Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2017/0418

 

2017 оны 05 сарын 30 өдөр              Дугаар 128/ШШ2017/0418          Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Т.

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.

Гуравдагч этгээд: “У” ХХК.

Гуравдагч этгээд: “М ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “М ХХК-иар захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхоны 98/1А байрны 9 давхарт байх 806 тоот орон сууцныхаа өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Тийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгахнэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О, нэхэмжлэгч Т.Т, гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, гуравдагч тэгээд “М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Т.Т миний бие 2012 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн “М ХХК-ийн барьж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхонд 9 давхар орон сууцны 98/1А байрны 9 давхрын 806 тоот, 100.56 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар захиалж, "Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” нэртэй гэрээ байгуулж, орон сууцны үнэ болох 120.672.000 төгрөгийг бүрэн төлж, төлбөр тооцоо дуусгаж, гэрээний үүргээ бүрэн биелүүлж, одоог болтол тус орон сууцанд амьдран сууж байгаа болно.

2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр барилгыг Улсын комисс хүлээн авч эрх бүхий байгууллагаас 2015/570 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт" гарсан. Гэвч “М ХХК нь миний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай холбогдох материалыг гаргаж өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний 637 дугаар, 2016 оны 05 дугаар сарын 31-ний 001/хт2016/00621 дүгээр шүүхийн шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Т.Т миний бие тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлж, гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан. Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст дээрх орон сууц нь “М ХХК дээр гэрчилгээтэй байна, барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн

“М ХХК нь “У” ХХК-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, Могул хотхоны 98/1А байрыг бүхэлд нь надад болон бусад оршин суугчдад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавьсан байсан. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон Т.Т миний өмчлөх эрхийг хөндөх учиргүй юм. Өөрөөр хэлбэл, М ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад өгөх өглөгтэй бол тус компанийн хөрөнгөөс хангуулах нь зүйтэй.

Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхон , 98/1А байрны 9 дугаар давхарт байх 806 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь хууль бус, эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Тийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “М ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, Могул хотхон  98-806 тоотод 100 м.кв орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан орон сууцны бүх төлбөр тооцоогоо бүрэн төлж дуусгасан. Үүнээс хойш миний бие энэ байрны өмчлөгч болж амьдран суусаар байна. Улсын комисс хүлээж авснаас Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хүртэл “М ХХК-иас гэрчилгээгээ авах гэж хүлээсэн. Энэ хугацаанд гэрчилгээ гарах боломжгүй гэсэн учир бид Иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүхээс Т.Т нь маргаан бүхий 98 дугаар байрны 806 тоотыг өмчлөгч мөн гэж тогтоосон. Дээрх шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очиж, гэрчилгээ авах хүсэлтээ өгсөн боловч хариуцагч Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс бүртгэх боломжгүй гэж хариу өгсөн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “М ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, Могул хотхон 1А буюу 98-806 тоотод 100м.кв орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан орон сууцны бүх төлбөр тооцоогоо дуусгасан. Энэхүү байрыг 2015 оны 10 дугаар сарын 6 нд улсын комисс хүлээж авсан бөгөөд үүнийг 100 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж комиссын акт гаргасан. Үүнээс хойш миний бие энэ байрны өмчлөгч болж амьдран суусаар байгаа. Төлбөр тооцоогоо хийж байгаа. Комисс хүлээж авснаас Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хүртэл “М ХХК-аас ордероо авах гэж хүлээсэн. Энэ хугацаанд ордер гарах боломжгүй гэсэн учир бид Иргэний хэргийн шүүхэд хандсан. Яагаад гэхээр би шударга эзэмшигч, захиалгаар бариулсан байраа, Ордероо авах хүсэлтэй байгаа тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү? гэж Иргэний хуулиар Иргэний хэргийн шүүхэд хандаж гурван  шатны шүүхээс явж шийдвэр гаргуулсан.

Энэхүү шийдвэрт Т.Т нь энэ 98 дугаар байрны 806 тоотыг өмчлөгч мөн гэж тогтоосон. Би энэхүү Дээд шүүхийн тогтоолыг үндэслээд Оюуны  өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст очиж ордероо авах хүсэлтээ өгсөн юм. Гэвч хариуцагч Оюуны  өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс  бүртгэх боломжгүй гэж хариу өгсөн. Иргэний хэргийн шүүхийн тогтоол гарчихсан байхад харьяа байгууллага буюу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн салбар заавал бүртгэх ёстой гэж би үзсэн. Иймээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг бүртгэж, гэрчилгээг олгохыг даалгаж өгнө үү! гэсэн нэхэмжлэл юм. Миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй, аялал жуулчлалын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “М” ХХК -ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ олгосон бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтуудыг гаргаж өгснийг үндэслэн бүртгэсэн байна. “М” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “У”-тай ЗГ0001/110727 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018380 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул таун” /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй, аялал жуулчлалын зориулалттай барилгыг барьцаалж 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ001/110727 тоот барьцааны гэрээг байгуулж бүртгүүлсэн нь өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлснийг үндэслэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн бүртгэсэн байна.

 Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх” журмын 4 дүгээр зүйл 4.5-ын 3-т “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлдэг бөгөөд “М” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны албан бичгээр жагсаалт гаргаж өгсөн боловч эх хувь гэрчилгээг хамт хураалгаж өгөөгүй болно.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаар байрны 806 тоот орон сууцыг иргэн Т.Т өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлгийг дараах үндэслэлээр бүртгэхээс татгалзаж буцаасан болно.

  1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй, аялал жуулчлалын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр М ХХК /5087384/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ 000151030 тоот гэрчилгээ олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байна. Иймд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно гэж” заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Т.Тийн өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.

            2.Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй, аялал жуулчлалын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Т.Тийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

            Уг хөрөнгүүд нь Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байгаа тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Улаанбаатар хотын банкнаас зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

Иймд иргэн Т.Тийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж буцаасан нь хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйл 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хүүлийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасан тул Шүүх хуралд эрх ашиг нь хөндөгдөж байгаа “Улаанбаатар хотын банк”-ийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.

"М ХХК-тай иргэн Т.Т нь “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан эрхийн улсын бүртгэл мэдэх боломжгүй байсан.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл 13.9-т мэдүүлэг гаргач нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд заасны дагуу М ХХК хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд У ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Тийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ХУД-ийн 11-р хороо, Могул хотхоны 98/1А байрны 9 давхарт байрлах 806 тоот орон сууц нь М ХХК-иас тус банктай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банканд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарч байна.

М ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотын банканд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг банканд огт мэдэгдэлгүйгээр иргэн Т.Тд худалдан борлуулсан байна.

Улаанбаатар хотын банкны зүгээс М ХХК-тай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг байгуулсан даруйдаа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн бөгөөд түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгөнд барьцааны эрх үүссэн.

Зээлдэгч М ХХК нь Зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул Улаанбаатар хотын банкнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр М ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банканд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун хотхоны 17025, Ар Зайсангийн 98 тоот барилга.... зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Тодруулбал, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Могул таун хотхоны 98 /1А/ дугаар байрнаас буюу тухайн үл хөдлөх хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасан.

М ХХК-иас өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр хүлээсэн “зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах” үүргээ биелүүлэхгүй банканд хохирол учруулж байгаагаас гадна зээлийн гэрээний барьцаанд тавьсан эд хөрөнгүүдээ банкны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдад худалдсан үйлдэл гаргасан нь ээлж дараалан илэрч байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нъ шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны эрх бүртгэгдсэн байх тул барьцаалагч Улаанбаатар хотын банкнаас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-т “Гэрээ хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдснийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангана. 5.1.3-т “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19.2-т заасан иргэд, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан байх. ”гэж заасны дагуу Улаанбаатар хотын банкны барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд банкнаас заавал зөвшөөрөл авах үүрэгтэй тул улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Т.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М ХХК-нь Улаанбаатар хотын банктай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан зээл авч, тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар дараах хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Энэ барьцаалсан хөрөнгүүд дунд иргэн Т.Тийн нэхэмжилж буй 1А байрны 9 давхарт байрлах 806 тоот орон сууц хамаарагдана. Учир нь талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ нь тухайн үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн үүргийн гүйцэтгэл, ирээдүйд хийгдэх гүйцэтгэлтэй нь хамтад нь үнэлгээ хийсний үндсэн дээр зээлийг олгосон байдаг. Энэ нь зээлийн барьцааны гэрээнд тодорхой бичигдсэн байдаг.

Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тухайн 806 тоот орон сууцыг иргэн Т.Тд зарахаар шилжүүлж гэрээ хийсэн байна. Барьцаалуулагч нь банкнаас огт зөвшөөрөл авалгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн буюу энэ талаар “М ХХК-аас банканд огт мэдэгдээгүй бөгөөд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Уг гэрээ байгуулсан нь өөрөө үндэслэлгүй. Үүний дараа “Могулскай”-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Улаанбаатар хотын банкнаас удаа дараа сануулж Хан-Уул дүүргийн буюу хуучнаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн дагуу 2014 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн 4010 дугаар бүхий шүүхийн шийдвэр гарсан бөгөөд шүүхээс уг шийдвэрийн дагуу “М ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,055,461,140 / Хоёр тэрбум тавин таван сая дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зээн дөчин/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банканд олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч хэрэв үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могултаун хотхоны Ар Зайсангийн 98 тоот барилгыг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэлийг хангахыг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлд даалгасан байдаг. Өөрөөр хэлбэл 98 тоот барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4010 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн алба руу  2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1/11612 тоот шийдвэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлсэн буюу анхны албадан дуудлага худалдаанд тухайн үл хөдлөх хөрөнгийг оруулах тухай тогтоолыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг. Энэ тогтоолд бидний маргаж буй нэхэмжлэгч талаас 806 тоот орон сууц багтсан бөгөөд бусад үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн зүгээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоож гэрчилгээ гаргуулаагүй нь хууль бус гэж нэхэмжлэгч талаас маргаж байна.

Энэ бол хуулийн үндэслэлтэй. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу банкнаас заавал зөвшөөрөл авах нь зүй ёсны хэрэг буюу шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байх ёстой бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдаж байгаа.

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тухайн хөрөнгөтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бүртгэл өөрчлөгдөх тохиолдолд заавал банкнаас зөвшөөрөл авах ёстой. Өөрөөр хэлбэл банкны зээлийн гэрээний барьцаанд байгаа хөрөнгийг банкнаас зөвшөөрөл авалгүй бүртгэлд нь өөрчлөлт хийсэн тохиолдолд банкны хууль ёсны эрх ашиг сонирхол шууд зөрчигдөнө. Иймээс нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.Т нь М ХХК-ийн барьсан Хан уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 806 тоотод байрлах, 100.56 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдаж авсан.

Нэхэмжлэгчийн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэхь, 106 дугаар зүйлийн 106.1 дэх , Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18, 20 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, 4.1 дэх хэсэгт заасан иргэний эрхээр шүүхэд хандаж гаргасан байх тул манай талаас ямар нэгэн байдлаар татгалзах зүйл байхгүй байгаагаа шүүхэд мэдүүлье.

Дээрх эд хөрөнгө иргэн Т.Тийн хууль ёсны өмч мөн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №101/ШШ2016/00821, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/хт2016/00621 тус тус дугаартай шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байна.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбарт “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун /17025/, Ар Зайсан гудамж 98 байр нь 3564 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Ү-2206018350 дугаарт, “М" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх” гэх тул манай компани өөрийн өмч хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд иймээс 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банканд барьцаалан 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ иргэн Т.Тийн өмчлөх эрхэд хохирол учруулж болохгүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний талаар иргэн Т.Т нь мэдээгүй тул түүний шаардлага болон шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй болохоо шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байна.

У байгуулсан ЗГ/0001/110727 тоот зээлийн болон ЗБГ/0001/110727 тоот барьцааны гэрээ бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн бизнес үйл ажиллагааны ердийн үйлдэл байсан бөгөөд Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар гарцаагүй байдлын улмаас тухайн нөхцөлд үүссэн гэм хор буюу гэрээний үүргээ өөрөө арилган биелүүлэх болно. Харин энэ харилцаанд тус компаниас орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гуравдагч этгээдэд гэм хор учруулж, түүний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй.                                                                                            

Иргэн Т.Т нь тус компанитай байгуулсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан төрлийн шинжтэй учир мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан “ Худалдах худалдан авах гэрээ”-ний заалтаар зохицуулагдахыг иргэний хэргийн анхан шатны шүүхээс дүгнэсэн байгаа.

Иймээс манай компани нэхэмжлэгч иргэн Т.Тийн өмчлөлд эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, энэ эд хөрөнгө барьцаалан шаардсан Улаанбаатар хотын банкны өмнө хүлээсэн үүргээ үүнээс тусгаарлан өөрөө хариуцан гүйцэтгэхээ шүүхэд тайлбарлан мэдүүлж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М ХХК-нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Могултаун хотхоны ерөнхий захиалагч компани юм. Энэхүү 98 дугаар байрыг 2 үл хөдлөхийн хамт 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Улаанбаатар хотын банканд барьцаалсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний үүргээ тухайн үйл ажиллагааныхаа хугацаанд зохих журмын дагуу биелүүлж ирсэн  байдаг.

2013 оноос эхэлж компанид үүссэн санхүүгийн хүндрэлээс болж үйл ажиллагаан доголдож борлуулалтын үйл ажиллагаа нь саатсанаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон үүнээс үүдэлтэйгээр тухайн үед 32 үйлчлүүлэгчтэй байсан 98 дугаар байранд өөрөө гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавигдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахаар болсон. Үүнээс болоод оршин суугчид гомдол гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. 

Иргэн Т.Ттэй холбоотой асуудалд нь захиалгын гэрээний дагуу төлбөрийг хүлээж аваад өмчийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэж өгөх ёстой. Зээлийн гэрээний хувьд үлдсэн үүргээ дараа нь заавал биелүүлэхээ удаа дараа илэрхийлж  байгаа. Одоогоор үйл ажиллагаа нь бүрэн зогсолтын байдалтай 2 жил хагас орчим үргэлжилж байна. Улаанбаатар хотын банкны анхны шүүхийн шийдвэрт дурдагдсан 2,554,601,40 /Хоёр тэрбум тавин таван сая дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зээн дөчин/ төгрөгөөс өнгөрсөн сард тодорхой хэмжээний төлбөрийг барагдуулж эхэлсэн байгаа. Цаашид мөн сайн дураараа энэ үүргээ биелүүлж дуусгах хариуцлагаа хүлээнэ.

Тухайн төслийн ерөнхий захиалагч компани бусад худалдан авагч буюу захиалагчидтайгаа холбоотой хариуцлагыг тусад нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа учраас иргэн Т.Тийн нэхэмжлэлийг хангуулах хүсэлтэй байгаа. Мөн энэхүү тайлбартайгаа холбоотой холбогдох зүйл заалтыг ишлэл болгосон байгаа. Өөр нэмэлт тайлбар байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

 

            Т.Т М ХХК-иар захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгэр хороо, Могул хотхоны 98/1А байрны 9 давхарт байх 806 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Тийг бүртгэж гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгчээс М ХХК-ийн барьж байсан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Могул хотхонд 9 давхар орон сууцны 98/1А байрны 9 давхрын 806 тоот 100.56 м кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар захиалж “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, орон сууцны үнэ болох 120672000 төгрөгийг бүрэн төлж, төлбөр тооцоо дуусгаж өмчлөх эрхтэй болсон байхад 2017 оны 01 дгээр сард гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус гэж  маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэргийн оролцогчдын хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Т.Т “М” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр № 1а/806 дугаар “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж, орон сууцны үнэ болох 120672000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд уг орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ.

            Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-дТалууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.”, 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Т.Т 806 тоот 3 өрөө байрны үнийг бүрэн төлснөөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Харин Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1.Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, 182.3-д ”Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна.” гэж, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.“ гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.Т өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан  98/1А байрны 9 давхрын 806 тоот 100.56 м кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар баталгаажихаар байна.   

Нэхэмжлэгч Т.Т 2012 оны “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний дагуу 806 тоот 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилд авснаас хойш 2017 оныг хүртэл эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад хандаж байгаагүй байх бөгөөд харин хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан   дүүргийн  иргэний  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2016  оны  01  

 

дүгээр  сарын  22-ний өдрийн 102/ШШ2016/00821  дугаар шийдвэрээр түүнийг дээрх  орон сууцны өмчлөгчөөр тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 001/ХТ2016/00621 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг эд хөрөнгө нь М ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-2206018350 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон уг бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байгаа, мөн “Улаанбаатар хотын банк”-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээнд бүртгэлтэй байгаа тул дээрх банканд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргаж дахин мэдүүлэг гаргах зэрэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “..мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах...”, гэж зааснаас үзэхэд маргаан бүхий орон сууцыг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Т.Тийн нэр дээр давхар бүртгэх эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох 98/1А байрны 9 давхрын 806 тоот 100.56 м кв талбай бүхий 3 өрөө орон сууц Улаанбаатар хотын банк, М ХХК-ийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой  эд  хөрөнгийн  бусад  эрхийн  улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн  этгээд  бую у төрийн  эрх  бүхий  байгууллагын  зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заасан байх тул  нэхэмжлэгч  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрээ үндэслэн “Улаанбаатар хотын банк”-д хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тохиолдолд өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх боломжтой байна .

Гэтэл нэхэмжлэгч Т.Т  маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргаж байгаагүй, уг эрхийг бүртгэхэд эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагч “Улаанбаатар хотын банк” –ны зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдож байх ба энэ талаар  талууд маргахгүй байна.

Иймд  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхоны 98/1А байрны 9 давхарт байх 806 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Тийг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Тийг бүртгэж гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Т.Тийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэгч хуульд заасан шаардлага хангаснаар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад дахин мэдүүлэг гаргах эрхтэй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М ХХК-иар захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхоны 98/1А байрны 9 давхарт байх 806 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Тийг бүртгэж гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Т.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   А.НАСАНДЭЛГЭР