Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1349

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа, 

улсын яллагч: Б.Энэрэл, 

шүүгдэгч: М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***** овогт *****,****** /РД: ******/

Монгол Улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, ээж 3 дүүгийн хамт **** дүүргийн *** дугаар хороо, ************ тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ******** орчим А.Г-ын тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж оносны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, пивоны шилээр толгойн тус газар нь 1 удаа цохиж, хохирогч А.Г-ын эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Г-ын машинд гар өргөн сууж, Сонгинохайрхан дүүргийн *********** орчимд хүргүүлснийхээ дараа машин руу нь чулуу шидэж оносны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, пивоны шилээр толгойн тус газар нь 1 удаа цохиж, хохирогч А.Гын эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ          

          Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

            -Хохирогч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** автобусны буудал дээр зогсож байсан юм Тухайн үед нэг ***** орчим насны эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн бололтой согтуу таксинд сууж чадахгүй авч явах такси байхгүй гараа өргөөд зогсоод байсан. Тэгэхэд нь би нөгөө залуугийн дэргэд очоод ах нь хүргээд өгье гэж хэлээд машиндаа суулгаад явсан юм. Тэр үед машинд суусан залуу маань Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн хотхоны урд гэр хороололд буусан. Тухайн үед миний хүргэж өгсөн залуу машинаас маань буухдаа баярлалаа гэж хэлчихээд 6,000 төгрөг өгөөд машинаас буусан бөгөөд удалгүй гэнэт машин руу маань чулуу шидэх шиг болохоор нь гайхаад хартал нөгөө миний машинаас буусан залуу чулуу шидсэн байсан бөгөөд би шууд машинаасаа буугаад араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор нь машинаа зогсоолд байршуулаад хайгаад явж байтал нарийн гудамж нь дотор нөгөө залуутайгаа таараад яагаад ингэж байгаа талаар асуутал шууд баруун гартаа барьчихсан байсан ногоон өнгийн пивоны шилээр миний толгойн зүүн дээд орой хэсэгт цохиод толгой хагалчихаар нь барьж аваад зуураад зогсож байтал ээж нь гарч ирээд намайг тавиулаад би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед цагдаа дуудаж байхад нөгөө залуу маань зугтаачихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ******* 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5916 дугаартай:

1. А.Г-ын биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.Б-ы яллагдагчаар өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 03-ны цалин бууж ажлын газрын дарга болон хамт ажилладаг хүмүүсийн хамт 10 дугаар хороололд бильяард тоглонгоо би пиво уугаад нөгөө хүмүүс архи уусан юм. Тэгээд өглөө үүрээр 04 цагийн үед тараад би цуг ажилладаг залуугийн хамт 21 дүгээр хороолол хүртэл таксинд суугаад нөгөө залуугийн гэрийн гадаа жоохон юм ярьж сууж байгаад *** дүгээр хорооллын авто сургуулийн буудал дээрээс такси бариад Сонгинохайрхан дүүргийн ********* тоот гэр рүүгээ явсан. Би гэрийнхээ хойд талын гудамжинд буугаад таксины мөнгөө өгчхөөд гэрийнхээ үүдэнд ирэхэд нөгөө таксины жолооч ах миний араас хурдан ирж зогсоод чи миний машин руу яагаад чулуу шидээд байгаа юм бэ гэхээр нь би яахаараа чулуу шиддэг юм бэ гээд бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд таксины жолооч ах намайг цохиж нүдээд байхаар нь би гараараа 3-4 удаа нөгөө ахыг цохисон. Тухайн үед би хаана нь цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ мэдүүлж байсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дэх тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49-57 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ********** 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5916 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Гын биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.       

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч М.Б хохирогч А.Г-ын толгой тус газар пивоны шилээр цохисон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Б-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд мөн хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Г нь хохирол төлбөрөө барагдуулж авсан /хавтаст хэргийн 102, 112 дах тал/ гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч М.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.   

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Б-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг тодорхой орлого олдог болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар / хавтаст хэргийн 49-57-р хуудас/ нотлогдсон тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид торгох ял шийтгэх нь тохиромжтой байна. 

 Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******* овогт ********,******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй. 

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар М.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.УРАНГУА