Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 441

 

 

 

 

 

 

 2020              4               9                                              2020/ДШМ/441 

 

 

Б.З, Д.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Т.Оюунжаргал,

хохирогч М.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Я.Баатар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, М.Шаравнямбуу,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, Д.Н нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.З, Д.Н нарт холбогдох эрүүгийн 1905023881219 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.З, 1987 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Гүүд плас” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 48 дугаар байрны 44 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ШЖ87100219/;

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 797 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

 

Боржигон овгийн Д.Н, 1987 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тайм повер” ХХК-д технологийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7а байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ШБ87030650/;

 

Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

Б.З, Д.Н нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мelody” цэнгээний газарт нийтийн хэв журмыг зөрчиж иргэн М.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.З, Д.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

               Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.З, Д.Н нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.З, Д.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З, Д.Н нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.З, Д.Н нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.З, Д.Н нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.З, Д.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.З, Д.Н нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Зийн хувийн байдалтай холбоотой 48 хуудас баримтыг гаргаж өгч байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.З, Д.Н нарыг бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэнгээний газарт нийгмийн хэв журмыг зөрчиж иргэн М.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтөй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үндэслэлийг “хохирогч М.Мөнхжаргал, Т.Солонго, насанд хүрээгүй хохирогч Ш.Мишээл, гэрч Г.Болор, Т.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар, “хохирогч М.Мөнхжаргалыг шалтгаангүйгээр зодохдоо” олон нийтийн газар уг байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт тогтоогдсон гэж тус тус дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинжийн нэг болох аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь хууль хэрэглээний хувьд тухайн байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, зогссон, хэвийн ажиллах нөхцөлгүй болсон, эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн, устсан, эдийн болон бусад хор уршиг учирсан байхыг шаарддаг. Хохирогч Т.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “би тэр шөнө ажиллаж байсан, манай караокеноос алдагдсан гэмтсэн эвдэрсэн зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа тэр үед караоке хаасан гадны ямар нэгэн үйлчлүүлэгч эд нараас өөр байгаагүй. Гомдол санал байхгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаа тухайн үед алдагдаагүй үйлчлүүлэгч нар байхгүй байсан..” насанд хүрээгүй хохирогч Ш.Мишээлийн “надад бол ямар нэгэн санал, гомдол байхгүй. Караокеноос гарч ирэхэд миний үснээс зулгааж, газар савж унагаасан гэх мэдүүлдэг боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан камерын бичлэгээс үзэхэд тийм үйл баримт болоогүй нь тодорхой харагддаг. Гэрч Б.Болор “тухайн үед байгууллагад эд нараас өөр хүн байгаагүй, эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй, би болсон үйл явдлыг хараад айсан болохоор тодорхой зүйл мэдэхгүй байна” зэрэг хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд “Мелоди” гэх караоке цэнгээний газрын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, эд хөрөнгө устаж гэмтсэн болон үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл тасалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нь шүүгдэгч нарын үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нараас хохирогч М.Мөнхжаргалыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаатай нь өмгөөлөгчийн зүгээс маргахгүй, Гагцхүү шүүгдэгч нарын үйлдэл нь “байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримтыг өмгөөлөгчийн гомдлоор хязгаарлахгүйгээр дахин хянаж үзэхийг хүсч байна.  Иймд шүүгдэгч  Б.З, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ...” гэв.   

 

Хохирогч М.Мөнхжаргалаас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй гээд байна. Би тухайн караокед үйлчлүүлж байсан хүн. Би ганцаараа үйлчлүүлээгүй, хүмүүстэй хамт байсан. Караоке тухайн үед хаасан байсан юм бол бид нар яагаад байж байсан юм бэ, хаасан юм бол бид нарыг яагаад гаргахгүй байсан юм бэ. Надад учирсан гэмтлийг хөнгөн гэмтэл гэж дүгнэсэнд би гомдолтой байна. Би 1 сар эмнэлэгт хэвтсэн. Би амьсгал ч чадахгүй байсан. Тухайн үед шүүгдэгч нар гадаа гараад орилж чарлаж байсан. Энэ нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Нарангэрэл, Зориг гэх хүмүүс намайг эмнэлэгт хэвтэж байхад ирж дарамталсан. Тухайн үед эмнэлгийн ажилчид намайг хамгаалсан. Эмчилгээний мөнгөө шүүгдэгч нараас гаргуулж авсан гэв. ...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Я.Баатараас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед караокед 4 хүн үйлчлүүлж байсан. Уг караоке хүмүүст үйлчилгээ үзүүлж байсан. Д.Н, Б.З нар гаднаас орж ирээд уг байгууллагын үйл ажиллагааг тасалдуулсан. Гэрч Болор мэдүүлэхдээ “тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй, маш их айсан” гэсэн. Гэрч Мишээл мэдүүлэхдээ “би өрөөнөөс гарахад Мөнхжаргалыг 3 залуу зодож байсан. Би “яаж байгаа юм бэ” гэхэд, цагаан цамцтай залуу нь намайг үсдэж, савж унагаасан” гэсэн байдаг. Үйлчлүүлж байсан 2 хүнийг зодоод, үйлчилж байсан 1 хүнийг айлгаад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлож байна. Байгууллагын эд зүйлийг эвдээгүй гэдгээр уг гэмт хэргийг үгүйсгэж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв. ...” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн байх олон нөхцлүүд байдаг. Ганцхан байгууллагын эд зүйлийг эвдэж, устгаагүй гэх нөхцлөөр уг гэмт хэргийг үгүйсгэхгүй. Шүүгдэгч нар тухайн караокед хохирогчийг зодоод, хохирогчтой хамт явж байсан хүмүүсийг айлгаад, нилээн удаан уг үйл явдал үргэлжилсэн байдаг. Энэ талаар Мишээл, Мөнхцэцэг гэх мэт гэрчүүд тодорхой мэдүүлсэн. Камерын бичлэгээс үзэхэд тухайн үед Б.З караокений текний орчим зогсож байсан. Цаана нь Нарангэрэл, Эрдэнэбаатар хоёр хохирогч М.Мөнхжаргалтай тааралдсан байдаг. Хохирогч М.Мөнхжаргал шатны уруу унахад Б.З ямар ч үгийн зөрүүгүй шууд л саваад цохисон. Эрдэнэбаатарын хувьд уг зодоонд оролцоогүй. Тухайн үед нилээн согтуу, юу болж байгааг мэдээгүй байдалтай байсан. Архины шил барьсан байсан, гэхдээ түүгээрээ хохирогчийг цохисон зүйл байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.З, Д.Н нар нь 2019 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Melody” цэнгээний газарт  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, М.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны хугарал, дух баруун нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний зовхи, цус хуралт, хацар уруулд шарх, цус хуралт, 1 шүдний хугарал, 2 шүдний паалангийн гэмтрэл, 5-р шүд хөдөлсөн” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч М.Мөнхжаргалын “...Би 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меlody” нэртэй караокед Мишээл гэх эмэгтэйн хамт ороод удаагүй гарахаар болж хамт ажилладаг Алтанхуягийг дуудаад ирэхээр нь Мишээлийг караокены өрөөнд үлдээгээд явах тухайгаа хэлээд би түрүүлээд гарах үед миний ард Алтанхуяг 1-2 метрын зайд алхаж шатаар дээшээ гарах үед өөдөөс халзан толгойтой хар бараан хувцастай, нөгөөх нь гартаа шилтэй виски барьсан дээгүүрээ улаан өнгийн майк өмссөн 2 залуу гаднаас чанга чанга ярилцаад шатаар буух гэж байгаад миний өмнө хоёулаа зам хаагаад явуулахгүй янз бүрээр өдөөд, хоргоохоор нь “би найзуудаа би одоо явах гэж байна, та нар орж үйлчлүүл, би явчихъя бидэнд муудалцах шалтгаан байхгүй” гэхэд “ямар үндсэрхэг залуу вэ чи, хаагуур нь гармаар байна” гэж хэлээд миний цээжин тус газар вискины шил барьсан залуу нь гараараа цохихоор нь би шатны уруу хойшоо болоод буугаад “би одоо явчихъя даа” гэхэд дотор байсан цагаан цамцтай залуу миний араас баруун эрүүний орчим нэг удаа цохиод би тэр дороо газар ухаан балартаж унаад босох гээд чадахгүй байхад анх шатаар гарах үед гаргахгүй байсан 2 залуу бууж ирээд вискины шил барьсан залуу нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгээд миний ухаан балартаж хэн, хэн намайг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тал талаас намайг цохиод байхад бармен эмэгтэй “хүн аллаа” гэж хашгирах үед би текны ард ороход “намайг уучлаарай” гэж вискины шил барьсан залуу тэврээд “за уучлаарай, бид нарын буруу гадна 8 залуутай маргалдаад чамайг андуурсан байна” гэж хэлэх үед миний ухаан балартсан байсан. Тэгээд би ямарч байсан энэ хүмүүсээс амьд гарах хэрэгтэй гэж бодоод караокены өрөөнд орох үед наадахыг чинь дуусгая гэж араас хэлэхээр нь би айсандаа шууд ороод хаалгаа татаж хаасан. Намайг өрөөнд орох үед Мишээл өрөөний гадна байсан. Тэгээд би өрөөний хаалгыг дотор талаас татах үед гаднаас нөгөө хэдэн залуучууд татаж байгаад өрөөнд гурвуулаа орж ирээд шууд тал талаас зодоод эхлэхээр нь би толгойгоо 2 гараараа хамгаалж доошоо болоод нэлээд зодуулсаны дараа гарах гээд урагшаа болж караокены өрөөнөөс гарах үед халзан толгойтой залуу миний араас татаж нөгөө 2 бүдүүн залуу нь толгой руу гараараа цохисон хэвэндээ байсан. Тэгээд ухаан балартаад нэг сэргэсэн чинь цагдаа ирчихсэн байж байсан. ...” /1 хх 27-29/,

 

хохирогч Т.Солонгын ...Би тэр шөнө өөрийн ажиллуулдаг караокед байгаагүй. Тэр шөнө манай караокед Болор гээд эгч маань ажиллаж байсан. Би тэр шөнө манай караокед болсон хэргийн талаар мэдсэн байгаа. Тэр шөнө болсон хэргийн талаар манай эгч Болор надтай утсаар ярьж мэдэгдсэн. Манай караокеноос алдагдсан болон эвдэрсэн, гэмтсэн зүйл байхгүй. Харин манай караокед үйлчлүүлж байсан залууд их муухай зүйл болсон байх шиг байсан. ...Надад болон манай караокены зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1 хх 192-193/,

 

насанд хүрээгүй хохирогч Ш.Мишээлийн “...Тэгээд бид гурав караокед 1 шил Eden нэртэй граммыг нь санахгүй байна. Архи, ус, ундаатай аваад байж байтал Мөнхжаргалын найз Алтанхуяг ирсэн. Тэгээд бид дөрөв караокед захиалсан юмаа аваад удаагүй дуулаад нилээн удсан шиг санагдаж байна. Тэгэж байтал Мөнхжаргал, Алтанхуяг нар “гараад ирье” гээд гарсан. Тэгээд тэр хоёр гараад нилээн удсан боловч орж ирэхгүй байхаар нь би Мөнхжаргал, Алтанхуяг нарыг яасан юм бол гээд караокены өрөөнөөс гартал караокены үүдний зааланд Мөнхжаргал танихгүй 3 залууд зодуулсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэр үед би нөгөө 3 залууд “та нар яаж байгаа юм бэ” гэсэн чинь цагаан цамцтай залуу нь “чамд хамаагүй, зайл гичий минь” гэж хэлээд түлхэж унагаасан. Тэгээд тэр цагаан цамцтай залуу намайг түлхэж унагачихаад хоёр найзтайгаа нийлээд Мөнхжаргалыг газар ухаангүй хэвтэж байхад дахиад зодоод байсан. Тэгээд би газраас босоод Мөнхжаргалыг арай гэж танихгүй 3 залуугаас салгаад караокены өрөөнд оруулсан. ...” /1 хх 205-206/,

 

гэрч Т.Эрдэнэбаатарын “...Тухайн өдөр буюу би 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул манай 2 найз Нарангэрэл, Зориг нар тэмдэглэхээр болоод бид 3 Stella бааранд ороод ... миний сэтгэл хөөрөөд тасарсан. Би яг хэдэн цагт хаанаас гараад хаана очсон эсэхээ мэдэхгүй. Нэг мэдсэн чинь нэг караокед орчихсон нэг залуу караокены өрөөнөөс нүүр нь цус болчихсон Нарангэрэл, Зоригоо хоёртой зууралдаад байхаар нь би араас нь салгах гээд хувцаснаас нь татаад байх шиг байсан. Тэгтэл 2 цагдаа орж ирээд бид нарыг аваад цагдаагийн хэлтэст ирэхэд би юу болоод байгаа талаар арай ухаан орсон. ... Мөнхжаргалыг цохисон зүйл байхгүй. ...” /1 хх 44/,

 

гэрч Г.Болорын “...би 2 номерын өрөөнөөс караокены заал руу гартал манай караокены гаднаас орж ирдэг хаалганы шатаар нэг эрэгтэй хүн өнхөрөх шахуу ороод ирсэн бөгөөд тэр хүний араас нэг хүн “наадхаа алаадхаач” гэлүү, юу гэлээ нэг юм хэлж байсан. Тэр үед наана нь манай караокены зааланд зогсож байсан цагаан өнгийн хувцастай махлагдуу залуу баруун гараараа нэг удаа, шатаар өнхөрөх шахуу орж ирсэн залуугийн нүүр орчим цохисон. Тэгээд би тэр явдлыг хараад жоохон сандраад юу болоод байгааг ойлгохгүй байж байтал нөгөө шатаар өнхөрч орж ирээд танихгүй залууд цохиулсан залуу өөрийнхөө байсан 6 номерын өрөө рүү орсон. ...Тэгээд удаагүй байтал нөгөө 6 номерын өрөөнөөс нэг эмэгтэй хүн аймар орилоод “хамар хугалчихлаа” гээд гарч ирэх үед тэр 6 номерын өрөөнөөс шил хагарах чимээ гарсан. Тэр үед би текнээс гараад 6 номерын өрөө рүү явж байтал миний өөдөөс анх шатаар өнхөрч орж ирэн, цагаан цамцтай залууд цохиулсан залууг нөгөө нүцгэн биетэй залуу болон зааланд цохидог цагаан хувцастай залуу нар нийлчихсэн хувцаснаас нь чирээд гарч ирсэн. Тэгээд тэр хоёр залуу нөгөө залууг чирж гарч ирээд нийлээд зодож байхад нөгөө зодуулж байсан залуу өөрийг нь зодож байсан 2 залуугаас салаад миний хажуугаар гаран, манай текний араар орсон. Тэгээд тэр залуу текний араар орчихоод манай архинаас аваад өөрийгөө хамгаалах гээд байх шиг байсан бөгөөд тэр үед 4 номерын өрөөнд орон цагдаад дуудлага өгчихөөд гараад иртэл манай караокед гаднаас хоёр цагдаа ороод ирсэн. Тэр цагдаа нар манай караокед зодоон хийсэн залуучуудыг аваад явсан. ...” /1 хх 47-48/,

 

Д.Нийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Ярих зүйл байхгүй, өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би өөрийн найз Зоригийн хамтаар хохирогч залууд учраад байгаа зардлыг барагдуулах болно. Мөн согтуурсан үедээ үйлчлүүлэх гэж байсан караокены үйл ажиллагааг алдагдуулсан асуудалдаа уучлалт гуйсан байгаа. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” /1 хх 178/,

 

Б.Зийн яллагдагчаар өгсөн "...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” /1 хх 183-185/  гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №6601 дугаартай шинжилгээний дүгнэлт “ М.Мөнхжаргалын биед дух, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 2 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1 хх 55/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн №1063 дугаартай шинжилгээний дүгнэлт “ Хохирогч М.Мөнхжаргал-н биед дух, тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 2 шүдний паалангийн эмтрэл, 5-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. М.Мөнхжаргал нь Лазер мед эмнэлэгт 2019.05.28-ны өдөр, Мед траума эмнэлэгт 2019.06.04-ний өдөр шинжилгээ хийлгэсэн, “Гунгаа” шүд, эрүү нүүрний эмнэлэгт 2019.06.11-ний өдөр үзүүлсэн тодорхойлолт, ГССҮТ, “Эм би жи” эмнэлэг, “Сөүл” эмнэлэг зэрэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Өмнөх шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөхгүй болно. Хохирогч М.Мөнхжаргалын биед учирсан гэмтэл тус бүр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1 хх 109/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №1155 дугаартай шинжилгээний дүгнэлт “ М.Мөнхжаргалын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дух, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний зовхи, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, уруулд шарх, цус хуралт, 1 шүдний хугарал, 2 шүдний паалангийн эмтрэл, 5-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журамын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Дээрхи гэмтлийн улмаас хөдөлгөөн хязгаарлагдсан албадмал байдал үүсээгүй байна. Шүдний гэмтлийн улмаас юм идэж чадахгүй байсан байж болох ба энэ нь 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжпэхгүй. Дээрхи гэмтлийн улмаас шокод орсон гэх байдал тогтоогдохгүй байна. Хошного орчмын идээт үрэвсэл нь гэмтлийн бус гаралтай эмгэг өвчин болно.” /1 хх 119/ гэх дүгнэлтүүд,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 125-132/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

  

Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм.

 

Шүүгдэгч Б.З, Д.Н нар нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн санаатай үйлдлээ олон нийтийн газар удаан хугацаагаар үргэлжлүүлсэн, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлж, догшин авирласан нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.З, Д.Н нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч М.Мөнхжаргалыг толгой, цээж, нуруу, хэвлийн тус газарт ээлж дараалан цохиж, өшиглөн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдсон.

Шүүгдэгч Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл хуульд нийцсэний гадна, гэм буруу, шударга ёсны зарчмуудад харшлаагүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль хэрэглээний талаар бичсэн мөн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ЦШТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З, Д.Н нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.АЛДАР

 

                                                ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ