Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/206

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Б.Сүрмандах,

Нарийн бичгийн дарга         А.Энхзул

Хохирогч                                 С.Д*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Г.Амартүвшин

Шүүгдэгч                                  Б.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.М*******д холбогдох эрүүгийн 2331002260206 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 4** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, С******* сум, * дугаар баг, * дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай,одоогоор Дархан уул аймагт түр оршин сууж байгаа гэх урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон ургийн овогт Б М*******, РД: /*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи ууж байсан С.Д*******тай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, ширээн дээр байсан хутгаар зүүн гаран тус газарт нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М******* мэдүүлэхдээ: “... 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед С.Д*******тай таарч Бөмбөөлөй дэлгүүрээс архи авч гэрт нь очоод С.Д*******гийн нөхөр Г бид гурав архи уусан. Архи уухын өмнө баяр болж байгаа юм чинь найз нь хүнс, махаа авч очоод танайд хоол унд хийж идээд байж болох уу гэж хэлсэн ба Д******* зөвшөөрсөн. Тэр өдөр наадам болж байсан болохоор морь давихаад ирж байсан ба өдөр байсан Д*******гийн нөхөр согтуу  Д*******г үг хэлээр доромжлоод энэ хоёр хэрэлдээд бүр сүүлдээ зодолдохоор нь би юмаа аваад гарч яваад гурилын үйлдвэрт байдаг найзындаа ирсэн. Би Д*******г хутгалаагүй, хутга ч байгаагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д******* мэдүүлэхдээ: ...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед наадмын талбайгаас нөхөр бид хоёр гэртээ ирсэн. Наадмын талбай дээр явж байсныг цагдаа нар мэднэ. Ингээд 16 цагийн үед кино үзээд гэртээ хэвтэж байхад гаднаас М******* хүүхдийн мөнгө буусан гээд мах, хүнс авчихсан орж ирсэн. Манайд орж ирээд бид Бөмбөөлөй дэлгүүрээс 0.75 архи авч уугаад дараа нь М******* манай хашаанд архи байгаа гээд бид хоёр цуг явж  хашаанд очиж пошикноос задалсан 0.75 архи авсан, мөн худалдааны төвөөр орж дахин стандарт архи 0.75 авч манайд ирсэн. Орой болж байсан бид бүгд 3 шил архи уусан. Гудамжинд явж байхад М******* манай нөхрийг үнссэн, манай нөхөр согтуу юу мэдэхгүй байсан. Үүнээс болж бид хоёр маргаж хэрэлдсэн. Энэ үед манай нөхөр согтуу тасарчихсан сандал дээр унтаж байсан. М******* бид хоёр хэрэлдэж байтал М******* надыг барьж авсан би нуруу намхан учир М*******ыг барьж хүрэхгүй байсан. Энэ үед намайг хутгалчих шиг болсон. Бид хоёрыг муудалцаж, М*******ыг би гэрээс гаргаад хаалга түгжээд эргэхэд миний гарнаас цус их хэмжээгээр гарч байсан. Би М******* намайг хутгалчихлаа гээд чанга орилход нөхөр сэрээд М*******ын араас гарахад байхгүй байсан гэсэн. Тэгээд миний цус тогтохгүй байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан. Орой нь намайг согтуу байхад цагдаа мэдүүлэг авсан, юу ярьсанаа сайн санахгүй байна. Намайг М******* хутгалсан, би өөрөө мэдэж байна. Эмчилгээнд 60.000 гаруй төгрөг зарцуулсан, хүүхдүүд ирсэн зардал шатахууны мөнгө гээд би 304.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор баримт нь байхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Д*******гийн 2023 оны 07 дугаар сарын 10-нд  өгсөн: "...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр наадмын талбайгаас өдрийн 12 цагийн үед нөхөртэйгээ хамт гэртээ орж иртэл М******* гэх манай хороололд амьдардаг эмэгтэй орж ирээд “та 2 юм ууж байна уу” гэхэд нь “өнөөдөр юм уугаагүй, сууж байна” гэсэн. Хүүхдийн мөнгө орсон, надад мөнгө байна, манай гэрийн пошикноос 1 “Хараа” нэртэй архи аваад ууя гээд Бөмбөөлэй дэлгүүрээс алтан навчис тамхи 1 хайрцаг, Хийморь нэртэй 0,75 литрийн архи 1 ширхгийг аваад таксинд суугаад манай гэрт очоод авсан зүйлсээ үлдээгээд Манжин Сүхээ гэх хүний нэрт “би үхрийн мах авсан байгаа” гээд Олон улсын худалдааны төвөөс Монгол стандарт нэртэй 0,75 литрийн архи нэг ширхэг, 1 хайрцаг алтан навчис нэртэй тамхи аваад С******* гэрт очтол гэрт нь хүн байхгүй байсан учраас хөргөгчнөөс нь мах, будаа, 1 литр тос аваад манай гэрт очсон. Тэгээд бид 3 хамт нэг шил архиа ууж дуусгаад байж байтал манай нөхөр намайг “чи явж бай, би М шаамаар байна” гэхээр нь би уурлаад “чи юу гээд байгаа юм бэ” гээд сандлаас бостол нэг нь миний зүүн гарын хэсэгт 2 удаа хутгаар хатгасан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Д*******гийн 2023 оны 07 дугаар сарын 29-нд дахин өгсөн: "... Тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу тэгээд цагдаагийн байгууллагын ажилтанд би мэдүүлэг өгөх чадвартай гэж хэлсэн. Тухайн үед болсон явдлыг би одоо бүгдийн тод санаж байна. М болон манай нөхөр бид 3 манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд М бид хоёрын маргалдсан маргаан ширүүсэж, М ширээн дээр байсан боорцогны савны таглааг хага цохиж босоод бид 2 зодолдсон, би М цохих гээд мөч богинотой болохоор хүрч чадаагүй тэгээд миний подвалкоор хүзүү ороогоод доошоо дарсан тухайн үйлдэл маш хурдан болсон тэгтэл М гэрт авчирсан тортой зүйлсээ шүүрээд маш хурдан гараад явсан. Тэгээд би гараа хартал миний зүүн гарын тохойны доод талд хутгаар 1 хатгасан тэгээд зүүн мөр хэсэгт 1 хатгасан байсан. Тэгээд би Г руу “М лалар чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд араас нь гараад хартал байхгүй байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. М манайд хоноё гэж хэлсэн тэгэхээр би үгүй чи манайхаас таваг хулгайлж байсан бас манай нөхрийн хатааж байсан хувцсыг хэтэс дээрээс хулгайлсан ийм үйлдлүүд байсан болохоор би хонуулахыг эсэргүүцсэн. Тэгээд би М хулгайч гээд хэлсэн тэгтэл М босож ирээд бид хоёрын зодоон эхэлсэн. Том биетэй биерхүү болохоор би дийлээгүй цохих гэж гараа далайхад мөч богинохон болохоор гар хүрч чадаагүй. Манай нөхөр Г наадах чинь надад “шаалгах гэж орж ирдэг юм” Би наадахыг чинь “шаагаад өгье” гэж хэлээд орон дээр хэвтэж байгаад босож ирэх хооронд М гэрээс гүйгээд явчихсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан, шөнөдөө би М хайсан, очих боломжтой газруудаар бүгдэнгээр нь орсон тэгээд олдоогүй. Тухайн өдөр ийм л зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /хх- ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Г 2023 оны 07 дугаар сарын 20-нд  өгсөн: "... Сэлэнгэ аймгийн наадам болж байсан буюу 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бид 2 гэртээ байж байтал М гэх танил эмэгтэй манайд ороод ирсэн “би мөнгөтэй байна хэдүүлээ архи ууя” гэж хэлээд “Бөмбөөлэй” нэртэй дэлгүүрээс 0.75 граммын 2 шил “Хамаг монгол” нэртэй архи аваад манайд бид 3 хувааж уусан. Би гэрт чанасан байсан малын дотор гэдэс гаргаж өгөөд хоорондоо ярилцаж байтал М гэнэт манай боорцогны тавагны тавгийг хага цохиод юу болов гээд хартал манай эхнэр “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн тэгээд М гэрээс гараад гүйсэн. Би тухайн үед нилээн муудсан байсан тэгтэл удалгүй цагдаагийн ажилтнууд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Г 2023 оны 09 дүгээр сарын 20-нд дахин өгсөн: "... Эхнэр Д******* бид хоёр 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 04 цагт боссон. Д******* боорцог хийж би хувцас хунараа угааж гэр орноо цэвэрлэсэн. Тэгээд бид 2 юмаа хийж дуусаад наадмын талбай дээр очиж баярын ёс гээд 2 ширхэг хуушуур авч идээд тэгээд гэр лүүгээ буцсан. Гэртээ ороод сууж байтал 11 цагийн үед М******* орж ирсэн. Гэрт орж ирээд суугаад “манайх руу явъя нөхөр хүүхдүүдээ аваад Дархан-Уул аймаг явсан байгаа. Манай поошикт архи хийсэн байгаа явъя” гэж хэлэхэд эхнэр Д******* “тэгье” гэж хэлээд бид 3 гэрээс гарсан гэрийн ар талын машин зам дээрээс такси барьж М*******ын гэрт эхэлж очсон. Бид 2 машиндаа үлдэж М******* хашаа руу ороод 0,75 граммын нэг шил архи барьж гарч ирсэн. Тэгээд “төв оръё” гэж хэлээд Шинэ зах дээр таксинаас бууцгааж Шинэ захаас дахиад нэг шил архи М******* архи авсан. Дахиж такси барьж Олон улсын худалдааны төвөөс ертөнцийн зүгээр хойд хэсэгт байх нэг айлд орсон. Би машиндаа үлдэж Д*******, М******* 2 тэр айл руу орсон. Тэгээд удаагүй нэг тортой юм барьж гарч ирсэн сонсоход мах будаа гурил гэх шиг болсон. Бид буцаад Сэлэнгэ аймгийн С******* сумын 5 дугаар баг Хороолол руу хөдөлсөн. Хороололд үйл ажиллагаа явуулдаг Бөмбөөлэй нэртэй дэлгүүр дээр зогсож Д******* М******* 2  дахиад нэг шил 0.75 граммтай архи нэг хайрцаг алтан навчис авч гарж ирсэн. Уг таксигаараа шууд манай гэрт очсон би тухайн үед хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна авсан архиа бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж сууж байгаад М*******ыг “малын гэдэс дотор иддэг биз дээ” гэж хэлээд хөргөгчөөс чанасан байсан гэдэс гаргаж ирсэн. Махаа идээд архиа хувааж ууж байгаад М******* манай нэг илүү өрөөнд чинь хэд хоночихьё гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай эхнэр Д******* надтай хардсан Д******* М*******д хандаж “чи намайг байхгүйд манай гэрт ирдэг та 2 ноотой” гэж хэлээд уурлаж эхэлсэн. Тэгээд маргаан үүссэн, юу гэж хэрэлдэж байсныг нь би сайн санахгүй байна. Д*******, М******* 2 босож зогсоод маргалдаж байгаад буцаад суухдаа М******* манай боорцогны тагийг хага цохисон. Тэр үйл явдал болсны дараа би ор луу хэвтэхээр яваад өгсөн. Тэгээд яриаг нь сонсоход М******* махаа авъя будаагаа авъя тэгээд будаа махыг Д******* тортой юмыг шидэж өгөөд зайл гэж хэлсэн. Тэгээд Д******* М*******ыг гэрээс гаргах гэж байгаа мэт үйлдэл хийж байсан. М******* босчихсон, Д******* хувцаснаас нь татчихсан байх шиг харагдсан. Удалгүй М******* гараад явчихсан. Намайг хэвтэж байхад Д******* ширээн дээрх зүйлсээ цэгцэлж байгаад гэнэт хөөш “Га намайг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ухас хийж босоод гадаа хашааны хаалга онгойлж М*******ыг хартал байхгүй байсан. Тухайн үйл явдал болсон цаг нь үдээс хойш болсон үзэгдэх орчин гэгээтэй байсан. Тэгээд би буцаад орж ирээд унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд цагдаагийн байгууллагын ажилтнууд ирсэн байсан. Гаднах орчин ямар байсныг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 257 дугаартай шинжээчийн: “ 1. С.Д*******гийн биед зүүн гарын шуу бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн “ 1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн подволк, хөх өнгийн өмд шинжилгээнд тэнцсэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн подволк, хөх өнгийн өмд дээр ямар нэг гэмтэл байхгүй байна.3.  Шинжилгээнд ирүүлсэн цагаан подволк, хөх өнгийн өмд дээр ямар нэг гэмтэл байхгүй тул харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хутгаар  гэмтэл үүссэн эсэх шинжилгээ хийх боломжгүй байна....” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-05 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11 дүгээр хуудас/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  79 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи ууж байсан С.Д*******тай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, ширээн дээр байсан хутгаар зүүн гаран тус газарт нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч. С.Д*******гийн ... Намайг М******* хутгалсан, би өөрөө мэдэж байна... гэх мэдүүлэг,

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Д*******гийн өгсөн ...Тэгээд М бид 2 маргалдсан маргаан ширүүсэж, М ширээн дээр байсан боорцогны савны таглааг хага цохиж босоод бид 2 зодолдсон, би М цохих гээд мөч богинотой болохоор хүрч чадаагүй тэгээд миний подвалкоор хүзүү ороогоод доошоо дарсан тухайн үйл маш хурдан болсон тэгтэл М гэрт авчирсан тортой зүйлсээ шүүрээд маш хурдан гараад явсан. Тэгээд би гараа хартал миний зүүн гарын тохойны доод талд хутгаар 1 хатгасан тэгээд зүүн мөр хэсэгт 1 хатгасан байсан.Тэгээд би Г руу “М лалар чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд араас нь гараад хартал байхгүй байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм гэх  мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Б.Гас өгсөн.... Махаа идээд архиа хувааж ууж байгаад М******* манай нэг илүү өрөөнд чинь хэд хоночихьё гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай эхнэр Д******* надтай хардсан “Д******* М*******д хандаж чи намайг байхгүйд манай гэрт ирдэг та 2 ноотой гэж хэлээд уурлаж эхэлсэн. Тэгээд маргаан үүссэн юу гэж хэрэлдэж байсныг нь би сайн санахгүй байна. Д******* М******* 2 босож зогсоод маргалдаж байгаад буцаад суухдаа М******* манай боорцогийн тагийг хага цохисон. Тэр үйл явдал болсны дараа би ор луу хэвтэхээр яваад өгсөн. Тэгээд яриаг нь сонсоход М******* махаа авъя будаагаа авъя тэгээд будаа махыг Д******* тортой юмыг шидэж өгөөд зайл гэж хэлсэн. Тэгээд Д******* М*******ыг гэрээс гаргах гэж байгаа мэт үйлдэл хийж байсан. М******* босчихсон Д******* хувцаснаас нь татчихсан байх шиг харагдсан. Удалгүй М******* гараад явчихсан намайг хэвтэж байхад Д******* ширээн дээрх зүйлсээ цэгцэлж байгаад гэнэт хөөш “Га намайг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ухас хийж босоод гадаа хашааны хаалга онгойлж М*******ыг хартал байхгүй байсан. Тухайн үйл явдал болсон цаг нь үдээс хойш болсон үзэгдэх орчин гэгээтэй байсан. Тэгээд би буцаад орж ирээд унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд цагдаагийн байгууллагын ажилтнууд ирсэн байсан... " гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/, зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.М*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын шалтгаангүй архидалт, зүй бус харьцаа, биеэ авч явах байдал, шүүгдэгч, хохирогчийн хувийн байдал зэрэг нөлөөлсөн байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... Шүүгдэгч Б.М*******д холбогдох хэргийг бүрэн гүйцэд нотлон тогтоогоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч гурвын мэдүүлэг зөрүүтэй, хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй, хавтас хэрэгтэй танилцахад энэ хэргийг шүүгдэгч Б.М******* үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа ба хохирогчийг нөхөр Б.Гтайгаа маргаж байсан гэж шүүгдэгч мэдүүлж байгаагаас үзэхэд энэ хэргийг Б.М*******ыг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд шүүгдэгч Б.М*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлт гаргасан.

Хохирогч С.Д******* нь  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ... намайг Б.М******* хутгалсан юмаа гэж тодорхой мэдүүлж байгаа ба хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б.Г мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч С.Д*******гаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас 304,000 төгрөгийг нэхэмжилсэн ба эмчилгээнд 60.000 төгрөгийг зарцуулсан, хүүхдүүд хөдөөнөөс шатахуун зарцуулж ирсэн зардал гэж нэхэмжилж байгаа  боловч хуульд заасны дагуу шүүхэд ирүүлсэн нотлох баримт байхгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирлын нэхэмжлэлийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтыг бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хохирогч С.Д*******д нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.М******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.М*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.М*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар М.М*******ын зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б М*******ыг Дархан уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг  хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.М******* нь Сэлэнгэ аймаг, С******* сум, 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 137 тоотод оршин суух хаягтай боловч одоо энэ хаягтаа оршин суудаггүй, Дархан уул аймаг, Дархан суманд амьдарч байгаа, хүүхдүүд Дархан сургуульд орсон, нөхөр Дарханд ажиллаж байгаа гэж мэдүүлж байх тул  Дархан уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн гэх подволк, өмд, хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Б.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Б М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б М*******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б М*******ыг Дархан уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг  хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар М.М*******ын зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг  харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч С.Д******* нь эмчлэгдсэн баримт болон унааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хохирогчийн гэх подволк, өмд, хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурөдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ