг /хх-ийн 17 дугаар тал/,
6.Гэрч Д.Тогтохбаяр:... Би 1986 онд Политехникийн дээд сургуулийг төгсөөд Ховд аймгийн банкны конторт ХОС-ын инженерээр ажилд орж ажилласан. Банк нь 2 шатлалт системд 1991 оны үед шилжсэн. Тэгэхэд ХОТШ банкинд инженер, эдийн засагчаар ажилд орж, 1992 он хүртэл ажилласан. 1992 оноос Ардын банкинд эдийн засагчаар ажилд орж ажилласан юм. 1986 онд намайг төгсөж ирээд Ховд аймгийн банкны конторт ХОС-ын инженерээр ажиллаж байхад Д.Д- нь надаас жилийн дараа ч билүү Ховд аймгийн банкны конторт үйлдвэрлэл, худалдаа хариуцсан эдийн засагчаар ажилд орж 1992 оныг хүртэл ажилласан. Д.Д- нь дараа нь Монгол шуудан банкинд мөн л эдийн засагчаар ажилаж байсан. Д-г өмнө нь хаана ажиллаж байсныг нь мэдэхгүй. Надтай 1987 оноос 1992 оны дунд үе хүртэл ажиллаж байсан юм. Д.Д- нь Улсын банкны Ховд салбарт үйлдвэрлэл, худалдаа хариуцсан эдийн засагчаар 1987-1992 онуудад ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
7.Гэрч Н.Ойдовням:... Би 1987 онд ХАА-н дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эдийн засагчаар 1990 оны 3 сар хүртэл ажиллаж байгаад Улсын банкны Ховд аймаг конторт 2 сар ажилласан. Дараа нь банкны Эрдэнэбүрэн тооцооны төвийн эрхлэгчээр 1993 он хүртэл ажилласан. Ер нь би банкинд 1999 он хүртэл ажилласан хүн байгаа юм. Д.Д- нь Улсын банкны Ховд дахь конторт үйлдвэр худалдаа хариуцсан эдийн засагчаар ажиллаж байсан. Намайг төгсөж ирээд ажилд ороход л банкинд эдийн засагчаар ажиллаж байсан. Улсын банкны Ховд дахь конторт үйлдвэрлэл худалдаа, хөдөө аж ахуй, барилга байгууламж хариуцсан эдийн засагчид сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан бичээс авгас овогт Д-ын Д- --г Улсын банкны Ховд аймаг дахь банкны конторт үйлдвэр худалдааны эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ