Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 00311

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00310

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, Ц овогт Дгийн Д  / /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00251/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Д  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1984 онд төгсөөд Увс аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-ийн сүү, сүүн бүтээгдэхүүний ангийг төгссөн. Улмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд саальчнаар ажилласан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1987 оны 10 дугаар сард ажиллахаар ирж байсан. Тухайн үеэс нэгдэл тартал ажилласан. Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Эв цэгийн мал бригадад 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал саальчнаар, Баясгалант амьдрал нэгдэлд 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс  12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан талаар шүүхээр тогтоолгосон. Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би Сэлэнгэ аймгаас 1987 оны 10 дугаар сард буюу цэрэг татлагын үеэр ирсэн. Сэрүүнхэн болчихсон байсан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Д  нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 302 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1988 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, Ды Д гийн “Баясгалант амьдрал нэгдэлд 1988 онд ажилд орсон, ямаачин, Манхан сум” гэх бичвэртэй ХААТР-1 дүгээр маягтын хуулбараар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 10, 31 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч Д.Д  нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 5-10 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 302 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1984-1986, 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1987 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарт нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн Н.Чимэддорж, Д.Дарьсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан гэрэл зурагнууд нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан гэрч Д.Дарьсүрэнгийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбараар зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цалинч овогт Дгийн Д  / /-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ