Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2020/00420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн А.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Ж.У холбогдох Хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч , хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Ж нь Ж.Утай 2014 онд танилцаж 2015 онд үерхэж байсан. Улмаар бид нэг нэгийнхээ эцэг, эхтэй нь танилцаж, хоёр гэрээрээ орж гараад явдаг байсан ба 2016 оноос Улаанбаатар хотод хамтран амьдарч эхэлсэн. Амьдарч байх хугацаандаа 2014 оны 05 сарын 09-ний өдөр хүү Ж.Э төрүүлсэн. Ж.У нь хамтран амьдарч байх хугацаандаа шалтгаангүй уурладаг, өөрийнхөөрөө байлгадаг, уурлахаараа биеэ хянах чадвараа алддаг зэрэг шалтгаануудаас нь болоод байнгын маргаантай амьдардаг байсан ба хамт амьдрахад дарамттай байдаг байсан. Нэг нэгнээ сайн таньж мэдээгүй байхдаа үерхэж, улмаар хүүхэдтэй болсон. Амьдарч байх хугацаанд байнгын дарамт шахалттай хэцүү байсан учраас бид 2018 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Ж.У нь 2018 оны 11 сард надтай уулзсан. Түүнээс хойш хүү бид хоёр дээр ирээгүй. Мөн түүний эцэг, эх нь хүүгийнх нь хүү төрсөн гэдгийг мэдэж байсан боловч тусдаа амьдарснаас хойш ирж уулзаагүй, утсаар ярьдаггүй байсан. Эх хүний хувьд хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байсан ч Ж.Уын зан ааш хандлага түүнтэй цаашдаа хамт амьдрах аргагүйд хүргэсэн. Миний хувьд цаашдаа Ж.Утай хамтран амьдрах боломжгүй тул хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгоно..гэв.

Хариуцагч Ж.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эвлэрэх боломжгүй, хүү Э нь миний хүүхэд мөн юм. Хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй. Бид хамтран амьдрах боломжгүй болж салах болсон нь А.Жгаас бас их шалтгаалсан. Тэрээр огцом ууртай, зөрүүд хүний хэлснийг хов болгодог, маш залхуу ээж хүний сэтгэл байхгүй. Гэр бүлийнхэн нь болон өөрийнх нь дарамт шахалт их байсан. Цаашдаа хүүхдээ харж хандаж, уулзаж байх болно..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Ж.Ут холбогдуулан хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгохыг хүсэн шаарджээ.

Зохигчид нь 2014 оноос эхлэн үерхэж, хамтын амьдралтай байх үедээ 2017 оны 05 сарын 09-ний өдөр хүү Ж.Э төрүүлж, эх А.Жгаар овоглосон байна. Улмаар гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 08 сараас хойш гэр бүлийн харилцаа хөндийрч, хүү Ж.Э нь эхийн асрамжид өсөж байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг тогтоолгох болон, түүний эцгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардах эрхтэй гэж үзнэ.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад зохигчид нь эвлэрэх боломжгүй, хариуцагч нь хүү Ж.Эын эцэг болохоо хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаан гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү Ж.Эын эцэг нь Ж.У мөн болохыг тогтоож, хүү Ж.Э эхийн асрамжид хэвээр үлдээж, түүнд тэтгэлэг тогтоон эцэг Ж.Уаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ..гэсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 206000 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1236000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 34214 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2017 оны 05 сарын 09-ний өдөр төрсөн хүү Ж.Эын эцэг нь Ж.У мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Ж.Э эх А.Жгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Ж.Э 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ж.Уаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан тэжээгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн З8.4-т зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Уаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Жд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1236000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 34214 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.