| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00319/И |
| Дугаар | 00304 |
| Огноо | 2019-05-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 00304
| 2020 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2020/00304 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, Арлынхан овогт М гийн Я / /-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын нэхэмжлэлтэй,
Арлынхан овогт М гийн Я ыг 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 0165 дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 153/2020/00319/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Я ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Я нь 1978 онд Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. 1978 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаа. 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид цэргийн алба хаасан. 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Цэргийн алба хаасан лавлагаан дээр М.Раанжав гэж байгаа. М.Я нь 2010 онд овог нэрээ өөрчлөөд М.Раанжав гэсэн нэрийг М.Я болгосон. Нийгмийн даатгалаас нэр зөрүүтэй байгаа учраас шүүхээр тогтоолгоод ир тэгээд тэтгэвэрт гарч болно гэж хэлсэн. Иймд Арлынхан овогт М гийн Я / /-ыг 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 0165 дугаар ангид М гийн Ранжав /Раанжав/ нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Я ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь М.Я ыг 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 0165 дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь нэхэмжлэлийн шаардлагыг Арлынхан овогт М гийн Я / /-ыг 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 0165 дугаар ангид М гийн Ранжав /Раанжав/ нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Я нь 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 0165 дугаар ангид М гийн Ранжав /Раанжав/ нэрээр цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/615 дугаартай “М гийн Ранжав /Раанжав/ нь Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0165 дугаар ангид цэргийн алба хаагаад мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагсан” гэх бичвэртэй албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 126/003169 дугаар Ургийн овог, эцэг/эхийн/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай “2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын захирамжаар М гийн Раанжавыг М гийн Я болгон өөрчилсөн талаар бичилттэй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 13 дугаар тал/
Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Зоригтбалын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Арлынхан овогт М гийн Я / /-ыг 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 0165 дугаар ангид М гийн Ранжав /Раанжав/ нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ