Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1355

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Г.Янжиндулам /томилолтоор/

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2308000000895 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* *******ын ******* тоотод оршин суух,                

Урьд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 896 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******, /РД:*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 5 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэр ******* *******ын тоотод байрлах хохирогч Э.ын эзэмшлийн машин засварын үйл ажиллагаа явуулдаг гражийн цонхыг хагалан нэвтэрч батарей, дрилл 3 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, дижитал цоож 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.д 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 5 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэр ******* *******ын тоотод байрлах хохирогч Э.ын эзэмшлийн машин засврын үйл ажиллагаа явуулдаг гражийн цонхыг хагалан нэвтэрч батарей, дрилл 3 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, дижитал цоож 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.д 1.150.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.*******ын өгсөн: “…Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******ын дангийн 2-1 тоотод амьдардаг. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа яваад орой 18 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд гэрийн ойролцоо хүнсний дэлгүүрээс 1 ширхэг 0.5 литр Хараа архи, 0.5 лаазтай нийслэл пиво авч гэртээ ганцаараа уусан. Би тэгээд орой 22 цагийн орчим өөрийн гэрээс гарч хөрш айлийн зүүн талын онгорхой хашаагаар орж эзэнгүй граш байсан ба тухайн гражийн зүүн талын үзүүрийн жижиг хуучин модон цонхыг газраас жижиг нарийн турба авч хагалж орсон. Тэгээд граж дотор дундын тавиур дээр цахилгаан багаж өрөөстэй байхаар нь нүдэнд харагдсан хуучин 3 ширхэг батерей дрилл 1 ширхэг, цахилгаан дрилл зэргийг авч цонхоор гарсан. Тухайн газраас өөр эд зүйлс аваагүй бусад эд зүйлс нь гарт баригдахааргүй том зүйлүүд байсан. Би тэгээд гэртээ оруулж өөрийн байшингийн үүдний амбаарт оруулж тавьчихаад тухайн шөнө гэртээ амарсан. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 10 цагийн үед сэрээд үүдний амбаараас том цахилгаан таслагч аваад Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ худалдааны төвийн ойролцоо танихгүй хүнд цахилгаан тасдагчийг бэлэн 50.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд би мөнгөөр нь гэрирйн ойролцоох хүнсний дэлгүүрээс 1 ширхэг 0.5 Хараа архи, 1 ширхэг коло ундаа авч гэртээ харьсан. Дэлгүүрийн гадаа хөрш залуу төрсөн дүү Нямдаваа нартай таарсан. Дүү Нямдаваа айлын дрилл, тасдагч хаана байгааг асуухаар нь гэртээ нуусан газраа зааж өгсөн. цахилгаан тасдагч дутуу байна, авъя гэхэд Сэлэнгэ худалдааны төвийн ойролцоо танихгүй хүнд зарснаа хэлсэн. д цахилгаан тасдагчийн мөнгө 150.000 төгрөгийг өгсөн. Би архины халуундаа хөрш айлын грашаас хулгай хийсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь хуудас, 50 дахь хуудас, 95 дахь хуудас/,

3.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ын өгсөн “…2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн орой 21 цагийн орчим М.*******аас хуучин 3 ширхэг батарей дрилл, хуучин 1 ширхэг дижитал байшингийн цоож, хуучин цахилгаан тасдагч зэргийг бүрэн бүтэн хүлээж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Миний өөрийн хуучин 1 ширхэг цахилгаан тасдагч дутуу байсан бөгөөд тэрийг өөр хүнд зарчихсан гэж хэлээд надад бэлэн 150.000 төгрөгийг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь хуудас/,

4.Тэнцвэр эститэйт ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гаргасан 3354 дугаартай үнэлгээний дүн цахилгаан тасдагч 300.000 төгрөг гэх үнэлгээ /хавтас хэргийн 37-38 дахь хуудас/

“Тэнцвэр эститэйт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 3441 дугаартай үнэлгээний дүн батерей дрилл 3 ширхэг 750.000 төгрөг, дижитал байшингийн цоож 1 ширхэг 100.000 төгрөг гэх үнэлгээ /хавтас хэргийн 40-41 дэх хуудас/

5.гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6 дэх хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 33 дахь хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 45-46 дахь хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 57-62 дахь хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх хуудас/, 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 896 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 66-67 дахь хуудас/, Ялыг дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 68-70 дахь хуудас/, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 71-73 дахь хуудас/, 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-78 дахь хуудас/, 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 80-81 дэх хуудас/, эрэн сурвалжлалт зарлах тухай /хавтаст хэргийн 83-84 дэх хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 88-89 дэх хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 91-92 дахь хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.   

Шүүх хуралд улсын яллагчаас: ...Шүүгдэгч М.******* нь 2023 оны 5 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэр ******* *******ын тоотод байрлах хохирогч Э.ын эзэмшлийн машин засврын үйл ажиллагаа явуулдаг гражийн цонхыг хагалан нэвтэрч батарей дрилл 3 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, дижитал цоож 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1.150.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэжээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц, далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг. 

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан “Хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

Харин үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн авто машин, граж, албан тасалгаа, үйлдвэрийн эд хөрөнгийн хадгалах зориулалттай байр зэргийг ойлгох бөгөөд тухайн байранд нэвтрэхийг хориглосон, нэвтрэхэд зөвшөөрөгдөөгүй орон зай гэдгийг мэдсээр байж зөрчиж орсон үйлдэл нь хууль бус нэвтрэлт болдог.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар,  хууль бусаар авах идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсч үйлддэг шунахай сэдлээр бусдын өмчлөлд халдаж байгаа нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч М.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч М.*******ын хохирогч Э.ын эзэмшлийн машин засварын үйл ажиллагаа явуулдаг гражийн цонхыг хагалан нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2308000000895 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э. нь “хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар буцаан авсан, 1 ширхэг тасдагчийн үнэ 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх хуралд улсын яллагчаас: ... Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулах саналтай ...” гэжээ.

Шүүхээс шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч М.*******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй гэх шинж чанар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэх нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан М.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлтэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.*******т шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч М.******* урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдсон байх боловч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар шүүгдэгч М.******* сүүлд 2020 онд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж  дуусгавар болсныг дурдах нь зүйтэй.

Мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2012 дугаар захирамжаар М.*******ыг эрэн сурвалжилж хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба нь М.*******ыг олж илрүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 0461 дүгээр ангид хүлээлгэн өгч цагдан хорьсон байна.

Түүний 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000000895 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.*******т 1 /нэг/ жил, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.*******ын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 16ы өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ