| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00551/И |
| Дугаар | 00466 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00466
| 2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00466 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-46 тоотод оршин суух, Диш овогт Э-ийн Я- --ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 153/2020/00551/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Э.Я- оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Я- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1969 онд Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Улаан хамар гэдэг газарт Э-ийн 2 дахь охин болж төрсөн. 1-8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр өсөж 1976 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуульд орж суралцаж байгаад бага ангиасаа гарсан. 1984 оноос1996 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Э.Я- нь Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны хооронд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд /компанид/ малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 1248 дугаартай албан бчигээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын 3 дугаар бригадын 1984-1987, 4 дүгээр бригадын 1988-1996 оны 70 дугаар дансны хуулбар / хх-ийн 5-19 дугаар тал/
2.1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 20-29 дүгээр тал/
3.Гэрч Б.Пүрэвдорж:... Э.Я- нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1984-1991 он хүртэл нэгдлийн малчин байсан. 1991 онд нэгдэл тарж Туяа компани болоход тус компаний Давст хэсгийн малчнаар 1994 оныг дуустал ажилласан. Э.Я- нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Бага анги л төгссөн санагдаад байна. 8, 10 дугаар анги лав төгсөөгүй. Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл 1991 оны үед тарсан санагдаж байна. Я-гийн аавыг Э- гэдэг, ээжийг нь Чантуу гэдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/
3.Гэрч Г.Ариунтуяа:... Би 1987 оны 6 сард 10 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар очиж ажиллаж байсан нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Э.Я- бид хоёр бага ангид нэг сургуульд сурч байсан. Э.Я- нь 3 билүү 4 дүгээр ангиасаа гарсан юм. Сургуулиас гараад эцэг эхийнхээ хамт нэгдлийн мал маллаж байсан. Намайг 1987 онд малчин болох гээд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад очиход Я- нь малчин хийж байсан. Тухайн үед аав нь нэгдлийн сайн малчдын нэг байсан. Ээж нь саальчин байсан. Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл 1991 оны үед тарсан санагдаж байна. Э.Я- нь нэгдэл тараад компани болоход компаний малчнаар бас ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас 1995-1996 онд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь 1995 оны 1 сарын 1-ний өдрөөс Монгол Улс Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон ба нэхэмжлэгч нь 1995 оны 01 сараас 1995 оны 12 сарын дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь №279955 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон байх тул энэ хэсгийг шүүхээр тогтоох шарадлагагүй болно. /хх-ийн 29-р тал/
Нэхэмжлэгч Э.Я- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Диш овогт Э-ийн Я- --ыг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад / компанид/ 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Э.Я- улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ