Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00465

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00465

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суух, Наймынхан овогт Д-ийн П- -ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00554/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1970 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэн Д-ийн бага охин болж төрсөн. 1979 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1987 оны 6 сарын 5-ны өдөр 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1991 онд нөхөр Ц.Дэнсээдоржтой гэр бүл болсон. Нэгдэл тартал малчнаар ажилласан. Иймд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Д.П- нь 1970 он төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж байсан баримтууд бүгд шатсан учраас Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Д.П- нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-нйи өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тодорхойлолт / хх-ийн 5 дугаар тал/

2.Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 1985-2000 оны архивын бичиг баримт 2004 онд Чандмань сумын агуулах шатсны улмаас шатаж үгүй болсон нь үнэн гэх Ховд аймгийн Чандмань сумын ЗДТГ-ын дарга Д.Ганзоригийн тодорхойлолт,

3.1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон МХЗЭ-ийн бат илэрхийлэх / хх-ийн 14-19 дугаар тал /

4.Гэрч З.Лхагвасүрэн:... Би 1987 оны 6 сард 10 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар очиж ажиллаж байсан. Д.П- нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1987-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Наймынхан овогт Д-ийн П- -ыг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.П- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Х.ОТГОНЖАРГАЛ