Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0145

 

                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2026/0001 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А-с гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Е” ХХК

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.К, Т.А, Х.Н, И.З, Н.Ж, С.Н, Г.С, Б.Х, К.Б, М.Ш, Б.Ж, О.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр  

Хэргийн индекс: 110/2025/0048/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2026/0001 дүгээр шийдвэрээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.6, 19 дүгээр зүйлийн 19.5.2, 19.5.3, 19.5.4, 19.6, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.6, 20.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.3, 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “... Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/325 дугаар захирамжийн аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1031 дүгээр захирамж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/174 дүгээр захирамж, 000035568*дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсэг, аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны /2-36, 1-15, 3-36 айлын орон сууц/ барилгын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэрийн 3-36 айлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “Хурлын тэмдэглэлийг үзэхэд тэмдэглэлийг хагас дутуу хөтөлсөн, оролцогчдын саналыг бүрэн тусгаагүй, хурлыг хэн удирдаж хуралдуулсан талаар тодорхой бичээгүй, утга найруулгын хувьд алдаатай зүйлүүд их байна. Мөн оролцсон зарим хүмүүсийн нэрсийг орхигдуулсан, хуралд оролцсон хүмүүсийн нэрийг нэг бүрчлэн бичээгүй нөхцөл байдалтай байна. Үүнээс болж зарим хүмүүс оролцсон эсэх дээр маргаантай асуудал гарсан. Тухайлбал дахин төлөвлөлтөөр буулгах орон сууцны оршин суугчдын төлөөлөл 2 хүн оролцсон гэж бичсэн хэр нь тэмдэглэлийн хойд талд нэг төлөөллийн нэрийг орхигдуулсан, хуралд оролцсон хүмүүст нэг бүрчлэн гарын үсэг зуруулаагүй байсан. Энэ нь тухайн үеийн ажил хариуцсан хүмүүсийн, тэр ундаа үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын буруутай үйл ажиллагаа бөгөөд үүнд биднийг буруутгах үндэслэлгүй, дээрх үндэслэлээр хууль бус гэж үзээд хүчингүй болгох учиргүй.

2.2. Энэхүү сонгон шалгаруулалттай холбоотой аль нэг хуулийн этгээд, иргэдээс ямар нэгэн гомдол гаргаагүй байсан. Уг нь гомдол гаргах байсан бол Захиргааны ерөнхий хуульд заасан хуулийн хугацаанд гомдол гаргах ёстой. Үнэлгээний хороо хуралдаад зохих шийдвэрээ гаргаж, саналаа аймгийн Засаг даргад хүргүүлсний дагуу Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрх олгох шийдвэр гаргасан. Үүний дараа одоогийн хариуцагчаар оролцож байгаа аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан. Гэтэл ямар нэгэн гомдол гараагүй байхад намын үзэл бодлоор хандаж үнэлгээний хороог дахин хуралдуулах чиглэл өгч, тухайн үнэлгээний хорооны тэмдэглэлийг үндэслэн өмнөх гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгож байгаа нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

2.3. Тухайн үеийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Х.А нь гүйцэтгэх захирал Х.Ар миний төрсөн ах ба 2024 оны орон нутгийн сонгуулиар Монгол ардын намын аймгийн хорооны даргын хувьд сонгуулиа удирдаж оролцсон сонгуулийн үр дүнгээр ялагдсан хэдий ч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаад дургүйцэж намын үзэл бодлоор ажилласан гэж үзэж байна.

2.4. Бидний төсөл хэрэгжүүлэх санал оруулсан 3-36 айлын орон сууц нь нийт 36 оршин суугчтай. Тухайн үед нийт оршин суугчдаас 30 хүн гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийг А.Ж-т төслийн материалтай хамт гаргаж өгсөн. Дээрх материал төслийн материалд байх ёстой. Гэтэл төсөлд хавсаргасан материалд дутуу гарын үсэгтэй жагсаалт яагаад явах болсныг бид мэдэхгүй. Бидний өгсөн 30 хүний гарын үсэгтэй жагсаалтыг үнэлгээний хороо хянаж үзээд шаардлага хангаж байна гэж үзээд зохих шийдвэрийг гаргасан. Хуулийн дагуу татвар, хураамж төлсөн тодорхойлолтыг ирүүлээгүй гэх асуудлын тухайд ер нь аливаа хэлбэрээр явагдаж байгаа төсөл сонгон шалгаруулалт, тендер зэрэгт заавал татвар, хураамж төлсөн тодорхойлолтыг шаарддаггүй, цахим системээс шууд татан авах боломжтой байдаг. Дээрх үндэслэлээр манай компаниудыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2.5. Аймгийн Засаг дарга дээрх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол тухайн захиргааны акт илт хууль бус болох талаар хуульчилсан. Бодит байдал дээр тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт энэ талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй.

2.6. Захиргааны акт гаргах үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг хуульчилсан.

2.7. Хариуцагч шийдвэр гаргахдаа эдгээр зарчмуудыг зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж тус тус заасан. Аймгийн Засаг дарга захирамж гаргахаас өмнө дээрх нөхцөл байдлуудыг сайн тодруулж, үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоосны үндсэн дээр захиргааны актуудыг хүчингүй болгосон бол ийм маргаан гарахгүй байсан.

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хэрхэн хүргүүлэх талаар зохицуулсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно" гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар оролцогчийн эрхийг хангах ёстой. Хэрэгт цугларсан ажиллагаануудыг огт явуулаагүй. Сонсох ажиллагаа явуулах талаар “Е” ХХК болон оршин суугчдад мэдэгдсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Энэхүү маргаан нь зөвхөн манай компанид хамааралтай биш, 36 айлын оршин суугчдад бас хамааралтай. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Е” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “... Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/325 дугаар захирамжийн аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1031 дүгээр захирамж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/174 дүгээр захирамж, 000035568*дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсэг, аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны /2-36, 1-15, 3-36 айлын орон сууц/ барилгын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэрийн 3-36 айлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргажээ.

3. Анхан шатны шүүх  “... аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар байгуулсан Үнэлгээний хорооны Өлгий сумын 3-36 айлын орон сууцыг нураан шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр өндөр барилга /9-16 давхар/ барих тусгай зөвшөөрөлгүй, хууль, журам, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй   этгээдийг сонгон шалгаруулсан шийдвэр, мөн Үнэлгээний хорооны төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.2,19.5.3,19.5.4, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.6, 20.1.7, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган  шинээр барих үйл ажиллагааны журам-ын 4.4, 4.5, 4.6, 4.7 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэх,зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх  гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай тус тус нийцээгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц, барилгыг буулган шинээр барихаар сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулж, тус төслийн сонгон шалгаруулалтын урилгыг нийтэд зарласан.

5. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” А/1031 дүгээр захирамжаар тус үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Өлгий сумын 1* дүгээр багийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон 10* дүгээр байрны 36 айлын нийтийн орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Е” ХХК шалгарсныг батламжилж, мөн аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/174 дүгээр захирамжаар 2816 м.кв газрыг үйлчилгээтэй нийтийн орон сууц барих зориулалтаар барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүртэл эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000035568*дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

6. Маргаан бүхий аймгийн Засаг даргын А/325 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3-д заасныг тус тус үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй болсон Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2-36, 3-36 айлын орон сууцыг буулган, дахин төлөвлөн шинэ орон сууцны барилга барих төслийн сонгон шалгаруулалтаар “Е” ХХК болон “А” ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрх олгосон нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.6, 4.6.1, 4.6.11, 4.6.2, 4.6.3, 4.7-д заасныг тус тус зөрчсөн, хууль бус сонгон шалгаруулалт явагдсан гэж үзэж, аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” А/1031 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/174 дүгээр захирамж, 000035568*дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

7.  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч хуулийн этгээдийн санал хүлээн авах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна”, 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төсөл хэрэгжүүлэгч нь сонгон шалгаруулалтад оролцох санал, төслийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ”, 19.5-д “Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна”, 19.5.1-д “санхүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг”, 19.5.2-т “хүний нөөц, удирдлага, ажлын туршлага”, 19.5.3-т “төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 19.5.4-т “сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 19.6-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. 20.1.1-т “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчимд нийцсэн байх”,  20.1.4-т сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх”, 20.1.6-д “төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байх”, 20.1.7-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулсан байх” гэж тус тус зохицуулсан.

8. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4.3-т “Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна”, 4.4-т “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны өмчлөгчийн төлөөлөл багтана”, 4.5-д “Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл хэрэгжүүлэх санал тус бүрд үнэлгээ өгч, 30 хоногийн дотор дүгнэлт гаргана”, 4.6-д Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгана”, 4.6.1-д “төслийн санал ирүүлсэн хуулийн этгээдийн ерөнхий ба туршлагын чадавхийн шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээ”,  4.6.11-т “төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээ”, 4.6.2-т “төслийн санал тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо”, 4.6.3-т “Үнэлгээний хорооны гишүүн тус бүрийн болон нэгдсэн үнэлгээ”, 4.6.4-т “Үнэлгээний хорооны нэмэлт санал”, 4.7-д “Үнэлгээний хорооны дүгнэлтийг бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурж баталгаажуулж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ”, 4.8-д Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно гэж тус тус заасан.

9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Е” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын даалгаварт заасан “ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй, 1-9 давхар хүртэлх барилга барих шаардлагыг хангасан байх” нөхцөл шаардлагыг зөрчсөн байх бөгөөд энэ нь “Классиксолюшн” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тус компанийн тусгай зөвшөөрөл зэргээр нотлогдож байна.

10. Мөн тус ажлын даалгаварт заасан 2023 оноос хойш хэрэгжүүлэх эрх авсан бусад гэрээний талаарх мэдээлэл, сүүлийн 3 хүртэлх жилийн ижил төстэй ажил үйлчилгээний борлуулалтын мэдээлэл, гүйцэтгэсэн ажлын жагсаалт, түүнийг бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон захиалагчийн тодорхойлолт зэргийг ирүүлээгүй, оршин суугчдын 80 хувийн зөвшөөрөл, саналыг авсан байх зэрэг ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн гүйцэт хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон түүнээс гарсан шийдвэр холбогдох хууль, журмыг зөрчсөн болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

11. Үүнээс үзэхэд, маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/325 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль, холбогдох журам зөрчөөгүй, түүнийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

12. Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “... тэмдэглэлийг дутуу хөтөлсөн, оролцогчдын саналыг бүрэн тусгаагүй, хурлыг хэн удирдаж хуралдуулсан нь тодорхойгүй, алдаатай зүйлс их байгаа нь бидний биш тухайн ажлыг хариуцсан төрийн байгууллагын албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа” гэжээ.

12.1. Захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлах учиртай бөгөөд үнэлгээний хороо төслийг хэрэгжүүлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээдийг шалгаруулж, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын холбогдох зохицуулалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд гомдол үндэслэлгүй.

13. Мөн гомдолд “... маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3-д заасныг үндэслэсэн. Бодит байдал дээр тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэжээ.

13.1. Хэдийгээр маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3-д заасныг үндэслэн гарсан хэдий ч энэ үндэслэлээр нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй. Учир нь захиргаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар тухайн шийдвэрээ өөрөө хүчингүй болгох боломжтой бөгөөд энэ нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар байна.

14. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хэрхэн явуулсан, шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй зэргээс үл хамааран маргаан бүхий актын үндэслэл болох хууль бус сонгон шалгаруулалттай холбоотой нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

15. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2026/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                     З.ГАНЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА

 

 

                        ШҮҮГЧ                                                      Ц.ОДМАА