Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00300

 

                    

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2020/00300

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, Мэндбаярынхан овогт М.Ч/ /-гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 153/2020/00253/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч М.Ч нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би 1984 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийг эчнээгээр төгссөн. 1986 оны 6 сард Улаанбаатар хот руу ус цаг уур орчны шинжилгээний төвд  холбооны операторын курс төгссөн. 1984 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Цаг уурт ажиглагчаар ажилд орсон. 1993 оны 3 сард амралтаа аваад Ховд аймгийн Чандмань сум руу шилжсэн. 1999 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Чандмань сумын цаг уурын өртөөний техникчээр ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл ажиллаж байна. 1984 оны 11 дүгээр сараас 1993 оны хоорондох 8 жил 4 сарын хугацааг тогтоолгож тэтгэвэртээ гарах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Ус цаг уурын товчоо, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагалдан ажиглагч, ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ус цаг уурын товчоо, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагалдан ажиглагч, ажиглагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Ч нь Ховд аймгийн Ус цаг уурын товчоо, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагалдан ажиглагч, ажиглагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 819 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Цалин тогтоох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, 1984, 1985 онуудын цалингийн картны хуулбарууд, Ховд аймгийн Ус цаг уурын товчооны даргын 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай “Ажилд авах ба дагалдан ажиглагч болгох тухай” тушаал, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын 67 дугаартай тодорхойлолт, 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 299 дугаартай Мягмарын Чгийн операторч мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  гэрч Б.Нансалмаагийн “....М.Ч нь надаас дүү бөгөөд Ховд аймгийн Чандамнь сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгссөн гэж өөрөө ярьдаг. М.Чгийн аваг ах Бадарч нь Ус цаг уурын орчны газарт мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд уг ах нь М.Чг цаг уурын холбооны операторын курсэнд оруулсан гэж хүмүүс ярьдаг байсан. М.Ч нь цаг уурын холбооны операторын курсэнд миний дараа 1984 оны 02 дугаар сараас эхэлж суралцаж төгсөөд үргэлжлүүлэн цаг уурын өртөөний сургалтанд хамрагдаж, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төгсөөд 10 дугаар сарын 04-ний өдрөөс Ховд өртөөнд ажиглагчаар ажилд орсон. М.Ч нь 1993 он хүртэл Ховд өртөөнд ажиллаж байгаад Ховд аймгийн Чандмань сумын цаг уурын өртөө рүү шилжиж ажилласан. Ховд аймгийн Чандмань сумын цаг уурын өртөө нь 1993 оноос өмнө цаг уурын харуул гэж ганц хүн ажилладаг байсан бөгөөд 1993 онд 5 ажилтантай цаг уурын өртөө болсон. М.Ч нь 1993 оноос хойш Ховд аймгийн Чандмань сумын цаг уурын өртөөнд ажиглагчаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд одоо өндөр насны тэтгэвэртээ гарах гэж байгаа юм....” гэх мэдүүлэг, гэрч Д.Наранхишигийн “....М.Ч нь намайг Ховд аймгийн Ус цаг уурын товчоонд техникчээр ажиллаж байх үед 1984 оны 10 дугаар сард цаг уурын оператороор ажилд орж байсан. М.Чг Улаанбаатар хотод цаг уурын курсэнд суралцаж төгсөөд ирж байсан гээд манай байгууллага авч ажиллуулж байсан. Тухайн үед манай товчоонд оператор гэдэг орон тоо шинээр нэмэгдэж байсан. М.Ч нь 1993 он хүртэл Ховд аймгийн Ус цаг уурын товчоонд ажиллаж байгаад, ар гэрийн гачигдлаар ажлаас гарч хөдөө гарсан. Ингээд М.Ч нь 1 жил гаруйн хугацаанд ажилгүй байж байгаад Ховд аймгийн Чандмань сумын өртөө байгуулагадахад буцаж ажилдаа орж, ажиглагчаар ажилласан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-7, 19-21, 23, 34-36, 37-39 дугаар тал/

            Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Нансалмаа, Д.Наранхишиг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 1999 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар Цаг уурын техникч түр авч ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч М.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мэндбаярынхан овогт М.Ч/ /-гийн Ховд аймгийн Ус цаг уурын товчоо, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагалдан ажиглагч, ажиглагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЖАРГАЛ