Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00793

 

      Ж.Б, Ш.Н, Л.Ж, Н.Э, Д.Д, М.С нарын нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02932 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/00642 дугаар магадлалтай,

Ж.Б, Ш.Н, Л.Ж ,Н.Э, Д.Д, М.С нарын нэхэмжлэлтэй

С.Б, Б.Н нарт холбогдох

2018.05.16-ны өдрийн эвлэрлийн гэрээг эрх олгоогүй асуудлаар байгуулснаас учирсан хохиролд 597,210,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, Ж.Б, нэхэмжлэгч Ш.Н, Л.Ж, Н.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагч Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч С.Бын өмгөөлөгч С.Чинзориг, хариуцагч С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ж.Б, Ш.Н, Л.Ж,Н.Э, Д.Д, М.С нар нь С.Б, Б.Н нарт холбогдуулан 2018.05.16-ны өдрийн эвлэрлийн гэрээг эрх олгоогүй асуудлаар байгуулснаас учирсан хохиролд 597,210,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02932 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б, Б.Н нараас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 597 210 193 төгрөгийг  /Б.Н-аас 54 175 328 төгрөг, С.Б-оос 54 175 328 төгрөгийг гаргуулж Д.Дт, Б.Н-аас 40 800 000 төгрөг, С.Б-оос 40 800 000 төгрөгийг гаргуулж М.С-д, Б.Н-аас 47 115 364 төгрөг, С.Б-оос 47 115 364 төгрөгийг гаргуулж Ш.Нт, Б.Н-аас 68 296 942 төгрөг, С.Б-оос 68 296 942 төгрөгийг гаргуулж Н.Эт, Б.Н-аас 46 381 950 төгрөг, С.Б-оос 46 381 950 төгрөгийг гаргуулж Л.Ж-д, Б.Н-аас 41 835 512 төгрөг, С.Б-оос 41 835 512 төгрөгийг гаргуулж Ж.Б-д / гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н,Н.Э, Л.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 114 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 557 000 төгрөг, хариуцагч С.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 1 557 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н,Н.Э, Л.Ж нарт олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/00642 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.Б, Б.Н нараас 597,210,193 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б, Д.Д, Л.Ж, Ш.Н, М.С, Н.Э нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,557,000 төгрөг, хариуцагч Б.Н-аас төлсөн 1,651,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Магадлалын хянавал хэсгийн 4 дэх хэсэгт “Ж.Б, М.Д, М.С, Л.Ж, Ш.Н,Н.Э нар Б.Н-д эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй байхад хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан үйл баримтыг тогтоох шаардлагын хувьд”, “...нэхэмжлэгч нар Б.Н-д хариуцагчтай эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгож Б.Н нь нэхэмжлэгч нараас олгосон бүрэн эрхийн хүрээнд тухайн хэргийн хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан байна гэж” давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлийг буруу тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3. “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагыг хангасан байх” гэж заасныг Б.Н, С.Б нар зөрчиж Эвлэрлийн гэрээ байгуулсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Энэ талаар Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 62.4-д “төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Н-д хариуцагчтай эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг түүнд итгэмжлэлээр олгосон болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл болон талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч зохигч эвлэрэл нь нэхэмжлэгч нарын хүсэл зориг байсан эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн эсэх талаар маргаж байна”. Мөн нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Н, С.Б нарыг хэргийн хариуцагч болох “М” ХХК-тай эвлэрлийн гэрээг байгуулахдаа гэрээг цуцлах, алдангиас татгалзах талаараа мэдэгдээгүй, зөвшилцөөгүй, төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, хэргийн хариуцагч “М” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлж, эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолд нийцүүлээгүй, дур мэдэн байгуулж” гэж анхан шатны шүүх зохигч нарын маргааны зүйлийг зөв тодорхойлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын 2010, 2011, 2012 онуудад байгуулсан захиалгын гэрээг С.Б, Б.Н нар цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хууль, гэрээнд заасан алдангиас татгалзаж, дур мэдэн эвлэрлийн гэрээ байгуулан биднийг маш ихээр хохироосон. Нэхэмжлэгч нарын хүсэл зорилго нь захиалсан орон сууцныхаа дуусаагүй барилгыг авч худалдан борлуулах замаар хохирлоо арилгуулахад байсан. “М” ХХК нь нэхэмжлэгч нараас авсан мөнгөөр орон сууцны барилгыг босгосон. Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээний улмаас захиалсан орон сууц, дуусаагүй барилгыг авч хохирлоо гаргуулах, хугацаа хэтрүүлсэн алданги төлүүлэх боломжгүй болсон. Өмгөөлөгч С.Б нь нэхэмжлэгч нарт эвлэрлийн гэрээ, түүний үр дагаврын талаар хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, ярилцаагүй, өмгөөлөгч шүүх хуралд ч оролцоогүй, Б.Н эвлэрлийн асуудлаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүйгээ анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дэх хэсэгт “Эвлэрлийн гэрээ байгуулсан үйлдэлд Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн 2019.10.04-ний №27 дугаартай тогтоол, 2020.04.30-ны өдрийн №04 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020.10.19-ний өдрийн №385 дугаартай УДШ-ийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн байна” гэсэн ч мөн магадлалын 5 дахь хэсэгт “нэхэмжлэгч нар Б.Н-д хариуцагчтай эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгож Б.Н бүрэн эрхийн хүрээнд эвлэрсэн байна” гэж бодит байдлаас зөрүүтэй шийдвэрлэжээ. Б.Н эвлэрлийн гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй, С.Быг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, эвлэрлийн гэрээг байгуулахад нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн дагуу байгуулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөөгүй гэж хохирол шаардсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ий 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэж байна. Мөн БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай 2020.12.24-ний 101/ШТ2021/00011 дугаартай тогтоолын 4-р хуудаст" Б.Н-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралд өгсөн тайлбартаа: Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолууд гарч Б.Н болон С.Б нар нь мэргэжлийн үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Тиймээс тухайн үед талуудын хооронд байгуулсан гэрээ нь нэхэмжлэгч нарын хүсэл зориг биш байсан учраас ИХШХШТХ-ийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргасан юм. “Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдээгүй нөхцөл байдал үүссэн” гэж зохицуулсан нь одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалтай таарч байгаа юм. Тиймээс 2018.05.16-ны өдрийн 1692 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэж хүсэлт гаргаж байсан. Ийнхүү эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч нарын хүсэл зориг биш байсан гэдгийг хариуцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүх “эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгожээ” гэж шийдсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Итгэмжлэлээр олгогдсон эвлэрэх эрх нь хязгааргүй эрх биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, төлөөлүүлэгч нарын хүсэл зорилгод нийцүүлэн хуульд заасан журмын дагуу хийгдэх ажиллагаа юм.

Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч нарын хувьд алданги шаардах эрхтэй байсан, шүүхийн шийдвэрээр зайлшгүй олгогдох ёстой орлого гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна” гэсэн атлаа хуулийн болон бодит үндэслэлийн талаар дурдсангүй. Нэхэмжлэгч нар захиалсан орон сууцаа авах, олон жилийн хохирлоо “М” ХХК-иас гаргуулахын тулд С.Б, Б.Н нараас эрх зүйн үйлчилгээ хүссэн. Тэд Б.Н-д итгэмжлэлээр, С.Б хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр гэрээ цуцлах, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгоогүй. Гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон. “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, гэрээнд заасан хариуцлагаас хариуцагчийг үндэслэлгүй чөлөөлж нэхэмжлэгч нарын шаардсан алдангиас татгалзсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3. “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. 63.4. Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүх хурал дээрх хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагыг хангасан байх” гэж заасантай нийцэхгүй юм. Хариуцагч нар “М” ХХК-ийг 597,210,193 төгрөгийн алдангиас үндэслэлгүй чөлөөлж, Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, “М цогцолбор хотхоны 28-н айлын 2С байрны нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлагаас татгалзсан. Нэхэмжлэгч нар одоо байр ч үгүй, мөнгө ч үгүй болж маш их хохирсон. Алданги төлүүлэх нь хууль, гэрээний заалтыг хэрэгжүүлж, зайлшгүй хийгдэх ажиллагаа. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах, багасгах хэлбэр юм. Мөнгөний ханшны уналт, орон сууцны үнийн өсөлт нь нэхэмжлэгч нарын хохирлыг нэмэгдүүлж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3. “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. 63.4, Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 228.1. “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй юм. Энэхүү хэрэг нь төлөөлөлтэй холбоотой маргаан байхад төлөөллийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зүйл заалтыг огт хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1. “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” байна. Б.Н-хыг итгэмжлэлд олгосон бүрэн эрхийн хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан гэсэн дүгнэлт нь нотлох баримтыг үнэлээгүй, энэ талаар гарсан шүүхийн шийдвэрийг үл ойшоосон нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2. “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” байна. Иймд ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.3. “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх” гэж заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00559 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус тус зөрүүтэй шийдвэр гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээг залруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч Ж.Б, Д.Д, Л.Ж, Ш.Н, М.С, Н.Э нар нь хариуцагч С.Б, Б.Н нарт холбогдуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд 2018.05.16-ны өдрийн эвлэрлийн гэрээг байгуулахдаа эрх хэмжээгээ хэтрүүлсэн, төлөөлүүлэгч нарын эрх ашгийг зөрчсөн гэж  учруулсан хохирол 597,210,193 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-д эвлэрэх эрхийг олгоогүй, гэрээг цуцлах шаардлага гаргаагүй, бидний оруулсан хөрөнгөөр бий болсон эд хөрөнгөөс үүрэг хангуулах хүсэлтэй байхад энэ шаардлагаас татгалзаж, хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан, хариуцагч нар нэг нь өмгөөлөгчөөр нэг нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох хэрэгтэй гэж өөрсдөө хэлснээр энэ хэлбэрээр оролцуулсан, хууль зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлээгүй, эвлэрлийн гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүссэн болон, эвлэрэх нөхцөлийн талаар үйлчлүүлэгчдээ огт мэдэгдээгүй, үүссэн нөхцөл байдал, түүнээс гарч болох арга замын талаар харилцан ойлголцолгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан С.Б-ын үйлдэлд  Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019.10.04-ний өдрийн 27 дугаар тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн, уг тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 04 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020.10.19-ний өдрийн 385 дугаар тогтоолоор нотлогдсон, бид олон жил хохирч явсан учраас бүгд алданги шаардсан, алданги шаардах эрхтэй байхад эвлэрсэн, ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулснаар бид мөнгө ч үгүй, байр ч үгүй үлдэж, хохирч байгаа гэжээ. /2хх 2, 56-67, 170-179, 181-189/

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга нь хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулахдаа алдангиас татгалзах ёсгүй байсан гэж үзээд нэхэмжлэлд заасан тус тусын алдангийн үлдэх хэмжээгээр хохирлоо тодорхойлсон шинжтэй байв.

9. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нарын зүгээс Б.Н-д иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлж оролцох, үүнд хариуцагчтай эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, хариуцагч С.Б нь өмгөөлөгчийн үүргээ биелүүлсэн гэж тус тус маргахдаа “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэх явцад нэхэмжлэлд дурдсан карказ нь Төрийн банкны зээлийн барьцааны зүйл болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдож, уг эд хөрөнгөөс үүрэг хангуулах боломжгүй байсан тул нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзсан, нэхэмжлэгч нар мөнгөө буцааж авъя гэсэн нь гэрээг цуцалсны үр дагавар байсан бөгөөд гэрээг бид цуцлаагүй, ...гэрээний маргаанд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг дүгнээд алдангийн зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэгч тус бүрт үндсэн мөнгөнөөс гадна алдангийг 15 хувиар гаргуулахаар эвлэрсэн нь зөв гэж дүгнээд эвлэрлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нарт хохирол учруулаагүй...” гэсэн үндэслэлийг заажээ.

10. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, Н.Э, Д.Д, М.С, Ж.Б, Л.Ж, Ш.Н, Р.М, Г.А нар нь С.Б-той 2017.11.24-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Д.Д, М.С, Ш.Н,Н.Э, Ж.Б, Л.Ж нарын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох 2,107,800,683 төгрөг гаргуулах, 28 айлын 2с байрны карказаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг өмгөөлөгчөөр оролцуулахаас гадна Л.Ж 2017.12.11-ний өдөр,Н.Э 2017.12.13-ны өдөр, Д.Д, Ш.Н, Ж.Б нар 2017.12.14-ний өдөр, М.С 2017.12.27-ны өдөр тус тус Б.Н-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох итгэмжлэлүүдийг олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь 2018.05.16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И-той эвлэрлийн гэрээ байгуулсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.16-ны өдрийн 101/ШШ2018/01692 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ. /1хх 18, 69-71, 78-84, 2хх 119-116/

11. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөх үүргээ, өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ тус тус зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс хохирол учруулсан эсэх асуудал болжээ.

12. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй бол учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж төлөөлөгчийн хуулиар хүлээх үүргийг заасан, харин шаардах эрхийг заагаагүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин төлөөлөгч бүрэн эрхээ хэтрүүлсэн бол эрх нь зөрчигдсөн гуравдагч этгээдийн өмнө хэлцлийн үүргийг биелүүлэх эсвэл гэм хорыг арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ба уг зохицуулалт нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээг залруулж, зөвтгөсөн байна.

13. Итгэмжлэл нь хэлцлийн үндсэн дээр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгодог бүрэн эрх байдаг.

Нэхэмжлэгч нараас Б.Н-д олгосон итгэмжлэлд “нэхэмжлэгчийн эдлэх бүхий л эрх, үүрэг /шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх, нэхэмжлэлийг татан авах, хэргийн материал болон нотлох танилцах, хуулбарлан авах, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд хүсэлт, гомдол гаргах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхээс татгалзах, хариуцагчтай эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, гүйцэтгэх хуудас бичүүлэх, улсын тэмдэгтийн хураамж тушаах, улсын тэмдэгтийн хураамжийг өөрийн дансанд буцаан авах, өмгөөлөгч авах/-ийг” эдлэх эрхтэй гэж тодорхойлсон байх ба харин эвлэрэх тохиолдолд “алдангийг хохирол гэж үзсэн тул алдангиас татгалзах ёсгүй” гэх мэт хязгаарласан эсвэл тусгайлан заасан ямар нэгэн нөхцөлийг итгэмжлэлд заагаагүй байна.

13.1. Гэвч төлөөлөгчийн эрхийг хязгаарласан нөхцөл итгэмжлэлд тусгагдаагүй хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нарын зүгээс алдангиас татгалзах ёсгүй байсан гэсэн хүсэл зоригийн илэрхийллээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрхэн ойлгуулсан, харилцан тохирсноо нотлоогүй, дутуу баригдсан карказ барьцааны зүйл байсан үйл баримтаас үзэхэд хариуцагч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ыг төлөөлөх эрхээ хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. Итгэмжлэлийн хүрээнд хариуцагч Б.Н нэхэмжлэгч нарыг төлөөлөн эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

13.2. Шүүх төлөөлүүлэгч, төлөөлөгч нарын хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийллийн зөрчилтэй асуудлыг бус итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг зөрчөөгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

13.3. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэл зоригийн илэрхийллийн үр дагавар нь төлөөлүүлж байгаа этгээдэд шууд хамааралтай байдаг тул нэхэмжлэгч нар эвлэрлийн гэрээ, түүний үр дагаврыг хариуцна. Төлөөлөгч нь төлөөлүүлэгч нарын хүсэл зоригийн илэрхийллийг буруу ойлгосон, эсвэл төлөөлүүлэгч буруу илэрхийлсний улмаас эвлэрлийн гэрээ байгуулсан бол энэ байдлаа илэрхийлж, эвлэрлийн гэрээнд нөлөөлөх эсэх нь тусдаа асуудал. Учир нь нэхэмжлэгч нар “М” ХХК-д өгсөн мөнгөө буцааж авах эсвэл орон сууцаа авах, эсвэл хохирохгүйн тулд үүрэг хангуулах боломжтой хөрөнгө олж, хохирлоо барагдуулахыг хүссэн эсэх талаар өөр өөр тайлбар гаргасан, энэ нь хэрхэн тогтоогдох, эвлэрлийн гэрээнд нөлөөлөх эсэх нь тусдаа маргааны зүйл байж болно.

14. Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019.10.04-ний өдрийн 27 дугаар тогтоол, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд С.Б-ыг хууль зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлээгүй, эвлэрлийн гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүссэн талаар, эвлэрэх нөхцөлийн талаар үйлчлүүлэгчдээ мэдэгдээгүй, үүссэн нөхцөл байдал, түүнээс гарч болох арга замын талаар харилцан ойлголцолгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан, Хуульчийн эрх зүйн байдлын байдлын тухай 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг зөрчсөн буруутай гэжээ.

Хариуцагч нараас үл хамаарч, нэхэмжлэгч нар “М” ХХК-тай орон сууц захиалах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу орон сууцаа авч чадахгүй, эрх нь зөрчигдсөн үйл баримт тохиолдсон байсан ба уг гэрээний маргаанд С.Б-ыг өмгөөлөгчөөр, Б.Н-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Гэм хорыг нөхөн арилгах үүргийн нийтлэг зохицуулалтыг Иргэний хуулийн 228-230 дугаар зүйлүүдэд тусгаж өгсөн тул шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтаас гадна нийтлэг хэм хэмжээг хэрэглэсэн нь буруу биш. Үүргийн харилцаанд үүссэн үүргээ гэм буруутайгаар зөрчсөн бол гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэрээний нэг тал нөгөө талаас хохирлыг шаардах тохиолдолд гэм буруу, үүргийн зөрчил, хохирол учирсан шалтгаант холбоо, хохирлын хэмжээ гэх урьдчилсан нөхцөлүүд тогтоогдсон байх учиртай.

Хариуцагч буюу өмгөөлөгч С.Б нь зохих буруутай боловч нэхэмжлэгч нарын хувьд алданги шаардах эрхтэй байсан, алданги нь шүүхийн шийдвэрээр зайлшгүй олгогдох ёстой орлого гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хангахгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ “эвлэрлийн гэрээг” хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэсэн, нэхэмжлэлийн зүйл болох хохирол нь хариуцагчийн буруугаас учирсан хохирол гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байжээ. Эрх зүйн хувьд гэм хор, хохирол нь нөхөн арилгах замаар сэргээгддэг шинжийг агуулдаг бөгөөд алданги авах эрх байсан эсэх нь олох байсан орлого буюу хохиролд тооцогдох боломжгүй юм.

15. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахдаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/00642 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 3,144,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ