| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00252/И |
| Дугаар | 00301 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 00301
| 2020 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2020/00301 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 2/24 айлын орон сууцны 12 тоотод оршин суух, Олгон овогт Ж ийн Д / /-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00252/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ж.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай эцэг Дашнямын Ж нь Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт 1920 онд төрсөн. 1970 оноос хойш Ховд аймгийн Монгол банкны хэлтэст ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Бид нар эцэг эхээс 10-уулаа төрсөн. Миний дүү Ж.Оюунчимэг 1964 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Хүүхэд ахуй цагтаа өвдөөд халамжийн тэтгэмж авч байсан. 2019 онд 55 нас хүрээд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох гээд эцгийнхээ ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний дүү Ж.Оюунчимэг багадаа менэнгит өвчнөөр өвдөөд оюун санааны хувьд жаахан хэцүү, дураараа зантай. Тэтгэврийн нас болсон байгаа. Бид нар өмнө нь эцгийнхээ нас барсныг шүүх хуралдаанаар тогтоолгож байсан. Эцгийнхээ Ховд аймгийн Монгол банкны хэлтэст хэдэн оны хэдэн сард орсныг сайн мэдэхгүй байгаа. Монгол ардын намын төв архивын магадалгаа дээр 1969 оны 8 сард монгол банкны хэлтэст ороод 1980 оны 4 сард тэтгэвэрт гарсан гэсэн тэтгэврийн дэвтрийг хавтаст хэрэгт хавсаргасан. 1970 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс албан газруудаар цүнхтэй мөнгө хураагч хийж байсан гэсэн итгэмжлэх гэсэн бичиг баримт болон баярын бичгүүдийг олсон. Хөдөлмөрийн дэвтэр болон бусад зүйл нь олдохгүй байгаа. Ховд аймгийн архивын тасгаас хайсан боловч ажиллаж байсан байдал гарч ирээгүй. Иймд Дашнямын Ж ийн Ховд хот дахь Монгол банкны хэлтэст 1969 оны 9 дүгээр сараас 1980 оны 3 дугаар сарыг дуустал мөнгө хураагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү....Ж.Оюунчимэг хүүхэд ахуй цагтаа өвдсөн. Халамжийн тэтгэмжтэй байсан. 1964 онд төрсөн болохоор 2019 онд тэтгэвэртээ гарах нас болсон. Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч эцэг юм уу эхийнхээ ажилласан жилийг сэргээн тогтоолгоод ирвэл хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож болно гэж хэлсэн....Миний эцэг Ховд аймгийн Дарви сумын багийн Засаг дарга, 1956 онд Барилга угсралтын конторт, Худалдаа бэлтгэлийн трест, Ховд аймгийн Монгол банкны хэлтэст ажиллаж байсан.... гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь Д.Жанчиндоржийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг Дашнямын Ж ийг Ховд хот дахь Монгол банкны хэлтэст 1969 оны 9 дүгээр сараас 1980 оны 3 дугаар сарыг дуустал мөнгө хураагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Дашнямын Ж /ПЭ20021515/ нь Ховд хот дахь Монгол банкны хэлтэст 1969 оны 9 дүгээр сараас 1980 оны 3 дугаар сарыг дуустал мөнгө хураагчаар ажиллаж байсан болох нь Ховд аймаг дахь Монгол банкны салбарын захирлын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дашнямын Ж нь Ховд аймаг дахь банкны конторт 1975 онд 390-400 төгрөг, 1976-1980 онд 400 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болно гэх тодорхойлолт, Монгол Ардын намын Төв архивын 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар архивын магадлагаа, 1979 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ж ид олгосон Баярын бичиг, 1974 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Ж ид олгосон Баярын бичиг, Д.Ж ийн 81397 дугаартай тэтгэврийн дэвтэр, 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Д.Ж ийн Улсын банкны Ховд аймаг дахь хэлтэст мөнгө хураагчийн итгэмжлэх, Ховд аймаг дахь Монгол банкны салбарын захирлын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/21 дүгээр албан бичгээр ирүүлсэн 1975-1980 оны хоорондох С.Жанчидоржийн цалингийн тооцооны картын хуулбаруу, гэрч Л.Доржийн “....Намайг 1966 оны 11 дүгээр сард Увс аймгийн Банкны хэлтсээс Ховд аймгийн Банкны хэлтэст шилжиж ирэхэд С.Ж нь Ховд аймгийн Банкны хэлтэст мөнгө хураагчаар ажилладаг байсан. Ховд аймгийн Банкны хэлтэст 3 мөнгө хураагч ажиллаж байдаг байсан ба С.Ж нь тэдний нэг байсан юм. С.Ж нь намайг Ховд аймгийн Банкны хэлтэст ирснээс хойш тасралтгүй мөнгө хураагч хийж байгаад 1980 онд Баахүү даргын үед тэтгэвэрт гарсан юм. Би тухайн үед Ховд аймгийн банкны конторын орлогч даргаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, гэрч Ө.Уртнасангийн “.....Ж нь намайг 1977 оны 4 дүгээр сард Монгол банканд бичээчээр ажилд ороход мөнгө хураагчаар ажиллаж байсан. Д.Ж нь 1980 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Д.Ж нь миний мэдэхийн тасралтгүй мөнгө хураагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн юм....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 8, 9-10, 18-19, 20-35, 62-64, 81-93, 74-76, 77-80 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Дорж, Ө.Уртнасан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 12-17 дугаар хуудсанд авагдсан гэрчилгээ, баярын бичиг зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Ж.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашнямын Ж /ПЭ20021515/-ийн Ховд хот дахь Монгол банкны хэлтэст 1969 оны 9 дүгээр сараас 1980 оны 3 дугаар сарыг дуустал мөнгө хураагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ