| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00574/И |
| Дугаар | 00467 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00467
| 2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00467 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Дуут суманд оршин суух Хорхон овогт Б-ийн Г-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00574/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хорхон овогт Б-ийн Г- миний бие 1962 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт мэндэлсэн. 1970 онд Ховд аймгийн Дуут сумын 4-н жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж, 1975 оноос тус сумын сургууль нь 8 жилийн сургууль болж 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг, эхийн туслах малчнаар ажиллаж байгаад, 1979 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр тус сумынхаа Босго бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт мөн малчнаар томилогдон ажилласан. Малчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 сарын 07-ны өдөр цэрэгт татагдаж, цэргийн алба хаагаад 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд мөн тус нэгдэлдээ малчнаар томилогдон ажилласан. 1986 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр иргэн Г.Мөнхчимэгтэй гэр бүл болж эхнэрийн хамт тус нэгдэлдээ мал маллан амьдарсан. Иймд ПД62102572 регистрийн дугаартай, Хорхон овогт Б-ийн Г- намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Социализмийн зам нэгдлийн Босго бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэл, нотлох баримтанд тулгуурлан хангаж шийдвэрлэв.
1.Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1022 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын босго бригадын 1978-1982, 1985-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 4-14 дүгээр тал/,
2. Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас ирүүлсэн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 08/2589 дугаартай албан бичиг /хх-ийн 28 дугаар тал/
3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар / хх-ийн 13 дугаар тал /
4. Нэхэмжлэгчийн 1978 оны 06 сарын 18-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр
5. Гэрч Д.Баярхүүгийн:... Би 1975-1989 онуудад Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Б.Г- нь 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус сумын эмчилгээ тэжээлийн малчнаар ажиллаж байсан. Насаараа малчин хүн байсан...гэх мэдүүлэг
5. Гэрч Ч.Мягмарын:... Ховд аймгийн Дуут сумын социализмын зам нэгдэлд 1979 оны 6 сараас 1990 он хүртэл ажилласан. Г- нь 1978 оны 06 дугаар сард 8 жилийн сургууль төгссөн. Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн эмчилгээ тэжээлийн малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хорхон овогт Б-ийн Г-ыг ПД62102572 регистрийн дугаартай, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Социализмийн зам нэгдлийн Босго бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээсь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ