| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0870/З |
| Дугаар | 221/МА2026/0147 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0147
Ш.Сын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0069 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.С
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.С
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0870/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0069 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ш.Сын өндөр насны тэтгэврийг хортой нөхцөлийн хөнгөлөлттэйгөөр тогтоохоос татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Ш.Сын өндөр насны тэтгэврийг хортой нөхцөлд ажилласан хөнгөлөлттэйгөөр тогтоож өгөхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/221 дүгээр тушаалаар баталсан жагсаалтын 2.13 дахь хэсэг нь зөвхөн арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт хамаарах тодорхой ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцохоор заасан бөгөөд уг жагсаалтад тусгагдсан “дүйцүүлэх” гэсэн ойлголт нь тухайн салбар доторх үйлдвэрлэлийн хүрээнд, технологийн процесс, хөдөлмөрийн нөхцөлөөрөө ижил, төстэй ажил, мэргэжилд хязгаарлагдан хэрэгжихээр тогтоосон хэм хэмжээ юм.
2.2. Гэтэл нэхэмжлэгч Ш.С нь арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрт бус үйлчилгээний салбарт хамаарах хими цэвэрлэгээний газарт “хими цэвэрлэгээний машинч”-аар ажиллаж байсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, хөдөлмөрийн орчноороо дээрх жагсаалтад заасан, ажил мэргэжилтэй огт хамааралгүй болно. Ийм нөхцөлд уг ажил мэргэжлийг дээрх жагсаалтад заасан үйлдвэрлэлийн хүрээнд дүйцүүлэн тооцох хууль зүйн боломж үүсэхгүй.
2.2. Анхан шатны шүүх жагсаалтын “дүйцүүлэх” гэсэн заалтыг салбарын хязгаарлалтгүй мэтээр өргөтгөн тайлбарлаж, үйлчилгээний салбарын ажлыг үйлдвэрлэлийн салбарт хамааруулсан нь хууль тогтоогчийн зорилго, зохицуулалтын хүрээг илтэд хэтрүүлэн, гуйвуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Ш.Саас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Ш.С миний хүсэлтийн дагуу өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэйгөөр тогтоохоос татгалзаж байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож, миний өндөр насны тэтгэврийг хуульд заасны дагуу хөнгөлөлттэйгөөр тогтоож өгөхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан шаардлагыг хангаж байхад гаргасан хүсэлтээс үндэслэлгүйгээр татгалзсан, ... миний бие 12 жил хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд буюу хуурай хими цэвэрлэгээний машинистаар ажилласан тул өндөр насны тэтгэврийг хортой нөхцөлд тогтоолгох боломжтой” гэж,
3.2. Хариуцагчаас “... нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх "М" ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь “хими цэвэрлэгээ угаалга, будаг” бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь үйлдвэрлэлийн хортой, халуун нөхцөл бүхий орчинд тооцогдохгүй байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/221 дүгээр тушаалын 2.13-д “Арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн” салбарт заасан жагсаалтад хамаарахгүй байна” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтын тухайд;
4.1. Ш.С нь 197* оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй.
4.2. Түүний хувьд"М" ББХК-ийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар тус компанид индүүчнээр,
4.3."М" ХХК-ийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалаар хими цехийн индүүчний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, мөн өдрөөс хими цэвэрлэгээний машинистаар ажиллаж эхэлсэн.
4.4. Улмаар"М" ХХК-ийн захирлын 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/7 дугаар тушаалаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” гэх үндэслэлээр тус ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн.
4.5. Түүний индүүчин болон хими цехийн хими цэвэрлэгээний машинист гэх ажил үүргийг гүйцэтгэж байсан"М" ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэл нь “хими цэвэрлэгээ, будаг, угаалга” байна.
4.6. Нэхэмжлэгч нь өөрийн эрхэлж байсан ажлын чиг үүргээ хуурай хими цэвэрлэгээний машинист буюу операторчноор ажиллаж байснаа шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан хугацааны талаар талууд маргаагүй.
5. Энэ хэргийн хувьд, түүний тус компанид хуурай хими цэвэрлэгээний машинистаар ажилласан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан “...10-аас доошгүй жил ... хөдөлмөрийн хортой нөхцөлд...” хамаарах эсэх дээр дүгнэлт өгөх шаардлагатай байна.
6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ.
7. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д хими цэвэрлэгээний машинч /машинист, операторч/-ийн албан тушаал нь салбараасаа хамааран хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд:
7.1. Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.13.16-д Арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн химичин цэвэрлэгээчин нь 0310-38 кодтой Зэвсэгт хүчний зэрэглэлийн химичин цэвэрлэгээчинтэй,
7.2. Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2.83-д Уул уурхайн үйлдвэрлэлийн хими цэвэрлэгээний машинч нь энгийн буюу бусад хими цэвэрлэгээний машинч /тодорхой кодгүй/
7.3. Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.3.57-д Төмөр замын, нисэхийн хуурай цэвэрлэгээний машины операторч 8154-25 кодтой хуурай хими цэвэрлэгээний машинчтай тус тус дүйцэхээр байгаагаас дүгнэвэл арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн болон зэвсэгт хүчний зэрэглэлийн хими цэвэрлэгээний машинч нь хөдөлмөрийн хортой нөхцөлд, хуурай хими цэвэрлэгээ болон бусад салбарын хими цэвэрлэгээний машинчийн хувьд хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахаар байна.
8. Тодруулбал, дээрх жагсаалтын 2.13-д заасан арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн химичин-цэвэрлэгээчин нь 0310-38 кодтой хими цэвэрлэгээний машинчтай дүйцэх бөгөөд энэ нь "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-д зааснаар зөвхөн зэвсэгт хүчний салбарын химичин-цэвэрлэгээчинд хамаарч дүйцэхээр байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, мэргэжилд хамаарахгүй.
9. Гэтэл анхан шатны шүүх үүнийг ялгаж салгаж авч үзэлгүйгээр ерөнхий байдлаар нэхэмжлэгчийн ажил, мэргэжил нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хортой нөхцөлд хамаарч байна гэж дүгнэхдээ холбогдох жагсаалт, журмын зөвхөн ажил мэргэжлийн нэршилд үндэслэн тэдгээрийн индекс/кодыг харгалзалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд нийгмийн даатгалын хууль тогтоомж болон түүнд холбогдох журмыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
10. Харин хариуцагчаас гаргасан “...дүйцүүлэн хэрэглэх ажил мэргэжлийн жагсаалт нь зөвхөн тухайн салбартаа дүйцүүлж хэрэглэнэ” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд маргаан бүхий ажил мэргэжлийн тухайд ч "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-д тусгагдсаны дагуу өөр өөр салбарын ажил, албан тушаалтай дүйцүүлэн хэрэглэхээр заасан байхад хариуцагчийн гомдолд дурдсан агуулгаар захиргааны хэм хэмжээний актыг явцууруулан хэрэглэх боломжгүй.
11. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, мэргэжил нь “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсний 4.3-д “Төмөр замын, нисэхийн:” 57-д “Операторч, хуурай цэвэрлэгээний машины, код 8154-25, Хими цэвэрлэгээний машинч” гэж заасанд хамаарч байх бөгөөд энэ нь "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-ын “8154 Угаах, чанах, будах, цайруулах, сэгсрэх, цэвэрлэх, толбо арилгах, хатаах машины операторч”, 8154-25 Операторч, хуурай цэвэрлэгээний машины гэж заасанд дүйцэхээр холбогдох жагсаалт, ангилал тодорхойлолтод заажээ.
12. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн ажил, мэргэжил нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хортой нөхцөлд хамаарах бус Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахаар байна гэж үзэхээр байна.
13. Тус тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" /цаашид "жагсаалт" гэх/-ыг хэрэглэхдээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-ыг баримтална”, 2.2-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтыг хэрэглэхдээ энэ журмын 2.1-д зааснаас гадна дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтыг харгалзана”, 2.7-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилд заасан ажил, мэргэжлээр ажиллаж, шимтгэл төлсөн даатгуулагч аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад хамаарахаас үл хамааран хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан бол тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно” гэж тус тус заасан байна.
13.1. Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг хэрэглэхдээ "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-ыг баримтлахаар зааж зөвхөн хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилд заасан ажил, мэргэжлээр ажиллаж, шимтгэл төлсөн даатгуулагч аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад хамаарахаас үл хамааран хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан бол тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоор зохицуулсан, харин хөдөлмөрийн хортой, халуун, газрын дор нөхцөлийн хувьд дээрх жагсаалтаар баталсан дүйцүүлэн хэрэглэх ажил мэргэжлийн дагуу тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох эсэхийг шийдвэрлэхээр байна.
14. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Нэхэмжлэгч Ш.С нь нэхэмжлэлийн шаардлагаа “тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгохыг даалгах”-аар тодорхойлсон бөгөөд шаардлагын үндэслэлээ “хортой нөхцөлд ажилласан хугацаа болон насны хувьд хуульд заасан болзлыг хангасан” гэж маргасан тул давж заалдах шатны шүүхээс зөвхөн хортой нөхцөлийн дагуу тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох эсэх дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан нөхцөл болзлыг хангаж /55 нас хүрмэгц/ хүсэлтээ гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооход энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг баримтлан Ш.Саас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Ш.С миний хүсэлтийн дагуу өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэйгөөр тогтоохоос татгалзаж байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож, миний өндөр насны тэтгэврийг хуульд заасны дагуу хөнгөлөлттэйгөөр тогтоож өгөхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Б.Ж-ны давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОДМАА