Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00023

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа /улсын өмгөөлөгч/

шүүгдэгч Б.Мөнхбаяр, Р.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буягаагийн Мөнхбаяр, Төвд овогт Рэнцэнхандын Мөнхсайхан нарт холбогдох эрүүгийн 201706000036 дугаартай, 132/2017/0018/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Овоот 17-16 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Буягаагийн Мөнхбаяр /РД:ФБ84122977/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн 1-105 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Төвд овогт Рэнцэнхандын Мөнхсайхан /РД:ФЖ85042910/,

      Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Мөнхбаяр, Р.Мөнхсайхан нар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаярын өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Мөнхсайхан бид хоёр найзындаа очсон юм. Бид найзындаа очоод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энэ үед Мөнхсайхан манай нэг найзыг доромжлоод байхаар би уурласан. Үүнээс болж бид маргалдсан. Би түүний хөл рүү нь өшиглөсөн. Үүний дараа бид ноцолдсон бөгөөд Мөнхсайхан намайг доошоо суух явцад нүүр рүү өшиглөсөн. Миний нүүрээс цус гарсан. Биднийг Баярмагнай салгасан. Бид өөрсдийн бие махбодид учирсан гэмтлүүдээ өөр, өөрсдөө эмчлүүлсэн. Бид бие, биедээ гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид бага наснаасаа найзалсан найзууд юм. Бидний хооронд өс хонзон зүйл байхгүй гэх мэдүүлэг,

   Шүүгдэгч Р.Мөнхсайханы өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө бид архи уусан. Би түүний найз Төмөр-Очирыг онцгүй залуу гэж хэлсэн. Үүнээс болж Мөнхбаяр уурласан бөгөөд бид маргалдсан. Энэ үед Мөнхбаяр намайг өшиглөсөн, мөн би түүний хөмсөг рүү өшиглөсөн. Миний нүүр хавдсан, нүд хөхөрсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Бид бие, биедээ буруу зөрүү санаж явдаггүй, бага наснаасаа найзласан найзууд байгаа юм гэх мэдүүлэг,

201706000036 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Гэрч И. Баярмагнайн өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн Чинбаа утсаар залгаад намайг хаана байна гэж асуухаар нь гэртээ байна гэж хэлсэн чинь 1 шил архи уугаад талдаа орж байна, чи ирэх юм уу гэхээр нь би уухгүй ээ гэж хэлсэн. Тэгтэл удалгүй 20 цаг болж байхад гаднаас Чинбаа, зүс таних нэг залуу, Бааска, Баяраа нар 1 шил 0.75 литрийн Ерөөл архийг талд нь ортол уугаад барьж орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд Бааска, Чинбаа, Баяраа гурав дахин архи авахаар гэрээс гарч явсан. Харин би нөгөө зүс таних нэрийг нь мэдэхгүй залуугийн хамтаар гэртээ үлдсэн. Тэр гурав 30 гаран минут болоод 0.75 летрийн Ерөөл архийг хиам, ундаа талхтай авч орж ирсэн. Тэгээд бөөнөөрөө архиа уугаад сууж байхад Эрдэнэдаваа, Хулуу хоёр манайд орж ирсэн ба 0.75 летрийн архи авч орж ирсэн. Тэгээд архиа уугаад сууж байхад нөгөө танихгүй залуу, Баяраа хоёр хоорондоо яг юунаас болсныг нь хэлж мэдэхгүй байна лларгаж эхлээд шууд гэрт зодолдоод эхлэхээр нь та хоёр гэр орон буулгалаа гарч зодолд гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгах гэж манайд байсан хүмүүс тэр хоёрын дундуур нь орсон. Тэр үед манай гэрийн хуванцар сандал эвдэрсэн, шалаар нэлэнхүйдээ цус болсон байсан. Хэний биеийн аль хэсгээс цус гарсныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна, тухайн үед би нэлээд согтсон халамцуу согтуу байсан. Бодвол Баяраа нөгөө танихгүй хоёр залуу хоорондоо зодолдоод аль нэгнээс нь цус гарсан байх. Тэгээд гэрийн гадаа байж байхад нэг нь суллын цагдаа дуудсан байх удалгүй 2 цагдаа ирж бид нарыг салгасан. Тэгээд Чинбаа бид хоёроос бусдыг нь цагдаа нар авч яваад бид хоёр манай гэрт үлдсэн. Тэгээд Чинбаад би чиний дагуулж ирсэн хүмүүс чинь гэр орон ийм болгосон байна чи өөрөө цэвэрлэ гэж хэлээд цэвэрлүүлсэн. Удалгүй Эрдэнэдаваа Чинбаа руу утсаар ярьж Баяраа эмнэлэг дээр байна та хоёр хүрээд ир гэхээр  нь  суллын  эмнэлэг ортол Баяраад шингэн залгасан байсан  ба  Баярааг Эрдэнэтийн эмнэлэг рүү авч явна гээд үлдсэн гэжээ /хх-9 тал/,

Гэрч Б.Чинбатын өгсөн тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хялганат тосгоны төвд Баярмагнай гэх айлд Мөнхсайхан, Бааска, бид дөрөв архи ууж уугаад сууж байхад гаднаас Мөнхбаяр, Хулуу, Эрдэнэдаваа гурав орж ирсэн. Тэр гурав орж ирэхдээ 1 шил 0,75летрийн Ерөөл архийг авч ирсэн. Бид нар бөөнөөрөө гэрт архи уугаад сууж байгаад би унтах гээд хэвтээд өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад хүмүүс хоорондоо чангаар маргах чимээ гарахаар нь сэрсэн чинь Мөнхсайхан, Мөнхбаяр хоёр хоорондоо зодоон хийсэн байрын Мөнхбаяраас цус гарчихсан нөгөө хажууд нь байсан хэд салгах гээд оролдоод байж байсан. Тэгээд тэр хоёрыг салгах гэж бид нар оролдсон боловч салж өгөхгүй болохоор нь Эрдэнэдаваа гэрээс гарч цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд Мөнхсайхан, Мөнхбаяр хоёр нь гэр, гадаагүй зодолдоод байсан. Тэгж байхад цагдаа нар ирж салгасан ба Мөнхсайхан, Мөнхбаяр хоёрыг  авч явсан ийм л зүйл болсон гэжээ. /хх-10 тал/,

Гэрч Б.Энхтүвшингийн өгсөн тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Мөнхбаяр нь Барина буюу Барсайханы  гэрт хүрээд  ир  гэж утсаар дуудсан. Найз  Хулаагийн  хамтаар Баярсайханыд очиход Мөнхбаяр, Мөнхсайхан, Бааска, Баярсайхан, Чинбат нар нь Ерөөл нэртэй 0,75 литрийн архийг хувааж уугаад сууж байсан. Тэutt; Хулуу бид хоёр нэг шил 0,75 летрийн Ерөөл архийг авч очсон бөгөөд бид хоёрын авчирсан архийг мөн хувааж уусан. Тэгээд архи ууж дуусаад Хулуугийн эхнэртэй утсаар яриад гэрээс Хулуу бид хоёр гарсан. Тэгээд утсаар яриад буцаад гэрт орж ирэхэд Мөнхсайхан, Мөнхбаяр хоёр хоорондоо зодолдоод зогсож байсан. Тэгэхээр нь Хулуу гэрт ороод Мөнхбаярын толгойн хэсгээс цус гараад доошоо тонгойгоод сууж байхаар нь Мөнхбаярыг чи яахаараа хүн зоддог юм вэ гэсэн. Тэгсэн чинь Мөнхсайхан нь өөрөө эхэлсэн шүүдээ гээд зодолдоод байсан. Тэгээд Мөнхсайхан, Мөнхбаяр хоёрыг хооронд нь салгах гэсэн боловч дийлээгүй болохоор би гэрээс гарч сумын цагдаа дуудсан. Ингээд удалгүй цагдаа нар ирж салгасан. Ийм л зүйл болсон гэжээ. /хх-11 тал/,

Гэрч Л.Бэх-Учралын өгсөн тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз Эрдэнэдаваагийн хамтаар Баярсайхан гэрт нэг шил 0,75 летрийн архитай очсон. Тэдний гэрт очиход Мөнхбаяр, Чинбат, Мөнхсайхан, Бааска, Баярсайхан ах зэрэг хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд Эрдэнэдаваа бид хоёрын авч ирсэн архийг хувааж уугаад дуусгасан. Тэгээд манай эхнэр утсаар залгаад байхаар нь Эрдэнэдаваагийн хамтаар гэрээс гарч утсаар ярьсан. Тэгээд утсаар нэлээд хэсэг удаан ярьж байгаад буцаж орж ирэхэд Мөнхсайхан, Мөнхбаяр хоёр хоорондоо зодоон хийсэн байсан. Мөнхбаярын толгойноос нь цус гарсан байсан. Тэр үед би Мөнхсайханыг яаж байгаан бэ гэтэл намайг мөргөж хойш нь болгосон. Тэр үед Мөнхсайхан, Мөнхбаяр хоёрын хоорондох зодооныг салгах гэсэн боловч дийлээгүй болохоор Эрдэнэдаваа гэрээс гарч цагдаа дуудсан. Удалгүй сумын цагдаа нар ирж зодооныг салгасан. Ийм л зүйл болсон гэжээ. /хх-12 тал/,

Шүүгдэгч  Б.Мөнхбаярын хохирогчоор өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Чинбаа, Бэх-Учрал, Эрдэнэдаваа, Мөнхсайхан, Баачка нарын хамт Баярмагнайгийнд 3 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж ууж байтал Мөнхсайхан нь "би хаана ч хүнд зодуулахгүй, намайг хэн ч  дийлэхгүй" гэх мэт янз бүрийн зүйл яриад байхаар нь чи  айлд орж ирчихээд дуугуй суугаач гэж хэлээд хажууд унасан сандлыг босгох гээд доош хартал архины шилээр миний толгой руу цохьсон. Тухайн үед Бэх-Учрал, Эрдэнэдаваа 2 гадаа байсан бөгөөд намайг толгойгоо бариад сууж байхад гаднаас орж ирээд Бэх-Учрал Мөнхсайханыг чи яаж байгаа юм бэ гэж хэлтэл түүнийг мөргөж унагаасан. Тэгээд ширээн дээрээс архины шил авч хагалж Эрдэнэдаваа руу дайрахаар нь би дундуур нь орж салгах гэтэл баруун гартаа барьсан хагархай архины шилээр миний зүүн хөмсөг руу цохисон гэх мэдүүлэг /хх-13, 18-19 тал/,

Шүүгдэгч  Р.Мөнхсайханы хохирогчоор өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз Чинбат, Бааска нарын хамтаар Булган аймгийн Хялганат тосгонд байдаг Баярсайханы гэрт очиход гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид нар 5-лаа болж архи ууж хэрэглэсэн. Тэгээд архи уугаад сууж байхад Мөнхбаяр, Хулуу, Эрдэнэдаваа гурав нэмж ирсэн. Тэр гурав ирэхдээ мөн нэг шил архи авч ирсэн юм. Тэгээд 7-лаа болж архи уугаад сууж байхад Чинбат унтаад өгсөн. Тэгтэл Мөнхсайхан бид хоёр хоорондоо би чамайг зодож чадна гээд томорхоор нь зөрүүлээд чи яахаараа хүнрүү томордог юм вэ гэж маргасан. Тэгж байснаа Мөнхбаяр намайг өшиглөөд авсан тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөсөн. Тэгээд хоорондоо зодолдож эхэлсэн. Ингээл бид хоёр зодоон хийж эхэлсэн ба тэгж зодолдож байхдаа нүдэн тусах газарт нь нэг зүйлээр цохьсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирж салгасан ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-14, 21-22 тал/,

Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шмнжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот

1.   Р.Мөнхсайханы биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, эгэм аюулхайд цус хуралт, хамрын нуруу, зүүн чих, баруун тохой, цээжний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.   Цаашид ерөнхиий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд  нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 27-28 тал/,

Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шмнжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 38 тоот

1.   Б.Мөнхбаярын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.   Цаашид ерөнхиий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд  нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 30-31 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 4 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5, 7 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8 тал/, хохирогч нарыг байцаасан тэмдэглэл /хх 13, 17-22 тал/, гэрчүүдийг байцаасан тэмдэглэл /хх 9-12 тал/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56-57 хуудас/ шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх 38-49/ болон хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Мөнхбаяр, Р.Мөнхсайхан нар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Ойчдын 1-5 тоотод оршин суух И.Баярмагнайн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Мөнхсайханы " найз Төмөр-Очир чинь онцгүй хүн" гэж хэлсэнээс үүдэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, Б.Мөнхбаяр нь Р.Мөнхсайханы биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, эгэм, аюулхайд цус хуралт, хамрын нуруу, зүүн чих, баруун тохой, цээжний баруун хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч Р.Мөнхсайхан нь Б.Мөнхбаярын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйл баримт болжээ.

Энэ үйл баримт нь Б.Чинбат, Ч.Эрдэнэдаваа, Л.Бэх-Учрал нарын өгсөн тайлбар, гэрч И.Баярмагнайн мэдүүлэг болон хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 37, 38 тоот дүгнэлтүүд, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Мөнхбаяр, Р.Мөнхсайхан нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Р.Мөнхсайхан, Б.Мөнхбаяр нар нь сайн дураар эвлэрч байгаагаа илэрхийлсэн, шүүгдэгч  нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д "мансуурлын буюу согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй" талаар заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д  "хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэмт буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгох"-оор зохицуулж, дээрхээс өөрөөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байх бөгөөд Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй дээрх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ширхэг, хагархай шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Буягаагийн Мөнхбаяр, Төвд овогт Рэнцэнхандын Мөнхсайхан нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан шүүгдэгч Р.Мөнхсайхан, Б.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201706000036 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Р.Мөнхсайхан, Б.Мөнхбаяр  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Р.Мөнхсайхан, Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ширхэг, хагархай шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг "Эд мөрийн баримт устгах комисс"-т даалгасугай.  

 5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мөнхсайхан, Б.Мөнхбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  7. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД