| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00548/И |
| Дугаар | 00468 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00468
с
| 2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00468 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Д-ийн Г-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн вач, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00548/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г- нь Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Одоо 62 настай. Миний бие анх 1982 оноос 1990 он хүртэл аймгийн Эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж байгаад 1990 оноос 1992 он 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын тамгын газарт Соёл олон түмний зохион байгуулагчаар ажиллаж байсан. Улмаар 1992 оны 10 сарын 07-ны өдрөөс Ховд аймгийн Жаргалант сумын мэдээлэл сурталчилгаа, иргэний бүртгэлийн судалгаа хариуцсан ажилтнаар томилогдож 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилласан... Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон ба 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дуустал Ховд аймгийн Жаргалант сумын мэдээлэл сурталчилгаа, иргэний бүртгэлийн судалгаа хариуцсан ажилтнаар томилсон тушаал аймгийн архиваас олдохгүй байх тул энэхүү хугацааны ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Дээрх хугацаанд ажиллаж байсан талаар миний 1983 оны хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдаг ба нийгмийн даатгалын хэлтсээс ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй бол шүүхийн шийдвэрээр энэ хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгон ирэх шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна гэв.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах нотлох баримтанд үндэслэн хангаж шийдвэрлэв. Үүнд:
1.Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/329 дугаартай албан бичиг, цалингийн хүснэгт, ажлын цагийн тооцоолол
2.Нэхэмжлэгчийн 1978 оны 07 дугаар сарын 9-нд олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3.Гэрч Я.Буянтогтохын ...Намайг тэтгэвэр, тэтгэмж хариуцсан байцаагч хийж байхад бусад байгууллагын хүмүүстэй байнга ажил хэргийн холбоотой байсан. 1992-1995 онуудад Г- Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэргээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн115.1, 115.2.1, 116, 118, 133.1.1-т зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Д-ийн Г-ыг 1992 оны 10 сарын 07-ны өдрөөс 1994 оны 02 сарын 24-ны өдрийг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт Мэдээлэл сурталчилгаа, иргэний бүртгэл судалгаа хариуцсан ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ