Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2020/00627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар          Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг  Д.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг  Ж.О холбогдох “Цалин 2.700.000 төгрөг, 200.000 төгрөгийн нөүтбүүк, Өгөөмөр дэлгүүрийн барааны үнэ 409.000 төгрөг, нийт 3.309.000 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.         

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж,  хариуцагч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ж нь 2018 оны 11 сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл нэг сарын цалин 450.000 төгрөгөөр тохирон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2019 оны 06 сарын 06-ны өдөр Өгөөмөр дэлгүүрийн ******* худалдагчаас 509.000 төгрөгний бараа татаж авсан бөгөөд 100.000 төгрөгийг 2019 оны 06 сарын 07-ны өдөр өгч, 409.000 төгрөгний тооцоо үлдсэн. Миний бие 2019 оны 06 сарын 08-нд Хөх хот руу 8 хоног явах ажлаар явахад 409.000 төгрөгний энэхүү бараа үлдсэн. Хөх хотоос иргэж ирээд ажиллах гэтэл ажиллуулаагүй бөгөөд орлого, зарлага, тооцооны дэвтрийг цоожлоод надад өгөөгүй. Тэгээд миний бие Ж.О рүү олон удаа утсаар ярьж “тооцоогоо нийлье” гэж хэлсэн боловч “хүүхэд харах хүн байхгүй” гэж хэлсээр, сүүлдээ утсаа авахаа больж өдийг хүрлээ. Миний бие 7 сарын турш ажиллаж байх хугацаандаа цалин гэж нэг л удаа 450.000 төгрөг авсан. Хөх хот руу явах гэж байхдаа цалин өгөх байх гэж бодож байтал надад 1000 төгрөг ч өгөөгүйд маш их гомдсон. Би энэ байгууллагад менежер, бармен, тогооч, цэвэрлэгч хүртэл бүхий л ажлыг нь хийж, өглөө 11:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл чин сэтгэлээсээ ажиллаж байсан. Миний бие нь одоо 57 настай, эрхэлсэн ажилгүй, 350.000 төгрөгийн тэтгэвэрээр амьдардаг. Ам бүл 5. Бага хүү оюутан, бага насны 1 ач байдаг. Иймд миний бие ажиллаж байсан хугацааны цалин болох 2.700.000 төгрөг, 200.000 төгрөгийн нөүтбүүк, Өгөөмөр дэлгүүрийн барааны үнэ 409.000 төгрөг, нийт 3.309.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эвлэрэх хүсэлтэй байгаа боловч Ж.Отэй ойлголцохгүй байна. Миний бие нь 2018 оны 11 сарын 24-ний өдрөөс Ж.О, ******* нарын караокед менежерийн ажил хийсэн. Ингэхдээ сарын 450.000 төгрөгийн цалин авахаар тохирсон ч эхний нэг сард цалин аваад бусад саруудад огт цалин аваагүй. Миний ажил үүрэг бол бармен, зөөгч, тогооч зэрэг ажлыг хийж, 2-3 хүнийг хариуцан ажиллуулж үйл ажиллагааны орлогоор цалинжуулж орлого зарлагын тооцоог нийлж ажиллаж байсан. 

Ингэхдээ хүнсний дэлгүүрээс хоолны болон архи, пиво зэргийг зээлээр авч орлогоосоо төлж байсан. Караокений эзэн ******* нь байнга хүн дагуулж ирж хооллож, ууж идэж байсан боловч тухайн тооцоог хийдэггүй байсан, мөн орлогоос байнга мөнгө авдаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 06 сарын 06-ны өдөр Өгөөмөр гэх дэлгүүрээс 509.000 төгрөгийн бараа татаж аваад 100.000 төгрөгийг маргааш нь төлж, 409000 төгрөгийг нь барны үйл ажиллагаанаас өгөх байсан ч би 2019 оны 06 сарын 08-ны өдөр ажлаасаа гарсан тул өгч чадаагүй. Авсан архи пиво нь *******ийн караокенд хэвээрээ үлдсэн. Гэтэл хүнээс авсан энэ тооцоогоо хүртэл төлөхгүй байсаар миний бие шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид дуудагдаж 2020 оны 03 сарын 24-ний өдөр Өгөөмөр дэлгүүрийн эзэн *******т дээрх мөнгийг төлнө гэдгээ хэлж эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Компьютерийн хувьд хуучин ашиглаж байсан нөтбүүкийг миний бие унагааж нүүрийг нь хагалсан тул өөрийн үзүүлэлт сайтай нөтбүүкийг авчирч барны үйл ажиллагаанд ашиглаж байсан бөгөөд энэ компьютерийн үнийн зөрүү болох 200.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Үнэлгээ болон бусад баримт байхгүй. Цалингийн хувьд миний бие 6 сарын цалинг сарын 450.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа юм. Бидний дунд хөдөлмөрийн болон бусад гэрээ хийсэн зүйл байхгүй. Амаар тохиролцоод л сарын 450.000 төгрөгөөр ажиллана гэж байсан юм. Миний бие үйл ажиллагаанаас олсон орлогоосоо өөртөө зарцуулж байсан зүйл байхгүй. Бүх орлого зарлагын тооцоо миний хөтөлж байсан тооцооны 2 ш дэвтэр дээр бичээстэй байгаа. Тэр дэвтрийг хариуцагч нь өгөхгүй байгаа юм..гэв.

Хариуцагч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Шинэ төгөл хотхон 1-27 тоотод оршин суугч иргэн Ж.О миний бие Д.Жг Гурван эрдэнэ караокэд 2018 оны 11 сарын 26-нд 450.000 төгрөг өгч ажиллуулахаар тохирч 2018 оны 02 сарын 04 хүртэл ажиллуулсан. Тухайн үед цалинг нь бэлэн мөнгөөр гар дээр өгч байсан нь үнэн болно. Д.Жгийн худ гэх 3 хүнийг мөн тухайн ажилд авч ажиллуулж байсан. Үүнийг дурдвал 1. *******-тогооч, 2.*******-туслах тогооч, 3. *******-үйлчлэгч, энэ 3 хүн нь цалингаа өөрсдийнхөө дээр дурдсан дансаараа авдаггүй бэлнээр цалингаа авч байсан. 2018 оны 12 сар хүртэлх цалингаа бэлнээр авсан. Харин 2019 оны 01 сарын цалин нь 2019 оны 2 сард буюу битүүний урд өдөр цалингаасаа суутгуулна гэж тухайн үед авч байсан банш сүү гэх мэт бараа материалуудын тооцоог суутган үлдэгдэл цалингаа бэлнээр гар дээрээ авч хотод шинэлэхээр явсан. Миний бие Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2019 оны 02 сарын 25-ны өдөр охиноо төрүүлсэн. 2019 оны 02 сарын 26-нд Д.Ж нь над руу залгаж” Би хотод ирчихлээ ажлаа хийе. Хүмүүстэйгээ ажилламаар байна” гэсэн. Тэгэхээр нь би төрсөн байна. Караоке ажиллуулах боломжгүй байна. Харин намайг ажилд ортол та өөрөө наад хүмүүсээ хариуцаад төлбөр тооцоо тооллого хийгээд бараа материалаа татаад өөрийнхөө болон ажилчдын цалин мөнгийг цаг хугацаанд нь өгөөд ажиллуулж чадах уу гэсэн. Гэтэл Д.Ж нь Тэгье тэр асуудал байхгүй би зохицуулаад байж чадна гэсэн. Би нөхөртэйгээ ярьж зөвлөлдөөд тэр үед нөхөр маань 430.000 төгрөгний бараа татаж өгч тухайн ажлыг эхлүүлсэн. Д.Жг ажиллуулж байх хугацаанд итгэл хүлээлгэж, тооллого тооцоогоо хийхийг шахдаггүй байсан. 2019 оны 06 сарын 08-нд манай нөхрийг ажил дээр очиход шал согтуу өрөөнүүд хэсэж үйлчлүүлэгч нартайгаа зүй бус харьцаж байсан. Энийг хараад манай нөхөр ажиллахыг боль гэж хүмүүст ингэж согтуу үйлчилж болохгүй гэж шаардлага тавихад бөөн хэрүүл болсон. Энэ үед нь би очиж харьж амрах шаардлага тавьсан боловч би одоо ажиллахгүй би нөхөртэй чинь хэрэлдчихсэн. Манай найзууд ирсэн байна. Би өөрөө юм аа мэднэ гэж хашиграад хамаг юмаа аваад тэнд байсан хэдэн залуучуудтай гараад явсан. Тухайн үед байсан өр авлагын дэвтэр, баримт, тэр өдрийн орлого зэргийг авч явсан. Одоо хүртэл өр, авлагын дэвтрийг өгөхгүй байгаа. Харвал би танина. Харин нэг ойлгомжгүй дэвтрээс өөр юм байхгүй. Тэгээд 10 гаран хоногийн дараа утсаар ярьж би ажил дээр ирсэн байна. Тооцоогоо шахъя гэсэн. Гэтэл тооцоо хийх гэхээр ямар ч баримт байхгүй, ойлгомжгүй дэвтрээс өөр юу ч байхгүй учир тооцоо хийх боломжгүй байсан. Өдөр тутамдаа бараа таталт хийж байсан ямар ч баримт байгаагүй. Тус баримтуудыг шаардсан боловч авчирч өгөөгүй. Энэ ажиллах хугацаандаа Д.Ж нь ажлын байран дээр нэг удаа архидаж байсан. Тухайн үед нь эргүүлийн цагдаа нар авч яваад эрүүлжүүлэхэд оруулах гэж байхад нь манай нөхөр очиж гаргаж байсан удаатай. Миний бие нь нялх нярай хүүхэдтэй байсан тул хэл ам, хэрүүл маргаан хийхийг хүсдэггүй байсан. Д.Жг баримтаа авчирч өгөхийг хүлээж байсан. Тэр орлого зарлага гээд байгаа ойлгомжгүй дэвтрийг хавсаргаж өгнө . Би Д.Жд өр, цалин мөнгөний тооцоо байхгүй. Харин би тухайн үед Д.Жд итгэсэн итгэлдээ ямарч тооцоо тооллого хийж байгаагүй. Би өөрөө ажиллуулж байхдаа ажилчдынхаа цалинг өгөөд, ямар ч өр зээлгүй бараа материалаа татаад, цэвэр орлого 1 сард дунджаар 1500.000-2.000.000 төгрөг байдаг байсан. Гэтэл Д.Жг ажиллуулснаар сард цалин хөлсөө өгөөд бараа материалаа татаад цэвэр орлого гэж тэмдэглэн өгч байсан мөнгө нь 2019 оны 02 сарын 26-03 сарын 31 хүртэл 1.568.000, 4 сард 657.000, 5 сард 156.000 төгрөг тус тус өгсөн байна. Тухайн үед би өөрөө ажиллуулж чадаагүй юм чинь бага ч гэсэн өгсөн мөнгийг нь буянаар нь болог гэж бодоод авдаг байсан. Д.Ж нь ямар үндэслэлээр компьютер 200.000, архи, пивоны 409.000, цалингийн 2.700.000 төгрөг тус тус нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Баримт нотолгоо хэрэгтэй байна. Бидний дунд ямар нэг хөдөлмөрийн болон бусад гэрээ хэлцэл хийгдээгүй, өөрийнх нь гуйснаар нь ажиллуулж байсан. Манай ажлын нөтбүүкийг ашиглах боломжгүй болгочихоод орон нь өөрийн нөтбүүкээ өгсөн. Тэр нь өмнө ашиглаж байсан компьютерээс үзүүлэлт өндөр, үнийн зөрүүтэй эсэхийг би мэдэхгүй, ялгаагүй л компьютер байсан. Манай нөтбүүкийг янзалж өгчихөөд өөрийн компьютерийг авах нь нээлттэй байгаа. Ажиллаж байх хугацаанд манай караоке нь өөрийн орлогоор зарлагаа нөхөөд явах бүрэн боломжтой ашигтай байдаг. Гэтэл өөр дэлгүүрээс архи пиво зээлээр авч байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Би караокегээ Д.Жд хүлээлгэж өгөхөд тодорхой хэмжээнд архи, пиво зэрэг бараа байсан. Хүлээн авахад мөн хэмжээний зүйл байсан. 409.000 төгрөг бараа материал байсныг мэдэхгүй юм. Цалин гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй сүүлийн саруудад өөрөө бие даан ажиллуулж олсон орлогоосоо хүмүүсээ цалинжуулж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж нь Ж.От холбогдуулан цалин 2.700.000 төгрөг, 200.000 төгрөгийн нөүтбүүк, Өгөөмөр дэлгүүрийн барааны үнэ 409.000 төгрөг нийт 3.309.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна. Нэхэмжлэгч Д.Ж нь шүүхэд гаргасан, нэхэмжлэл тайлбартаа “2018 оны 11 сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл Ж.Оийн Гурван эрдэнэ караокед менежерээр ажиллаж сарын 450.000 төгрөгийн цалин авахаар тохирсон ч 6 сарын цалин 2700.000, зээлээр авсан барааны үнэ 409.000, компьютерийн үнэ 200.000 төгрөг тус тус гаргуулна.. гэсэн бол хариуцагч Ж.О нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч Д.Жгийн эхний 2 сар ажилласан хугацааны цалинг өгсөн, сүүлийн саруудад тэрээр манай караокег үнэ төлбөргүй ашиглаж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй..гэжээ. Үйл баримтаар нэхэмжлэгч Д.Ж нь 2018 оны 11 сарын 24-ний өдрөөс Ж.Оийн Гурван-Эрдэнэ караокед менежерээр ажиллаж тухайн караокег бие даан ажиллуулж, орлого зарлагын тооцоо гаргах, бусдыг цалинжуулан ажиллуулах зэргээр эрх үүрэг үүсгэсэн байгаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэн хөлс авахаар тохирсон, хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй харилцаа болох нь тогтоогдож байна.  Улмаар нэхэмжлэгч нь 6 сарын хугацаанд ажилласан хугацааны хөлс, үйл ажиллагааны явцад гаргасан бусад зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хуулиар зөвшөөрөгдсөн, Иргэний хуулийн 367 дугаар зүйлд зааснаар ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацааны хөлсийг ажиллуулагчаас шаардах эрхтэй юм.

Шүүх зохигчдын хуульд заасан журмаар гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэл, тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал: Хариуцагч Ж.О нь 2018 оны 11 сард Д.Жг Гурван Эрдэнэ караокенд авч ажиллуулсан болохоо хүлээн зөвшөөрч, эхний 2 сарын цалинг өгсөн талаар тайлбартаа дурдсан байна. Улмаар Д.Ж нь цагаан сар тэмдэглэхээр 2019 оны 2 сард Улаанбаатар хот явж ирээд үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үеэс эд хөрөнгө түрээслэх болон эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах зэрэг гэрээний харилцааг сольж хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд зохигчдын дунд хөлсөөр ажиллах, ажиллуулах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хэрэгжих явцад гарсан бусад зардал,төлбөрийн маргаан үүссэн болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Ж нь хөлсөөр ажиллах явцдаа 2019 оны 06 сарын 06-ны өдөр Өгөөмөр нэртэй дэлгүүр, Д.*******т гэж хүнээс караокений үйл ажиллагаанд ашиглах зорилгоор архи, пиво зэрэг 509.000 төгрөгийн эд зүйл зээлээр худалдан авч, 100.000 төгрөгийг төлж 409.000 төгрөгийг төлөөгүй, тухайн эд зүйл нь нэхэмжлэгчийг 2019 оны 06 сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болох үед ажлын байранд буюу хариуцагчийн өмчлөлд үлдсэн болох нь зохигчдын тайлбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 81 дугаартай эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. Улмаар дээрх 409.000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Д.Жгаас гаргуулж Д.*******тэд олгохоор шүүхийн шийдвэр гарсан гэх үндэслэл байгаа тул уг 409.000 төгрөгийн эд зүйлийн өмчлөгч хариуцагч Ж.Оээс гаргуулан Д.Жд олгох нь зүйтэй гэж үзнэ. Тухайлбал: Иргэний хуулийн 210 дугаар зүйлд Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна..гэжээ. Өөрөөр хэлбэл Д.Ж, Д.*******т нарын худалдах худалдан авах гэрээний харилцаанд Ж.О нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болох юм. Учир нь Гурван-Эрдэнэ караокений нэрийн өмнөөс Д.Ж нь бусадтай хэлцэл хийсэн байх тул энэ тохиолдолд гуравдагч этгээд болохоор байна.  Иймд Д.Жгийн Д.*******ттэй хийсэн хэлцлийн төлбөрийг үндсэн үүрэг гүйцэтгэгч буюу Ж.О нь гүйцэтгэх нь хуульд нийцэхээр байна. Харин нэхэмжлэгч Д.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан хэргийн оролцогч нь “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар Д.Ж нь ажлын хөлс 2.700.000 төгрөг болон компьютерийн үнэ 200.000 төгрөгийг хариуцагч Ж.Оээс гаргуулах үндэслэл тогтоогдоогүй, нотлогдохгүй байх тул эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Тодруулбал: Нэхэмжлэгч нь Ж.Отэй сарын 450.000 төгрөгийн хөлстэйгээр ажилласан гэх боловч бичгээр хийгдсэн гэрээ байхгүй, эхний саруудад 450.000 төгрөг авч байсан гэх боловч энэ баримтыг гаргаж өгөөгүй, сүүлийн сарын ажлын хөлсийг олсон орлогоос авах эсэх, авсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн Д.Жгийн зөөврийн компьютер нь хэдэн төгрөгийн үнэтэй ямар үйлдвэр, загварын, хэдэн онд үйлдвэрлэгдсэн болох нь тодорхойгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1-д   Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, 409.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12920 төгрөгийг хариуцагч Ж.Оээс гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                         ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 409.000 төгрөгийг хариуцагч Ж.Оээс гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 67894 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оээс улсын тэмдэгтийн хураамж 12920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ